БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга,
доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Нэгэн цагт дэлхийн түүхийг бичиж явсан Монголчууд өвөр зуураа эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, эмс хүүхний төлөө тэмцэлдэн бие биеээ алж устган гаднын улс орны эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан гашуун түүхийн эхлэлийг тавьсан.
Өвөр Монгол 1636 онд1 Манжид эзлэгдэн дагаар орж улмаар 1691 онд2 Халх Монгол Манж Чин гүрний вассал болж, Зүүнгарын хаант улс 1755 онд3 эзлэгдэж өвөг дээдсийнхээ олон зуун жилийн халуун амь бүлээн цусаар бий болгосон тусгаар тогтнолоо алдсан юм.
Монголчууд тусгаар тогтнолоо алдахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь үндэсний эв нэгдэл яах аргагүй мөн. Халх, Ойрад, ар, өвөр Монгол гэх зэргээр талцан тэмцэлдэн дор бүрнээ өөрийн гэсэн улс байгуулан эрх мэдэлд хүрэх гэж шуналтан зүтгэсэн нь ийм харамсалтай байдалд хүргэсэн билээ. Гэвч тусгаар тогтнолоо эргүүлэн авах Галдан бошигт хаан, Амарсанаа, Чингүнжав нарын бослого хоорондын эв нэгдэлгүй байдлаас болж амжилт олоогүй юм.
Монголчууд бид XVII-XХ зууны эхэн хүртэл Манж Чин гүрний хамгийн алслагдмал харанхуй бүдүүлэг хөгжлийн гадна үлдсэн бүс нутаг болж төрөл бүрийн алба барьж шаардлагатай үед цэрэг зэвсгийн хүчээр туслах үүрэг хүлээж байсан4. Энэ ч үүргээ биелүүлж ирсэн.
Гэвч XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтож өөрийн улсаа ч хянах чадваргүй болж ирсэн байдаг. Манж Чин гүрний толгойд Хятад бодлого улам бүр баттай сууж Монголыг үгүй хийх “Шинэ засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Монголын хувьд энэхүү бодлого нь түүний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал үүнийгээ хэрэгжүүлэхээр хятадууд Монгол нутагт суурьших, Монгол хятад хүмүүс ураг барилдах, Монгол хүн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингүй болгож, хятад иргэдийг олноор нь Монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхүү Монгол үндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгүй өрнөхөд хүргэжээ. Харин түүнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон төр улсаа сэргээн байгуулах үйлсийг сэдсэн билээ. Энэ нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд хүргэсэн юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан ч дэлхийн улс орнууд тэр дундаа хоёр хөрш нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Бид өөрөө өөрсдөдөө тусгаар тогтнол олгоод байсан билээ. Дэлхий дээр нэг ч улс Монголыг тусгаар улс гэж үзсэнгүй.
VIII Богдын тэргүүлсэн засаг дэлхийн улс орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх олон алхам хийж байсны нэг нь тухайн үеийн өндөр хөгжилтэй өрнөдийн улс орнууд болох Британий эзэнт гүрэн, АНУ, Франц, Япон, Герман гэх мэтийн улсууд байжээ. Гэсэн ч дэлхийн нэгдүгээр дайн ид эхлэж улс орнууд Монголын тусгаар тогтнолыг анзаарах ч сөхөөгүй зөвхөн Чин гүрний нэг хэсэг гэсэн л ойлголттой байсан юм.
Хамгийн гол нь хоёр хөрш маань Монголын талаар аль хэдийнээ урьдчилан тохиролцсон байжээ. 1912 оны Монгол Оросын гэрээгээр хаант Оросын тал Монгол улсын өөртөө эзэрхэг ёс (автономит5)-ыг (статус кво, де-факто болон де-юре6) хүлээн зөвшөөрч, Монголын нутагт хятад цэрэг оруулах байх, Монголчууд өөрсдөө цэрэг байгуулахад Хаант Орос улс туслахаар болсон. Харин Оросын худалдаачид Монголын нутагт чөлөөтэй худалдаа хийх эрхтэй болж, Монголчууд өөр гадаад улстай гэрээ байгуулахад урьдаар заавал Хаант Орос улстай хэлэлцэж байхаар тогтоожээ. Монголчууд тухайн үедээ автономит гэдгийг бүрэн тусгаар тогтнолын хэмжээнд л ойлгож байжээ. Гэвч энэ бол муу дотроо хамгийн сайн боломжит хувилбар байсан гэж үзэж болно. Хаант Орос анх удаа Монголыг бие даан гэрээ байгуулах эрхтэй эрх зүйн субъект хэмээн үзсэнд гол үндэс оршиж байгаа юм.
