Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чеченийн дайны сэтгэл хөдлөм эерэг түүхүүдУншсан41,294

Баригдсан офицерыг нэгэн өрөөнд оруулан байцаах явцад Морозов нь Афганистанд байлдаж явсныгаа хэлж, байцааж байсан хүн ч гайхан, яг хаана, ямар ангид, хэний удирдлага дор байсныг асуужээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дайн гэдэг бол аймшигтай зүйл. Тэр дундаа иргэний дайн нь ах нь дүүгээ, аав нь хүүгээ... гэх мэтээр нэг нэгнийгээ хөнөөсөн хамгийн аймшигтай, муухай зүйл билээ. Хэдийгээр одоо өгүүлэх тохиолдлууд нь Орос-Чечений дайны үеийн тухай учир иргэний дайн хэмээн хэлж болохгүй гэж болох ч саяхан цугтаа нэгэн дээвэр дор аж төрж, нэг хэлээр ярьж, хоорондоо гэр бүл болж байсан улс үндэстнүүд хоорондоо дайтаж байсан учир ямар нэг хэмжээгээр иргэний дайн гэж хэлж болох биз ээ. Энэ дайны үеэр санаанд оромгүй бузар аллага, тамлалт, урвалт их болж байсан төдийгүй бас хүнлэг сайхан сэтгэл гаргасан олон үйл явдал болж байсан гэдэг. Ялангуяа дайны эхэн үед олзлогдсон олон орос цэргүүдийг гэрт нь буцаахаар болж хүлээлгэн өгч байгаа чеченьчүүд “Дайн дуусахаар хамтдаа архи ууна шүү” хэмээн үдэж байгаа мэтийн сайхан гэмээр үйл явдал байсныг зарим нэг нь зурагт радиогоор харж байснаа санаж байгаа байх. Яваандаа, чеченьчүүдийн хувьд ийм явдал улам бүр бага болж (Хаттаб гэх мэтийн арабуудаас ирснээс хойш), тусгаар тогтнох хүсэл мөрөөдөл гэдгээс илүү терроризм, цусан өшөө, мөнгө л  давамгайлах зүйл болж, энэ хөдөлгөөнийг жинхэнэ шийдсэн террористууд толгойлох болсон билээ. Оросын талаас мөн ялгаагүй, чеченийн энгийн номхон ард иргэдийн амь нас хохирохгүй байхад тавих анхаарал улам бүр суларч, боевикууд байгаа гэсэн хот сууринг буудаж бөмбөгдөхдөө хянуур нямбай хандах нь үгүй болсноор олон ч энгийн иргэд, хүүхэд хөгшид амиа алдаж байлаа. Гэсэн хэдий ч энэ дайны үеэр хүнлэг, сайхан сэтгэлт үйл явдал олноор болж байсны цөөхөн жишээг сонирхуулъя.

-1999 онд Оросын армийн дайралтын нэгэн бүлэг Бамут хотод тусгай үүрэг гүйцэтгэхээр очин танк, хуягт машин бүхий цуваагаар эргүүл хийхээр явж байгаад отолтод орж баахан буудалцаад яаран буцан зугтсан байна. Шархдаж гэмтсэн хэдэн цэрэг офицерууд нь тарж бутарсан ч гэсэн яаж ийж байгаад эргэж бааздаа ирэхэд ганцхан байлдагч Евгений Борисов л байсангүй. Ширүүн буудалцааны үеэр алуулсан, эсвэл олзлогдсон байж таарах нь.

Гэтэл гурав хоногийн дараа Чеченийн боевикууд холбоогоор “Галзуу юм шиг гурав хоногийн турш биднийг ойртуулахгүй буудаж байгаа нэг цэргээ аваач" гэж хэлж. Оросууд цэргээ авах санаа байвч, чеченүүдийн бас нэг заль, отоонд орж бас баахан цэргээ алуулахаас айн өөр арга чарга хайж эхэллээ. Хүлээж ядсан чеченьчүүд маргааш нь ухаангүй болсон нөгөө цэргийг нь өөрсдөө оросууд дээр авчирч өгчээ. Женя гурван өдрийн турш өөрийг нь барих гэж ойртсон хүн болгоны өөдөөс буудаж сүүлдээ цус алдсан, хоол хүнс, ялангуяа маш их цангаснаас болж ухаан алдаж унасан байхад нь чеченьчүүд очиж авсан нь энэ. Олон зуун олзлогдсон цэргүүдийг боол болгон худалдаж наймааны нэг хэрэгсэл болгодог байсныгаа энэ 19-хөн настай хүүхэд-эр цэрэг дээр хэрэглээгүй нь түүний ганцаархнаа, гурван өдрийн турш тэмцэн байсан ер бусын их зориг тэвчээрийг үнэлсэн хэрэг байжээ. Чеченьчүүд харин хүний зориг тэвчээрийг үнэлж чаддаг хүмүүс аж.

