Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүн төрөлхтөний хайгаад олдоггүй, олсон ч тайлж чаддаггүй нууцуудаасУншсан29,790

Түүхэнд үлдсэнээр МЭӨ 146 онд ромчууд хөрш зэргэлдээх Коринф хотыг нь газрын хөрстэй тэгшилсэн ч Тенеа хот руу дайралгүй үлдээсэн байна.

Олон зуун жил судалгаа шинжилгээ хийсэн ч Атлантисын алдагдсан арлын байршил нууц хэвээр л байна

 

Атлантис бол эртний Грекийн философич Платоны бүтээлд "арлын хүмүүс бурхдын таалалд нийцэхгүй байсан учир Атлантын далайд живүүлсэн" дүрслэгддэг арал юм.

Түүний зохиолд дурдсанаар Атлантис нь Атлантын далайд байсан томоохон арал (эсвэл тив) бөгөөд ойролцоогоор 10-8 мянган жилийн өмнө байгалийн аюумшигт гамшгийн улмаас "нэг өдөр, нэг шөнийн дотор" усанд живж алга болжээ. Атлантисын оршин суугчдыг атлантxууд гэдэг байв. Атлантчууд нь 4 метр өндөр, оюун ухааны маш өндөр хөгжилтэй ард түмэн байсан гэж үздэг. Төрөлх арал нь сүйрч алга болоход амьд үлдсэн атлантчууд Атлантын далайн зүүн, баруун эргийн дагуу орших газар орнуудад хүрч, уугуул оршин суугчдыг соёл иргэншилтэй танилцуулсан гэнэ. Эдгээр газар орнууд нь Умард Африк, Хоёр мөрний хөндий, баруун өмнөд Европ болон Төв Америк, Өмнөд Америк бололтой. Атлант гэх гайхалтай газрыг зохиомол гэж хараахан ойлгож болохгүй мэт. Энэ гайхалтай зүйлийг төсөөлөхөд ч бэрх.

Далайн давалгаан дор живсэн арлыг хүн төрөлхтөн өнөөг хүртэл эрэн хайсаар зохиол бүтээлдээ мөнхрүүлсээр иржээ. Платон өөрийн ёгт үлгэрүүдийнхээ санааг хуучны уламжлалт аман үлгэрүүдээс сэдэвлэн зохиодог байснаараа алдартай байсан нь Атлантисын түүх үнэн байх магадлалыг нэмэгдүүлдэг.

Библид бичигдсэн "Их үер"-ийн үеэр устаж үгүй болсон эх үүсвэрээс эртний олон соёл иргэншил үүссэн гэж үздэг байсан Игнатиус Донноли "Атлантис: Антилилувийн ертөнц" нэртэй (1882) бүтээлдээ өөрийн судалгаа, шинжилгээгээр Атлантис арлын хувь заяа, байршлын талаар хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Эдгээр таамаглаж буй газруудын ихэнх нь Газрын дундад тэнгист байрладаг бөгөөд МЭӨ 17 юм уу 16-р зууны үед тохиолдсон Терагийн дэлбэрэлтийн үеэр Атлантис алга болсон гэнэ. Энэ дэлбэрэлтийн улмаас асар том цунами үүсч, Крит арал дээр байрлаж байсан Миноаны соёл иргэншил төдийгүй Атлантисыг бүрэн сүйрүүлсэн байгалийн гамшиг тохиосон гэж бичсэн байна.  Газрын дундад тэнгисийн гүнээс судлаачид тэр бүр арал нээж олоод байдаггүй ч байсгээд л Атлантисын түүхтэй холбож болох шинэ таамаглал, хайгуулын олдвор олж байдаг. Гэсэн хэдий ч Атлантисын соёл иргэншил, энэхүү нууцат арал хүн төрөлхтөний түүхэнд нууц дагуулсан хэвээр байна.

 
Тутанхамон хааны булш

 

Эртний хаадын булш бунхан, шарилыг тайван байлгадаггүй археологич, судлаачдын ачаар Египетийн фараон Тутанхамоны талаар дэлхий даяараа шагшин шуугисаар ирлээ. Энэ нь ч аргагүй биз. МЭӨ 1341 онд төрсөн, 1332-1323 оны хооронд Египетийн хаан ширээнд сууж байсан гэж үзвэл манай их эзэн Чингис хаанаас даруй 2500 орчим жилээр ах настай энэхүү эзэн хааны шарилыг хүмүүс нээж олоод, судалж шинжилж байна гэхээр аргагүй гайхамшигтай.  

1922 онд Ховард Картерын илрүүлсэн түүний булшны хөндөгдөөгүй байдал тэр дороо дэлхий нийтийн сонирхлыг татсан. Олон зуун жилийн турш шинжлэх ухаан, археологийн судалгааны ажил хийж эрэн хайж байсан ч түүний жинхэнэ булшийг олтол өсвөр насны хааны талаар мэдээлэл тун бага байв.

