Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Жимээ, Шарав нар хэцүү чанга хүмүүс тул Чойбалсан баахан ширвээтэн эмээнэ"Уншсан8,889

Хорлоо хүний эхнэр болсонгүй, гэртээ байсаар хоёр хүү, хоёр охин төрүүлжээ.

Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН “БҮРЭН ЗОХИОЛ” дэд боть 1998 онд хэвлэгдсэн ба энэхүү номд орсон “Маршал Х.Чойбалсангийн бага нас” хэмээх бүлгийг уншигчдадаа хүргэж байна. Маршал Х.Чойбалсангийн бага насны тухай дурдатгалыг Ц.Дамдинсүрэн гуай дөчөөд онд бичсэн бололтой.


НЭГ

Монголын уудам тал нутаг нь малын сайхан бэлчээр тул Монголын малын олонх нь тэнд оршино. Дорнод Монголын тал нутагт Онон, Хэрлэн, Улз гэдэг мөрнүүд урсаж, хязгааргүй сайхан тал нутгийг усаар тэжээн элбэг тэгш болгоно.

Манай Монголын ард түмнийг гадаад дотоодын харгисуудын гараас салгаж, эрх чөлөөт шинэ Монгол улсыг тогтоон, бидэнд эрх жаргалыг олгосон баатар эр Сүхбаатар, Чойбалсан хоёрын уг нутаг далай мэт уужим талд хонь далд ором өндөр өвс, зөөлөн хонгор салхинд усны долгион мэт халиурч байдаг болно.

Энэхүү дэлгэр сайхан тал нутагт халх Монголын нүүдэлчин ардууд нутаглаж байна. Тал нутаг хэдийгээр уужим тэнэгэр боловч талын Монголчууд манж хятадын гарт гурван зуу шахам жил нухлагдан дарлагдаж бүгчимдэн зовж байсан. Талын чөлөөт амьсгал буддын шашны хар мананд ялагдсаар бас хэдэн зуун жил болов. Дэлхий дахинд нэр гарсан Монголчууд 19-р зууны үе болоход бурхан чөтгөр хоёроос өөр юм бодохгүй, мөргөх шүтэхээс өөр хөтөлбөргүй, залхуу буурай аймаг болж ирэв. “Монголын голомт унтрав. Монголчууд сөнөв” гэж дэлхий дахинд цуурхан бичдэг болов. Гэтэл тал нутагт гашуудлын дууныг баясгалангийн инээдмээр солих заяатай, Монголын голомтыг шинэтгэн сэргээх хувьтай нэгэн хүү 1895 онд Хэрлэнгийн цагаан талбай гэдэг газар байгаа өчүүхэн бор гэрт эмэгтэй Хорлоогоос төржээ. Энэ гэр болбол, одоогийн Дорнод аймгийн Очир-Баянмөнх сумын 5-р багийн бөгөөд тэр цагийн халхын Цэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн хошууны зүүн суврагачны отгийн огодог гэдэг Лхамжавын гэр байжээ. Энэ Лхамжав зүүн суврагачин гэдэг нэгэн гуулин сувраганд хамжлага болсон ардуудын тоонд орно.

Монголын феодалууд ард түмнийг хувийн өмч мэт жижиглэн хуваан авч байсан ба алчуур хадаг мэт бие биедээ бэлэглэн өгдөг байжээ. Бас хэтрээд Монголын ноёд, харъяат ардаа гууль зэс сувраганд хамжлага болгон өргөх болов. Ийм явдлын нэгэн баримттай гэрч нь суврагачин гэдэг отог болно. Монголын нүүдэлчин харц ард бүр хонь мал мэт цөм эзэдтэй байжээ. Олонх ардыг захирах эзэд нь хар шар феодал ноёд хүмүүс байв. Гэтэл энэ суврагачин отгийн эзэн нь гуулин суврага байна. Энэ суврагын гаралын тухай нутгийн ардын ярих нь “Урьд бэйс Сансрайдоржийн дээд үеийн нэгэн ноён нь Цэцэн ханы ойр төрлийн хүн байсан. Тэр ноён, Цэцэн ханаас тахих шүтээн гуйсанд гэгээн Цэцэн ханы хүүрийг түлж оршуулсан гэдэг нэгэн суврагыг өгчээ.

