Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

С.Данзанг хамгаалан тэмцсэн Дотоодыг хамгаалахын анхны ажилтанУншсан17,204

Д.Сүхбаатарыг “Оросуудад нууцаар хорлогдсон”-ы дараагаар Бүх цэргийн жанжин нь Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид захирагдахаар болгож, ДХГ-ын тухайд ямар нэгэн эрх мэдэлгүй болгосноос гадна тус газрын даргаас Д.Балдандоржийг тушаал дэвшүүлэх нэрийдлээр зайлуулж, өөрийн итгэлтэй хүн болох К.К.Баторуныг томилсон байна.

Үйлс нь далд гавъяа нь мөнх” хүмүүсийн талаар ард иргэдээс домог мэт ам дамжин яригдсаар ирсэн нь тэдний ажил, амьдрал үйлс бүрхэг нууцлаг байдагтай холбоотой билээ. Ийм нэгэн хүний нэг нь Т.Дамдин бөгөөд түүний үнэн, бодит амьдрал, замналын талаар урьд өмнө нь олны сонорт төдийлөн хүрээгүй зарим нэг зүйлийг уншигч олонтойгоо хуваалцъя.

Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрийг эсэргүүцэгчдийн тэмцэл өрнөж байсан үед буюу 1922 оны зун улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой Дотоодыг Хамгаалах Газар /ДХГ/-ыг 14 ажилтантайгаар байгуулахад Нууц явдлын хэлтсийн дарга К.Баторуны туслахаар нэгэн Монгол хүн томилогдсон нь Т.Дамдин байлаа.

Тэрээр 1899 онд одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын Баянцагаан гэдэг газар ард Тэгшжаргалын хүү болон мэндэлжээ.

Ядуу тарчиг амьдралын эрхээр 14 наснаас ан ав хийх, ноёдын малыг хариулах зэргээр ар гэрийнхээ амьдрал залгуулж явснаа Олноо өргөгдсөний 7 дугаар он (1917 он)-д Нийслэл хүрээнд ирж, дараа жилээс Богд хаант Монгол улсын Гадаад яам, Хэвлэх үйлдвэрт ажиллах болов. Ийнхүү ажиллаж байхдаа Д.Сүхбаатартай танилцаж дотноор нөхөрлөсөн нь цаашид улс орондоо хүчин зүтгэж, төрийн алба хаших гараа нь болжээ.

Тэрбээр улс орноо гэсэн үзэл бодол, хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож байсан бөгөөд энэ нь Олноо өргөгдсөний 10 дугаар оны зуны сүүлчээр Д.Сүхбаатар Орос улсаас тусламж гуйх ажлаар явах гэж байгаагаа Т.Дамдинд хэлж, дараах зүйлийг анхааруулан захиж байснаас харагдана. Тийнхүү хэлэхдээ: “Би ч удахгүй чөлөө авч уг зорьсон ажилдаа явмой. Тийнхүү намайг явснаас хойш чи энэ Хэвлэх үйлдвэрийн ажилд хэвээр ажиллаж суух аваас алсдаа миний энэ хийх ажлын сэдэв ямраар боловч илэрч магадгүй болно. Тиймийн тул нэгд, миний энэ ажил дээрээс чамайг сэжиглэж, чиний биед гашуун бэрхийг учруулан зовоож болох хоёрт, улс төрийн чухал нууц ажил задрахад хүрэх, гуравт чи бидний биед хор аюул болж улмаар миний зорьсон хэрэг талаар болно хэмээн туйлын болгоомжлох хэрэгтэй. Миний энэ захисан ба ярьсан зүйлүүдийг задруулан хэнд ч мэдэгдэж үл болно” хэмээжээ. Иймд Т.Дамдин хэвлэлийн ажлаасаа чөлөө авч хөдөө гаран Сэцэн хан аймгийн жанжин жасааны туслах бичээчээр зургаан сар ажиллаад буцан ирж, тэр үеийн Дотоод яам (Дотоод хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яам)-д ажилласан байна.

