Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ираны генералаас Украины Боинг хүртэл...Уншсан2,421

Хамгийн түрүүнд сонирхол татаж байгаа зүйл бол Ираны энэ генералыг Иракийн Ерөнхий сайдын урилгаар Иракт айлчилж байх үед нь хөнөөсөн явдал.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Шинэ он гараад гурав дахь хоног дээр Ираны генерал Америкийн цохилтод өртөж, дэлхий даяар хэсэг шуугиад одоо нэлээд намжих шинжтэй боллоо. Гарч байгаа мэдээллээр бол тэнд ихээхэн сонирхолтой ч гэх үү, хачирхалтай ч гэх үү хэрэг явдал болоод өнгөрч.

Хамгийн түрүүнд сонирхол татаж байгаа зүйл бол Ираны энэ генералыг Иракийн Ерөнхий сайдын урилгаар Иракт айлчилж байх үед нь хөнөөсөн явдал. Тусгаар тогтносон нэг улс нөгөө улсын төр, цэргийн албаны том тушаалтныг хүлээн авч байхад өөр нэг улс түүнийг нь хөнөөгөөд үүнийгээ эргэж буцсан янз бүрийн шалтгаанаар өмөөрч  байдаг. АНУ-ын Сенат дээр ТТГ-ынхан энэ талаар мэдээлэл өгөхдөө генерал Сулеймани нь АНУ-ын Элчин сайдын яам болон ард иргэдийн эсрэг ямар нэг террорист халдлага үйлдэх гэж байсан гэсэн хамгийн ерөнхий зүйл л ярьсан бөгөөд сенатуудын хэвлэлд ярьснаар бол тэдэнд үзүүлсэн баталгаа гэх баримт материал нь арай дэндүү ядарсан зүйл байсан юм байх. Америкийн засаг захиргаа үүнийг яаж ч нэрлэдэг байсан гэлээ энэ бол яах аргагүй террорист үйлдэл гэж л бодогдож байна.

Дараагийн нэг анхаарах зүйл бол иранчуудын жигтэйхэн сүртэй мэдэгдэж байсан өшөө авалт. Генерал Сулейманы оршуулгад бараг улс даяараа цуглаж 50-60 хүнээ гишгэж алаад, уйлж дуулаад, америкчуудыг хүйс тэмтрэх шахам юм хэлж, харааж байгаад цөөнгүй тооны далавчит болон баллистик пуужин харвалаа. Энэ мэдээг анх гарч байхад ингээд бас нэг том дайн, магадгүй дэлхийн хэмжээний мөргөлдөөн эхэлж байгаа юм биш биз гэж олон хүн түгшиж байсан бизээ. Иранчуудын энэ цохилтын дараа Трамп гуай эхлээд бүх л эвэртэн туурайтнаа дуудаж уулзалдаад, ард түмэндээ хандаж үг хэлэх юм болж байснаа зүгээр л твиттерээр сэтгэл хангалуун байгаа тухай хэдэн үг бичиж байх шиг. Иранчууд Америкийн цэргийн хоёр ч баазыг пуужингаар харваж байхад энэ хүн ийм үг хэлэхээр юм улам л ойлгомжгүй болсон байж таарна.

Иранчууд хуучин ЗХУ-ын зэвсэглэлд байсан 60-аад оны“Скад” пуужингийн бага зэрэг сайжруулсан хувилбарыг харвасан тухай эхэлж мэдээлж байсан бөгөөд америкчуудын хохирлын тухай мэдээ бараг алга байсан нь нэг бол иранчууд тун ч тааруухан ончтой байсан, эсвэл маш цэцэн буудсан байж болох тухай явдал. Бараг 15 пуужин цэргийн баазад унасан гэсэн ч хүний амь нас хохироогүй, Америкийн цэргийн баазыг агаараас хамгаалах Пэтриот систем эдгээр пуужингийн нэгийг нь ч барьж авч чадаагүй гээд гайхмаар зүйл олон. Цөлийн шуурга ажиллагааны үеэр энэ систем нь Иракийн скадыг бараг л бүгдийг барьж авч байсан гэдэг түүхтэй (үнэндээ бол тийм биш гэдэг нь олон үйл явдлаар мэдэгдсээр байна).

Одоо гарч байгаа мэдээллээр бол иранчууд энэ цохилтыг хийхийн өмнө “Танай нутаг дахь Америкийн цэргийн баазуудыг пуужингаар харвах болно” гэж цагтай, минуттай мэдээллийг иракчуудад өгсөн бололтой.

Цохилт хийхээс 5 цагийн өмнө шүү! 

