Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ангараг дахь “хүний нүүр”Уншсан7,386

1976 онд Америкийн Viking хиймэл дагуулын дуранд буусан нэгэн зураг 1980-1990-ээд онд ихээхэн шуугиан тарьж билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Анхны зураг

1976 онд Америкийн Viking хиймэл дагуулын дуранд буусан нэгэн зураг 1980-1990-ээд онд ихээхэн шуугиан тарьж билээ. Хүний нүүр царайг асар том хэмжээгээр хийсэн мэт харагдах хадны зургийг тухайн үед “Ангарагийн нүүр” хэмээн нэрлэж, олон хүн Марс дээр амьдрал байгаа гэдгийг харууллаа хэмээн итгэж ярьж байсан юм. Үнэхээр “Ангарагийн нүүр” олон хүнийг догдлуулсан бөгөөд хүн төрөлхтөн нь он удаан жил хайсан харь гариг дахь амьдралыг энүүхэн ойрхон, нарны системээс оллоо гэж найдаж итгэж, үгүйдээ л ийм амьдрал байсныг батлах баталгаа олоо гэж горьдож байв.

Хэдийгээр “Ангарагийн нүүр” хэмээх уул, хадны тухай одоо олон зүйл тодорхой болсон, урьд өмнөх шигээ анхаарал татахаа больсон ч гэсэн Ангараг дээр амьдрал байж болох тухай, түүний баталгаа болсон “нүүр царай” бий гэж итгэдэг хүмүүс байсаар байгаа бөгөөд энэ зургийн тухай эргэн нэг саная.

Viking-ийн зураг гарч ирсний дараа дэлхий даяар шуугиж эхэллээ. WOW дохио, одоо энэ нүүр царай бүхий том хад - энэ бол яах аргагүй дэлхийн хүн төрөлхтөнд өгсөн дохио гэж олон эрдэмтэд, мэргэд, астрономич, гариг эрхэс судлаач, сонирхогч, цуу яриа тараагч нар шуугисаар. Хэдийгээр буурьтай эрдэмтэд маань яаран дүгнэлт хийхгүй байхыг сануулж байсан боловч Ангараг дээр амьдрал байна гэсэн яриа маш их хүчийг авсан юм. Удалгүй Ангарагийн нүүрийг дахин сайтар судлаад үзтэл хажууханд нь хэд хэдэн жижиг пирамид байна гэсэн яриа гарч ирлээ. Пирамид бол байгалийн нөхцөлд бий болно гэхэд итгэмээргүй, дэндүү нарийн төвөгтэй геометрийн дүрс. Тийм учраас энэ нүүр, пирамид нь тэнд амьдрал байна, үгүйдээ л байжээ гэдгийг баталж байна гээд л явж өгнө. Нэгэн үе Ангараг гаригийн зургийг судлан юу л бол юу олдог үе байж билээ. Явж байгаа хүн, юм идэж байгаа сармагчин гээд бүр үйлдэл хөдлөлтэй зураг хүртэл олохыг яана. Одоо ч гэсэн үе үе тийм ийм юм оллоо гэсэн юм бас байсаар л байгаа.

Шинэ зууны эхэн үеэр хамаг нууц ил болж билээ. Билээ ч гэж, зарим нэгэнд нь л ойлгомжтой зүйл болсон бөгөөд одоо хүртэл “Ангараг дахь амьд организмын гараар хийгдсэн баримал байгаа” гэж үздэг хүмүүсийн хувьд тэдгээр нууцын тайлбар хангалтгүй хэвээр л байгаа юм.

Тэрхүү “нүүрийг” одоо Кидони ( Cydonia) гэж нэрлэдэг болсон бөгөөд Ангарагийн хойд хэсэгт байрлана. Тэр хэсгийн зургийг авч байсан Viking-ийн аппаратын нягтаршил бага, нар сүүдрийн онцгой тохиолдлоор дээрх зураг гарсан гэж одоо үздэг бөгөөд хажууд нь байгаа гэх пирамидууд нь ердөө л хамгийн энгийн хад асга юм.

 Жилийн өмнө авсан анхны зураг нь нэг пиксельд 100 метр бүхий хэмжээтэй байсан бол сүүлийн үеийн зургууд нь нэг пиксельд 50 см нягтралтай болжээ. Ингээд ялгаа нь:

Өнөөгийн зураг

Эндээс та ямар нэг ухаант амьд организмын үйл хөдлөлийн ул мөр баримт, үгүй дээ л ямар нэг тэгш хэм байгааг олж харвал...

“Ангараг дахь нүүр бол яах аргагүй бидэнд өгсөн дохио. Тэрхүү дохиог өөрчлөн устгаж байна” гэх яриа хөөрөө одоо бас их гардаг болсон бөгөөд үүнийхээ баталгаа болгож тухайн нүүрэн дээр ганц ч “Ангарагнаа явагч” буулгаагүйг цохон тэмдэглэдэг билээ. Нээрээ л ингэж их анхаарал татсан тэр хадан дээр нь ямар нэг Curiosity-г буулгаж болохгүй гэж үү?

Хариулт нь их энгийн юм билээ. Энэ газрыг хангалттай судалсан, шинжлэх ухааны ямар нэг сонирхол татах зүйл огт үгүй газар бөгөөд түүнээс хамаагүй илүү их сонирхолтой олон газар тэр гаригт бий. Үүний нэг нь Гейлийн галт тогоо буюу дэлхийн хүү болсон Curiosity (энэ өөрөө явагч бол зөвхөн Америкийн биш дэлхийн хүн төрөлхтний нэг бахархал гэж би хувьдаа боддог юм) маань хэрэн хэсэн судлан шинжилж байгаа тэр хэсэг юм.

Хэрвээ танд үнэхээр тэр нүүр царай сонирхолтой байгаа бол энд орж томруулж үзээрэй.  Тэгээд тэндээс хүний гар хүрсэн эсэх тухай өөрийн таамаглалаа хийх бүрэн боломж бий. Үгүй дээ л Ангараг гаригийн тухай ийм хэмжээний том зураг харахад сонин байж таараа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]