Т.Дамдин 1921 онд партизан цэргийн улс төрийн ухуулагч, мөн оны наймдугаар сараас 1922 он хүртэл Сайн ноён болон Засагт хан аймагт Засгийн газар, Намын Төв Хороо, Эвлэлийн Төв Хорооны хавсарсан төлөөлөгч, Сангийн яамны түшмэл, 1922 оны долдугаар сараас Д.Сүхбаатарын даалгаснаар цэрэг ардыг сурган боловсруулах газар болон ДХГ-ын нууц тасгийн туслах даргаар 1924 он хүртэл ажиллаж байгаад Шинжлэх ухааны хүрээлэнд шилжиж, 1932 оноос Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч, Намын Төв Хорооны гишүүний сонгуульт ажлыг хийж байв. Улмаар Төв аймгийн Чандмань, Баянцогт, Баянгол сумдад тэргүүлэгч, сумын дарга, аймгийн шүүхийн дэд дарга, дарга, 1938 онд Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд болтлоо дэвшин ажиллав.

Түүнийг Засгийн газрын төлөөний түшмэлээр ажиллуулах болсон нь шинэ тулгар засаг төрийн бодлогыг ард олонд ойлгуулах, хувьсгалын ололтыг хамгаалах, гэмт явдалтай тэмцэх мэдлэг туршлага эзэмшихэд ихээхэн тусыг үзүүлсэн байна. Учир нь тухайн үед Засгийн газрын төлөөний түшмэл нь орон нутагт онц самуун үүсгэгчдийг хянан байцаах, ятган зогсоох, уламжлан мэдүүлэх, хууль цаазыг үл дагах, худал цуу үг дэгдээх явдалтай тэмцэх, газар орны байдлыг хянан сурвалжилж мэдүүлэх эрх, үүрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл ДХГ-ыг байгуулагдахаас өмнө орон нутаг дахь сөрөх тагнуулын ажлыг хавсран гүйцэтгэж байлаа.

Тэрээр ямар ч цаг үе, нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж, үүнээсээ болж “Зүүнтэн” гэгдэн ажил албанаасаа хөөгдөж явсан удаатай ч саад бэрхшээлээс үл шантарч, хичээн зүтгэсээр төрийн томоохон албан тушаалд томилогдож, төрийг төвхнүүлэх, улс орноо хөгжлийн шинэ эрин үед оруулахад өөрийн хувь нэмрийг оруулж явжээ.

Т.Дамдин ДХГ-т ажиллаж байхдаа гадаадын тагнуул туршуул, засаг төрийг эсэргүүцэгчидтэй амь, биеэ үл хайрлан тэмцэж, олон хэргийг илрүүлэн таслан зогсооход гар бие оролцож байсны заримаас дурдахад:

1922 оны хоёрдугаар хагаст Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошууны бичээч Д.Цэрэнпил, мөн хошууны Дампил, Засагт хан аймгийн гүн Балдан нар нийлэн Японоос цэрэг зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгаж хэмжээгүй эрхт хаант засгийг тогтоох зорилгоор хувьсгалын эсэргүү хуйвалдааныг зохион байгуулжээ.

Цэрэнпилийн хэргийг тагнан боловсруулах ажиллагааг ДХГ эрхлэн гүйцэтгэж, уг ажиллагаанд тус газрын анхны дарга Д.Балдандорж, хэлтсийн дарга К.К.Баторун, төлөөлөгч Б.Намсрай, Т.Дамдин болон Засгийн газрын төлөөний түшмэл Гончигдаш, Зүүн хязгаарын сайд Алтангэрэл, дэд жанжин Х.Чойбалсан нарын олон хүн оролцон ажиллаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд Цэрэнпилийн хуйвалдааныг таслан зогсоосон юм.

Түүнчлэн 1923 онд цагаантны цэргийн хурандаа оргодол буриад Цэрэн Людопович Очиров, Цэрэндаш Жигжитович Туванов нар хязгаараас сэмхэн орж ирээд Сөгнөгөр, Баянголд нуугдан сууж цэрэг элсүүлэн отряд байгуулж Ардын төрийн эсрэг тэмцэхээр бэлтгэж байжээ. Тэд 1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарт: “Бид Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлэн зэвсэг цуглуулж байна. Та нар хүрээний дотроос бослого гаргаж, бид хойд талаас нь цэргийн хүчээр дайрч Ардын засгийг устгаж хаант улсыг байгуулъя” гэсэн нууц захидал ирүүлжээ. Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазараас өгсөн үүргийн дагуу ДХГ-аас гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохиож, ДХГ-ын дарга Д.Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т.Дамдин нар хэдэн цэргийн хамт Очировын байгаа газарт очиж Хатанбаатар Магсаржав, ерөнхий сайд Дамдинбазар нарын бичиг гэгчийг Очировт барьжээ. Очиров тэдэнд итгэж тусгай гэр бариулан хүлээж аваад Ардын төрийг устгахын тулд бид хамгийн түрүүнд Хиагтыг эзлэн авч Манхайдаагийн төмөр утасыг эвдэх, Гочоо ламд өгч газар булуулсан 30-аад винтов, 2 пулемётыг авч, буриад Цэвэгжаваас сайн морь авна гэж өөрийн төлөвлөгөө зорилгоо ярихад талархал илэрхийлсэн маягтай ярилцан байгаад гэнэдүүлэн баривчилжээ. Энэ хэргийг илрүүлэн дарахад нийт 17 хүн хамрагдсан ажээ.

