Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайнд оролцож байсан онгоцнуудын тухай цуврал нийтлэлийн өнөөдрийн баатар маань Фокке-вульф 189 буюу “Жааз” хэмээх хочтой, Гитлерийн Германы нисэх хүчний бас нэгэн домог болсон онгоц байх болно.
Дайны өмнө Зөвлөлтийн зэвсгийн шинжээчид энэхүү фронтын тагнуулын онгоцыг судлаад “ФВ 189-ийн хэлбэр нь тагнуулын үйл ажиллагаа, их бууны галын тохируулга зэрэгт маш сайн тохирсон байна. Нислэгийн үзүүлэлт тун тааруухан, нисэх баг болон бусад чухал эд ангийн хамгаалалт хуяг гэж юм байхгүйтэй адил учир энэ онгоцыг манай сөнөөгч төдийгүй дайрагч, фронтын бөмбөгдөгч онгоц ч устгах бүрэн боломжтой...” гэх мэтээр бичиж, танилцуулж байжээ.
Дайн эхэллээ. 1941 оны сүүл үеэс Дорнод фронт дээр ирсэн өнөө муу сулхан онгоц чинь Зөвлөлтийн явган цэрэг, хориглолтын чухал цэг, артиллерийн байрлалын дээр өдөржингөө зүүгдэж, өөрсдийнхөө их бууны галыг засварлан дайсныхаа цэрэг, техник, дэд бүтцийг газартай хутган хаяж эхэлжээ. "Жааз" гарч ирсэн газар удалгүй “Хүрзэт”-үүд (Ю-87) ирэн шумбан бөмб өгдөх ба эсвэл их бууны маш ончтой галаар Улаан армийн цэргүүдийг тарааж цацна. Орос цэргүүд болж байгаа бүх л муу муухай зүйл, элдэв бүтэлгүйтэл, "Хүрзэт"-ийн дайралт, их бууны гал, нам дарагдсан сөрөг дайралт, хүнд хохирлоо зөвхөн “Жааз"-тай л холбон тайлбарладаг болсон байлаа.
Зөвлөлтийн сөнөөгч нар ч энэ онгоцыг унагах гэж ёстой аргаа барж байв. Уг нь элдэв хамгаалалтгүй, хурдгүй, өөдөөс нь эсэргүүцэх буу зэвсэг гэж хүүхдийн тоглоом шиг энэ онгоцыг дайрахад ядах юм байхгүй мэт боловч ер бусын маневртай, бас агаарт маш тогтвортой тул амар хоол биш байж. Тулж ирээд д а й р а х гэх үед мулт үсрээд хажуу тийш гарах буюу эсвэл өндрөөс дайрах үед бас л замаас зайлж бусгаад, дайрч байсан онгоц нь шумбалтаас гарч чадалгүй газар мөргөх нь цөөнгүй. Покрышкин болон бусад ас-уудын дурсамжид энэ онгоцыг унагах гэж улайран дайрч байгаад унасан, гэмтсэн нөхдийн тухай цөөнгүй зүйл байдаг бөгөөд сөнөөгч байтугай ИЛ-2, СУ-2, ПЕ-2-оор дайраад унагачих боломжтой гэж байсан энэ онгоц нь үнэндээ ямархуу зүйл байсныг ганцхан жишээгээр сонирхуулъя.
Зөвлөлтийн хориглолтын нэгэн цэг дээр Германы ФВ-189 гарч ирсэн мэдээ авсан хоёр Аэрокобра яаран газраас тасарлаа. Фронтын энэ тагнуулын онгоцыг аль болох хурдан түргэн тэндээс хөөж явуулахгүй бол олон цэргийн а м ь нас хутганы и р э н дээр иржээ гэсэн үг.
Зөвлөлтийн “америкчууд” (Зөвлөлтийн ас-уудын хайртай Америк онгоц нийтлэлийг үзнэ үү) уг цэг дээр хүрч ирэхэд ганцхан “Жааз” эргэлдэн тагнуулын зургаа авсаар л байлаа. Кобранууд ч дайрч эхэллээ. Нэлээд удаан үргэлжилсэн энэ агаарын тулалдаанд Оросууд 37 мм-ийн 55 сум, 12,7 мм-ийн 840 сум, 7,62 мм-ийн 1200 сум зарж байж “Жааз"-ыг буулгаж авчээ. Гэхдээ “Жааз” унасангүй, тагнаж байсан газрынхаа хажууханд аргагүйдсэн буулт хийсэн байна. Энэ онгоцонд бараг 300 гаруй сумны нүх гарсан байсныг заавал хэлэх хэрэгтэй болов уу.
