Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тутанхамоны муми ба түүний хараалУншсан7,756

Алдарт археологич Ховард Картер нь 16 жилийн турш Египетийн хаадын хөндийд малтлага хийж ямар нэг гайхамшигт олдвор илрүүлнэ гэж зүтгэж байсан хүн.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Аливаа нэг хараал ерөөлийн хүч чадлын тухай та заавал сонссон байж таарна. Монгол төдийгүй дэлхий дахинаараа л иймэрхүү ид шид далдын хүчний тухай их ярьдаг бөгөөд эдгээрээс хамгийн их дэлгэрсэн нь эртний Египетийн хаадын муми буюу занданшуулсан цогцсыг гаргасан хүмүүс хараалд өртөж үхсэн тухай түүх болов уу. Ингээд Тутанхамоны муми болон түүний хараалын тухай.

Муми олсон нь

Алдарт археологич Ховард Картер 16 жилийн турш Египетийн хаадын хөндийд малтлага хийж ямар нэг гайхамшигт олдвор илрүүлнэ гэж зүтгэж байсан хүн. Гэхдээ 1922 он хүртэл бараг юу ч олсонгүй. Ивээн тэтгэгч гүн Карнарвон ч энэ хүнд итгэхээ байж санхүүжилтээ зогсоохоор шийдэж байсан яг тэр цаг үед археологич маань газрын гүн рүү орсон нэгэн шат илрүүлжээ. Өч төчнөөн хаадын муми олж байсан энэ нутагт, урьд өмнө илрүүлээгүй шат олно гэдэг түүний хувьд тэнгэрийн умдаг атгасан шиг л юм болсон ба гүн Карнарвон ч дахин санхүүжилт өгснөөр шат олсон хэсгийг гүнзгийрүүлэн ухаж эхэлсэн байна.

Удалгүй газрын гүнд, лацтай олс бүхий хаалга олж цааш нь лавшруулахад өдий төдий алтан эдлэл, амьтны баримал болсон өрөөг илрүүлж бөөн юм болсон гэдэг. Дараа нь нэгэн нууц хана байгааг олж нээтэл асар том алтан авс. Картер насаараа хайсан юмаа олсон нь энэ бөгөөд олох олохдоо түүхийн хуудсанд ганц нэгхэн удаа дурдагдаад өнгөрсөн, бараг байдаг үгүй нь эргэлзээтэй фараон болох Тутанхамоны шарилыг олсон байна.

Энэ бол зөвхөн археологийн төдийгүй дэлхийн шинжлэх ухааны том нээлт болж хувирсан ба газар газрын эрдэмтэд, сэтгүүлчид бүгд л ийшээ хошуурч эхэллээ. Чухам энэ үед л мумигийн хараал хэмээх яриа цуг тархаж эхэлсэн гэдэг. Зарим таамгаар бол Картер өөрөө ийм цуу дэгдээж, ажилд нь саад болж байгаа олон нөхдийг цөөлөх гэсэн боловч үр дүн нь эсрэгээр эргэж бүр ч олон хүний сонирхлыг татах боллоо.

Хараал хүрч эхэлсэн нь

Тутанхамоны шарилыг олохтой бараг зэрэг тарсан “Мумигийн хараал”-ын тухай яриа удалгүй хүчийг авч амьтан хүнийг айлгаж эхэлсэн ба хамгийн эхний хохирогч нь энэ малтлагын эзэн болсон гүн Карнарвон. Тэрээр цусны бохирдлоос болж нас барсан гэх ба сахлаа хусаж байгаад эрүүгээ эсгээд...

Дэлхий дахинд өдөр болгон хэдэн сая хүн сахлаа хусаж байхдаа эрүү нүүрээ эсгээд зүв зүгээр л байдаг болохоор олон хүний хувьд нөгөө Мумигийн хараал санаанд нь орж таараа. Тэр тусмаа шарил олоод зургаахан сарын дараа шүү.

Дээрээс нь бүр ч аймаар яриа нэмэгдсэн ба гүнг үхэх яг тэр үед Англи дахь шилтгээнийх нь гэрэл бүгд зэрэг унтарсан, нохой нь нэг гаслаад байхгүй болсон гэх мэт. Хэн нь ч харсан юм, цаг хугацааг нь яасан ч сайн тогтоосон юм...

1923 онд Америкийн бизнесмен Жорж Жей Гулд гээч эр Тутанхамоны цогцсыг очиж үзээд буцаж байх үедээ хатгаа тусаад даший шог. Хараалд өртсөн гурав дахь хүн нь Египетийн ханхүү Али Камель Фахми Бея гэсэн нөхөр болсон ба тэрээр өөрийн амраг гэргий Маргарита гээчтэй цуг Лондонд очиж цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаад нөгчсөн гэдэг. Хөгжилтэй гэдэг нь шинэхэн эхнэртэйгээ өдөр болгон муудалцаж маргаан үүсгэдэг явдлыг хэлэх ба "үхсэн гэхийг алуулсан" гэдгээр солих нь илүү зөв болов уу. Учир нь ээлжит зодооны үеэр эхнэр нь мань нөхрийг гурав бууджээ. Энэ урт нэртэй нөхөр Тутанхамоны шарилтай ямар байдлаар холбоотой нь ойлгомжгүй боловч Египет хүн учир холбоотой л байсан байж таарах нь.