Т.Дамдин нь хэдийгээр улс орныхоо төлөө сэтгэл зүрх гарган зүтгэж байсан боловч гадна, дотны элдэв нөлөө, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын улмаас үзэл бодолд нь нийцэхгүй зүйл гарах болж, энэхүү зөрчил тэмцэл нь улам гүнзгийрч байлаа.

Монголын ард түмэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, төр улсаа төвхнүүлэн, хойч ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээн босгох гэж тэмцэж байсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд Тогтох тайж, Цэвээн тэргүүн, Саж лам Жамъянданзан, Д.Бодоо, С.Данзан зэрэг хүмүүс учир битүүлэг улс төрийн хэргүүдэд холбогдон олон хувьсгалчид, эх орончид хэлмэгдэн хохирсон билээ.

Энэхүү завхрал хэлмэгдүүлэлт нь Коминтерний төлөөлөгч, Монголд Засгийн газрын зөвлөх түшмэл бөгөөд Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байсан Элбэгдорж Ринчиногийн үйл ажиллагаатай холбоотой байв.

Солийн Данзан

Д.Сүхбаатарыг “Оросуудад нууцаар хорлогдсон”-ы дараагаар Бүх цэргийн жанжин нь Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид захирагдахаар болгож, ДХГ-ын тухайд ямар нэгэн эрх мэдэлгүй болгосноос гадна тус газрын даргаас Д.Балдандоржийг тушаал дэвшүүлэх нэрийдлээр зайлуулж, өөрийн итгэлтэй хүн болох К.К.Баторуныг томилсон байна.

Энэ үес Бүх Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч Э.Ринчино тус газрын ерөнхий дарга, сургагч нараас бусад ажилтнуудыг томилох, солих, халах, гүйцэтгэж буй хэргүүдийг хянах бүхий л эрхийг гартаа авсан байлаа. Хууль ёс завхруулсан Э.Ринчиногийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцэгчид ДХГ-ын ажилтнуудын дотор цөөнгүй байв. Үүний улмаас хамгаалахын ажилтнуудын дотор зөрчил тэмцэл үүсчээ. Хамгаалахын ажилтнуудаас боловсролтой, ажил хэргийн туршлагатайд тооцогдох Т.Дамдин, Богд хаант Монгол улсын үеэс Шүүх Яамны түшмэлээр ажиллаж Саж ламын хэргийг дахин шалгах саналыг Намын Төв Хороо, Засгийн газарт тавьж, дараа нь ДХГ-т шилжин ирж байцаагч түшмэл, гүйцэтгэх тасгийн даргаар ажилласан Г.Бадамсэд, Сайн ноён хан аймгийн Намын Хорооны нарийн бичгийн дарга байсан төлөөлөгч Г.Жамсран нар Ерөнхий сайд Б.Цэрэндорж, С.Данзан зэрэг төр, засгийн удирдагчдын чиг шугамыг хамгаалан дэмжиж байв.

Энэ тухайгаа Т.Дамдин: “Би 1923 оны эцсээр ДХГ-ын дарга Баторунтай үзэл онолын ба ажил хэргийн талаар үл тохиролцон санал зөрөлдөх болсон учраас гүйцэтгэх тасгийн дарга Бадамсэдтэй нийлж саналаа нэгтгэн Баторунтай заргалдаж албан ажлаас нь халуулан зайлуулахаар баримтуудыг бүртгэн С.Данзан дээр хоёулаа очиж тухайн учир байдлаа тоочин хэлсэн. С.Данзан “Та нар Баторунтай тэмцэж байгаа явдал чинь зүйтэй байна. Би та нарын эл хэрэгт туслалцаж өгнө. Одоо бол манай энэ засгийн удирдагчид хоёр тал болон тасарч завсар хоорондоо тэмцэлтэй болж байна. Намын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, дэд жанжин Х.Чойбалсан, Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч Э.Ринчино нар нэгэн тал болж ажиллаж байгаа ба үүнд тэр Баторун чинь оролцож байгаа юм” гэж хэлсэн хэмээн 1941 онд мөрдөн байцаалтад мэдүүлжээ.

