Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Титаник хөлгөөс амьд үлдсэн хүмүүсийн яриаУншсан33,899

Британий зорчигч тээврийн Титаник хөлөг Атлантын далайн гүнд живсэнээс хойш хэдийнэ нэгэн зуун өнгөрсөн ч хөлөгт тохиолдсон эмгэнэлт түүх дэлхий нийтийг гайхашруулсан хэвээр байгаа юм.

Британий зорчигч тээврийн Титаник хөлөг Атлантын далайн гүнд живсэнээс хойш хэдийнэ нэгэн зуун өнгөрсөн ч хөлөгт тохиолдсон эмгэнэлт түүх дэлхий нийтийг гайхашруулсан хэвээр байгаа юм. Хөлгийг мөсөн уултай мөргөлдсөний дараа дээр нь явсан 2200 хүнээс ердөө 700-хан нь л амьд үлдэж чадсан байдаг билээ. Аймшигт ослоос амьд үлдэж алтан аяганаас ус уух хувьтай төрсөн тэднээс нэлээдгүй нь ойлгомжгүй байдлаар алга болж, зарим нь юу үзэж туулсан талаараа ам нээхээс эргэлзэж тээнэглэзсээр насан эцэслэсэн байдаг бол бусад нь ослын үеэр яг юу болж өнгөрсөн, аврагдсаны дараа юу болсон талаар илэн далангуй ярьжээ. Ингээд Титаник хөлөг онгоцноос амьд үлдсэн 6 хүний туулж гарсан бодит түүхийг хүргэе.

Элизабет Шутес

Хүүхэд хүмүүжүүлэгч мэргэжилтэй, тухайн үед 40 гаруй настай байсан Элизабет Шутес Титаникийг  мөсөн уул мөргөсний дараа тавцан руу гарсан хүмүүсийн дунд байжээ. Карпатия хөлгийг ирж аврах хүртэл аврах завин дээр байдал ямар байсныг дүрслэхдээ “Эрчүүд оддын байрлалыг мэдэхгүй байсан. Удалгүй хоёр ч сэлүүрчин  завины хашлагыг даваад уначихсан. Эрчүүдийн гар нь тэсгим хүйтэнд хөлдөөд сэлүүрээ ч атгаж дийлэхгүй болсон. Далайн усанд живж буй хүмүүсийн зүрх зүсэм хашгирах чимээ... “Тэр нас барчихжээ, залуусаа. Хар эрчээрээ сэлүүрдээрэй тэгэхгүй бол давалгааны чөтгөр биднийг авч одох нь” гэж хэн нэгний хэлэх чихэнд сонсогдсон” гэж өгүүлжээ. Аврах завь болон бусад аюулгүйн хэрэгслүүдээс ч илүү чухалд тооцогдож байсан Титаник хөлөг дээрх “нэн шаардлагагүй тансаглал”-ыг зөвөөр эргэцүүлсэн цөөхөн хэдхэн хүний нэг нь Шутес байсан юм.

Лаура Мабел Франкателли

Лондонгийн оршин суугч, 30 настай, нарийн бичгийн ажил эрхэлдэг Лаура Мабел Франкателли Карпатия хөлөг өөрсдийг нь зорин ирсэн тэр сэтгэл догдлом мөчийн тухай эргэцүүлж “Үүр гэгээрэхийн алдад бид 6 километрийн зайд хөлөг онгоцны гэрэл асч байхыг олж харсан юм. Тэгээд шуудхан л галзуу юм шиг сэлүүрдсээр уул шиг аварга мөсөн уулнуудын хажуугаар гарч 6:30-ын үед  Карпатия хөлөг биднийг аврахад хөөрхий муу манай бяцхан аврах завь минь аварга том хөлгийн дэргэд ёстой л цэг шиг жижигхэн харагдаж байсан даа. Тэгээд л миний хамгийн сул дорой мөч эхэлсэн юм. Карпатия хөлгийн буулгасан дүүжин олсон дээр суухад тун эвгүй байв. Намайг дээш нь өргөхөд би олсноос чанга гэгч нь зууран нүдээ аниад уначихгүй байгаа л гэж бодсон. Хамгийн сүүлд  чадалтай гар намайг Карпатияд татаж суулгасаныг л санаж байна” гэжээ.

Шарлотте Коллер

Хэдэн өдрийн дараа Карпатиягийн аварсан азтай зорчигчид Нью-Йорк хотод хүрсэн бөгөөд хайртай дотны хүмүүсээ аврагдсан байх гэсэн горьдлого тээсэн зорчигчдын ар гэрийнхэн санд мэнд гүйн очиж тэднийхээ сургийг гаргах гэж хичээжээ. Хоёрдугаар зэрэглэлээр зорчиж явсан Коллер осол гардаг жил 31-тэй байсан ба эр нөхрөө хайж цочролд орсон тухайгаа хожим нь дурсан санахдаа “Авааль нөхөр, үр хүүхэд, найз нөхдөө алдаагүй нэг ч хүн байгаагүй ээ. Эрж хайх ёстой нөхөр минь байсан болохоор би түүнийгээ завинуудын нэгэн дээр л байгаа гэж итгэн хайсаар л байсан юм. Харамсалтай нь тэр завинд суугаагүй байсан” гэсэн байна.