Дараагийн хүн нь сэр Брюс Ингхэм. Энэ хүнд Ховард Картер Тутанхамоны шарилаас олдсон нэгэн бугуйвчийг бэлэглэсэн гэх ба тэрхүү бугуйвч дээр “Миний биед хүрсэн хүн болгонд хараал хүрэг” гэсэн бичиг байсан юм байх. Эртний мундаг бугуйвчтай болсны дараахан энэ дээдсийн гэр гэнэт шатаж сүйд болсон бөгөөд гал унтраах гэж хэтэрхий их ус цацсанаас болж байшин нь урсаад... замдаа бүрэн эвдрээд, тараад, дуусаад өгсөн байна. Яг л инээдмийн кино шиг байгаа биз. Яахав уг муутыг усан дотроос түймэр авна гэсэн нэг үг бий. Энэ удаа эсрэг байдлаар л хэрэгжиж.

Энэ мэтээр олон хүн хараалд өртсөн тухай баримт байдаг боловч хамгийн их шуугиан тарьсан нь Обри Герберт гээч хүний үхэл байлаа. Учир нь энэ хүн бол өнөөх гүн Карнарвоны дүү байжээ. Тэрээр хар багаасаа хараа муутай, цаг явах тусам энэ өвчин улам хүндэрч байсан ба бараг юм харахаа болих үед эмч бүх шүдээ авахыг зөвлөсөн байна. Тухайн үеийн ойлголтоор шүдний угт идээ бээр бий болсноор нүдний хараа мууддаг байсан юм байх. Ингээд шүдээ авахуулж байх үедээ... дахиад л цус нь бохирдоод байхгүй.

Энэ явдал 1923 оны 9-р сарын 26-ны өдөр болсон буюу ах Карнарвоныг үхсэнээс хойш зургаан сарын дараа  гэсэн үг. Харин Карнарвон нь өөрөө Тутанхамоны булшийг олсноос хойш зургаан сарын дараа өөд болсон гэдэг нэг сонирхолтой зүйл байна. Тэгээд хоёулаа цусны бохирдлоор шүү.

Энэ мэтээр бичээд байвал бараг дуусашгүй урт жагсаалт гарах биз.

Эрдэмтэд хараалын тухай судалгаа хийсэн нь

Эрдэмтэд болсон хойно энэ яриа хэр үнэний ортой вэ гэдгийг дараа нь судалж үзлээ. Тухайн малтлагад, булшийг гаргахад оролцсон, гаргасны дараа очиж үзсэн бараг бүх хүмүүсийн нэр усыг цуглуулсан ба энэ жагсаалтад мянгаар тогтохгүй олон хүний нэр байв. Ингээд тэр олон хүнээ судалж үзээд нэгэн дүгнэлт гаргасан нь “Тутанхамоны булштай ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс тэр өдрөөс хойш дунджаар 23 жил амьдарч байжээ” гэсэн зүйл байлаа. Нэг ёсондоо 40 настай хүн тэр мумиг очиж үзсэнээс хойш дахиад 20 гаран жил амьд явах нь. Үхсэнийх нь хараал!

Булшийг ухаж гаргаж ирсэн, хамгийн анх гар хүрсэн Ховард Картер уг явдлаас хойш 17 жилийн дараа 64 насандаа нас барсан бол түүний охин 57 жилийн дараа...

Эрдэмтдийн судалгаа няцаашгүй том хариулт өгсөн байгаа биз?

Ховард Картер, Лорд Карнарвон нар

Тэгвэл бас нэг өөр юм бий.

Захи Хавасс гээч Египетийн мундаг археологич байжээ. Тэрээр Тутанхамоны цогцсыг томографын аргаар шинжлэхээр Египет орсон ба (Англид амьдардаг хүн) тэнд болсон явдлын тухай дараа нь ингэж бичсэн байна.

“Тутанхамоны цогцсыг үзэхээр явж байх үед эгч маань утастаж нөхөр нь үхчихлээ гэж хэллээ. Би ч эмгэнэн явсаар фараоны шарил байгаа газар иртэл Египетийн соёлын сайд утастаж байна. Гэтэл мань хүн гэнэт зүрхний шигдээсээр ухаан алдаж үхэх дөхөөд босож ирэнгүүтээ ярьж байгаа юм гэнэ. Би хурдан эдгээрэй гэчихээд томографын аппаратаа ажиллуулахаар бэлдэж эхэлтэл салхи шороо босон, маш их устай бороо орлоо. (Египетэд айхтар бороо орох нь хэр олон бол?)

Намайг ийшээ ирэхийг мэдэж, отож байсан Японы сэтгүүлч нар үүнээс айж, галзуурч солиорсон юм шиг л Каир руу зугтахыг харж инээсээр аппаратдаа цогцсыг хийгээд шинжлэх гэтэл аппарат маань эвдэрчихлээ...”

Нэг иймэрхүү. Эрдэмтэд дотор ч янзын нөхдүүд их бий дээ. Бас л наргиантай хүмүүс шүү...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]