Энэ гэрээнд мэдээж хэрэг Хятадууд дуртай байгаагүй нь ойлгомжтой. Өөрсдийнх нь нэг муж гэж үзэж байсан Монголын асуудлыг дотоод хэрэгт нь оролцож шийдсэнд ихэд дургүй тааламжгүй хүлээн авчээ.
Бээжинд 1912 оны 12 дугаар сард Хаант Орос, Дундад Иргэн Улсын (ДИУ) хэлэлцээр эхэлжүүлжээ. ДИУ Монгол дахь Оросын худалдаа, эдийн засгийн онц эрхийг хөндөхгүй байхаа амлаж, Монгол-Оросын 1912 оны гэрээг хүчингүй болгох шаардлага тавьж байв.
Хаант Оросын тал 1912 оны Монгол-Оросын гэрээг ДИУ хүлээн зөвшөөрч, Монголын автономит эрхийг хүндэтгэх, Монгол дахь ДИУ-ын эзэн эрхийг Монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд тусална гэсэн аюултай шаардлага тавьжээ. Хэлэлцэгч талууд удаан маргалдсаны эцэст 1913 оны 11 дүгээр сарын 5-нд тунхаглах бичгийг7 байгуулсан. Тунхаг бичгийн гол агуулга нь Хаант Орос улс нь ДИУ-ын Монголыг хэмжээтэй захирах эрхийг зөвшөөрсөн, Монголын автономит эрхийг ДИУ зөвшөөрөх, ДИУ Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх, Хаант Орос улс Монголд консулыг хамгаалах цэргээс өөр цэрэг суулгахгүй байх, Гадаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Монгол-Оросын 1912 онд байгуулсан гэрээг ДИУ хүлээн зөвшөөрөх гэх зүйлүүд байжээ.
Богд хааны засгийн газар дээрх тунхаг бичгийг эсэргүүцэн Хүрээн дэх Оросын консулын газарт нот бичиг илгээж байсан авч талаар болсон юм. Ийнхүү хэдийгээр автономит эрхтэй ч Хятадын нэг хэсэг хэвээр болно хэмээн хоёр хөрш маань тохиролцож 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнг үгүй хийсэн билээ.
Гэсэн ч Монголчууд тусгаар тогтнох замаа эрэлхийлсээр л байжээ. Үүний нэг жишээ нь 1915 оны Хиагтын 3 улсын гэрээ юм. Уг хурлаар талууд өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс томоохон зорилго өвөртлөн очсон ч 1913 оны Бээжингийн хурлын үр дүнтэй адилхан ялгаагүй зүйл болжээ.
Гурван улсын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр таслажээ. Ингэснээр Ар, Өвөр зэрэг Монголчууд саланги тусгаар оршиход хүрчээ.
Гол ахицтай зүйл нь Монголын дотоод хэрэгт Хятад, Орос 2 оролцохгүй байхаар тогтсон төдийгүй эзэн хаан, засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, цэрэг зэргийг хэвээр байлгах болжээ. Мөн Хятад иргэдийг олноор суурьшуулахгүй байх, Орос, Хятадын цэргийг оруулахгүй байх, олон улстай худалдаа үйлдвэрийн хэргээр харилцах бүрэн эрхтэй байв. Энэ бүхнээс үзвэл Монгол улс нь үнэн хэрэгтээ бие даасан улсын шинжтэй оршин тогтнож байсан гэж үзэж болохоор.
Хаант Орос улс үгүй болж 1917 онд октябрын хувьсгалын үр дүнд Орос улс иргэний дайнд нэрвэгдэн Монголын талаарх бодлогыг үндсэндээ хаясан энэ цаг үеийг Дундад иргэн улс чадмаг ашиглан Оросын нөлөөг таягдан хаяж өөрсдийн нөлөөг тогтоохоор шийдсэн юм.
