Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарт бут үсрэх ёстой байсан онгоц!Уншсан91,690

1988 оны 4-р сарын 28-нд Aloha Airlines компанийн Boeing 737-297 онгоц Хило-Гонолулу чиглэлд хөөрөх үед онгоц дотор багийн 6 гишүүн, 89 зорчигч байжээ.

1988 оны 4-р сарын 28-нд  Aloha Airlines компанийн  Boeing 737-297 онгоц Хило-Гонолулу чиглэлд хөөрөх үед онгоц дотор багийн 6 гишүүн, 89 зорчигч байжээ. Зорьсон газраа хүрэхийн тулд ердөө 35 минут нисэх ёстой байсан бөгөөд газраас тасрах болон нислэгийн эхэн үеэр бүх зүйл хэвийн байлаа. 7300 орчим метрийн өндөрт гараад байх үе буюу хөөрснөөс хойш 23 дахь минутад гэнэт маш хүчтэй дуу чимээ гарч онгоцны бүхээгийн урд тал, бизнес салоны дээд хэсэг зад үсрэн 35 кв.метр орчим онгорхой нүх гарчээ. Онгоцны битүү байдал алдагдсанаас дотоод даралт огцом өөрчлөгдөн, хүчтэй агаарын урсгал орж ирэх үед юу болсныг ойлгож амжаагүй 1-р нисгэгч эргэж харахдаа онгоцонд нь ямар айхтар гэмтэл гарсныг хараад эхлээд нүдэндээ итгээгүй байна. Юун түрүүнд хүчилтөрөгчийн маскаа зүүж онгоцоо залж үзэхэд ямар нэг хэмжээгээр удирдаж болж байгааг мэдээд 2-р нисгэгчдээ бүхнийг хянаж байна гэж ойлгуулан аюулгүйн бүс болох 3000 метрийн өндөрт орохоор 21м/с хурдтайгаар доошилж эхэллээ. 530 км/цаг хурдтай нисэж явсан онгоцыг ингэж огцом доошлуулах үед айж сандарсан зорчигчдын өөдөөс -45 хэмийн хүйтэн, асар хүчтэй салхи үлээж байсан бөгөөд агаарын энэ их урсгалаас болж нэг үйлчлэгч бүсгүй сорогдон онгоцноос шидэгдсэн бол нөгөө нэг үйлчлэгч онгоцны хэлтэрхийд цохиулан ухаан алджээ.

Онгоцны арын суудал дээр зорчиж явсан астрономич Эрик Беклин дараа нь энэ тухай ярихдаа  “Ингээд л дууслаа. Амьдрал маань ингэж төгсдөг юм байж гэж бодогдсон бөгөөд аль болох тайван байх гэж хичээсэн боловч энд тэндгүй нисэх бүхээгийн хэлтэрхий, онгорхой том нүхээр орж ирэх салхины исгэрсэн чимээ дэндүү аймшигтай байлаа. Ялангуяа тэр онгорхой нүх улам бүр томрон байгаа нь аймшигт төгсгөл улам бүр ойртож байгааг мэдэгдэж байгаа юм шиг л санагдаж байсан юм” хэмээн дурсаж байжээ.

1-р нисгэгч Шорнштаймер, 2-р нисгэгч Мэделин Томпкинс нар цаг алдалгүй онгоцоо доошлуулж чадсанаар олон хүнийг аварсан боловч онгоцны бат бэхийг хангах 5 гол төмөр хугарч гэмтэн, зүүн талын хөдөлгүүрийн цахилгаан утас тасарснаас уг хөдөлгүүр ажиллагаагүй болжээ. Зулай дээрээ асар том нүхтэй, нэгээс бусад бүх л  гол төмөр гэмтсэн ийм онгоц хэзээ мөдгүй л агаарт бут үсрэх ёстой мэт. Нисгэгч нар тэмцсээр онгоцоо 3000 метрийн өндөрт оруулж чадсан боловч нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон, аэродинамикийн ихээхэн гэмтэлтэй онгоц нь хурдаа багасгах тусам салгалан чичирч байсан учир өндөр хурдаар газардахаар шийдсэн байна. (Онгоц газардах хурд 250-290 км/цаг байдаг бол энэ удаа 310 км/цагаас багагүй хурдаар буухаас өөр аргагүй болжээ) Гэтэл буухаар бэлтгэж эхлэх үед урд талын дугуй гарсныг илтгэх гэрэл ассангүй. Дахиад л арай чүү эргэлт хийж, дугуйтай холбоотой бэрхшээл гарсан талаар мэдээлэхэд ашгүй нисэх буудлын ажилтнууд “дурангаар харахад дугуй бүрэн гарсан байна” гэж мэдээлсэн байна. Ингээд онгоцны бүхээгийн нэг хэсэг бут үсрэн алга болсноос хойш 11 минутын дараа, ганц хөдөлгүүртэй онгоц нь буух хурдыг хэтрүүлэн байж газарт амжилттай бууж чаджээ. Онгоцонд байсан нийт 95 хүнээс нэг хүн амиа алдаж (үйлчлэгч Кларабелль Лэнсинг агаарын урсгалаар онгоцноос шидэгдсэн ба түүний цогцсыг дараа нь хайгаад олоогүй) 65 хүн янз бүрийн гэмтэл авсан бөгөөд газарт тосож байсан түргэний машинууд эдгээр хүмүүсийг хэд хэдээр нь машиндаа авч давхилдаж байсан гэдэг.

Дараа нь хийсэн мөрдөн шалгалтаар ослын шалтгааны дүгнэлтийг “онгоц хэт хуучирсан байснаас болсон” гэсэн цөөхөн үгээр илэрхийлсэн. Иргэний агаарын тээврийн онгоцны бүхээгийн нэг хэсэг үгүй болоход гаднаас орж ирэх агаарын хүчтэй урсгал уг онгоцыг зад татах ёстой мэт санагдавч энэ бүхнийг давж гаран эсэн мэнд газардсаныг харахад гайхамшиг, ид шид гээч зүйл байдаг юм байна гэмээр. Тэрхүү ид шид, гайхамшиг нь  1-р нисгэгч Шорнштаймер, 2-р нисгэгч Мэделин Томпкинс нар байсан юм. Агаарт болсон хамгийн сонин, ер бусын ослын нэгэн түүх энэ буюу.

P.S

Харамсалтай нь яг адилхан ийм осол 9 сарын дараа дахин болсон бөгөөд энэ удаа Гонолулу-Сидней чиглэлийн Boeing 747 онгоцны урд хэсгийн хаалга зад үсрэн суудлын даруулгатай байсан 9 хүнийг тэр чигээр нь сорон авсан аймшигт явдал болсон бөгөөд  дараа нь тэдгээр далайд унасан 9 хүнийг хайгаад мөн л олоогүй юм.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]