Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн эсрэг дүрүүдУншсан4,650

Үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн эсрэг дүрүүдийг энд онцолж байна.

Монголын кино урлагт эсрэг дүрийг чадварлаг бүтээсэн үе үеийн жүжигчид цөөнгүй бий. Эсрэг дүрийн баатар нь үзэгч олны зэвүүцэл, бухимдлыг чин үнэнээсээ хүргэж, жүжигчин өөрийн дүрээ яг л бодит мэт гаргана гэдэг чадвартайн илэрхийлэл билээ.  Үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн эсрэг дүрүүдийг энд онцолж байна.

Ардын жүжигчин Б.Дамчаа - Исмэйл тайш

Монголын кино урлагийн алтан үеийн жүжигчин Б.Дамчааг мэдэхгүй хүн ховор. Түүний бүтээсэн дүр бүхэн бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Тэрээр уран сайхны “Үер” киноны Молом, “Мандухай цэцэн хатан” киноны Исмэйл тайш, “Хүргэн хүү” киноны Хайдав, “Өглөө” киноны Хачиг Луузан, “Хатанбаатар” киноны Жав зэрэг дүрүүдийг дэлгэцнээ бүтээж кино судлаач, шүүмжлэгчид болон үзэгч олноос өндөр үнэлэлт авч байв. Түүний бүтээсэн дүрүүдээс Исмэйл тайжийн дүрийг дурдахгүй өнгөрч болохгүй. “Исмэйл бол төрийн том сайдын дүр. Гэхдээ цаад санаа нь хаан төрийг булааж авах зорилготой. Түүний зорилго, амьдралын гол шугамыг жүжигчин Б.Дамчаа гүнзгий ойлгож, гаднаа ихэмсэг дүр эсгэж, хорон санаагаа чанд нууцлан хамраараа хорон санааныхаа “утааг” огт гаргахгүйг хичээж явсаар эцсийн эцэст Мандухайг егүүтгээд санасандаа хүрлээ хэмээн хаан суудалд сэтгэл тэнүүн суудаг билээ.

 

Монгол Улсын Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар- Жамуха

Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээсэн дүрүүдээрээ ард түмний хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн нэгэн билээ. Тэрбээр 1956 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн  мэргэжлээр тус тус төгсжээ.

Түүний дэлгэцнээ мөнхөлсөн дүрүүдээс "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Жамухыг онцлохгүй байхын аргаггүй. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Мөнх тэнгэрийн хүчин дор” киног 1980-аад оны сүүлээр хийсэн. Тухайн үед үзэл суртлын хатуу хяналттай байлаа. Тиймээс “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, өнөөдрийн Жамуха хоёр их ялгаатай. Үнэндээ түүхчид одоо болтол Жамухыг Чингисийн найз уу, дайсан уу гэдгийг нарийн мэддэггүй" хэмээж байжээ.

 

Ардын жүжигчин З.Цэндээхүү – Ах лам

Ардын жүжигчин З.Цэндээхүү “Гонгор баатар” киноны сумангийн  даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн билээ. Түүнийг манай уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр андахгүй. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэдэг. 

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн жүжигчин маань Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, Ардын жүжигчин цолыг 1955 онд тус тус хүртсэн байдаг.

 

Монгол Улсын гавъяат жүжигчин Н. Дугарсанжаа - Гүрсэд

Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа 1943 онд “Урлал” хэмээх жүжгийн хан хүүд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн ерөөлч Гончиг, “Зам”-ын Удвал, Д.Намдагийн  “Шарай голын гурван хаан”-ы Алтангэрэл хаан, “Талын баатар”-ын Пунцаг, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Намсрай, “Гэм нь урдаа” киноны Гомбо, “Түмний нэг”-ийн Гүрсэд, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Ванчин бэйл гэхчилэн тайз, дэлгэцийн олон дүр бүтээжээ. Тэрээр 1974 оны 8-р сарйн 8-нд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан байна. Түүнийг кинонд хорхойтой монгол түмэн "Түмний нэг" киноны Гүрсэдийн дүрээр нь андахгүй сайн мэднэ.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэн -  Шагдар

Түүний хамгийн анхны дэлгэцийн дүр нь “Тус биш ус” киноны гол дүр болох Осор. Дараа нь “Агуйн нууц” киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөөгийн дүрүүдэд тоглосон байна. Үүнээс гадна “Ацаг шүдний зөрөө”-гийн Сорвит, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-ны Шагдар гэхчлэн дэлгэцийн олон дүрийг бүтээжээ.

Л.Лхасүрэн гуайн бүтээсэн дүрүүдээс үзэгчдийн хамгийн сайн мэдэх дүр бол яах аргагүй “Гарын таван хуруу” киноны Шагдар. Тухайн үед Шагдар бол хамгийн ихээр ад үзэгдэж байсан муу талын дүр. Эхнэр, таван хүүхдээ орхиод өөр хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядаж байсан. Гэвч цаад учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг хэмээн кино судлаачид хэлдэг. Гэвч тухайн нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байгаагүй юм. Жүжигчин Л.Лхасүрэн гуайн талаар илүүг уншихыг хүсвэл энд дараарай. Шагдарын дүрийг тултал бүтээсэн түүнийг гудамжинд хүртэл хүүхдүүд зүгээр явуулахгүй чулуу шидэх, кинонд бүтээсэн дүрээр нь бодож харилцах зэрэг тохиолдлууд гарч байсныг жүжигчин маань дуртгалдаа бичсэн байдаг.

 

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва- Дамдинсүрэн, Авар

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва 1948 оны 5-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлжээ. Тэрбээр 1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. 

Дэлгэцнээ мөнхөлсөн түүний олон сайхан дүрүүд бий. Энэ дундаас "Хатанбаатар" киноны Аварын дүрийг онцлоё. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв гуай нийтлэлдээ "Цэрэндагва Аварын дүрд тоглохдоо ийм нэг санаа сэдэв. Мөрөн дээрээ погон зүүчихсэн Аварыг найруулагч хараад Чи одоо юу болоод явна аа, наад погоноо авч хая. Ванданов Монгол-Орос хоёр дээлэн дээрээ погонтой байхад чи бас юу олоод зүүчихэв гэж зэмлэв. Цэрэндагва нэг л өдөр энэ погон хэрэг болно" гэж хариулсан тухай бичсэн байдаг.

Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва Ибирай тайш хэмээх түүхэн дүрийг "Мандухай Сэцэн хатан" кинонд сэтгэлд хоногштол бүтээсэн билээ.

 

Монгол Улсын Гавъяат жүжигчин Г. Равдан - Заяат

Г.Равдан тайз дэлгэцнээ олон дүрүүд бүтээхийн зэрэгцээ уран уншлагын төрлөөр дагнан ажилладаг, өгүүлэхүйн урлагийн мастер билээ. Түүний урлагт оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж  2002 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Г.Равдангийн бүтээсэн “Ацаг шүдний зөрүү” киноны Заяатын дүрийг хүмүүс сайн санаж санана. Энэ дүр нь шуналтай, арга зальтай, муу зорилго агуулсан данжаадыг харуулахыг зорьсон байдаг.

"Зааг медиа" агентлагийн редакцид бэлтгэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]