Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хянганы нуруу, Цагаан хэрэм дээр танктайгаа гарсан монгол танкчинУншсан8,866

Ийм хувь заяа, гандан бууршгүй дурсамжийн эзэн бол Монголын ардын армийн алдарт хурандаа асан Загдын Аюуш, түүний 21-хэн нас бөлгөө.

Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Цэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.

Өмнөх нь: Анхны танкчны анхны хөлөг “Сүхбаатар-01”


Хянганы нуруунд гарсан зам

 

Европт дайн дуусахаас өмнө 1945 оны 2 дугаар сард Крымийн Бага хурал дээр И.В.Сталин Гитлерийн Германыг бут цохисноос 2-3 сарын дараагаар Японы эсрэг дайн эхлэх амлалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Английн Ерөнхий сайд У.Черчиль хоёрт өгсөн ёсоор 1945 оны 5 дугаар сард Аугаа эх орны дайн ялалтаар төгсмөгц өмнөөс боловсруулж байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн асар их хүн хүч, зэвсэг техник, нөөц хэрэглэлийг Японд ойртуулан татсаны дараа 1945 оны 8 дугаар сарын 6-нд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Г.Трумэн Японы Хирошима хот дээр атомын бөмбөг хаяж, нөгөөдөр нь И.В.Сталин Японд дайн зарлаж, дараа өдөр нь буюу 9-нд Г.Трумэн Нагасакиг “атомдаж” 10-нд Х.Чойбалсан Японд дайн зарласан нь холбоотнуудын Японы эсрэг хийсэн дайны улс төр, цэргийн удиртгал найрал хөгжим байв.

Ийм “хөгжим”-ийг холбоотнууд түүний дотор МАХЦ ч эртнээс “хөглөн” бэлтгэж байсан юм.

Маршал П.Я.Малиновскийн командалсан Өвөр Байгалийн фронтын бүрэлдэхүүнд байлдах үүрэг МАХЦ-т тохиож, 1945 оны 7 дугаар сард Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийг (ММБ) ЗХУ-ын баатар, хурандаа генерал И.А.Плиевээр толгойлуулан байгуулжээ. ММБ-ийн үүрэг нь фронтын баруун жигүүрийг халхлан давшиж Долнуур чиглэлд (950 км гүн), Хаалганы чиглэлд (500 км гүн) цохилт хийхэд оршиж байв. Гуравдугаар танкийн хороог Өндөрхаанаас хүч хуралдуулах район-Байшинт руу 7 дугаар сарын 29-нд (260 км марш) хөдөлгөсөн байдаг. Хугацаандаа 18 танк ирж, 14 танк ямар нэгэн эвдрэлээр замд үлдсэнийг засварлаж, татаж авсны дараа 8 дугаар сарын 5-нд тус хороог Байшинтаас Дарьганга сум руу (100 км) маршаар хөдөлгөхөд Дарьгангад 27 танк ирэв гэдэг. Энэ нь тэр үеийн байлдааны тушаал Монгол цэргийн цөс зоригоор л хөдлөж байсныг илтгэдэг бөлгөө. Ингээд МАХЦ-ийнхээ бүрэлдэхүүнд 3 дугаар танкийн хороо Дарьгангаас цааш хилийн зүг хөдлөжээ.

МАХЦ нь БНМАУ-ын Засгийн газар Японд дайн зарлахаас нэг хоногийн өмнө Зөвлөлтийн ангиудын хамт 8 дугаар сарын 9-ний шөнийн 2-4 цагийн хооронд хил давсан байдаг. Тэгээд л Цахарын элсэн цөл, Хянганы түргэн урсгалт голуудыг туулахаар хөдөлсөн хэрэг.