С.Данзангийн талыг баримтлагчдын эсрэг Э.Ринчино, К.К.Баторун нар хамгаалахын хэт хувьсгалч үзэл санаатай ажилтан Т.Гомбо, Сандуйжав, Б.Баяр зэрэг эвлэлийн гишүүн залуучуудыг зохион байгуулан турхирч, шахаж хавчин мөрдөн мөшгиж байлаа. Тэмцэл Намын III их хурлын өмнө эрс хурцдаж Засгийн газрын тусгай комисс гарч “ДХГ-ын албан хаагчдын дотор харилцан тэмцсэн хэрэг”-ийг шалган байцаасан боловч нам, төрийн удирдлагад нөлөө бүхий Э.Ринчиногийн явуулгаар Т.Дамдин, Г.Бадамсэд хоёрыг Цэрэнпилийн хэрэгт холбогдогчдоос хээл хахууль авсан хэрэгт гүтгэн ДХГ-аас халжээ. Гэсэн хэдий ч хууль завхруулагчдыг илчлэх тэмцлээ Т.Дамдин үргэлжлүүлж, Намын Төв Хорооны бүгд хурлын гишүүний хувиар НТХ-ны Тэргүүлэгчдийн хурал дээр “Хамгаалах болбоос хүнийг барих хэмээвээс хэргийн их багыг хамаарахгүй, түүний мэдээ, үүний мэдээ хэмээн олон хэсэг цаас гаргаж, хүний тархи толгойг эргүүлэн барьдаг юм” хэмээн хууль завхруулдаг арга ажиллагааг нь илчлэн шүүмжилж байв. Ийнхүү С.Данзанг хамгаалан тэмцсэн Т.Дамдинг сар гаруй мөрдөн байцаагаад намаас хөөлгөжээ.

Тэрээр ДХГ-аас халагдсаны дараагаар Намын Төв Хорооны даалгавраар хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан ажээ.

1926 оны 11 дүгээр сард Намын Төв Хорооноос Хятадын хойд мужуудын ардын хувьсгалт цэргийн командлагч Фэн Юйсяны дэргэд суух төлөөлөгч болон Өвөр Монголын Ардын хувьсгалт намтай холбоо барих төлөөлөгчөөр ДХГ-ын дарга Н.Насанбатыг ажлаас нь чөлөөлж, мөн тус газрын ажилтан байсан Т.Дамдинг хамт явуулахаар болжээ. Уг үйл явдлын талаар Т.Дамдин 1942 онд мэдүүлэхдээ: “Би 1926 оны 11 дүгээр сард Балдандорж, Гэлэгсэнгэ нартай учиртал Намын Төв Хорооноос Дотоод Монголын Намын Төв Хорооны нөхөд ба Хятадын цэргийн жанжин Фэн Юйсянтай уулзуулахаар Насанбатыг Төв хорооны төлөөлөгчөөр томилоод байна. Иймд чи хамт яваад ир гэхэд би зөвшөөрсөн. Гэтэл Балдандоржоос намайг Дамбадоржтой жич ярилцаж намын гишүүнд элсүүлэх ба ажилд хэрэглэх болно. Одоо юу ч атугай яваад ир. Явж байгаа ажлын талаар Насанбатаас аяндаа мэднэ гэсэн. Насанбат түүний эхнэр, мөн нялх хүүхэд, зарлага, лам Дэндэв, түүний эхнэр, Насанбатын зарц эмэгтэй Даваа бид наймуулаа Улаанбаатар хотод байсан Хятадын цэргийн төлөөлөгчидтэй ярилцаж, цэргийн зэвсэг зөөж байсан машин дээр сууж Хятад нутгийн зах Улаан цав бил үү? Улаан-Овоо ч бил үү? жижиг деревенд /тосгон-Д.А/ очиход тэнд Дотоод Монголын Намын Төв Хорооны дарга Цэрэндонров, Мэрсээ, Мандал нарын 4-5 хүмүүстэй уулзсан. Жинхэнэ албаны ажлаар Насанбат бид хоёр явсан. Би бичээчийн ажлыг голлон хийж байсан. Насанбат тэдэнтэй ямагт хятад хэлээр ярьдаг байсан. Хааяа нэг Монгол үгээр ярилцахдаа Хятадын Гоминьдан намын болон бүх Хятадын цэргийн удирдагч Фэн Юйсянтай уулзахад хаагуур явах, Хятадын доторхи бослого хөдөлгөөний талаар хаана, хаана болж байгаа зэргийг асууж ярилцдаг байсан. Бид Улаан довоос цаашаа явж Яргайт хэмээх газарт очсон. Тэнд цэргийн ангиуд байсан. Насанбат шөнө, өдөр хамаагүй ганцаараа гарч яваад тэнд энд очлоо, хятадын ноёд, цэргийн дарга хүмүүстэй цайллага дайллага хийлээ гэдэг байсан. Хэзээ буцах вэ? гэхэд зам боолттой явж болохгүй гэдэг байсан. Тэгээд захидал бичиг өгөөд Дамдин намайг гэдрэг буцаасан. Би 1927 оны нэгдүгээр сарын эцсээр Намын Төв Хорооны дарга Дамбадоржид Насанбатын захидлыг өгсөн. Намайг ахиж явсаны хэрэггүй, Насанбатыг татаж ирүүлнэ гэж байсан” гэжээ.

