Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өвгөн Бямбадоржийн яриа: Сээмий Лувсан лус савдагт тусалсан ньУншсан57,060

Урьдын Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Сээмий Лувсан гэдэг хүн эрдэм ном багатай, хөдөөний лам байжээ.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын /Мишиг гүний хошууны/ өвгөн Бямбадоржийн яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэж авчээ.


СЭЭМИЙ ЛУВСАН ЛУСАД ТУСАЛСАН НЬ

Урьдын Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Сээмий Лувсан гэдэг хүн эрдэм ном багатай, хөдөөний лам байжээ. Хийд дээр хааяа очиж цагийн хуралд хурахаас биш цаг үргэлж хөдөө хэдэн мал маллаж амьдардаг хүн байжээ. Лувсан нэг өдөр гэртээ сууж байтал нохой нь хуцаж гэнэ. Гадаа гараад харсан чинь баруун зүгээс жороо морь унасан хүрэн торгон дээлтэй ноён хүн ирж гэнэ. “Зоригт ван биш юм даа, Мишиг гүн юм болов уу?” гэж бодож байж. Энэ бол автономит засгийн үед юм байжээ. Тэр ноён ирж гэрт нь ороод Лувсанд хэлж гэнэ: “Та маргааш гэртээ бэлэн байгаарай. Би таныг залах гэж яваа. Маргааш би ирнэ” гэж гэнэ. “Ноёны нутаг хаана бэ?” гэсэнд “Эрдэнэ толгойд” гэжээ. “Ноёны алдар хэн бэ?” гэсэнд “Эрдэнэ толгой” гэжээ. Лувсан бүр гайхаад олон үг асууж чадсангүй гэнэ. Мишиг гүний хошууны зүүн хойт биенд Эрдэнэ толгой гэдэг нэг уул байдаг. Тэр л Лувсангийн санаанд орж байжээ. Ноён мордоод явчжээ. Лувсан маргааш нь гэртээ сууж л байж. Нохой нь хуцаж гэнэ. Хамт суудаг охин нь гарч хараад хойноос хэдэн хонь туусан хоёр морьтой хүн ирж явна гэж гэнэ. Охин нь дахин гарч хараад бүр айчихсан орж ирж гэнэ. “Та өөрөө гар. Туусан юм хонь биш чоно бололтой” гэж гэнэ. Лувсан гараад харсан чинь өнөөх хүрэн торгон дээлтэй ноён өөр нэг хүн дагуулаад нэг чононд жижиг тэрэг хөллөж туугаад ирж гэнэ. Лувсан ухаа алдталаа айж гэнэ. Чоно нь хэлээ гаргаад аахилж байж гэнэ. Хоёр хүний морь бас их хөлөрчихсөн байх юм гэнэ. Ноён хэлж гэнэ. “За Лувсан хурдан энэ тэргэн дээр суу” гэнэ. Лувсан хурдан шинэ дээлээ сольж өмсөөд айсаар тэргэн дээр нь сууж гэнэ. Тэгээд Лувсанг чоно хөллөсөн тэргэн дээр суулгаад өнөөх хоёр хүн туугаад баруун хойшоо давхиж гэнэ. Их хол явж Мишиг гүний Эрдэнэ толгой гэдэг ууланд хүрч очиж гэнэ. Тэр уулын энгэр дээр хоёр цагаан гэр байж гэнэ. Хавь ойр нь мал хогшил юу ч байдаггүй. Өвсийг нь гишгэлсэн янз огт байсангүй гэнэ. Баруун гэрт Лувсанг оруулж гэнэ. Гэрт жигтэйхэн сайхан гоёл тавилтай байж нэг ч хүн байсангүй. Лувсан айгаад зогсож л байж. Тэгж байтал хүн шиг биетэй хачин толгойтой хэдэн амьтан орж ирээд “Ноён ирж явна” гэж ярилцаж байна гэнэ. Тэгтэл нэг урт хүрэн могой орж ирээд хойно байгаа түшлэг дээр гарч ноён болж хувираад сууж гэнэ. Бас нэг могой орж ирээд нөгөө түшлэг дээр гарч хатан болж хувираад сууж гэнэ. Лувсанг тэдний доод талд олбог дээр суулгаж гэнэ. Тэгээд ноён айлдаж гэнэ: “Энэ зүүн гэрт манай хүү өвчтэй хэвтэж байгаа юм. Түүнийг чи эмнэж өг” Лувсан хэлжээ: “Ноён минь би хүн эмнэж чаддаггүй, эм тан барьдаггүй” гэж гэнэ. Ноён айлдаж гэнэ: “Чи чаднаа чадна. Чамайг чадна гэж Мишиг гүний хошууны зурхайч Жамба-Иш хэлсэн” гэж гэнэ. Нээрээ Мишиг гүний хошуунд зурхайч Жамба-Иш гэж овоо эрдэмтэй лам байдаг гэнэ. Түүнийг Лувсан таньдаг юм гэнэ. Тэр Жамба-Иш Эрдэнэ толгой уулыг их тахиж шүтдэг хүн юм гэнэ. Лувсан зүүн гэрт нь орж гэнэ. Нэг өвчтэй хүн орон дээр хэвтэж байна гэнэ. Хөнжлийг сөхөөд үзсэн чинь хүн цээжтэй могой бөгстэй амьтан гэнэ. Могой бөгсөнд нь гадас шаалттай байж гэнэ. Тэр гадсыг нь суга татаад хаяж гэнэ. “Яасан сайхан юм. Нэг бие амарлаа” гэж тэр амьтан хэлж гэнэ. Хүрэн торгон дээлтэй ноён айлдаж гэнэ: “За гялайлаа. Чи миний хүүгийн өвчнийг эдгээлээ. Энд Очирбат тайжийнх гэж баян айл нутагладаг юм. Тэднийх олон ботготой юм. Зарц хүүхэн ботгоо сэлж аргамжихдаа гадсаа авдаггүй орхиод өөр газар шинэ гадас шаадаг юм. Нэг гадсыг миний хүүгийн бөгсөн дээр шаагаад өвчтэй болгож хатаасан юм. Тэр хүүхэн ч өөрөө өвчтэй хатаж байгаа даа. Одоо миний энэ зүгээр болохлоор тэр хүүхэн ч зүгээр болно. Би чамд өргөл барьц өгмөөр боловч чамд хэрэг болох юм над байхгүй. Чиний хэдэн унааг харж хандаж байхыг би Дөхөмийн хойт ууланд захья” гээд Лувсанг гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Зурхайч Жамба-Ишийн хүү бидний үед их мэргэн хүн байсан. Гэвч манай багш түүнээс юм битгий асуу гэдэг байсан. Тэдэнд хадир лус оршсон хүмүүс гэдэг байсан.