Аливаа нэг тагнуулын, тэр тусмаа хамгаалалтгүй ганцаараа яваа онгоцыг барьж авсан сөнөөгчид мөн ч амархан хэргээ бүтээж таарна даа уг нь... гэмээр байгаа биз? Гэтэл энэ хоёр кобра ёстой зовж байж учраагаа буулгаж авсан ба нисгэгчид нь зүгээр нэг ангаахайнууд биш халуун чулуу долоож, хашир суусан Покрышкины хорооны (16-р гвардийн хороо гэдэг ч Покрышкины хороо гэдгээрээ алдаршсан) нисгэгчид байсан билээ.
2-р дайны үед Зөвлөлтийн нисэх хүчний сөнөөгч нарт унагасан онгоц болгонд нь олгох шагналын мөнгөний хэмжээ харилцан өөр байж. Мэдээж бөмбөгдөгч онгоц унагахад өндөр шагнал тооцох бол сөнөөгч болон бусад төрлийн онгоцнууд тус бүрт “арай багасах” гэсэн шатлалаар явна. “Жааз” онгоц унагасан хүнд өгөх шагналын хэмжээ гэж шалихгүй. Бараг Шторх-той (Агаарын ер бусын тулалдаанууд нийтлэлийг үзнэ үү) ойролцоо юм байсан гэнэ лээ. Гэсэн ч Зөвлөлтийн сөнөөгч нар “Жааз"-ыг унагах гэж дайрдаг, унагасан тухайгаа нөхдөдөө гайхуулдаг тийм л онгоц байсан юм. Энэ онгоц нь зенитийн болон сөнөөгч онгоцны дайралтыг тэсэхдээ гарамгай төдийгүй бүр нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон ч ганц хөдөлгүүрээр даалгавраа биелүүлэх чадвартай байсан гэдэг. Бас Оросын өвөл гэдэг айм шигт хүйтэнд Германы онгоцууд дундаас хамгийн зовлонгүй асдаг онгоц нь чухам ФВ-189 байжээ.
Энэ онгоцыг 1940-1944 онуудад нийт 845 ширхгийг үйлдвэрлэсэн бөгөөд Дорнод фронт дээр Зөвлөлтийн нисэх хүчний “сөнөөгчийн өлсгөлөн” дуусах үетэй зэрэгцэн “Жааз"-ын амьдрал ч дууссан гэж хэлж болно. Дайны эхэн үед ганцаараа тагнуулд явж, гал засаж байсан энэ онгоц дайны дундаас хойш хэд хэдэн сөнөөгчөөр хамгаалуулаад ч үүргээ гүйцэтгэж чадахаа байсан нь чухамхүү Зөвлөлтийн нисэх хүчний техник эрс сайжирсан, нисэх бүрэлдэхүүн туршлагажиж байсантай холбоотой юм.
Фронт дээр байдал хүндрэх тусам Люфтвафе тагнуулын онгоц гэхээс илүү сөнөөгч дайрагч онгоцонд хамаг анхаарлаа хандуулж байсан ба “Жааз” мэтийн онгоцнуудыг өөрийн нөлөөнд орсон улсын үйлдвэрт хийлгэхээр шилжүүлж байжээ. Чех болон Франц улсад эдгээр онгоцыг хийлгэж байхдаа төлөвлөгөөнөөс илүү хийсэн онгоц болгонд нэмэлт шан амлаж байсан бөгөөд зарим нь (дараа нь Гитлерийн Германы дарж авсан, ялсан улсын нэг гэгдэх болсон Франц) энэ онгоцыг хийх ёстой төлөвлөгөөнөөс давуулж биелүүлэхдээ гарамгай, сарын төлөвлөгөөг 130 хувиас бууруулдаггүй байсан юм гэнэ лээ гэдгийг нэг сонирхуулахад буруудахгүй болов уу.
Жааз гэж заавал хятад үг хэрэглэх шаардлага байна уу? Оросуудын Рама гэж нэрлэж байснаар нь явчихвал дээр биш үү