Харин энэ мэдээллээ нэг их нууцлаагүй юу, эсвэл албаар АНУ-д энэ мэдээг санаатай, санаагүй алдахаар байдлаар дамжуулснаар Америкийн цэргийн бааз дахь цэргүүд нь амжилттай зайлан холдож, Пэтриот нь бүтэлгүйтэж, иранчууд нь хариугаа ёстой хангалттай сайн авсан болж таарлаа. Ираны мэдэгдлээр бол “Хариугаа сайн авсан, АНУ дахиж янз бүрийн халдлага, аллага үйлдэхгүй бол бид ч гэсэн өөр янз бүрийн юм хийхгүй” ухааны юм хэлсэн байдаг. Энэ бол гадаад ертөнцөд зориулсан мэдээлэл. Харин дотооддоо бол цэргийн бааз дахь 80 гаруй хүнийг алж шархдуулсан, олон барилга байгууламж, дэд бүтцийг нь сүйрүүлсэн гэх мэдээлэл тараасан юм байх.

АНУ-ын хувьд бол иранчууд хариу цохилт хийвэл 52 байг тэр даруй томагавк далавчит пуужингаар газрын хөрснөөс арчих юм ярьж байсан боловч твиттерээр юм бичихээс өөр хариу өгсөнгүй дууслаа. Ёстой л хэн хэндээ хал балгүй сайхан тохирч гэж хэлж болох байх. Ямар ч байсан энэ удаа том дайн бололгүй өнгөрөх бололтой.

Өөр нэг сонин зүйл нь Ирак. Тусгаар улсад айлчилж байсан өөр  нэг тусгаар улсын төрийн зүтгэлтнийг нутаг дээр нь хороосон балмад ажиллагааг эсэргүүцэн АНУ-ын цэргийг нутгаасаа гаргах тухай парламентын шийдвэр гаргаж, түүнийгээ бөөн баяр хөөр, дуу шуутайгаар тэмдэглэж байгааг дэлхий даяар дамжуулж харуулж байлаа. Харин Америк үүнийг ёстой үл тоон  “Цэргийн баазыг маш их үнээр барьсан, тэрийг төлөх бол гарах тухай ярьж болно”, “олон юм яриад байвал айхтар хориг арга хэмжээ авна, энэ хориг бол Иранд тавьсан хоригоос хэд дахин илүү аймшигтай зүйл байна”  гэсэн утгатай юм хэлж байх юм. Алив улс орны тусгаар тогтнол энээ тэрээ нь хаа байгаа юм бол? Сүртэй байсан иракчууд ч зөөлөрсөн үү яасан, чимээ шуугиан нь нэлээд багасч байх шиг.

Дараагийн анхаарах зүйл нь Тегераны нисэх буудалд сүйрсэн Украины Боинг онгоц. Эхлээд хөдөлгүүр шатсан, техникийн гэмтэл гэж таамаглаж байгаа тухай бүгд л ярьж байсан боловч (АНУ, Украин, Иран...) саяхнаас Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах пуужинд оногдсон байж болох тухай ихээхэн нухацтай ярьж эхэллээ. Онгоц унасны дараахан авсан зургууд дээр онгоцны их биед нэлээд сэжигтэй цоорхойнууд байгааг (газар агаар ангиллын пуужингийн хэлтэрхийн ором гэдэг утгаар) энд тэнд нийтэлж бичиж байсан ч албаныхан буюу дээрх улсууд үнэндээ нэг их тоож сүйд бололгүй, техникийн гэмтэл л яриад байсан. Өчигдрөөс харин пуужинд оногдсон байж болохыг чангаар ярьж эхэллээ.

Яг л фэйсбүүк мэтийн сошиал ертөнцөөр шуугихад зориулсан мэт Украины онгоц сөнөсөн байдаг нь...

Украинд болж байсан үйл явдлын үеэр Малайзын онгоцыг “хэн нэг”нь Бук М1-ээр буудаж унагаахад олон хүн дахиад л Малайзын онгоц гэж айхтар хүлээн авч байсантай (өмнөхөн нь Малайзын дүүрэн хүнтэй онгоц алга болж шуугиулж байх тэр үед. Одоо хүртэл олдоогүй л байгаа) яг адил энэ удаа дахиад л Украин. Хэчнээн олон хүн энэ тохиолдлыг эргэн сануулж сошиал сүлжээгээр бичсэн бол. Хэн нэг нь ингэж олны анхаарлыг татах зорилгоор Украины онгоцыг сонгосон юм биш байгаа? Тохиолдол гэхэд их л сонин тохиолдол юм даа.

Цааш цаашдаа олон юм ойлгомжтой болж, явдал учир тайлагдах эсвэл улам ээдрэх биз ээ.

Иракийн нутагт албан ёсны айлчлал хийж байсан Ираны генералыг АНУ  устгасан нь яг үнэндээ бас их гайхаад байх зүйл биш байх. Урьд өмнө иймэрхүү юм олон гарч байсан бөгөөд ийм хэмжээний улайм цайм байсан нь харин юу бол.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]