1974.6.21.

 

ЦООЖ ГАРГАХ

ӨвөрМонголын Бандид гэгээний хийд дээр Хонхорын Дорж гэдэг нэг банди байжээ. Гурван жил сууж, таван жил суужээ. Ердөө ном сурдаггүй байжээ. Ганцхан сурсан ном нь гэвэл Мазжушри бурханаас оюун билэг гуйсан “Ганги лодой” гэдэг ном байжээ. Ном сурахгүй болохоор багш нь хэлжээ: “За чи ном сурахгүй юм шиг байна. Чамд их номоор ч яах вэ! “Ганги лодойг” чи мэднэ. Тэр чинь чамд болно. Түүнийгээ л сайн уншиж яв” гэжээ.

Хонхорын Дорж тэгээд Бандид гэгээнийхээс гараад гэртээ хариад явчихжээ. Гэр нь Бандид гэгээний хийдэд ойрхон юм гэнэ. Хөдөө гараад мал маллаад явдаг байжээ. Тэгэхдээ өнөөх “Ганги лодойгоо” уншаад явдаг байжээ. Хонхорын Дорж бас хулгай хийдэг болжээ. Хулгайн хэрэгт холбогдоод хошууны тамгын газрын хар гэрт ороод хоригдож байж гэнэ. Гартаа гавтай, хөлдөө төмөр тушаатай байдаг байжээ. Дорж нэг шөнө өлсөөд ер болдоггүй гэнэ. “Ганги лодойгоо” уншаад гавныхаа цоожийг үлээсэн чинь тор хийгээд унаж гэнэ. Гар нь сул болжээ. Тэгэхлээр мөн “Ганги лодойгоо” уншаад хөлний тушааны цоожийг үлээж гэнэ. Мөн тор гээд унаж гэнэ. Гар хөлөө сул болохоор шөнө босож гадуур жаахан явж байгаад үүр цайхаар гадагшаа явж гэнэ. Тамгын газрын хар гэрээс зүүн тийш нилээд зайдхан хэдэн гэр айл харагддаг байжээ. Дорж тэр айлд очоод тараг идье гэж бодоод хүрээд очжээ.