Нөгөө талаар Орост Зөвлөлт засаг нэгэнт тогтох нь тодорхой болж Хиагтын гэрээний нэгэн субъект болох хаант Орос үгүй болж гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн Бээжин үзэх болжээ. Мөн улаан оросын аюулыг тэлэхээс урьтаж Монголыг ямар нэгэн аргаар өөрийн бүрэн нөлөөнд оруулах нь Бээжинд зайлшгүй хийгдэх гол ажлуудын нэг болсон юм.
Ингээд 1919 оны 10 сард Хятадын аньфу бүлгийн гишүүн генерал Сю Шү Жан 10 мянга орчим цэрэг дагуулан Монголд орж ирэн Монголын засгийн эрх баригчдыг сүрдүүлэн автономитыг устгах бичигт гарын үсэг зуруулан 1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан байна. Энэ бол Мин улсын цэргээс хойш ХХ зуунд Монголд орж ирсэн Хятадын анхны цэргүүд байсан юм. Ийнхүү Монголчууд сул дорой байдал, зарим нэгэн урвагч харьд элэгтэй ноёдын шахалтаар автономит эрхээ алдаж ямар ч статусгүй болж Хятадын нэг муж болсон юм.
1921 оны хоёрдугаар сард Хаант Оросын генерал Барон Унгерн Зөвлөлт Орос улс руу өмнө талаас нь довтлохын тулд Монголд нэвтрэн Нийслэл хүрээг Хятадын цэргээс чөлөөлж VIII Богдыг хааныг ширээнд нь буцаан залж, Монголын Засгийн газрыг дахин эмхлэн байгуулсан байна. Энэ нь дахин тусгаар тогтнолын хэмжээний үйл явдал болжээ.
Гэсэн хэдий ч энэ засгийн газар хэдхэн сарын настай байжээ. Зөвлөлт Орос улсын тусламжтайгаар Монголын шинэ цагийн төлөөлөл хувьсгал хийж 7 сард Хүрээг эзлэн ардын ардчилсан бүгд найрамдах улсыг байгуулан тусгаар тогтнолоо зарласан юм. Үндсэн хуультай өөрийн гэсэн засгийн газартай мөн цэрэг захиргаа хил хязгаартай шинэ улс хэмээн тунхаглан зарлажээ. Хэдий өөрсдийгөө тусгаар улс гэж үзэж байсан ч Зөвлөлт Орос улс Дундад иргэн хоёр улс хувь заяаны асуудлыг нь нэгэнт тохиролцсон байсан юм.
Зөвлөлт Орос улсын гадаад хэргийн сайд Лев Карахан, Дундад иргэн улсын гадаад хэргийн сайд Вэллинтон Ку 1924 оны тавдугаар сарын 31-нд нарын үзэглэсэн албан баримтад "...гадаад Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг ЗХУ хүлээн зөвшөөрч байна. Иймээс Хятадын дотоод асуудал буюу Суверенитедийг хүндэтгэн үзэх болно..." гэжээ. Энэ гэрээг ЗХУ-аас Бээжинд сууж байсан элчин сайдын нэрээр “Караханы гэрээ” гэж нэрлэсэн байна. Караханд гэрээ байгуулах үүргийг Кремельээс бүх дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин өгсөн нь тодорхой бөгөөд энэ нь Хятадын хувьсгалын эцэг Сунь Ятсэнд таалагдсан нь гарцаагүй. Өнөөдөр ч гэсэн орчин цагийн хятад сэтгэлтэнгүүд энэ гэрээг гул барих гэж оролддог нь эмгэнэлтэй зүйл юм.
Харин 1924 оны дээрх гэрээнд зөвлөлтийн талаас гарын үсэг зурсан Н.Карахан хятадын "Ишибао" хэмээх сонины сурвалжлагчтай ярилцахдаа: "Монголд өөрийн засаглал тогтоох эрх олгох нь Монгол хятадын харилцааны асуудлыг бүх талаар үндсэнд нь шийдвэрлэх зөв арга болно” гэж тэмдэглэж байна. Харин 1924 оны 6 дугаар сарын 25-ны "Ардын эрх" сонинд "Орос хятад хоёр улсын гэрээ тогтоосон тухай" өгүүлэл хэвлэгдэн гарч: "Монголын ард түмэн дундад улсын харгис засгийн дахин дарлан бурангуйлахыг тэсвэрлэхгүй...хэзээд эсэргүүцэн тэмцэх болно" гэсэн утгатай зүйлс бичигдсэн байна.
