Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Анхны долоо”-г Догсомоос эхлүүлжээУншсан19,503

“Анхны долоо” ч монгол зоны хүндлэл хүлээж, төрийн дээд алба тушаал хашиж байсан боловч үхэл нь сэжиг таамаг дагуулдаг. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нараас бусад нь гардан хийсэн хувьсгалынхаа илдэнд цавчуулсан юм.

 Д.Лосол, Д.Догсом, Х.Чойбалсан нар

Монголын хувьсгалчдыг төлөөлөн Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйхаар одсон Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарыг манай түүхэнд “Анхны долоо” хэмээдэг билээ.

 

“Анхны долоо” ч Монгол зоны хүндлэл хүлээж, төрийн дээд алба тушаал хашиж байсан боловч үхэл нь сэжиг таамаг дагуулдаг. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нараас бусад нь гардан хийсэн хувьсгалынхаа илдэнд цавчуулсан юм.

1922 оны намар Д.Бодоо, Д.Чагдаржав нар, түүнээс 2 жилийн хойно С.Данзан улс төрийн хилс хэрэгт яллуулжээ. Гэтэл түүнээс ч өмнө “Анхны долоо”-гийн бас нэгэн хувьсгалч хэлмэгдсэн байна. Энэ нь 1921 оны хувьсгалын ялалтын уухай намжаагүй шахам байх үед дэгдсэн дуулиант хэрэгтэй холбоотой.   

Тэр жилийн намар оройхон, тодруулбал, 1921 оны 10 дугаар сарын 22-нд Саж лам Жамьянданзан тэргүүтэй 28 түвэдийг “Ардын засгийг устгахаар завдсан” гэх хэрэгт холбогдуулан нэгэн зэрэг барьсаны зэрэгцээ Нийслэл Хүрээнд өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж, түвэд, Монгол, хятад,  бүгд 59 хүн баривчилжээ.

Эл баривчилгаанд Дотоод яаманд эрхэлсэн түшмэлийн алба хашиж байсан Д.Догсом өртсөн байна. Энэ талаар түүхч Н.Магсаржав хурц “Монгол Улсын шинэ түүх” бүтээлдээ: “Саж ламын хэрэг гарахын зэрэгцээгээр Хүрээний газар Монгол ноёд түшмэд энд тэнд цуглаж нууц зөвлөл хийв хэмээн цуу үг гарч нэр холбогдсон бэйс удирдагч Буян-Очир, гүн Базаррагчаа, зайсан лам Лувсандэндэв, түшмэл Догсом, Галсан нарын зэрэг хүмүүсийг Засгийн газраас дайчлан бариулж, хэд хэдэн өдөр маш чангалан шүүсэн (Эрүүдэн байцаасан) боловч оновчтой баримттай зүйл гарсангүй тул хэлэлцэхгүй болгон дуусгаж, гагцхүү түшмэл Догсом Холбоот Улс лугаа найрамдлын гэрээ бичиг тогтоох хэрэгт томилогдсон албанаас дэмий зайлсхийн Галсан лугаа хуйвалдаж хуурмаг арга үүсгэсэн нэгэн явдал илэрч нэгэн удаа эндэгдэл тэмдэглэгдсэн зүйл буй”  гэсэн байдаг.

1921 оны долдугаар сараас Дотоод яаманд алба хашиж байсан Д.Догсомыг Засгийн газрын шийдвэрээр Зөвлөлт Орос Улстай хийх найрамдлын хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулан томилсон боловч бие өвчтэй хэмээн уг албанд явалгүй арга саам хэрэглэн үлдсэн нь Саж ламын хэрэгт холбогдуулан мөрдөн байцаахад илэрсэн нь тэр ажээ.

Улс төрийн хилс хэрэгт мөрдөгдөн, эрүү шүүлт амсан зүдэрч байсан Д.Догсом амь мэнд үлдэхийн тулд нэгэн хүний зөвлөснөөр хамрын тамхи уун, ходоод гэдсээ хямруулан шингэн алдаж, үхдэгийн даваан дээр шоронгоос гарсан гэдэг.

Д.Догсом дээрх хэрэгт холбогдолгүй болохыг тухайн үед тогтоосноос гадна Саж лам тэргүүтэй түвэд нарын холбогдсон “Ардын засгийг устгахаар завдсан” улс төрийн хэрэг зохиомол болох нь эдүгээ тодорч байна. 1921 оны намрын тэрхүү шуугиант хэргийн уршгаар эрүү шүүлт хүлээж байсан нь Д.Догсомыг “Анхны долоо”-гоос анх эхэнд хэлмэгдсэнийг харуулж байна.