Микробиологич Ральф Митчелл булшны нөхцөл байдлыг харгалзан үзээд ханан дээрх будаг хатахаас өмнө нас барсан хааныг оршуулсныг нотолж байсан бөгөөд залуу эзэн хаан түүний авсыг хийж дуусахаас өмнө гэнэтийн, төсөөлшгүй байдлаар нас барсан гэж үздэг.

Зарим судлаач нар Тутанхамоныг аллагад өртсөн гэж үздэг бол зарим нь түүнийг золгүй байдлаар өөд болсон гэж үздэг. Орчин үеийн анагаах ухаанаар хааны шарилыг шинжлэхэд тэрээр үхэхийнхээ дөнгөж өмнөхөн хөлөндөө хугарал авсан байсан ба түүнээс улбаалан үхлийн аюултай халдвар авахад хүргэсэн гэж онцолж байна. Мөн эмнэлгийн шинжилгээгээр түүнд хумхаа болон холер хавсран илэрсэн нь үхэлд хүргэхэд ямар нэг үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй юм. Бусад онолуудад мөн олон янзын эмгэг, хэсэгчлэн хагарсан тагнай, бусад төрөлхийн гажиг болон өнөө үед түгээмэл тохиолддог өвчнүүд олон байснаас үзэхэд цус ойртолт бүхий өвчинд баригдсан нэгэн байсан тул залуугаараа нас барсан гэж үзэх явдал ч давамгай байна.

Мөн түүний булшнаас дайнд мордсон үедээ мориноос унаж бэртсэн байж болзошгүй зургийг олсон ч гэдэг. Хайж олсон ч нууц нь бүрэн тайлагдашгүй хэвээр.

 
Марк Антони, Клеопатра

 

Эртний түүхийн бас нэгэн нууц дагуулсаар ирсэн түүхт хүмүүс бол Ромын жанжин Марк Антони, Египетийн домогт хатан хаан Клеопатра нар. Дурлалт хосуудыг Шекспир бүтээлдээ мөнхжүүлсэн байдаг. Гэвч тэднийг нутаглуулсан тодорхой газар археологич нарын хувьд нууц хэвээр бөгөөд өнөөг хүртэл эрэн хайсаар.

Клеопатра Филопатор бол Юлий Цезарь, Марк Антони нарын хайр сэтгэлий булаасан алдартай хатан хаан. Алдарт Македоны Александрын залгамжлагчдын нэг, Египетийг эрхшээгч Птоломейн угсааныхны сүүлчийн идэвхтэй удирдагч. Юлий Цезарийн аллагын дараа дэгдсэн иргэний дайны (МЭӨ 43-42 он) үеэр Клеопатра болон Марк Антони нарын хайр дурлалын холбоо эхэлсэн. Цезарийн өшөөг авах гэж Клеопатра Марк Антониг ашиглаж байсан ч гэж зарим судлаачид үздэг. Энэ харилцаанаас Александр Гелиос, II Клеопатра Селена ба Птоломей Филадельфус хэмээн алдар нэр хайрласан гурван хүүхэд төрж, Антони хүүхдүүдээ ирээдүйн Ромын захирагч хэмээн нэрлэхтэй зэрэгцэн Ромын Бүгд Найрамдах Улс дайныг дуусгахаар яаравчлав. Ромын алдартай жанжин, нэгэн цагт Цезарийн өшөөг авахаар тангарагласан анд нөхөр Октавиан нь ч цэрэг удирдан ирж Марк Антониг, Египетийн хатан хааны армитай нь хамт эргэлзээгүй бутниргэсэн билээ.

МЭӨ 31 онд Актиумын тулалдаанд Октавиан ялалт байгуулсны дараа ромын цэргүүд Египетийн зүрхэнд довтолж, нэг жилийн дотор Антони, Клеопатра нар бүрэн ялагдав. Антони өөрийн амийг хорлосны дараа олон нийтийн доромжлол ба хорих ялаас эмээдэг Клеопатра мөн өөрийн амийг авч одсон билээ. Түүнийг хорт шавж, эсхүл хорт могойд хазуулж амиа хорлосон гэж олон нийт итгэдэг. Түүхч Плутарх, Светониус нарын үзэж байгаагаар Августус Октавиан гайхамшигтай өгөөмөр  сэтгэлээр нас барсан дурлалт хосуудыг хамтад нь бунхалж оршуулахыг зөвшөөрсөн гэдэг. Клеопатра ба Антони нарын бунхан хаана байрлаж байгаа нь хоёр мянга гаруй жилийн турш нууц хэвээр байгаа бөгөөд саваагүй хүн төрөлхтөн эртний түүхийн энэ алдартнуудыг тайван нойрсож буй газрыг нь олохоор эрэн хайсаар байна.