МАХЦ-ийн анги нэгтгэлүүд Улаан Армийн анги нэгтгэлүүдийн хамтаар 100 км цөл талыг туулж, 13-нд ихэвчлэн шатах тослох материалаар тасарч, танк хуягтын отряд байгуулан, элсэнд сууж хоцорсон бусад танк хуягтаас шатахуун тос шавхан цэнэглэж цааш хөдөлгөв. МАХЦ-ийн ар талын ачаа хөсөг, дугуйт техник Молцог элсэнд сууснаар хүнс тэжээл, галт хэрэглэл анги нэгтгэлүүдийнхээ ард үлджээ. Дайсны эсэргүүцэл бага байсан ч давшилт хүнд хүчир бэрхшээлийг туулж байв. 40-45 хэмийн халуунд морьт цэрэг гэхэд л нойтон элс ухаж цамцан дээрээ шүүн ганц хоёр котел ус гаргаад мориныхоо хамраар цутгаж явсан гэдэг. Дугуйт техник элсэнд сууж, шатахуунаар тасалдаж, цэргүүд уух ус, хоол хүнсээр тасарч байжээ.

Дайны ахмад дайчид энэ тухай олон дурсамж үлдээснээс, жишээлбэл Б.Лувсандагва “1945 оны тэр нэгэн өдрийн үүрээр түгшүүрийн дохиогоор анги маань улсын хил рүү хөдлөж билээ. Миний жолоодсон танк ротын цувааны түрүүнд явсан юм. Замын тоос хуйлран босч, олон моторын нүргэлсэн дуун тун сүртэй байсан. Яндуугийн хийдээс наахна явж байтал их усан бороо цутгаж, танк маань нойтон элсэнд шигдээд зогсчихсонд ротын дарга их уурлаж араас ирж байгаа танкуудын хөдөлгөөнд саад боллоо гээд бараг л буудчих дөхөв. Би ч их сандарсан. Экипажийнхан маань аль байдаг хүч чадлаа шавхаж, элсэнд суусан танкаа гаргаад цааш хөдөлсөн. Маргааш өглөө нь дарга маань та нар их сандрав уу, дайн байлдааны үед ийм юм байлгүй яахав гээд дал мөрийг минь алгадан инээж байж билээ” гэж дурсжээ.

МАХЦ-ийн тэргүүний отрядууд 14-нд ӨвөрМонголын Долнуурыг эзлэв. 1691 онд Халх Монголыг Манжид дагаар оруулах хуйвалдаан болж байсан түүхтэй энэ хотод 254 жилийн дараа өмнөд Монгол ах дүүсээ Японы дарлалаас чөлөөлөхөөр МАХЦ очсон нь тэр байв.

МАХЦ-ийн тэргүүний отряд 19-нд Жэхэг эзлэн, 21-нд Губэйкоу боомтыг авч, Хятадын Цагаан хэрмэнд нэвтрэв. 22-нд МАХЦ-ийн 5 дугаар морьт дивиз Миюн хотод тулж, олзлогдсон генералаар тус хотыг бууж өгөхийг шаардуулан байтал ‘‘ӨвөрМонголын хилийг давж болохгүй, Цагаан хэрэмнээс цэргээ яаралтай тат” гэсэн Зөвлөлтийн цэргийн командлалын тушаал ирж давшилтаа зогсоов.

Танкийн хорооны дайчдын дурдатгалаас үзвэл маршийн замд тус хороог түргэн давшиж, Зараа сүмийг эзлэн морин ангиудын давшилтыг саадгүй болго гэсэн тушаалыг аваад байтал уг сүмийг Улаан армийн моторжуулсан бригад эзэллээ гэсэн мэдээ иржээ. Энэ үед офицер, түрүүч, байлдагч нар урамгүй болж бидэнд юм олдох нь уу, үгүй юу гэж хэлцэж байсан гэдэг.