Үүний хамт тэр сувраганд тахил хүндлэлийг үйлдэж явах ардуудыг харъяат аймгийн олон хошуунаас хуваарилан гаргуулж өгчээ. Тэр ноён суврагыг харъяат ардын хамт хүлээн авч хошуундаа аваачаад өөрийн өргөөний дэргэд тусгай торгон бүрээстэй том гэрийг барьж, мөн алтан суврагыг агуулан шүтдэг болсон ба түүний элдэв хүндлэлийн зардлыг цөм суврагачин отгоос гаргуулдаг болжээ. Суврагачин отог нь алтан сувраганы тахил хүндлэлийн зардлыг гаргахаас гадна, тэр хошууны ардын адил элдэв албан үүргийг нэгэн адил хүлээх болсон тул нэгэн ёсны давхар дарлал хүлээх болов.

Суврагачны нэгэн отог нь өсөж баруун зүүн суврагачин гэдэг хоёр отог болов. Зүүн суврагачин отгийн Лхамжавын дээд өвөг нэгэн онгорхой шүдтэй хүн анх суврагын хамжлага болж ирсэн бөгөөд түүнээс үүссэн тавиад өрх айлыг цөм онгорхойнхон гэж нутгийн ард хэлж заншжээ.

Огодог Лхамжавын эцэг гурван хүүтэй, хоёр хүүхэнтэй байсан, ахмад хүү нь дээр дурдсан Лхамжав, хоёрдугаар хүү нь Мэнд, гуравдугаар нь эмэгтэй Хорлоо, дөрөвдүгээр нь эрэгтэй Жимээ, тавдугаар нь эмэгтэй Наран ийм таван хүү байжээ. Эд цөм нэгэн гэрт амьдран байтал дөрөвдүгээр хүү Жимээ гэргий авч өрх тусгаарлан аж төрсөн ба бусад дөрөв нь гэрийн дотор аж төрж явлаа. Онгорхойн үеэс эхлэн огодог хүртэл цөм гэр ядуу, мал цөөтэй явсан бөгөөд мөн Лхамжав эрэгтэй Жимээ нар анх баялаг айлд зарцлагдан амьдарч явжээ. Эд хэдийнээс нутгийн ардад сайн малчин нэртэй билээ. Байгаа хэдэн малаа сайтар арчилж өвс усыг тэнцүүлэн маллах тул бусдын царайг харж горьдохгүй амин тэжээлтэй болжээ. Ялангуяа энэ Лхамжав малын төлөө үнэхээр чармайдаг бөгөөд шөнө унтавч малыг зүүдэлдэг шударга томоотой малчин хүн байсан.

Лхамжав нүүрээ үл угаана. Учир нь түүний нүүрнээс хэзээд хөлс урсаж явдаг ба хэдэн алчуур өвөртөлж үргэлж арчиж байх тул түүний нүүр ямагт цэвэрхэн байна. Лхамжав гараа үргэлж угаадаг бөгөөд гараа үл угаахыг бузар хэрэг гэж цээрлэн үзнэ. Лхамжав, Мэнд, эмэгтэй Хорлоо, Наран нар нэг гэрт амьдарч байтал эмэгтэй Наран нэгэн нөхөртэй сууж тусгаарлан яваад дараа эрэгтэй нөхрөөс салж төрхөмдөө ирэхэд ах Лхамжав нар тусгай гэр бэлтгэн өгч аж төрүүлэв.

Үндсэн гэртээ үүрд оршиж байсан Хорлоо хүний эхнэр болсонгүй, гэртээ байсаар хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Түүний их хүү Шарав одоо 57 настай, түүний охин Наран одоо 53 настай Дорнодын тал нутагт энх мэнд аж төрж явна. Гуравдугаар хүүхэд эмэгтэй байсан боловч бага насандаа бие баржээ. Дөрөвдүгээр хүү Чойбалсан болно.

Чойбалсан, эхийнхээ нэрийг өөрийн нэртэй ямагт холбож дурсаж явахын тул эх Хорлоогийн нэрийг өөрийн овог болгож Хорлоогийн Чойбалсан гэнэ. Чойбалсан ах ба эгчийн хамт цөм бутач төрсөн хүүхэд ажээ. Бутач гэгч эхийг богтлон авсан буюу илэрсэн эцэггүй хүүхдийн нэр болно.

Хуучин эзэрхэг феодалын үед эмэгтэй хүн бусдын эхнэр болоогүй атал гэртээ бутач хүүхэд төрүүлбэл элэглэх шоовдорлох зэргээр хавчдаг байсан билээ. Иймийн тул бутач төрсөн хүүхдийг эх нь самуун садар нэр зүүхээс айж бусдад далдуур үрчлүүлдэг ба хэрэв авах эзэн эс олдвол хээрийн нүхэнд амьдаар хаяж үхүүлдэг удаа ч байжээ.