Лоренс Бийсли

Хар залуугаараа бэлэвсэрч хоцорсон Лондонгоос гаралтай шинжлэх ухааны профессор Лоренс Бийсли гэртээ хүүгээ үлдээгээд Торонтод байгаа ах дээрээ очихоор Титаник хөлгөөр зорчиж явжээ. Зүүн талд байгаа зурагт Бийсли өөр нэгэн зорчигчийн хамт Титаникийн гимнастикийн өрөөнд дасгал хөдөлгөөн хийж байгаа нь харагдаж байна. Хөлгийг сүйрсэнээс яг есөн долоо хоногийн дараа Бийслий  The Loss of the S.S.Titanic хэмээх алдарт дурдатгал номоо хэвлүүлэн гаргасан байдаг. Уг номонд ирээдүйд гарч болох усан онгоны ослоос сэргийлэхийн тулд яах хэрэгтэй талаарх зөвөлгөө, зөвлөмжүүдийг багтаасан байдаг ажээ. Тэрбээр “13 дахь завь биднийг аварсан болохоор 13-ын тоог азгүйтэл дагуулдаг гэж би лав дахиж хэзээ ч хэлэхгүй ээ” гэж өмнө нь 13-ын тоог муу ёрын тоо гэсэн мухар сүсэгт итгэдэг байсан талаараа дурсчээ.

Ж.Брюс Исмей, Флоренс Исмей нар

Зорчигч тээврийн Титаник хөлгийг эзэмшиж байсан White Star Line компаний захирлаар ажиллаж байсан Ноён Брюс Исмей ч хайрт гэргий Флоренс Исмейн хамт Титаникийн анхны бөгөөд эцсийн аялалд гарсан байсан юм. Аврах завинд сууж амьд гарсан Брюс Исмейг хүүхэд эмэгтэйчүүдийг аврах завинд суулгаж амийг нь аврахын оронд хар амиа хоохойлсон гэх зэргээр буруутгаж үхэн үхтэл нь хүчтэй шүүмжилсэн байдаг. Эхнэр Флоренс нь аймшигт ослын ард гарч тайвширсан талаараа “Өнөөдрөөс ердөө долоохон хоногийн өмнө л сүр жавхлантай усан онгоц ихэмсэг гэгч нь аялалдаа гарахыг харж байсансан. Титаникийг хурдан яваасай гэж хүсч байсан би ийм аюул тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Чиний амьд мэт хайрлаж байсан Титаник хөлөг, олон зуун хүний алтан амь эрсэдсэнд ямар их шаналж зовж байгааг чинь би сайн ойлгож байна. Бид бие биендээ зориулагдсан улс. Энэ ертөнцөд амьд байгаагийнхаа хэргийг гаргахыг хичээцгээе” гэж захидалдаа бичиж байжээ. Тэдний хуримын зургийг зүүн талд тавьсан болно.

Эва Харт

Зүүн талын зурагт Титаникаас амьд үлдэгсдийг хүлээн зогсох цугласан олон харагдаж байна. Титаникийг осолдох үед 7-хон настай байсан Эва Харт хоёрдугаар зэрэглэлийн тасалгаанд аав ээжтэйгээ хамт зорчиж явсан юм. Титаниктай цуг аавыгаа алдсан бяцхан охин цог золбоотойгоор амьдарсан ба Титаникийн сүйрэл өөрийнх нь амьдралд хандах хандлагат хэрхэн нөлөөлсөн талаар байнга ярьдаг байжээ. “Хэрэг гарсан тохиолдолд галт тэрэг, онгоц, усан онгоцны алинаар нь ч явахаас татгалздаггүй болохоор надтай уулзсан хүмүүс их гайхаад байх шиг байдаг юм. Тэд намайг аяллын тухай бодонгуутаа л байнга дагжин чичирч айдаг гэж боддог бололтой. Хэрвээ би аяллын тухай бодоод л айж жихүүцдэг нэгэн болсон бол айснаасаа болоод олоон жилийн өмнө үхчих байсан биз. Үүсч болзошгүй аюул, буланд намайг отож байгаа эмгэнэлт явдлыг өчүүхэн төдий ч тоолгүйгээр аз жаргалтай байхыг л амьдрал гэдэг юм шүү дээ” хэмээн сургадаг байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]