Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Стивен Хокингийн сонирхолтой хариултуудУншсан5,262

Бурхан байдаг ч байж болно, гол нь огторгуй лав түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн гэдэг нь л чухал.

Их Британийн суут физикч, манай цаг үеийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг Стивен Уильям Хокинг өчигдөр 76 насандаа таалал төгссөн билээ. Бичсэн номууд хийгээд нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний одонг хүртсэн юм.

 

Хокинг 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Энэ бол Исаак Ньютоноос хойш цөөн тооны агуу их эрдэмтэд хашиж ирсэн томоохон албан тушаал юм.

Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.

Тэрээр мэдрэл-булчингийн дистрофи өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон ч програмын тусламжтайгаар дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлсээр байсан юм.


Стивен Хокинг: Гал асаахад, алхахад, инээхэд ямар ч бурхан биш чи өөрөө л өөртөө тусалдаг гэдгийг л ойлгочих

 

Марс бол манай дэлхийтэй хамгийн их төстэй бөгөөд ойрхон, элстэй, агаар мандалтай гариг. Ойрын 100 жилийн дотор хүн төрөлхтөн Марс дээр амьдардаг болно гэдэгт би эргэлздэггүй. 

Би өөрийгөө нийгмээс тусгаарлагдаж, ганцаардал дундаа өтөлж яваа хүн гэж хэлэхгүй. Бас эрэмдэг амьтан ч биш. Би бол зарим хүн өнгө ялгаж чаддаггүйтэй адил зарим нэг мэдрэлийн эс нь ажиллахаа больсон л хүн.

Азаар би хар багын сайн ярьж, бусдыг итгүүлэхдээ гаргуун. Ямар нэг сэдвээр маргаан, мэтгэлцээн хийж байвал би бүгдийг, бүр эсрэг талаа ч итгэтэл сэнхрүүлэх чадвартай. Үүнийгээ би их үнэлдэг юм. Миний нээлт, санаанууд үнэхээр гойд байлаа ч бусдад хүргэж, илэрхийлж чадахгүй бол юу ч биш болоод л дуусна.

Физикийн шинжлэх ухааны гүн рүү орох сайхан, гэвч хүйтэн. Хүйтэн гэдэг нь ямар ч сэтгэл хөдлөлгүй бодис, материудтай харилцдагийг нь хэлж байна.

Азаар бие эрхтэний гажгийг минь үл хэрэгсэж, намайг үнэнчээр хайрлаж, халуун дулаан энерги өгдөг хүмүүс эргэн тойронд маань бишгүй. Харин физикээс өөр гэвэл би хөгжим сонсох дуртай.

Эмч миний амийг аварсан ч, би ярьж чадахгүй болсон байсан. Судалгаа хийхэд угаас ярих шаардлагагүй. Харин хуралд оролцох, илтгэл тавих зэрэгт л тун хэцүү. Хүмүүс аманд маань чихээ нааж байж л миний яриаг бүдэг бадаг ойлгохоор тийм дордсон. Энэ үед би ярих зүйлээ цааснаа хэвлэж тараагаад, бас хэлмэрч ашигладаг байсан.

Би сансарт нисэхийг мөрөөддөг. Олон жилийн туршид энэ бол ердөө л мөрөөдөл гэж боддог байсан. Энэ дэлхий дээр тэргэнцэрт хадагдсан болохоор сансрын гайхамшгийг өөрийн төсөөлөл болон физикийн онолоор дамжуулан мэдэрнэ гэж боддог байлаа.

Уолт Волтос найзын маань хадам ээж миний нэгэн адил ярьж чадахаа байгаад, тэр түүнд зориулж шинэ программ зохиосон юм билээ. Ярих үгээ текст болгон бичээд программд оруулмагц тэдгээрийг нь дуу цацруулагч руу дамжуулж, автомат машин яриа болгон хөрвүүлнэ гэсэн үг. Түүнийгээ надад ч бас зориулсан.

Оксфордод заадаг хичээлүүдэд хэтэрхий амархан зүйлийг дэндүү олон цаг тайлбарлаж ярьсаар биднийг залхаадаг байв. Би жишээ нь, лекцэнд ер суудаггүй, хааяа нэг давтлагад очвол очно. Чи бүх тооны хариуг гаргаж цаг алдах хэрэггүй, ердөө гол томъёог нь л цээжилчих гэсэн афоризм өөртөө дэвшүүлээд, түүндээ итгэж явлаа.