Зөвлөлтийн гадаад харилцаа эрхэлсэн ардын комиссар Г.И.Чечерин 1924 оны эцсээр “Монгол Улс Хятад улсын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүний хамт, Монголын автономит байдал нь тусгаар улсын хэмжээнд хүрч өөрийн дотоод асуудлыг Хятадаас тусдаа шийдэх төдийгүй гадаад харилцааны салбарт ч өөрийн бие даасан бодлого явуулах чадвартай байгааг ЗХУ харгалзан үзэж байна” гэж бөөрөнхий мэдэгдэл гаргасан байдаг.
Монголын эрх баригчдад энэ гэрээ нь таалагдаагүй бөгөөд нилээд ширүүн эсэргүүцэж байсан юм. Үүнийгээ ЗХУ-н засгийн газар Монгол улсын аюулгүй байдлыг хангах өөрөөр хэлбэл Хятадаас Монгол улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн улс хоорондын эрх зүйн чухал арга хэмжээ гэж Монгол улсын эрх баригчдад тайвшруулан ойлгуулж байлаа.
Гэвч Зөвлөлтийн тал Коминтернээр дамжуулан хүчтэй даралт шахалт явуулсаны дүнд Монголд улс төр, эдийн засгийн нөлөөгөө үлэмж бэхжүүлж, 1934 оны сүүлчээр худалдаа, санхүүгийн асуудлаар хэлэлцээр байгуулахаар Москвад очсон Монголын төлөөлөгчидтэй гаднын довтолгооны аюулыг урьдчилан зайлуулж сэргийлэх хэрэгт бүх талаар харилцан туслалцах, гуравдагч этгээд халдан довтолсон тохиолдолд бие биедээ дэмжлэг тусламж үзүүлэх тухай аман хэлэлцээр байгуулж авчээ. Улмаар Алс Дорнодод байдал түгшүүртэй болсон үед уг аман хэлэлцээрийг улс төрийн албан ёсны баримт бичиг болгон Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах тэмдэглэл бичиг (протокол) хэмээх нэрийн дор үзэглэжээ.
Гэтэл Монгол, Зөвлөлтийн тэмдэглэл бичигтэй холбогдуулан 1936 оны 4 сарын 7-нд Хятадын Засгийн газраас ЗХУ-ын Засгийн газарт эл алхамыг эсэргүүцэж “Хятад, Зөвлөлт хоёрын хооронд 1924 оны 5 сарын 31-нд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн дагуу Гадаад Монгол нъ Хятадын салшгүй хэсэг учраас түүнтэй гадаадын ямар нэгэн улс гэрээ байгуулж таарахгүй. Хятадын Засгийн газарт хүлээсэн үүргээсээ няцаж, Гадаад Монголтой дээрх протокол байгуулсан ЗСБНХУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа нъ хятадын бүрэн эрхт байдал, 1924 оны Хятад, Зөвлөлтийн хэлэлцээрийн тогтоолыг зөрчиж буй нъ эргэлзээгүй. Иймд миний бие эрхэмсэг танд хатуу эсэргүүцэл илэрхийлж, ЗСБНХУ-аас Гадаад Монголтой дээрх протокол байгуулсан нъ хууль бус бөгөөд Хятадын Засгийн газар ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Үүний хариуг Зөвлөлтийн Засгийн газраас нэг хоногийн дараа гаргаж, “Тэмдэглэл бичиг байгуулсан хийгээд түүний алъ ч зүйл нъ Хятадын бүрэн эрхэт байдлыг хөндөөгуй бөгөөд Хятад болон БНМАУ-ын газар нутгийг санаархсан хэрэг огт бус бөлгөө. Эл тэмдэглэл бичгийг үзэглэснээр ЗХУ ба Хятад, ЗХУ ба БНМАУ-ын хооронд өдгөө хүртэл тогтсон харилцаанд ямарваа нэгэн өөрчлөлт орохгүй болой” хэмээн мэдэгдсэн ноот бичгийг Москвад суугаа Хятадын хэргийг түр хамаарагчид гардуулан өгчээ. Үүгээр ЗОУ гадаад Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг 1924 онд баталсан шигээ дахин баталгаажуулсан байгаа юм.