3 дугаар танкийн хорооны салбарын улс төрийн орлогчоор явсан Батын Чойжил “Гэтэл Чойжил миний бие Авга гүний хүрээг эзлэн авч шалга, Японы зэвсэг техник, шатахууныг илрүүлэн ол, цэргийн хүнсийг хангах бааз байгуулахад зохион байгуулалтын туслалцаа үзүүл. Энэ үүргийг 24 цагийн дотор гүйцэтгэ! гэсэн тушаал хүлээн авлаа. Тэгээд хөнгөн хуягт салаа нэгтэйгээр хөдлөж, дурдсан хугацаанд эзлэн авч шалгалт хяналтыг тавьж, үлэмж хэмжээний сум, 300 гаруй япон винтов, автомашин хоёрыг илрүүлэн түүнийг сахиж байсан япон цэрэг гурвыг баривчлан авч дээд штабт хүргүүлээд Магсар вангийн сан, жасын хөрөнгөнөөс хоёр суурь хонь, нэг суурь үхрийг дайчлан авчирч арын албаны хүмүүст хүлээлгэн өгөөд ангидаа тогтоосон хугацаанд эргэн ирэв. Бид өвөр Монголчуудын аж байдал туйлын доройг хараад манай ард түмэн бол чинээлэг амьдарч, жаргал цэнгэлийн далайд умбаж байдаг юм байна хэмээн хөөрч явлаа. Энэ байлдааны үүргийг ротын дарга Баатарчулуун, улс төрийн орлогч Дамдинжав, танкийн жолооч Аюуш, Дорж, Жамбал, танкийн дарга Чулуун, Даваажамц, Хас нар сайн биелүүлсэн” хэмээжээ.

Чойжил гуайн дурсамжийг баталж ахмад дайчин Яков Каленикович Хоменко Монгол цэрэгтэй мөр зэрэгцэн байлдаж явснаа ингэж дурссан байна.

“Өвөр Монголын Авгайтын (Авга сүмийг оросоор Авгайский сүм буюу Авгын сүм гэж бичсэнийг алдаж орчуулсан бололтой. Х.Ш) сүмийн дэргэд лам дээл өмсөж биеэ хуурмагласан японы бүлэг явган цэрэг бидний тал талаас галлахад Монголын танкийн цэргүүд туслахаар ирж билээ. Бид тэдэнд шатахуун хүнсний зүйлээр тусласан. Дараа нь Ар цагаан нуур Долнуурын хооронд бид Монголын цэрэгтэй хамтран тоглоомын генерал Дэмчигдонровын тагнуулчдын болон хутган үймүүлэгчдийн бүлгүүдийг устгасан юм. Зөвлөлт Монголын цэрэг хамтын цохилтоороо Долнуур хотыг чөлөөлсөн гэж бичжээ.

Тиймээ, Монгол орос цэрэг мөр зэрэгцэн явж, ээх нар элсэн манхан, хэд хоног үргэлжилсэн усан бороо, үхлийн сумыг сөрж давшсан юм. Тэд бие биедээ эр зориг, эрч хүч, тус дэм, тулгуур багана болж тулалдсаар туйлын зорилгодоо хүрч, ӨвөрМонгол, Хятад, Солонгосын ард түмнийг Японы дарлал ноёрхлоос чөлөөлсөн билээ.

Ийм сэдвээр Монгол зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн командагч А.И.Плиев халуун дотноор дурсан бичсэн нь олонтаа байдаг.

Тэрээр дурсамж зохиолдоо “Хошууч Дагвадоржийн танкийн хороогоор дэмжүүлсэн хурандаа Одсүрэн, хурандаа Дорж нарын зүүн жигүүрийн нэгтгэлүүд 60 км урагшилж Шеншингийн овоо, Тайпуу усны худгаас зүүн тийших районыг эзлэж, тэрхүү худагны дэргэд морьт механикжуулсан группийн штаб түр байрлав” гэснээс үзвэл бүлгийн штабаа Монголын морьт дивиз, 3 дугаар танкийн хорооны араас авч явжээ. МАХЦ-ийн тэргүүн отрядыг Бээжинд 70-аадхан км буюу Миюн хотод очиход жолоог нь эргүүлснийг дээр өгүүлсэн билээ.