Насгүй болж дээ гэж бодож байсан ч, би нэг их харамсаагүй. Харин үлдсэн амьдрал маань докторын ажлаа дуусгахад хүрэлцэх болов уу гэдэгт л эргэлзэж байлаа.

Эмчилгээ хийсний дүнд амь насаар холуур өнгөрсөн ч суумгай, гажиг нэгэн болно гэдгээ бол мэдсэн. Тэгмэгц шаналж хэвтэхийн оронд миний цаг хугацаа зогстол судалгаагаа хийе гэж шийдсэн. Учир нь, хар нүх цацраг ялгаруулдаг эсэх, цаг хугацаагаар аялах боломж бий юү гэх асуултын хариуг мэдэх нь надад бүхнээс илүү санагдаж байсан л даа.

Намайг түлхсэн нэг хүчин зүйл нь үхэлтэй ойрхон тулсан үеийн мэдрэмж. Амьдралыг маань илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулсан гэвэл онох байх.

Цаг хугацааны товч түүхийг хэвлүүлэхдээ бестселлер болж, маш их мөнгө над руу цутгах тухай бодоогүй. Хүмүүс шинжлэх ухааны номыг ингэтэл сонирхоно гэж ч төсөөлөөгүй. Нэгд энэ номыг бичих нь миний зорилго, хоёрт, надад зугаатай санагдсан. 25 жил судалж, учрыг нь арайхийн ойлгосон зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэндээ л энэ номыг хэвлүүлсэн юм аа.

Хэрэв тэд залхууралгүйгээр 29 дэх хуудас хүртэл уншвал цааш заавал уншиж дуусгах байх. 29 дэх хуудсыг давж, номыг маань дуустал уншсан хүмүүс надтай уулзаж, баяр хүргэсээр л байгаа.

Гал асаахад, алхахад, инээхэд ямар ч бурхан биш чи өөрөө л өөртөө тусалдаг гэдгийг л ойлгочих.

Асар их татах хүч бүхий хар нүхэнд гэрэл хүртэл баригдаж, орон зай мурийж, цаг хугацаа гажууддаг. Бид хар нүхний гадна оршиж байгаа ч огторгуйн дотор нь байна. Тэгэхээр хэзээ нэгэн цагт хар нүхтэй дайралдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

Надад хамгийн тохиромжтой дүр бол Жеймс Бондын хорон санаатан. Яагаад гэвэл, миний тэргэнцэр болон компьютерийн дуу хоолой тийм дүрд төгс тохирно гэж бодож байна.

Би огторгуйн их тэсрэлтийн улмаас ертөнц дэлхий үүсэж бий болсон гэдэгт итгэдэг. Өөрийн судалгаагаар ч үүнийг батлахыг хичээж буй. Ямартай ч огторгуй физикийн хуулиар бий болсон бөгөөд үүнд эхлэл, бас төгсгөл гэж байхгүй. Хэн нэг бурхан дураараа бүхнийг бүтээгээд, хоосон дунд гариг, эрхсийг шидээд, тогтоочихоогүй гэсэн үг.

Бурхан байдаг ч байж болно, гол нь огторгуй лав түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн гэдэг нь л чухал.

Хайр, итгэл, ёс суртахуун гэдэг нь физикийн өөр салбарт хамаарах зүйл. Физикийн хуулиар хүнд хайр, итгэл, ёс суртахуун гэгч нь бий болсон гэх дүгнэлт гаргаж болохгүй.

Миний бүх судалгааны ажлын эцсийн зорилго бол ертөнцийг бурхан гэж өөрийгөө нэрлэсэн дураараа авирлагчийн хүсэл сонирхлоор бүтсэн гэдэгт битгий итгээсэй гэдэгт л чиглэж байгаа.

Хэрэв бурхан гэж байдаг юм бол, байдагт нь та итгэдэг бол яагаад энэ асуултаа надаас биш түүнээс асууж болохгүй гэж?

Биологийн хувьслаар хязгаарлагдсан хүмүүс хиймэл оюунтай өрсөлдөж чадахгүй, тэдний өмнө хүчин мөхсдөнө. Тиймээс би “Хиймэл оюуныг бүрэн хөгжүүлэх нь хүн төрөлхтний мөхлийг дуудна” гэж сануулж байна.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 19. 22:13
МОНГОЛ ЯЛНА

ТЭНЭГ ПИЗДА!!!

2018, 7 сар 3. 14:14
Зочин

chi setgetsiin uvchtei novsh uu yalj baisan yalahch bolno

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]