БНМАУ-ын бүрэн эрхт байдлын тухай хоёрдмол агуулгатай байдал бий болсонд Монголын удирдагчид дургуйцэн өөрсдийн санаа бодлыг тодорхой илэрхийлж байлаа. Энэ нь эцэстээ Зөвлөлтийн улс төрийн бодлогыг сөрөн зогсож үгүйсгэсэн гэдэг хэргээр Монголын олон улс төрчид, эх орончдыг улс төрийн хилс хэргээр яллах үндэс болсон юм.
Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол бол Монголыг гэрээ байгуулах эрх зүйн субъект гэдгийг ахин баталгаажуулсан төдийгүй Зөвлөлтийн эрх ашиг энд бий шүү гэдгийг ахин батлан харуулсан хэрэг болжээ.
Энэ ч хүрээнд 1939 оны Халхын голын дайнд Монгол-Зөвлөлтийн хамтын хүч ялалт байгуулан Зөвлөлтийн нөлөө энэ бүс нутагт бий шүү гэдгийг батлан харуулж БНМАУ-ыг тусгаар улс болгох алхамыг дэлхийн дахинд харуулж чадсан юм. Халхын голын дайны дараагаар ЗХУ-Японы тал төвийг сахих гэрээг 1941 оны 4 сарын 13 нд байгуулсан бөгөөд уг гэрээний үзэл санааны дагуу Япон улс нь БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал ба халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг8 авчээ. Энэ үйл явдал нь дэлхийн томоохон гүрний нэг байсан Японы зүгээс Монголыг бие даасан эрх зүйн субъект гэж үзсэн үйл явдал болсон юм. Нөгөө талаар Монголыг хүлээн зөвшөөрөхөөс нааш төвийг сахих гэрээ хоёр талд үйлчлэхгүй байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны 09 сард эхэлсэн тэр цаг үеэс эхлэн Монголчууд ЗХУ-ын талд бат зогсон 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколын дагуу үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн. БНМАУ-ын удирдагчид дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр тусгаар тогтнолоо олж авахыг хичээн фашизм нацизмын эсрэг тэмцсэн соёлт хүн төрлөхтний талд баттай зогссон юм.
Дэлхийн хоёрдугаар дайны ид үед ч Монголын тусгаар тогтнолын асуудлыг их гүрнүүд болон Хятадын зүгээс шийдвэрлэр гэж оролдож байсан. АНУ-Хятадын тэргүүнүүд 1943 оны Каирын бага хурлаар уулзах үеэр АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт дайны дараа Америк-Хятадын цэргийн холбоог байгуулж, Хятад-Зөвлөлтийн хилийн дагуу АНУ-ын цэргийн баазуудыг байгуулах саналыг тавьсан бөгөөд Чан Кайши ихэд олзуурхан хүлээн авч, хариуд нь Монголыг Зөвлөлтийн нөлөөнөөс гаргаж Хятадад нэгтгэж өгөх, энэ талаар ЗХУ-д шахалт үзүүлэхийг хүссэн байдаг.
Гэвч АНУ-ын ерөнхийлөгч уг асуудалд анхааралтай хандаж асуудлыг судлан үзэхийг холбогдох албан тушаалтангуудад даалгасан байна. Монголын асуудлаар бодлогогүй алхам хийвэл ЗХУ-ын бодлого хаашаа ч эргэж мэднэ нөгөө талаар холбоотон улсуудын дунд асар том үл ойлголцол гарч мэдэхээр байсан тул маш нухацтай судлан хандахаар болжээ9.
АНУ-ын тал Монголын тусгаар тогтнолын асуудлыг авч үзэхдээ ЗХУ-ын өөрийн өмнөд хилийнхээ дагуу бат найдвартай буфер улстай болох сонирхолтой байгааг нь ойлгож тэр зарчмаар шийдвэрлэх хүсэлтэй байжээ. Улмаар 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уоллес Монголд айлчлаад “Монголчууд тусгаар тогтнох бүрэн эрмэлзэлтэй өөрсдийгөө одоо ч гэсэн тусгаар улс гэж бодож явдаг, энд Зөвлөлтийн нөлөө хүчтэй тогтсон” гэх зэргээр Зөвлөлтийн тусгаар тогтносон бүрэн эрхт буфер улс байгуулах сонирхлыг нь батлан өгсөн нь Монголчуудын тусгаар тогтнолыг цаашид дэмжихэд түлхэц болж өгсөн байна.