-Чечений дайны баатар генерал Лев Рохлиныг түүх сонирхдог олон хүн мэдэх байх. Орос Чечений 1-р дайны үеэр байдлыг хамгийн эрүүл саруулаар дүгнэж, хамгийн бага цэрэг алдаж, хамгийн их амжилтад хүрч байсан генерал бол энэ хүн гэдэг билээ. Зарим нэг нь орчин цагийн нэг уран зохиол-үлгэр болох “Володя-мэргэн буудагч” зэрэг домгоор ч санаж байж магадгүй. Энэ хүний тус дайнд байгуулсан гавьяаг нь үнэлж Орос улсын баатар цол олгох болоход тэрээр шагналаас татгалзаж байсан бөгөөд үүнийгээ “Иргэний дайны үеэр цэргийн жанжид алдар хүнд хүртэх ёсгүй, энэ дайн бол  бахархал биш, харин гай зовлон, шившиг юм” гэж хэлсэн гэдэг. Ёстой л алтан үг.

Энэ хүн 90-ээд онд Орос улсад болж байсан олон хачирхалтай, зэрлэг явдлын хохирогч болж харамсалтай, нууцлаг, будлиантай үхлээр дууссан байдаг.

-1995 онд Игорь Морозов даргатай 22-р бригад чеченийн боевикуудын ар талд хорлон сүйтгэх ажиллагаа хийж байгаад бүслэгдэн сум хэрэгслээ дуусган, холбоо барих ямар ч боломжгүй болох үед Морозов цэргүүдийнхээ амь насыг аварч үлдэхийн тулд бууж өгөх тухай санал тавьж нөгөө тал ч зөвшөөрлөө. Гэхдээ иймэрхүү байдлаар олон зуун цэрэг олзлогдон зовж амиа алдсан аймаар түүх их байсан учир чеченчүүдийг хэлсэн амандаа хүрнэ гэх найдлага тэдэнд бараг үгүй байжээ.

Баригдсан офицерыг нэгэн өрөөнд оруулан байцаах явцад Морозов нь Афганистанд байлдаж явсныгаа хэлж, байцааж байсан хүн ч гайхан, яг хаана, ямар ангид, хэний удирдлага дор байсныг асуужээ. Орос офицерын хариултыг сонсонгуутаа түүнийг тэврэн авч “бид хамтдаа цусаа урсгаж явсан хүмүүс байна” хэмээн дуу алдсан гэдэг. Нэг нэгнийгээ танихгүй боловч яг нэг газар цугтаа тулалдаж явсан хүмүүс байж. Удалгүй Морозовын бүх цэрэг дайчид бүгд эрүүл энх нутагтаа буцсан байна.

Энд нэмэн хэлэхэд Чеченийн боевикуудад баригдана гэдэг үнэхээр аймшигтай зүйл байсан юм. Энд ямар нэг тамлалт, хэрчилт, боол барлаг болгох тухай ярилгүй зөвхөн баригдсан цэргийн гэр орныг хувхайртал нь дээрэмддэг явдлыг л дурдахад болох байх. Хүүг нь зогсоож байгаад буудаж нэг үзээд, ийм тийм мөнгө өгөхгүй бол ингэнэ тэгнэ гээд өөр бусад цэргийн жишээ бүхий бичлэг явуулна. Ийм бичлэг үзсэн хүний ээж аав ямар байхыг төсөөлөхөд ч бэрх. Хамаг юмаа зарж үрэн хэдэн доллар болгон Чеченьд очоод тэр болгон хүүгээ амьдаар нь авч чадалгүй, үлдсэн зүйлийг нь тэврээд буцаж байсан үй олон явдал байдаг билээ.

-Грозный хотыг Оросын арми пуужингаар буудаж эхлэн хотын нэгэн таван давхар байшинг хэд хэдэн удаа оносон боловч пуужин тэсэрсэнгүй. Оршин суугчид гарч ирэн унасан пуужинг хартал дээр нь оросоор “Помог, чем смог. Саша” (Чадлаараа л тус болох гэж үзлээ, Саша) гэсэн үг байж. Энэ байранд төрж өссөн нэгэн орос цэрэг өөрийн бага насны танилуудаа ингэж үхлээс аварсан бололтой. Энэ явдлын тухай олон нийтлэл, тайлбар байдаг боловч болсон явдлыг дэврүүлсэн, шинэ цагийн бас нэг үлгэр болгосон байж магадгүй учраас илүү дэлгэрүүлсэнгүй, зөвхөн яг болсон явдлыг л бичлээ. Ямар ч байсан энэ явдлаас хойш “помог, чем смог” гэдэг үг хэллэг илүү гүн гүнзгий утга агуулгатай болсон юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]