1945 оны 9 дүгээр сарын 11-нд А.И.Плиевийн командласан морьт механикжуулсан бүлгийн цэргийн байлдааны ажиллагааг зогсоох болжээ. Зөвлөлт-Монголын цэрэг японыг буулгаж авсан нь тодорхой болов. Ялалтын баяраа тэмдэглэж ёслолын буудлага, бүжиг хөгжим цэргийн хуарангаар цуурайтах нь газар тэнгэрийн завсар багтахгүй болсон цаг. Ах дүү армийн ялалтын бамбай болсон хоёр танкийг Хянганы нуруун дээр гаргаж ялалтаа тунхаглахаар Долнуурын чиглэлд давшсан Зөвлөлт-Монголын цэргийн удирдлага шийдвэрлэжээ.

Монголын талаас механик-жолооч Загдын Аюуш Хянганы нуруун дээр гарах болов. Хамт зогсох болсон орос нөхрийн овог нэр бидэнд үлдээгүй нь харамсалтай. Орос Монгол хоёр экипаж Хянганы салбар уулсын давааны оройд танкаа зүтгүүлэн гарч, гурван ээлжийн ёслолын буудлага хийн Зөвлөлт-Монголын цэрэг ялалтын баяраа тэмдэглэсэн гэдэг.

Ийм хувь заяа, гандан бууршгүй дурсамжийн эзэн бол Монголын ардын армийн алдарт хурандаа асан Загдын Аюуш, түүний 21-хэн нас бөлгөө.

Хожим Аюуш хурандаа “Яагаад намайг сонгосныг мэдэхгүй. Нэг орос танкчинтай даваан дээр гарах болсон. Өгсөхөд сайн мэдэгдээгүй, харин буухад л маш хэцүү байсан” гэж ахмад дайчдын уулзалт дээр дурсаж байжээ.

Харин Хаянхирваа баатар “Манай дарга Хянганы нуруун дээр танктайгаа гарсан хүн гэж ярьж байсныг бэлтгэл дэд хурандаа П.Нямдаваа дурсамждаа өгүүлсэн бол ахмад тээвэрчин Д.Цэгмид “Миний хүргэн ах дэд хурандаа Л.Сосор агсан 1945 оны чөлөөлөх дайнд мотобуудлагын батальоны даргаар явсан юм. Намайг Аюуш даргын жолооч болоход ах маань “Танай дарга Цагаан хэрмэн дээр танктайгаа гарсан хүн. Хугацааны цэрэг дайнаас ирэхдээ Алтан гадас одон хүртсэн гэж надад ярьж байсан гэжээ.

Монгол танкчин танктайгаа Хянганы нуруун дээр гарсныг 60-аад онуудад цэргийнхэн ярилцдаг байсныг 036 дугаар ангид салаан даргаар ажиллаж байсан дэд хурандаа Я.Баасай, хугацаат цэргийн алба хааж байсан дэд хурандаа Б.Аюурзана, хошууч Дашзэвэг нар ч дурсаж байна.

Б.Аюурзана “1965 онд танкийн батальонд хугацаат цэргийн алба хаахаар ирсний дараахан чөлөөлөх дайны ялалтын 20 жилийн ой болж, Аюуш даргатай уулзалт хийсэн. Хөдөөнөөс дөнгөж ирсэн надад Цагаан хэрэм гэдгийг огт мэдэхгүй болохоор даргын яриа их сонин санагдаж байлаа. Дарга Цагаан хэрмэн дээр гарч байсан тухайгаа уулын орой дээгүүр барьсан зарим газраараа нурчихсан хэрэм байсан. Яндуу хийдээр явсан, танкийн мотор халаад усгүй, элсэнд шигдээд явж болохгүй байсан, Долнуур хүрээд давшилтад орсон. Миний тагнуул барих ч гэж юу байхав дээ. Нэг удаа замд тааралдсан хийдийн хажууд зогсож, дотогшоо ортол орхимжоо нөмөрсөн хэдэн лам маань уншаад сууж байсан. Ажаад байтал нэг лам Монгол хүн шиг харагдахгүй сэжигтэй санагдаад даргадаа хэлж бариулсанд японы тагнуул байсан гэх зэргээр ярьж байсан.