Холбоотон гүрнүүд хувь заяа нь нэгэнт тодорхой болсон Германыг буулгаж авсны дараах Европын хувь заяаны асуудлаар Крымийн хойгийн Ялта хотод 1945 оны 2 дугаар сарын 4-11 нд бага хурал зохион байгуулсан юм.
Уг хурлаар олон чухал асуудал хэлэлцсны нэг нь Монголын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх, Манжуур дахь Зөвлөлтийн нөлөөг хүлээн зөвшөөрүүлэх, Мөн АНУ, Англи хоёр Монголын статус квог хүлээн зөвшөөрөх гэсэн асуудлууд байсан бөгөөд АНУ уг асуудлыг хүлээн зөвшөөрч ДИУ-ын ерөнхийлөгч Чан Кайшигаар зөвшөөрүүлэх асуудлыг өөртөө авчээ.
Хурлын үед Японы эсрэг дайнд ЗХУ оролцох нөхцөлийн тухай хэлэлцээрийн эхэнд “Гадаад Монголын (БНМАУ) статус-квог хэвээр хадгална” гэж заасан нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал түлхэц болсон юм.
Хятадын тал хэдийгээр хүчтэй эсэргүүцэж байсан нөхцөл байдал холбоотон гүрнүүдийн талд мөн Японыг ялахын тулд ЗХУ, АНУ-аас зайлшгүй тусламж дэмжлэг авах шаардлагатай болсон зэргээс үүдэн БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрсөн юм.
Нөхцөл байдалтай нүүр тулан бууж өгсөн Хятадын тал ЗХУ болон АНУ-ын шахалтад орж 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Гэрээ 30 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд заалтад нь Дундад иргэн улс “БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө”10 11 хэмээн заажээ. Дээрх заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулга явуулж тэр үр дүнгээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр болсон билээ.
Япон улс дайнд ялагдан бууж өгсний дараа 1945 оны 9 сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85-р хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргасан байна. Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаснаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20 ний өдрийн өглөөний 6 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6% нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталжээ. Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 сарын 10-нд ЗСБНХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.
ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3, 5, 8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажигласан байна. Санал хураалтын дараа Ли Фа жан “Үнэн” сонины сурвалжлагч Ц.Дамдинсүрэнтэй ярилцаж, 11 сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ. 1946 оны 1 сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргав12.
Гоминданы засгийн газар энэхүү санал хураалтын дүн болон БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон жил үргэлжилсэн БНМАУ-ын олон улсын эрх зүйн хоёрдмол байдлын асуудлыг эцэслэсэн юм.13
Санал хураах Төв комиссын орлогч дарга Ч.Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны 2 сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцжээ.
Гэвч Монгол Хятадын харилцаанд болон Монголын тусгаар тогтнолын асуудал бас нэгэн тээг гарч ирсэн нь Хятадын дотоод дахь иргэний дайн байлаа. Олон жил үргэлжилсэн Хятадын иргэний дайнд Мао тэргүүтэй коммунистууд ялах нь бараг тодорхой болсон тул Зөвлөлт-Хятадын харилцааны шинэ чиг хандлагт Монголын тусгаар тогтнолын асуудлыг авч үзэх болсон юм.
Мао тэргүүтэй коммунистууд Зөвлөлт холбоот улстай байгуулсан Гоминданы бүхий л гэрээ хэлэлцээрийг хүчингүйд тооцон хууль бус гэж үзэх болсон байна. Мао Зөвлөлтийн талд ар өвөр Монгол нэгдэн Хятадын бүрэлдэхүүнд орох нь нээлттэй хэмээн мэдэгдэх болсон юм.
Зөвлөлтийн тал Японыг ялсны дараа Хятадын засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн” болохыг сануулаад, “БНМАУ нь өөрийн арми, өөрийн соёлтой, аж ахуй соёлын бүтээн байгуулалтандаа түргэн ахицтай яваа, тэгээд ч тусгаар тогтнол гэдгийн амтыг аль хэдийн амсаад авсан тул өөрийн тусгаар тогтнолоос сайн дураар хэзээ нэг цагт татгалзана гэж найдахад хэцүү” гэж анхааруулж байжээ. Гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжсэн зөвлөлтийн байр суурь хэвээр байгааг эрс хатуу мэдэгдэхийн сацуу энэ асуудлаарх эцсийн шийдээ хэлэх эрх нь Гадаад Монголд өөрт нь байгаа болохыг сануулжээ. Хятадын коммунист нам улс орны бүтээн байгуулалтанд нэн шаардлагатай улс төр, эдийн засгийн ихээхэн тусламж, дэмжлэг ЗХУ-аас авахыг хичээж байсан тул Сталины байр суурийг үг дуугүй дагахаас өөр сонголт үлдээгүй юм.