 
Чингис хаан

 

Дэлхийн түүхэнд хамгийн том, аугаа их эзэнт гүрнийг байгуулсан Их Монгол Улсын эзэн Чингис хааны булш 800 гаруй жилийн турш өөрийн нууцыг амжилттай хадгалсаар ирлээ.

Чингис хаан 1227 оны наймдугаар сарын 18-нд алдарт аян дайнаасаа буцаж яваад насан эцэслэсэн. Чингис хааны онгон өнөөгийн ӨвөрМонголын талд, Ордост байдаг хэмээн Хятад улсын зүгээс зарладаг боловч энэ бол зүгээр л жуулчдыг татах, саяхны 20-р зуунд босгосон цогцолбор юм. Харин түүхэн дэх хамгийн шилдэг байлдан дагуулагчийг сүүлчийн замд нь үдсэн жинхэнэ булш өнөөг хүртэл нууц хэвээр байна. Чингис хаан өөрийгөө хаана онголохыг залгамжлагч, хамтран зүтгэгчдэдээ гэрээсэлсэн нь тодорхой. Тиймээс их хааны заасан газарт ямар нэгэн тэмдэглэгээ юм уу хүндэтгэлийн дурсгалгүйгээр, маш өндөр хамгаалалт, нууцлалын дор түүнийг оршуулсан байж таарна. Өөр улс гүрний хаад шиг булшиндаа тайван амгалан нойрсож чадалгүй археологичид, судлаачид, түүнээс ч дор хомхой сэтгэлтнүүдийн гарт орохыг хаантан маань хүссэнгүй, ямартай ч түүний хүслээр залгамжлагчид нь нууцын нууц газарт оршоож чаджээ.

Монголын түүхэнд бичсэнээр Чингис хааны оршуулгын ёслолын хамгаалагч нар нас барсан эзэн хааныхаа байрлалыг хэнд ч мэдэгдүүлэхгүйн тулд замдаа таарсан хүн, амьтан гээд бүх амьд амьтдыг хөнөөсөн гэдэг. Үүгээр зогсохгүй хааны авсыг хийж дуусмагц цэргүүд түүнийг хийсэн зарц нарыг хөнөөсөн ба дараа нь тэдгээр цэргүүдийг өөрсдийг нь ч нууцыг хадгалахын тулд цаазаар авсан гэдэг. Зөвхөн аллага ч биш, хааны нойрсож буй нутгийг хамгаалахын тулд өөр олон төрлийн нуун далдлах аргуудыг ашиглаж байв. Морин туурайгаар талхалж, дараа нь гол горхины урсацыг өөрчлөн урсгасан гэдэг бол байсан, зарим түүхэнд булшин дээр нь ой мод ургуулсан ч гэж таамаглаж иржээ. Дээрхээс аль ч аргыг ашигласан бай түүнээс ердөө тавин жилийн дараа буюу Марко Пологийн үед, монголчууд өөрсдөө ч аугаа удирдагчийнхаа булшны байршлыг мэдэхгүй болсон байв.

Трой хот

 

Грекийн шидэт үлгэрүүд дотроос хамгийн их алдаршиж үлдсэн нь Трой хотын тухай түүх. Ахайчууд бага Азийн үзэсгэлэнт Трой хотыг эзлэх гэж 10 жил дайтсаны эцэст уран аргаар санасандаа хүрж буй талаар уг үлгэрт өгүүлдэг. Трой хотыг хүрээлсэн хана хэрмийг шуурга дуудагч, газар сэгсрэгч, далай тэнгисийн бурхан Посейдон өөрийн гараар барьсан тул хэзээ ч эвдэршгүй бат бөх байлаа. Тиймээс Трой хотыг ялагдашгүй гэлцдэг байв. Олон баатар эрсийн үхлийг дуудсан дайн 10 жил үргэлжилсний эцэст Итакийн хаан заль ихт Одиссей модоор аварга том морь урлан цэргүүдээ дотор нь нууж Трой хотод нэвтэрсэн гэлцдэг. Бурханд үлдээсэн өргөл гэх тус морийг тройчууд хотдоо оруулахын тулд эвдэршгүй хэрмийн хаалгаа өөрсдийн гараар эвдсэн гэдэг.

Тройн энэхүү сонгомол үлгэр, домгийг мэдэхгүй, уншаагүй, киног нь үзээгүй хүн ховор биз ээ. Археологичид эртний Грекийн Трой хотыг өнөөг хүртэл эрэн хайсаар байгаа. Хотыг эзлэгдсэний дараа олзлогдсон иргэд анх очин суурьшсан гэгдэх Тенеа хотын туурийн байршлыг тогтоосныг Грекийн соёлын сайд хэдэн жилийн өмнө мэдэгдсэн байдаг. Гэхдээ энэ нь ердөө өөрийн түүхийг өөрсдөө л өмчлөх гэсэн, төсөөлөшгүй их жуулчдыг татаж эдийн засагтаа нэмэр хандив болох гэсэн грекчүүдийн заль ч хэмээн судлаачид үзсээр, Трой хотыг эрэн хайх адал явдлаа төгсгөөгүй хэвээр.