Я.Баасай “Би энэ тухай ахмад офицеруудаас сонссон. Орхимжоор өөрийгөө халхалсан японы тагнуулыг энэ нэг зэвүүн лам байна, Монгол хүн биш гээд бариулж, тагнуулынханд хүргүүлсэн, дайнаас ирэнгүүтээ “Алтан гадас"-аар шагнуулсан гэж ярьцгаадаг байсан. Долнуур хүртэл гурав дөрвөн танк явсан, маш их элсэн цөлийг гатлаж, Хянганы нурууг Цагаан хэрмээр давсан, Бээжинд нэг үсрээд л орох газар хүрээд байтал буцах тушаал авсан гэсэн дайны тухай яриануудыг Дандар баатар, Дугаржав, Манал дарга нараас сонсож байсан. Би Дандар баатартай Дорнодод оюутан байхдаа танилцаж, гэрт нь хүртэл хонож явсан болохоор баатрыг манай дивизийн техникийн орлогч байх үед уулзаж, яриаг нь сонсдог байлаа.

Дайн тулаанд эр зоригоо гайхуулж явсан дарга нарын тухай тэр үед офицерууд бахархал болгон их ярьдаг байсан. Дивизийн дарга Цэрэндорж хурандаа бидэнд Дайн гэдэг бол та нарын бодож байгаа шиг зүйл огтхон ч биш, хажууд бөмбөг дэлбэрээд чих дүлийрчихсэн, шархадсанаа ч мэдээгүй явж байлаа гэж ярьж байсан.

1945 онд танкийн 3 дугаар хорооны даргаар явсан хошууч З.Дагвадоржийн дурсамжинд ч танкчид Долнуур хүрсэн тухай бичсэн байдаг. Хэдийгээр танкийн хорооны үндсэн бүрэлдэхүүн Яндуу хийдийн хавьд үлдсэн ч тэргүүн отряд нь явсан байна.

Энэ үед мөн Долнуурын чиглэлд 9 дүгээр тусгай морьт дивизэд санхүүгийн албаны даргаар ах Цэнд нь дэслэгч цолтой явжээ. Хол замд явж байхдаа “Муу дүү минь яаж байгаа бол доо” гэж санаа зовж байсныг З.Цэндийн дотны анд, мөн 9 дүгээр дивизийн арын албаны офицероор дайнд оролцсон өдгөө 103 настай ахмад дайчин Нэмэхийн Лүндэг гуай дурсан ярьж сууна.

Тэнгэр өршөөж, ах дүү хоёр их дайнаас хоёул эсэн мэнд эргэж иржээ. Зүгээр ч нэг, гай ч үгүй, гавьяа ч үгүй ирээгүй. Хоёул энгэр цоолж, эх орончийн алтан үнэмлэхтэй ирсэн нь өвөг дээдэс, эх эцгийн удам угсаа гэдэг юмыг юу ч хааж боож болдоггүйн нэгэн жишээ болов уу.

БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945.11.03- ны өдрийн 95 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Орхон Шаамар сумын харьяат ахлагч Загдын Аюушийг “Алтан гадас” одонгоор, дэслэгч Загдын Цэндийг “Байлдааны медаль”-иар тус тус шагнажээ. Түүн дээр Загдын хоёр хүүг Зөвлөлт, Монголын ялалтын медалиар шагнасан гэсэн тодорхойлолт ч Батлан Хамгаалахын Төв архивт хадгалаастай байна.

Ийнхүү эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан гавьяатай 1945 оны чөлөөлөх дайнд ах дүү хоёр оролцож, ирээдүй хойч үедээ мартагдашгүй, маргаж болохгүй үйлсийг бүтээсэн бөлгөө.

9-р морьт хорооны санхүүгийн дарга Загдын Цэнд, Танкийн 3-р хорооны механик жолооч Загдын Аюуш

Монгол цэрэг 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны хувьсгалаар тусгаар тогтнолоо байлдан олж авсан бол 1939 онд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан тэмцэж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсоноор тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Үүнд л ах дүү хоёрын алдар гавьяаны үнэ цэнэ оршино.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]