Тухайн үед баривчлагдагсдыг хүчээр зохиомол хэрэг хүлээлгэх арга ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан бөгөөд Т.Дамдин ч мөн адил хилс хэрэг хүлээх болов. Энэ тухай тэрээр: “… би баригдаад 5 сар гаруй болоход хэрэг хийгээгүй үнэнээ мэдүүлсээр байсан. Гэтэл 7 дугаар сард нэг шөнө сайд, зөвлөх, 6 дугаар хэлтсийн дарга, сургагч нар зориуд аваачаад чи хэрэг хийсэн байна. Иймд хэрвээ мэдүүлэхгүй бол баримтаар шийтгэнэ гэх зэргээр олон зүйлийн ухуулга ятгалгаа хийсэн учир миний бие хэрэг хүлээхгүй бол болдоггүй юм байх хэмээн бодсоны дээр тэр үед хэрэг хүлээх юм билүү? Яах билээ хэмээн ихээхэн гайхаж самуурсан үе байсан тул зүрх, уушигны өвчин тохиолдож сандарсан учраас эсэргүү хэрэг хүлээсэн” хэмээн мэдүүлсэн байна.

Т.Дамдин Эрүүлийг хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байхдаа 1941 онд баригдсан үеэсээ хойш дээрхийн адил мэдүүлэг гаргаж байсан бөгөөд 1942 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн огт хэрэг хүлээхгүй байсанд мэдүүлгийг мөн оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгожээ.

Т.Дамдин нь Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах, улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцэж явцдаа улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцож, ялангуяа Оросын коммунист большевикуудын Намын Төв Хороо, Коминтерний Төв Гүйцэтгэх Хорооноос Монголд явуулж байсан бодлого, тэдгээрийн төлөөлөгчид нь ДХГ-ыг өөрсдийн зорилгод хэрхэн ашиглах болсныг сайтар ойлгосон байна. Иймээс ч үндэсний эрх ашгаа дээдэлсэн үзэл бодлоо хамгаалж, өөрийн хүч боломжоор тэмцэж байлаа.

Харин энэ бүгд нь хожим түүнийг Монголын шилдэг сэхээтнүүдийн нэгэн адил улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх шалтгаан болсон байна.

Түүнд холбогдох хэрэг материалыг үзэж ахуйд Т.Дамдинг хувьсгал эсэргүү хэрэгт С.Данзан, А.Амар нартай холбон шийтгэсэн байна.