Түүний зэрэгцээ журмын нөхдөөсөө хамгийн олон удаа улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдгээрээ Д.Догсомын хувь заяа ихээхэн ээдрээтэй юм. Д.Догсомын дахин хэлмэгдсэн нь Зүүнтний нугалааны 1929-1930 онд холбогдоно. Тэр үед үндэсний үзэлтэй түшмэд, улс төрчдийг баруунтан, феодлын үлдэгдэл гэж хавчин гадуурхаж, ажил албан тушаалаас нь халахаас эхлүүлэн цаазлан хороох зэргээр хэлмэгдүүлж байв. Д.Догсом мөн энэ давалгаанд дайруулсан бөгөөд 1929 онд явагдсан МАХН-ын II шалгалтаар түүнийг хуучин түшмэл, ганган хээнцэр этгээд, үндэсний үзэлтэй баруунтан хэмээн буруутган намаас хөөж, албан тушаал бууруулан шийтгэл оноожээ.

Тэр шийтгэл хилс хэлтгий болсон хэмээн үзэж, Д.Догсом бол МАХН-ын гишүүн байх гавъяатай, намын нэр хүндийг хадгалж явах итгэл найдвартай хүн болох учир намд нь эргүүлэн авна уу гэсэн Алтанбулагийн хоршооны ажилчдын хүсэлт болон Д.Догсомоос Намын Хянан Байцаах Төв Комисст бичсэн өргөдлийг Намын Хянан Байцаах Төв Комисс 1930 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрийн хурлаараа хэлэлцээд Д.Догсом алдаагаа зассан, намыг анх байгуулахад оролцож хүчин зүтгэж явсан зэргийг харгалзан МАХН-д дахин элсүүлсэн байна.

Гэвч 1937 оны 9 дүгээр сарын 10-ны шөнийн нийтийг хамарсан баривчилгаагаар хүч түрсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн их шуурга Д.Догсомыг нэгэн мөр хаман одсон юм. Тэр нь 1939 оны наадмын өмнөхөн 7 дугаар сарын 9-ны бямба гарагт болжээ.

Бүгд Найрамдах засаглалтай Монгол Улсын парламент: Улсын Бага Хурлын даргаар ажиллаж, төр толгойлж байсан Д.Догсомыг ажил тарсны дараа Богд хан уулын аман дах зусланд байсан гэртээ ирээд баяр наадмын бэлтгэл ажилтай танилцахаар Яармаг явах гэж байтал "ажил гарлаа, ажил дээр хурдан ир" гэж маршал Х.Чойбалсан дуудуулжээ.

Засгийн газрын байран дахь маршалын албан тасалгаанд ороход тэнд байсан Х.Чойбалсан, ЗХУ-ын элчин төлөөлөгч Иванов, ДЯЯ-ны орлогч сайд Жамбалдорж нар түүнтэй ойр зуур ярилцаж байтал ДЯЯ-ны хоёр ажилтан гэнэтхэн Догсомыг барьж, тусгайлан бэлтгэсэн машинд шуурхайлан ачуулж, БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан ЗХУ-ын Улаан армийн 9370 дугаар нэгтгэлийн дэргэдэх Тусгай хэлтэст шилжүүлжээ. Тэр өдрийн орой зуслангийн гэрт нь ДЯЯ-ны ажилтнууд очиж нэгжлэг хийж эд хогшлыг нь хураагаад Догсомын эхнэр О.Цэрэнлхамыг дагуулан хотын байранд нь ирж, мөн нэгжлэг хийж, эд хогшлыг хураан авч хураагдсан зүйлийн бүртгэлийг хувилан үйлдэж Бадамжав нарын гурван хүн гарын үсэг зурж, нэг хувийг эхнэрт нь өгчээ.

Тэр өдөр Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Мал тариалангийн яамны сайд З.Пүрэвдорж, Шүүх яамны сайд Г.Даншийцоодол нарын зэрэг удирдах албан тушаалтан олон хүнийг өнөөх аргаар Х.Чойбалсангийн албан өрөөнөөс баривчилсан гэдэг.

1939 оны долдугаар сарын 11-нд БНМАУ-ын Үндэсний хувьсгалын 18 жилийн ой ба Ардын Бүгд Найрамдах засгийг байгуулж, Үндсэн хуулийг баталсны 15 жилийн ойд зориулсан Улсын хийгээд цэрэг, ардын их баяр наадмыг “Анхны долоо”-гийн нэг Ерөнхий сайд Х.Чойбалсан Яармагийн дэнжид нээж байхад Улаанбаатарын төвд Зөвлөлтийн тусгай албаныхан “Анхны долоо”-гийн нэг Д.Догсомыг эрүүдэн байцааж, “Лувсаншарав, Догсом нарын бүлгийн хэрэг” гэгчээ зохиомжилж байлаа.