Эмэгтэй Хорлоо ийнхүү хүний эхнэр бололгүй хэдэн хүүхэд төрүүлсэндээ нэгдүгээрт олны зэмлэлээс ичиж, хоёрдугаарт дээд захиргаанаас байцаан асуухаас айж хоёр хүүг төрмөгц даруйд өсгөж өгнө үү гэж бусад хүнд гуйн өгчээ. Хоёр охиныг танил айлд бүрмөсөн үрчлүүлэн өгчээ. Иймийн тул хүү Чойбалсан тэр мөн нутгийн Бухан хүү гэгчийн эхийн гар дээр бойжиж өсөв. Энэхүү Бухан хүүгийн гэгч маш ядуулаг айл байсан ба Бухан хүү хожим их хүчтэй хүн болж наадамд барилдаж заан цолтой болоод Бухан заан гэж нэрлэгдэж явах болов.

Бухан хүүгийн эх, нялх Чойбалсанг энхрийлэн тэжээж гурван нас хүрмэгц эх Хорлоод эргүүлэн өгөв. Чойбалсанг эх нь эргүүлэн аваад эмэгтэй дүү Нарандаа үрчлүүлэн өгчээ.Чойбалсан мэдээ ормогц Бухан хүүгийн эхийн гар дээр гурван нас хүртлээ байснаа сонсож, түүнийг өндөр ээж гэж дуудаж ирж очиж явна. Чойбалсан эхийн дүү Наранд ийнхүү үрчлэгдсэн боловч Хорлоо, Наран нар үргэлж айл байдаг тул эх Хорлоог таньж хоёр гэрийн хооронд ээлжлэн явдаг байв. Мөн ахмад хүү Шаравыг эх Хорлоо эргүүлэн авч өөрийн гар дээр өсгөсөн ба огодог Лхамжавыг нас бармагц түүний өрхийн тэргүүлэгч болгожээ.


ХОЁР

Чойбалсангийн эх Хорлоо өндөр гуалиг биетэй, улаавтар царайтай, нүд шүд сайхантай, нэлээд цэвэрхэн хүүхэн байжээ. Энэхүү Хорлоо энгийн цагт даалимба ба чисчүү гадартай тэрлэг буюу хонины үзүүрсэг ба хурган дотортой дээл өмсөнө. Баяр наадмаар шинэ чисчүү дээл өмсөнө. Ажил сайтай, төв шударга зантай бөгөөд хүүхдээ сайн ажилч малч хүн болгохыг ямагт оролдоно. Хүү Чойбалсанг сайн малчин болгохын тул ямагт сурган хэлэх боловч занчих удаа төдий л тохиолддоггүй. Хүү Чойбалсан Бухан хүүгийн эх ба, эгч Нарангийн гар дээр өссөн боловч эх Хорлоогийн янаг сэтгэлийн халамж нь нарны гэрэл мэт хүрэлцэн очсоор байна. Чойбалсангийн бага цагт түүний гэр хориод адуу, гучаад үхэр, хоёр зуу гаруй хонь ямаатай байжээ.

Бяцхан Чойбалсан, Хэрлэн мөрөнд хонь хургаа авчирч услаад таана, хиаг, хялгана, агь зэргийн шимтэй нарийн өвс ургасан цагаан талбай, Төхөм зэргийн тал нутагт бэлчээрлүүлэн явна. Мөн Хэрлэнгийн хөвөөнд байгаа Гурван баян гэдэг нүцгэн уулын орой дээр гарч уужим тал нутаг ба түүнд бэлчээрлэсэн олон сүрэг малыг ажиглан сонирхоно. Гурван баяны орчим ой модгүй боловч, хойд зүг зуу гаруй километр явбал сая ой модны захад хүрнэ.

Чойбалсангийн гэрийн нутаглаж байдаг Гурван баян ба түүний энгэрийн Цагаан талбай болбол одоогийн Чойбалсан хотоос зүүн тийш зуу шахам километрийн цаана оршино.Тэнд өвс ургац сайтай бөгөөд их зуд болохгүй тул мал хохирох нь цөөн. Чоно ганцаар буюу бүлэглэн явж малыг иддэг ба түүнийг агнах боловч төдий л хорогдох төлөвгүй. Энэ нутагт цагаан зээр, үнэг,  хярс зэргийн ан үлэмж бий.