Улсын дээд шүүн таслах газрын 1942 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн таслан шийтгэсэн тогтоолд: “Т.Дамдин бол Ардын хувьсгалт засгийг устгахыг зорин хувьсгалын эсэргүү байгууллагад сайн дураар элсэж, Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд байхдаа Амараас даалгавар авч өөрийн эрхлэх ажил дээрээ эмнэлгийн газруудыг өргөтгөх талаар арга хэмжээ аваагүй, хөдөө орон нутгийн эмнэлгийн газруудыг эмээр үл хангаж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг орон сууцаар гачигдуулж байсан. Зөвлөлт, Монголын найрамдлыг эвдэж Японы колони болгох зэрэг ажлыг хийж биелүүлэн ирсэн” гээд Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, мөн бичгийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлээр сонгох, сонгогдох эрхийг ялын хугацаа дууссанаас эхлэн 5 жилийн хугацаагаар хасаж, мөн хугацаанд Төв аймгийн нутгаас гадагш суулгахаар тогтсон байна. Харин хоригдож байхдаа болон хэдийд нас барсан нь тодорхойгүй байна.

Гэвч С.Данзангийн хэргийг шүүн тасалсан 399 дүгээр тогтоол болон Амар болон бусад хүмүүсийн мөрдөн байцаалтын хэрэгт Т.Дамдингийн талаар дурдсан зүйлгүй бөгөөд дээрх хүмүүс улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэн хэлмэгдсэн нь тогтоогдож цагаатгагдсан атал энэ хүнд холбогдох хэргийг эдүгээ хүртэл шалгаж цагаатгаагүй нь хачирхалтай. Энэ нь тагнуулын байгууллагын ажилтны амьдрал, замнал олон нийтэд тэр бүр ил байдаггүйтэй холбоотой бөгөөд энэ хүний нэр төрийг сэргээх, хэргийг цагаатгуулах талаар санаа тавьж хөөцөлдөх садан төрөл, ойр дотны хүмүүс байхгүйтэй холбоотой бололтой.

Иймээс түүнд хүлээлгэсэн хэрэг нь ямар ч нотолгоогүй зохиомол учраас түүнийг цагаатган, түүхэнд өөрийн гэсэн байр суурийг нь эзлүүлэх цаг нэгэнт болжээ.

Доктор Д.Авирмэд

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 11. 22:31
БҮДҮҮН ТАМИР

ХОГЫН ЛАЛАР ХОГ ШААРУУДАА ХУДЛАА МЭДЭМХИИРЧ ХУЦАХАА БОЛЬ

2017, 12 сар 15. 16:13
Зочин

Д.Сүхбаатарыг оросууд нууцаар хорлосон нь 100 хувь үнэн гэж боддог. Оросуудын гадаад монголын талаар явуулж байсан бодлогын золиос болсон нь ойлгомжтой шүү дээ. Түүнээс биш цэл залуухан, бие бялдар сайтай цэргийн хүн яагаад амь насаа алдах вэ дээ.

2017, 12 сар 15. 17:30
Зочин hagi

daldiig haraad yahuu

2016, 12 сар 7. 15:13
Зочин

Чиний үзлээр бол Сүхбаатарыг Богдын эмч хорлосон болж байна уу. Ийм юу ч мэдэхгүй орос Цэдэнбалын зохиосон түүхээс өөр юм уншаагүй хүн олон байх юм өө

2016, 12 сар 7. 13:50
Зочи

Худал хэрэг зохиож, гэмгүй олон хүний амь насаар сайдын зэрэг хүртэж байсан хүний намтарыг хэний захиалгаар ингэж худал цагааруулж бичдэг юм бэ. Түүхийг гуйвуулахаа болио тэнэг сайтын мэдлэггүй гаруудаа

2016, 12 сар 7. 13:03
ЗочинSHTALIN

ARDIN ZASAG KOMENTERNIIG HUTGAN UIMUULEGCH MUU HUJAA,FASHIST IMERIALIST JAPONI TAGNUUL.

2016, 12 сар 7. 12:21
Зочин

СҮХБААТАР ХЭЗЭЭНЭЭС ОРОСУУДАД ХОРЛОГДЧИХОВ ХЭХЭ. САНААНААСАА ЗОХИОСОН ЮМАА ТҮҮХ БОЛГОЧИХООР ЧИНЬ УНШИХ ХҮН ГАРАХГҮЙ НЬ БАЙНА ШД.

2016, 12 сар 8. 18:09
Irgen

Ene unen yavdal shuu, suvhbaatar undesnii uzelten bas kommunist baigaagui.

2016, 12 сар 8. 17:16
Зочин

naad bichsen hvn chine tuuhiin uhaanii doctor hvn bna. tagnuuliin eronhii gazriin arhivt hadgalagdaj bui tuuhen barimt bichgvvdees undeslen bichjee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]