Хар гэрийн хуяг өглөө босоод хоригдлуудаа бүртгэж үзсэн чинь Дорж алга болсон, гав тушаа газар хэвтэж байж гэнэ. Айж сандраад тамгын түшмэлд очиж хэлж гэнэ. Тамгын түшмэл “Чи тавиад явуулчихсан байлгүй яах вэ! Төмөр гав тушаа өөрөө яагаад сулрах вэ!” гээд загнаж гэнэ. “Доржийг үүдээс урагш олж ир! Олж ирэхгүй бол оронд нь чамайг хорино” гэж тушааж гэнэ. Өнөөх хуяг гараад дэмий явж гэнэ. Шөнө оргоод явчихсан хулгайчийг олно гэх огт найдвар байхгүй байжээ. “Юу ч гэсэн тэр зүүнтээх айлаас асууя” гэж бодоод тэнд очиж гэнэ. Тэгсэн чинь тэр айлын нэг гэрт Дорж тараг идээд сууж байж гэнэ. “За чи энд байгаа нь яамай. Чи намайг алах шахлаа. Би чиний оронд хоригдох шахаад байна. Чи яах гэж энд ирээ вэ?” гэж гэнэ. “Би тараг идэх гэж энд ирсэн. Өлсөөд сууж болохгүй юм” гэж гэнэ.

Хуяг нь Доржийг дагуулаад тамгын газар очиж гэнэ. Тамгын түшмэл өнөөх хоёрыг байцааж гэнэ: “Чи яах гэж оргосон бэ? Чи яах гэж оргуулсан бэ?” гээд зандран асуужээ. Хуяг: “Би оргуулаагүй” гэж үнэнээ хэлж дээ. Хонхорын Дорж хэлжээ: “Би оргоогүй, тараг идэх гэж тэр зүүнтээх айлд очсон. Өлсөөд болохгүй юм” гэж мэдүүлжээ. “Чамайг хэн тавьж явуулсан бэ?” гэж түшмэл асуужээ. Дорж хариулжээ: “Намайг хэн ч тавьж явуулаагүй, би өөрөө сулраад явсан” гэлээ. “Төмөр гав тушааг чинь хэн сулласан бэ? дахиад гар тушаагаа суллаж чадах уу?”гэж “Чадна байгаа “ гэж Дорж хариулжээ. Гавыг гарт нь хийгээд тушааг хөлд нь хийгээд түшмэлийг харсаар байхад цоожлоод түлхүүрээ бариад байж гэнэ. Тэгэхэд Дорж амандаа нэг юм унших шиг болоод гаваа үлээсэнд гав нь суларчээ, тушаагаа үлээсэнд тушаа нь суларчээ.

Түшмэл хэлж гэнэ: “Төр засаг гэдэг хүнд байдаг. Чи оргож болохгүй. Дахиад нэг сар чи хар гэрт суу. Цааш нь бид чамайг тавихыг бодно. Чи хулгай хийхээ боль” гэхэд Дорж “За” гэжээ. Түшмэл бас хэлжээ: “Чамд өдөр бүр тараг өгч байна” гээд хуягт нь “Үүнд тараг авчирч өгч бай” гэж тушаажээ. Түүнээс хойш сар болоод Доржийг суллан тавьжээ. Дорж тэгээд хулгай хийхээ больжээ. Мал маллаад их баяжсан юм гэдэг.

Доржийн тухай энэ мэдээг Гандан дээр суудаг барга лам Жамъянчоймбол над ярьсан юм. Жамъянчоймбол энэ мэдээг үзэмчин лам хувилгаанаас сонссон гэдэг. Хувилгаан Хонхорын Доржийг таньдаг байсан гэдэг. Хувилгаан 1970 онд Гандан дээр нас барсан юм. “Ганги лодойд” цоожны өргөс гаргах чадал байж болох уу? “ гэж би Жамъянчоймбол гуайгаас асуусанд тэр лам над хэлсэн юм: “Байлгүй яах вэ! “Ганги лодойд” “Нисванисын цоожны өргөсийг мултлах” гэж үг байдаг юм” гэж хэлсэн. Тэр номд тийм үг байдаг юм байх.