Чойбалсангийн гэр хааяа Утаат гэдэг газар очиж нутаглана. Утаат гэдэг нутгийн газар доороос үргэлж халуун уур утаа бургилан савсаж байдаг тул Утаат гэж нэрлэжээ. Бяцхан Чойбалсан энэ газрын утаа униарыг ихэд сонирхон ажигладаг байв.

Чойбалсанг дүрсгүй авир гаргавал эх Хорлоо, авга ах Жимээ, төрсөн ах Шарав нар аашлан загнана. Ах Шарав залуудаа дүү Чойбалсантай адилавтар энгийн бүдүүлэг төлөвтэй боловч хувцсандаа гамтай бөгөөд хувцсаа ямагт хиргүй цэвэрхнээр өмсөнө. Тэр үргэлж малыг дагаж арчлан үржүүлэхийг гол болгох ба өөрөө ажилд шаламгай тул зүгээр суух хүнийг жигшин үзнэ. Гэрт байвал тогоо барих, мал саах зэрэг ажлыг хийнэ. Мөн олон үг чалчихгүй, эрс шударга хүн болно. Ах Шарав дүү Чойбалсанг өөрийн адил томоотой сайн малч болгохыг оролдоно.

Гэвч үргэлж олон үг яншаад байхгүй, ганц хоёр оновчтой үгийг хэлж сургана. Түүний үгийг эс хайхарвал заримдаа бага сага зодох байдал үзүүлнэ. Ерөнхийдөө Жимээ, Шарав нар нэгэн адил хэцүү чанга хүмүүс тул Чойбалсан баахан ширвээтэн эмээнэ.

Чойбалсан ямагт тэдний үгийг дагаж тэднээс эмээж сурсан тул саяхан болтол ах Шаравын дэргэд тамхи татахгүй, элдэв үгийг эрээгүй ярьдаггүй байжээ. Бүр сүүлийн үед тамхийг илчилж татахаар болоход ам нь эвсэхгүй нүүр нь улайж аягүй мэт байсан гэнэ.

Бяцхан Чойбалсан үеийн хүүхэдтэй төдий л тоглохгүй, ганцаар наадах дуртай байсан ба нэлээд хэрсүү мэт байтлаа заримдаа маш дүрсгүй мэт авир гаргана. Үеийн хүүхэдтэй учирвал тоглохын далимд шоглох буюу хувцсыг хааяа урна. Арваад нас хүрэхэд Чойбалсангийн дүрсгүй нь улам нэмэгдэж, үеийн хүүхэд байтугай, гэртээ ирсэн зочдыг хүртэл шоглох болов.

Заримдаа эхийн зүү утсыг хулгайлан аваад гэрт сууж байгаа буюу унтаж байгаа хүмүүсийн хормойг сэмхэн ширдэгтэй нийлүүлэн оёж орхино. Тэр хүн босох гээд хойш татагдаж унана. Заримдаа гадны хүмүүсийн морины буруу талын дөрөөнд үхрийн нойтон баас шавж тавих учир тэр хүн буруу талынхаа дөрөөгөө дөрөөлөх гэж хөлөөр тэмтчихэд Чойбалсан ихэд инээж зугтан одно. Заримдаа хулс буюу бургасаар бяцхан хавчаахай нум хийдэг байв. Чойбалсан энэ хавчаахай нум сумаар хулгана зурам алдалгүй харваж сурав. Ан агнахыг маш дурлах боловч хавчаахай нум нь түүний хүслийг хангаж чадахгүй тул цэнэгтэй буу олохыг оролдоно. Гэвч хүн цэнэгтэй буугаа түүнд өгөхгүй болоход ойр хавийн анч хүний бууг сэмхэн авч оролдож байгаад гэнэдэж буудсан удаа хэд гарсан боловч буугийн амыг болгоомжлон амьтангүй зүгт хандуулж байсан тул ямар ч хорлол хүргэсэнгүй. Сүүлдээ Чойбалсан, еэвэн зэргийн боовыг гэрээс хулгайлан авч зарим анч өвгөдөд өгөөд бууг гуйж аваад ан амьтан буюу байг буудаж боловсорно. Ийнхүү хээр газар өөрийн дураар аль харагдсан амьтныг буудаж явахад хэн ч хориглохгүй. Ганцхүү эх Хорлоо амьтан алахыг цээрлэх хэрэгтэй гэж үргэлж хориглоно.

Хүү Чойбалсанг лам болгохыг эх Хорлоо хүсдэг байжээ. Гэвч хүү Чойбалсангийн авъяас харвах буудах явдалд чиглэж хээрийн чөлөөт амьсгалд дурлана.