Оросууд Улаанбаатар дахь байцаалтаа дуусгаад Д.Догсом нарыг 1939 оны долдугаар сарын 16-нд наадам дуусахтай зэрэг Зөвлөлтийн Чита-д онгоцоор хүргэн хэсэг зуур хорьж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаад Москвад шилжүүлжээ.

Монгол, Оросын хоёр хооронд Улаанбаатар-Чита-Москва гэсэн шугамаар дамжин, дэлхийн хамгийн харгис эрүү шүүлтийг туулсан Д.Догсомыг:

БНМАУ-ын оршин буй хувьсгалт байгууллыг түлхэн унагаж, ЗХУ-аас найрамдалт харилцааг таслаж, Японы ивээл дэх феодал-хөрөнгөтний байгуулал тогтоох зорилт бүхий нармай Монголын тагнуулын хуйвалдааны байгууллагын идэвхтэй гишүүнээр 1935 оноос ажилласан;

БНМАУ-ын оршин буй байгууллын эсрэг чиглэсэн хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагааг олон жилийн турш идэвхтэй явуулсан;

БНМАУ-ын хилийн комиссын бүрэлдэхүүнд орж 1935 онд Манжуурт байхдаа японы тагнуул Инокучитай тагнуулын холбоо тогтоож, БНМАУ дах хэрэг явдлын тухай мэдээлэл өгч, БНМАУ-ын ардын хувьсгалын байгууллыг түлхэн унагах хэрэгт тусламж үзүүлэхийг хүсч байсан;

Нармай Монголын байгууллагад шинэ гишүүд элсүүлж, хувьсгалын эсэргүү эргэлт хийх бэлтгэл ажилд оролцсон гэж буруутгасан байдаг.

Д.Догсомын байцаалтыг 1940 оны гуравдугаар сарын 26-нд дуусгасан боловч таг чиг жил гаран хорьж байгаад Фашист Герман орос оронд довтолсны дараахан 1941 оны долдугаар сарын 7-ны өдөр ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегээс Д.Догсомыг хэргийг хянан шийдвэрлэж, Зөвлөлтийн Эрүүгийн хуулийн 58-1а, 58-11 дүгээр зүйлд заасан эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн гэж буудан алах ялыг давж заалдах эрхгүйгээр оноожээ. Ялыг 1941 оны долдугаар сарын 27-нд Москвагийн ойролцоох Бутова суурингийн орчимд гүйцэтгэж, Д.Догсомыг Монголын бусад улс төрчид А.Амар, Д.Лосол, Д.Лувсаншарав нарын хамт цаазалсан байна.

Тийнхүү “Анхны долоо”-гийн нэг Бодоог 1922 оны Улсын баяраар баривчласнаас эхлэн Монголын төрийн тэргүүнүүдийг улсын баяр наадмаар барьж Москвад цаазалдаг тохуурхал “Анхны долоо”-гийн Д.Догсом, Д.Лосол нарыг 1939 оны наадмаар Улаанбаатарт баривчлан, 1941 оны наадмаар Ерөнхий сайд А.Амартай цуг Москвад үгүй хийснээр үргэлжилсэн билээ.

ЗХУ-ын хуулийн байгууллагаас Д.Догсомд ноогдуулсан 1941 оны шийтгэх тогтоол хууль бус байсныг хожим ЗХУ-ын Ерөнхий прокурорын газраас шалган тогтоосныг үндэслэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 78 дугаар тогтоолоор түүнийг цагаатгажээ. Гэвч 1921, 1929 онуудад Д.Догсомыг улс төрийн талаар хэлмэгдүүлснийг эдүгээ хүртэл хянан нягтлаагүй, нэр төрийг нь бүрмөсөн сэргээн цагаатгаагүй байна.  

Түүхч Х.Мөнхбаяр

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 24. 21:07
Зочин

Монголын төр засгийн удирдагчдыг баяраар хороодог нь Чойбалсанг битүүний өдөр бөөрийг нь гаргасанаар төгсгөл болсон байх шүү.

2018, 1 сар 25. 1:44
Зочин

Tsedenbal gedeg hvniig galzuugiin emnelegt horij baij horooson ni odoohondoo svvlchiinh ni bolob uu.Davtagdahgvi geh gazargvi

2018, 1 сар 24. 18:16
Зочин

Ene bvgdiin ard Komintern,Oros uls l bsan sh dee.Oros,Putin geed bdag nuhdvvd tvvhee medmeer.Dahin davtagdahgvi geh gazargvi

2018, 1 сар 27. 13:39
Зочинbold

ergyy dagznuud ungursun tyyx tyyxeeree l yldsen olon yum gonginood yaxab odoo xarin chimeegyi xyatadiin bool boloxoos l seremjil...orosiin xychind sarmagchingaas xyn bolsonoo byy mart malnuudaa...

2018, 1 сар 24. 18:29
Төр

Чойбалсан гэж гай, хүний махаар хооллогч байсан байгаа юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]