Ер нь цоожны өргөс гаргаж чаддаг хүн бас байх юм. Манай Төв аймгийн Дэлгэрхаан суманд Сэмбэхүү гэдэг нэг өвгөн одоо бий. Сэмбэхүү зүгээр л хар хүн, жаахан ан хийдэг. Сайн бууч юм. Ном эрдэм байхгүй ийм л хүн юм. Би ойр нутагтай болохлоор аргагүй сайн танина. Гэрээр нь орж гардаг байлаа.

Арваад жилийн урьд юмсан. Тэр Сэмбэхүүг цоожны өргөс гаргаж чаддаг хүн гэж хүн яриад байх боллоо. “Тийм багаж зэвсэгтэй юм байлгүй” гэхэд “Үгүй. Багаж зэвсэг хэрэглэхгүй, зүгээр үлээгээд цоожны өргөс гаргачихдаг” гэж ярих юм. Би түүнийг нэг шалгаж үзье гэж боддог байлаа.

Нэг өдөр манай эхнэр авдраа уудлаж байтал авдран дотроос нэг хуучин цоож гарлаа. Аргагүй сайн цоож юм. Түлхүүрий нь аль хэдийн гээчихсэн юм. Тэр цоожийг хараад гэнэт би: “Энэ цоожийг Сэмбэхүүд үзүүлье “ гэж бодлоо. Тэгээд тэр цоожийг аваад дэрэн доороо хийчихээд байлаа. Сэмбэхүүг манайд нэг ороод ирэхлээр би: “Энэ цоожны түлхүүрийг гээчихсэн юм. Уг нь сайн цоож байгаа юм. Үүний өргөсийг гаргах арга байна уу? “ гээд цоожоо Сэмбэхүүд өглөө. Сэмбэхүү тэр цоожыг бариад жаахан эргүүлж тойруулж үзэж байгаад над өргөс цоож хоёрыг хоёр болгож салгаад над өглөө. Чухам яаж гаргасныг би харж чадсангүй гартаа хөөрөг эрхи хоёроос өөр багаж байхгүй л юм шиг байх юм. Би тэгэхлээр өнөөх цоож өргөс хоёроо барьж үзэж байгаад зориуд цоожлоод “Би санамсаргүй цоожилчихлоо” гэж худлаа хэлээд эргүүлээд өглөө. Сэмбэхүү цоожыг аваад үзэж байна. Би хулгайн нүдээр ажиглаад л байлаа. Сэмбэхүү ямар ч багажгүй хоосон гараар цоожийг барьж байгаад нэг үлээх шиг болоод цоож өргөс хоёрыг салгав. Сэмбэхүү цоож өргөс хоёрыг ямар ч багажгүй салгаж чаддагийг би ингэж нүдээр үзсэн дээ. Цоож өргөс хоёр салсан болохлоор өргөсийг нь харж байгаад түлхүүр хийж тааруулсан. Тэгээд Сэмбэхүүгийн ачаар бүтэн цоожтой болох нь тэр дээ. Зориуд туршиж байна гэж мэдвэл тэр цоож өргөс хоёрыг салгаж өгөхгүй байх. Хэрэв Улаанбаатар Сэмбэхүү хүрч ирвэл би түүнийг танайд аваад ирье. Та түлхүүрийг хаячихсан гэж нэг цоож өгөөд шалгаж үзээрэй. Тэр лав салгаж чадна.

1974.11.19.

 

ГАРМАА БАГШ

Манай байшинд Батсуурь гэдэг тэтгэвэрт гарсан өвгөн байдаг юм. Түүний дүү эмэгтэй Цэндсүрэн дунд сургуулийн багш юм. Энэ намар нэг өдөр хичээлээ зааж байтал арваад настай охин, хоёр гараар нүдээ дараад “Хөөе одоо яах билээ? Яанаа. Би айж байна” гээд байж гэнэ. Хичээл тарахлаар Цэндсүрэн тэр хүүхдээс асуужээ: “Чи юу гээд байгаа юм? Юунаас айгаад байгаа юм?” гэжээ. “Гармаа багш муухай цагаан дээлтэй орж ирээд таны толгой дээрээс шүүрч авах гээд байсан. Би тэгээд айсан юм. Сүүлд гараад явчих шиг болсон” гэжээ. Цэндсүрэн: “Битгий солиор. Үхсэн Гармаа яаж босож энд орж ирэх вэ? Биеэ эмчид үзүүл” гээд толгойг барьж үзсэнд халуунгүй эрүүл байсан гэнэ. Түүнээс хойш удалгүй Цэндсүрэн өвдөөд одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Юу болохыг бүү мэд.

1974.11.16.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]