Чойбалсан багаасаа моринд чадамгай, ажилд гавшгай бөгөөд 4-5 наснаас хонь хургаа хариулж эхэлсэн ба 6-7 насанд морь унаж сураад анх наадмын үрээ даагыг унаж, дараа нь наадмын их насны морийг унах болжээ.

Эх Хорлоо хоол унд хийж, мал саах, хувцас оёх, гэрийг засах зэрэг их ажлыг хийнэ. Эхийн энэ бүхий хүнд ажлыг хөнгөвчлөхийн тул хүү Чойбалсан хонь мал сааж туслалцана. Малыг сайнаар маллах өөрийн өвгөдийн заншлыг уламжилж хонь малыг сайтар арчлан хариулна.

Чойбалсан хааяа “Боов өгөхгүй болбол малыг гуядан хөөж таргыг барагдуулна. Тоос манан таттал хөөнө” гэж хэлэх боловч чухамдаа тэгэж хөөж чадахгүй хонио хайрлана.

Хэрэв бусад хонь хариулсан хүүхэд хонийг хамаагүй авчирч нийлүүлбэл бяцхан Чойбалсан машид уурсаж тэр хүүхдийг занчих буюу ноцолдох зэргээр залхаана. Иймд зарим хүүхдийн эцэг эх нь огодогийн чоно хүүхэд шоглоод болохгүй гэдэг байв. Чойбалсан багадаа чоно гэдэг хоч нэртэй болжээ.

Нутгийн хүмүүс Чойбалсанд чоно гэдэг нэр өгсөн нь түүнийг дан муутгасан үг бус, харин түүний сэргэлэн гавшгай ба шогч байдлыг хамтад илчилж дотночлон өгсөн нэр болно.

Монголчуудын заншил нь хүүхдийг бага насанд хэтэрхий гоёж чимэглэвэл дээл өмсөх тоо хоргодох ба буян заяа хомсдоно гэдэг билээ. Иймийн тул баялаг айл боловч хүүхдүүдээ гоёхгүй, зун болбол даалимбан тэрлэг, өвөл бол хөдсөн дээл гол төлөв өмсгөнө. Мөн энэ заншлын ёсоор бяцхан Чойбалсанг эх ба ах нь зуны цагт уранхай даалимбан тэрлэгтэй буюу цагаан хөх өнгийн ямбуу цамц өмдтэй явуулах ба өвлийн цагт хөдсөн дээл өмсгөнө. Шинэ дээлийг ганцхүү цагаан сар, цам ба наадмыг тохиолдуулан хийж өгнө. Чойбалсан шинэ хувцсаа гамнахыг мэдэхгүй даруй хуучруулна. Гэвч халуун хүйтний улиралд хувцастай хувцасгүйгээр хамаагүй явж чадах тэсвэртэй байжээ. Чойбалсангийн ах эгч нарын ярих нь: “Манай Чойбалсан багадаа бяцхан халтар бор биедээ уранхай дээл өмсөж оготор шилбүүр барьж хөл нүцгэнээр огодгонон дэгдгэнэн гүйж хонь хургыг тас няс шавхуурдан, тоос манаруулан хурааж ирдэг ба гүйн харайн тоглож явдаг хөнгөн гавшгай хүү байсан” гэнэ. Чойбалсан үнэхээр цог жавхлантай бөгөөд зэгзгэр гоё нарийхан биетэй цайвар царайтай гялалзсан хурц нүдтэй хүү байжээ. Түүнийг хурц билэгтэй сэргэлэн авъяастай цовоо чадамгай хүүхэд гэж нутгийн хүмүүс хэлэлцэнэ.

Гэтэл энэ хүүгийн дэлгэрч байгаа цэцэг мэт ариун ухааныг буддын шашны мананд бүрхүүлэх аюул тулгарав. Чойбалсанг арав гаруй нас хүрэхэд эх ах хоёр нь нутгийн нэгэн ламыг урьж төвд номыг заалгаж эхлэв. Чойбалсангийн оюун сэргэлэн тул номыг амархан тогтоож чадах боловч гадаад төвд хэл дээр байгаа номыг учрыг мэдэхгүйгээр цээжлэх нь ямар ч сонирхолгүй санагдаж төвд номд дургүй болжээ. Үүнээс бурхны номд дургүйцэв гэж багш нь зодох болов.

Хоёрдугаар хэсэг: “Огодогийн чоно явж байна, яагаад энд ирэв?“

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]