ХКН-ын зүгээс БНМАУ-ын талаар баримтлах бодлогоо дараах байдлаар томъёолж байв. “Монголын ард түмэн үндэстний өөртөө засан тохинох эрхийн дагуу тусгаар тогтнолыг шаардсан бөгөөд бид ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Гэхдээ хэрвээ БНМАУ Хятадтай нэгдэж нийлэхийг хүсвэл тэрхүү хүсэлтийг бид талархан хүлээн авах болно. Зөвхөн Монголын ард түмэн л өөрөө энэ асуудлыг шийдэх эрхтэй”14 гэж үзэж байв.
БНХАУ 1950 оны 2-р сарын 14-нд Зөвлөлт-Хятадын шинэ гэрээг байгуулахтай хамт БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа ноотоор нотолсон байна. Уг ноотонд:
Нэгдүгээрт: 1945 оны 10-р сарын 20-ны өдрийн бүх ард түмний санал асуулгын дүнг хүндэтгэнэ,
Хоёрдугаарт: 1949 оны 10-р сарын 16-нд БНХАУ-БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон хоёр хүчин зүйлийн үндсэн дээр БНМАУ-ын тусгаар тогтносон байдал бүрэн дүүрэн хангагдсан болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгааг дурдсан байна.
Ийнхүү Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн 200 гаруй жилийн мөрөөдөл үүнээс ХХ зууны эхний хагас зуун жилийн турш тэмцсэн уйгагүй хичээл зүтгэлээр Монголчууд бид тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан юм.
Хоёр том хүчирхэг хөршийнхөө дунд оршдог Монгол шиг жижиг улс аль нэг хөршдөө бүрэн уусалгүй улс төрийн ухаалаг чадварлаг бодлого гаргаж ирээдүй сайн сайхныхаа төлөө зарим үнэт зүйлс эх орончдынхоо амь насыг золиослон байж энэ тусгаар тогтнолыг бидэнд өвлүүлэн үлдээж чаджээ.
Халхын голын дайн, дэлхийн II дайнд ЗХУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийд хүчирхэг гүрэн болж гараагүй бол, чөлөөлөх дайнд Монгол улс ЗХУ-тай мөр зэрэгцэн тулалдаагүй бол, магадгүй хамгийн чухал нь Монгол Улс нь ЗХУ-ын Сибирь, Алс Дорнодын аюулгүй байдлыг найдвартай хамгаалж чадахуйц газар зүйн маш чухал байршилд (буфер улс) оршиж байгаагүй бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаажилт наад зах нь нэлээд олон жилээр сунжрах байсан болов уу.
Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь биеээ үл хайрлан тэмцсэн үе үеийн эх орончиддоо мэхийн ёслож тэднийгээ цаг ямагт үргэлж санан дурсаж явах учиртай билээ.
[1] Монгол Улсын Шинжлэх ухааны академи. Түүхийн хүрээлэн. “Монгол Улсын түүх”. Дөтгөөр боть (XVII-XX зууны эхэн). УБ. 2003 он. 65-р тал
[2] Монгол Улсын Шинжлэх ухааны академи. Түүхийн хүрээлэн. “Монгол Улсын түүх”. Дөтгөөр боть (XVII-XX зууны эхэн). УБ. 2003 он. 350-р тал
[3] Монгол Улсын Шинжлэх ухааны академи. Түүхийн хүрээлэн. “Монгол Улсын түүх”. Дөтгөөр боть (XVII-XX зууны эхэн). УБ. 2003 он. 146-р тал
[4] Монгол Улсын Шинжлэх ухааны академи. Түүхийн хүрээлэн. “1911 оны Үндэсний хувьсгалын 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын материал”. Л.Жамсран. “Монголын үндэсний анхдугаар хувьсгал” илтгэл. УБ. 2007 он.9-р тал.
