Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цагаан арслангийн домогУншсан18,903

Цагаан арслан эцэг эхтэйгээ барагтайхан оромж гэрт амьдарч шөлний хэдэн хонь ямаа, чөдрийн ганц хоёр мориноос илүү хөрөнгөгүй баян айлын зараал болж амь зууж явжээ.

Цагаанбанди арсланг Цагаан арслан гэлцдэг. Цагаан, Цагаанбанди гэхчлэн олонд нэршсэн Цэмбэл арслан бол Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны (одоогийн Жаргалант, Шинэ-Идэр сумдын зах залгаа нутгийнх) сайн бөх тул хоёр сумынхан манайх танайх гэж хоорондоо булаалцалддаг. Цагаан арслан эцэг эхтэйгээ барагтайхан оромж гэрт амьдарч шөлний хэдэн хонь ямаа, чөдрийн ганц хоёр мориноос илүү хөрөнгөгүй баян айлын зараал болж амь зууж явжээ.

Цэмбэл нутгийн овоо тахихад барилдаж түрүүлдэг байснаа хошуу наадамд очиж үзүүр булаалддаг болжээ. Ахиж өсөж байгаагийн тэмдэг тэр. Нэг хавар Цагаан арслан Богдын даншиг наадамд барилдахаар шийджээ. Энэ санаагаа эцэг эхдээ хэлбэл хөгшин биднийг орхин хол явахыг хоригложээ. Гэтэл Цагаан арслан хүүгийнхээ хэрэг зоригийг та хоёр бод. Эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэг биздээ гэхэд хоёр хөгшин зөвшөөрч за тэгвэл яв даа, хүү минь бид яахав төрийн сүлд өршөөг гэж сууя гэжээ. Хүү нэг хонь гаргаж борцлон үүргэвчдээ хийж сайн яваад ирнэ гээд тэрээр хээр гүүгээ унан замд гарчээ.

Тэр алгуурхан явдлаар явсаар Богдын наадам болдог Долоон худагт иржээ. Бөхчүүд хошуу хошуугаараа майхан барьж бууцгаажээ. Цагаан арслан хошууныхаа майханд очиж, намайг бөхийн барилдаанд оруулж өгнө үү гэж гуйснаар хошууны нэртэй бөхчүүд хөлийн цэцэд айлтгахад хөлийн цэцээс Цагаан арслан чинь урд нь даншигт орж байгаагүй учраас оролцох эрхгүй гэхэд Цагаан арслан сонсож урам гутрангүй байв. Тэрээр бөхчүүдийнхээ майханд очиж хөлөө майхны хаяагаар гарган унтаж байжээ.

Гэтэл барилдахаар зэхэж байсан бөхчүүдийг шинжиж явсан хүмүүсээс унтаж байгаа Цагаан арслангийн хөлийг хараад “Пээ, энэ хэн гээчийн нь хөл вэ? Энэ хоёр хөлийн нэгэнд нь арслангийн хүч байна” гэжээ. Бөхчүүдээс яагаад хөлийн сайдаас (цэцээс) болсон нөгөө Цагаан арслан гэдгийн чинь хөл архийж байна гэхэд юу гэнэ ээ, өнөөх та нарын айлтгадаг бөх үү үгүй ээ ер, тийм эр байх нээ гэжээ. Ингээд Цагаан арслан даншигт барилдах болжээ.

Энэ бөх биеэр том, хүч ихтэй ноцолдохдоо зүгширсэн тул Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн зэрэг хэд хэдэн хошуунаас ирсэн бөхчүүдтэй хүч сорьж наадмын түрүүг аваад улмаар Долоон хошуу даншиг наадамд очиж Дугар, Намхай нарын халхын сайчуултай ана мана байв. Бадаргуулт төрийн 22 (1896) оны наадамд Намхай аваргад өвдөг шороодож үзүүрлэжээ.

Цагаан арслан хэмээх Цэмбэл арслан биеэр том, хүч чадлаар их, суйлах, хав дөрвөлжин золгоод тонгорох, зөв солгойгүй нуга дарах мэхтэй байжээ. Ээ дээ Цагаан арслан тун чиг тулхтай, хүч түрэмгий эрэмгий сайн бөх байсан юм шүү. Тийм бөх ховор төрдөг юм гэж хууччуул ярилцдаг.

Ж.Гун-Аасүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]