Гэхдээ тэрхүү Тенеа хотын тухай сонирхож үзье. Магадгүй үнэхээр Трой ч юм билүү, хэн мэдлээ. Пелопоннесийн хойгт хийсэн малтлагын үр дүнд урьд нь зөвхөн эртний гар бичмэлүүд дээр дурдагдсан байсан Тенеа хот үнэхээр оршин байсны нотолгоо болох тэрхүү туурь олджээ. Башингийн шавардлага, ханын үлдэгдэл, чулуун болон гантиг чулуун шал, ваар хийх хэрэгслүүд, ясаар хийсэн шоо болон МЭӨ 4-р зууны үед хамаарах 200-гаад зоос газар дор хадгалагдан үлдсэн байжээ. Гайхамшигтай том археологийн олдвор.

Туурийн ойролцоох оршуулгын газарт малтлагын ажил үргэлжилж байгаа бөгөөд МЭӨ 4-р зуун буюу ромчуудын эзэмшлийн үед хамаарах алт, хүрэл, ясаар хийгдсэн чимэглэлийн зүйлс бүхий 9 булш тэндээс олдоод байгаа аж. 

Түүхэнд үлдсэнээр МЭӨ 146 онд ромчууд хөрш зэргэлдээх Коринф хотыг нь газрын хөрстэй тэгшилсэн ч Тенеа хот руу дайралгүй үлдээсэн байна. Улмаар тус хот Ромын захиргаа дор цэцэглэн хөгжиж байгаад МЭ 4-р зууны үед шашны нөлөөгөөр доройтох замдаа оржээ. Одоо эртний үеийн судлаачдад, грекчүүдэд Тенеа хотыг Тройтой холбох үнэт олдвор л хэрэгтэй байгаа юм.

 

Алтан Будда

 

Жич: Эцэст нь энэ дэлхийд бүх түүх тайлагдашгүй, олдошгүй биш гэдгийг батлах өөр нэгэн түүхийг өгүүлье. Энэ бол эртний алтаар бүрхсэн Буддагийн хөшөө бөгөөд зуу зуун жил шаварны цаана далдалсны дараа өнөө үед илрүүлж, иргэд, жуулчдын нүдийг хужирлах болжээ.

Тайландын алтан Буддаг хулгайд алдагдахаас сэргийлж шавраар бүрхэн, 200 жилийн турш ард иргэдийн дунд нууж ирсэн байна. Алтан Буддагийн албан ёсны нэр нь Фра Футта Маха Сувана Патимакон бөгөөд Тайланд улсын нийслэл Бангкок хотын Ват Траимит сүмд байрладаг 5,5 тонн жинтэй хөшөө юм. 3,91 метр өндөр, 3,1 метр өргөн, есөн салангид хэсэгт хуваагддаг ба 13-14-р зууны үед уг бурхны хөшөөг бүтээсэн гэдэг.

Хөшөөний их биеийн дор хаяж 40 хувь, нүүрэн хэсгийн 80 хувийг цэвэр алт эзэлдэг ба зөвхөн толгой, үс л гэхэд цэвэр 99%-ийн сорьцтой, нийт 45кг жинтэй. Одоо үеийн ханшаар хөшөөний нийт алтны үнийн дүн 200 сая доллараас хол давна.

Хөшөөг 1403 оны үед Сухотайгаас Аюуттха руу шилжүүлсэн гэж үздэг ба 1767 онд Аюуттхагийн эзэнт улс нуран унахын өмнө шавар будаг болон өнгөлсөн шилнүүдээр зузаан давхарлан бүрсэн гэдэг. Уг өнгөлөн далдлалтын үр дүнд шавар Будда дараагийн тавин жилийн турш үргэлжилсэн сүйрлийн үеэр эвдрэлгүй, хамгаалагдан үлдэж чадсан байна. III Рама хааны хаанчлалын үед ч (1824-1851) хөшөө далдлагдсаар л байсан ба эцэст нь уг аварга том хөшөөг хадгалах шинэ барилга 1954 онд баригдаж Буддаг тийш зөөвөрлөх зуур санаандгүй осол болж, шавар будгийн зузаан бүрхүүл ховхорч, доорх алт нь ил болжээ. 200 жил шавар дор нуугдсаны эцэст Алтан Будда өнөөдөр өөрийн жинхэнэ төрхөөр Тайланд ард түмний нүдийг дахин хужирлаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]