[5] Шинжлэх ухааны академийн Түүх угсаатан зүйн хүрээлэн. Түүхийн судлал сэтгүүл. Боть XLVIII. Удо Б.Баркманн. “Монголчууд өөрсдийн үндэсний төр улс дор мөн чанараа таньж ухамсарлах болсон нь (1911-1990 он) УБ. 2019 он. 229-р тал
[6] Германы эрдэмтэн Удо Б.Баркманн 1912 оны хэлэлцээрийн үр дүнг ингэж тодорхойлжээ.
[7] Тунхаг бичиг нь үндсэн 5 зүйлтэй, хоёр хавсралт бичигтэй, хавсралт тус бүр дөрөв, дөрвөн зүйлтэй.
[8] Ц.Батбаяр. “Халхын голын дайн ба их гүрнүүдийн геополитик: улс төр дипломатын түүх” УБ.2019 он. 192-р тал
[9] Т.Сүхбаатар. “Чөлөөлөх дайн ба Монголын тусгаар тогтнол” эрдэм шинжилгээний өгүүлэл. Соёмбо сонин 2020.02.20. 5-р нүүр № 07, 08 (10684, 10685)
[10] Дундад иргэн улс зөвшөөрөхдөө одоо байгаа хил гэдгээр нь зөвшөөрчээ. Одоо байгаа хил гэдэгт 1911 оноос хойш байсанаар буюу Өвөр Монголгүй дан ганц Ар Монголын газар нутгаар зөвшөөрчээ. 1939 оны Халхын голын дайнаар алдсан газар нутаг ч ороогүй. Өөрөөр хэлбэл 1939 оны 09 сарын 16 нд гал зогсооход байсан тэр л байрлалаар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
[11] Ж.Болдбаатар. “”БНМАУ-ын бүрэн эрхт байдал ба тусгаар тогтнолын төлөө Монголын бүх ард түмний санал хураалт”. Илтгэл. БХЭШХ. “Дэлхийн II дайны Ази дахь төгсгөл, үр дүн, сургамж” Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойд зориулсано лон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.2010 он. 59-р тал
[12] Ж.Болдбаатар. “”БНМАУ-ын бүрэн эрхт байдал ба тусгаар тогтнолын төлөө Монголын бүх ард түмний санал хураалт”. Илтгэл. БХЭШХ. “Дэлхийн II дайны Ази дахь төгсгөл, үр дүн, сургамж” Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойд зориулсано лон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.2010 он. 62-р тал
[13] Ж.Базарсүрэн. “Дэлхийн хоёрдугаар дайн, Монголын тусгаар тогтнолын асуудал”. Дэлхийн II дайн Түүхэн сургам, орчин үе. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.2005 он. 39-р тал
[14] ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Лю Шаоци ХКН-ын дотоод гадаад бодлогын үндсэн асуудлууд нэртэй илтгэлийг 1949 оны 6-7 сард Сталинд үзүүлж байв. А.М.Ледовский. СССР и Сталин в судьбах Китая, Москва 1999 с-100-101, мөн Ц.Батбаяр. Монгол ба их гүрнүүд ХХ зууны эхэн хагаст, УБ., 2006. хуудас 293 үзнэ үү.
Маш сайн нийтлэл болсон байна товч тодорхой ойлгомжтой!
Eh oronchidiin vr sad bid ene tusgaar togtnoloo veiin ved nandignan hadagalj, vr hoichdoo uwlvvlen vldeeh bolnoo
Монголчууд өвөг дээдэс минь яасан ч их зовож амь насаа алдаж тэвээртэй уйггүй тэмцэж иым хоёр том гүрэний хавчилгаас тусгаар тогтонлоо авч үлдэж дээ одоо энэ төрд байгаа мах толгойтой намаар дулгуйдаж эх орноо зарсан эх орноосоо үргэлж хулгай хийдэг цайцан сүргэлсэн хулгайчуудыг үзэн ядаж байна даа бүгдийн алах юмсан
Аугаа их өвөг дээдэс минь.
Ус уух хувьтай амьтан гэдэг шиг, бид бүхний хувь заяа хутагны ирэн дээр явжээ.Агуу их эзэн чингис хааны маань буян тухай цаг үеүүдэд амьдарч байсан сайн эрсийн саруул ухаан шантаршгүй сэтгэл зориг зүрхийг бахархан биширэн хүндлэе.