Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ж.Самбуу: "Дэлхий дэлгэрэхээр болчихно доо"Уншсан23,097

Монгол Улсын гавьяат хуульч, доктор Ш.Сүхбаатарын "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээх нэгэн сайхан ном байдаг. Доктор Ш.Сүхбаатар номынхоо тухай, Монгол төрийн мэргэн өвөө болсон Ж.Самбуу гуайн тухай хэрхэн хуучилсныг та бүхэндээ сонирхуулья.

Монгол Улсын гавьяат хуульч, доктор Ш.Сүхбаатарын "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээх нэгэн сайхан ном байдаг. Доктор Ш.Сүхбаатар номынхоо тухай, Монгол төрийн мэргэн өвөө болсон Ж.Самбуу гуайн тухай хэрхэн хуучилсныг та бүхэндээ сонирхуулья.


Ш.Сүхбаатар: Юмыг түргэн түүхий бодож шийддэггүй зан чанар нь хожим хойно төрийн хэрэг залгуулахад өөрт нь төдийгүй дэргэд нь байдаг хүмүүст нөлөөлсөн

Ж.Самбуу гуай бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд 1895 онд төрсөн. Аав нь Маам зурхайч гэж хошуу нутагтаа алдартай мэргэн хүнд очиж хүүгийнхээ заяа төөргийг үзүүлэхэд тэр хүн толгой сэгсрээд “Хачин юм аа, харцын гэрт хаан хүн төрөх гэж байдаг аа, мэргэ төөрлөө” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Үнэхээр тэр мэргэн зурхайчийн мэргэ төөрөөгүй юм. Хожим хойно Монгол төрийн тэргүүн болж, тухайн үеийн Ардын Их хурлын тэргүүлэгчдийн даргын өндөр албыг 1954-1972 оны хооронд н а с а н  ө ө д болтлоо хашсан хүн юм.

Жамсрангийн Самбуу 1895 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэндэлсэн. Дугарсүрэн гэж бичээчид шавь ороод монгол үсэг бичиг үзэж, тэр үеийн хүүхдийн боловсрол яаж ордог байсан тэр замаар явсан. 1912 оноос Нийслэл хүрээн дэх өртөөнд улаа нэхэж явсан. 17 настайгаасаа улаа нэхэж явж. Тэр үеийн улаа гэдэг бол 30 километр газар шуудангийн үүргээ гүйцэтгэдэг ажил байж. 1921 онд Түшээт хан аймгийн нутгаар Алтанбулаг одоогийн Хиагтаас хөөгдсөн гамин цэргийг у с т г а х ажилд Бадрахын отрядад элсэн ороод хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан юм байна лээ.

1922 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээч гэж ажилд анх орсон. Дараа нь Дундговь аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд намын үүрт элссэн. 1923 онд Сангийн яамны гуравдугаар зэргийн нягтлан бодох түшмэл болж ажиллаж байсан. Долоон сараас нь Намын гуравдугаар Их хурал хуралдахад Богд хан уулын аймгийн намын Бага хурлаас Их хуралд төлөөлөгчөөр оролцож төрийн ажилд орох үүд хаалгаа нээсэн юм байна. 1926 он гэхэд Сангийн яамны тэргүүн зэргийн нягтлан бодох түшмэл болсон. 1928 онд эрхэлсэн түшмэл. 1929 онд феодалын хөрөнгө хураах ажлаар Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт очиж ажиллаж байсан. 1930 онд Богд хан уулын аймаг гэж одоогийн Төв аймгийн даргаар сонгогдоод 1931 онд Өмнөговь аймаг шинээр байгуулагдахад Дундговь аймгийн нутаг Дэлгэрхангай уулын хошуунаас 260 тэмээ ачаатай очиж Өмнөговь аймгийн шавийг тавьж, байгуулалцаж явсан. Тэгэхдээ С.Зоригийн өвөг эцэг Симуков Дамдинсүрэн гуайтай цуг Өмнөговь аймгийн анхны шавыг тавьж байгуулж байсан.

1932 онд бас аймгийнхаа шүүхийн дарга хийж байсан. 1934 онд намын есдүгээр Их хуралд төлөөлөгчөөр Өмнөговь аймгаасаа сонгогдоод Улаанбаатар хотод орж ирж. Ингээд буцалгүй 11 сард нь Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байгаа юм. 1937 оноос ЗХУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, дайны хүнд бэрх цаг үед Зөвлөлтөд байсан. Эх орондоо буцаагүй тоотой хэдэн орны Элчин сайдын нэг байж байгаад 1946 онд есөн жил элчингээр ажиллаад нутагтаа буцаж Гадаад явдлын яамны дорнод хэлтсийн даргаар томилогдсон. 1950 он гэхэд намын шинэ хүчний дээд сургууль төгсөөд, 1950 оны таван сарын 23-ны өдөр БНМАУ-аас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Тэр үед Солонгост дайны хүнд хэцүү цаг байсан, гэсэн ч тэндээ л албан үүргээ хашсан. Дайн байлдаан гэдгийг юу байдаг болохыг Орост есөн жил, биеэрээ мэдэрсэн хүний хувьд Солонгосын дайны үед явахгүй ээ гэж хэлж болохоор байсан боловч энэ хүн явж байсан. Эх орон, ард түмэн ямар даалгавар өгнө, тэр даалгаврыг нь нэр төртэй биелүүлж ирсэн хүн юм аа гэж хэлж болохоор байгаа юм. Солонгост элчин сайдаар ажиллаж байгаад 1951 оны есдүгээр сард Гадаад яамны орлогч сайдын албанд томилогдсон.

1951 оны зургаан сарын 10-нд Ардын Их хурлын анхдугаар удаагийн сонгууль болж депутатаар сонгогдсон юм байна лээ. Улмаар Гадаад яамны орлогч сайд болсон, 1952 онд 9 сард Цэдэнбал даргын бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчдийг Сталин Москвад хүлээж авахад Ж.Самбуу тэнд оролцож байсан. Энэ далимд хэлэхэд ер нь оросууд Ж.Самбуу гуайд маш их хүндэтгэлтэй ханддаг. Дайны үед туслаж дэмжсэн ажлыг монголчууддаа гол зохион байгуулсан хүн, мөн дайны үед хаяж яваагүй нутаг оронд нь өөрсөдтэй нь хамт байсан ийм эрхэм хүн гэж үздэг учраас.

Тэр хүндэтгэл нь хожим хойно хүртэл явдаг. Жишээлбэл 1958 онд Монголын Элчин сайдын яам Москвагийн яг төвд ашиглалтад ороход Ж.Самбуу гуайн нэрээр газар олгож байсан юм байна лээ. Хожим хойно төрийн их өргөө гэж ордон дотор барьсан. Тэр өргөөний дотор талын хөшиг гэж их сайхан хөшиг хийх болоход үүнийг энэтхэгчүүдээр хийлгэе гээд олон газар явж л дээ. Үнэ мөнгө нь дийлдэхгүй байхаар солонгосчуудад хандаж. Тэгсэн солонгосчууд юу гэж хэлсэн гэхээр танай Ж.Самбуу гуай манайд их сайхан хандаж, тус нэмэр болж байсан. Хүнд үед манай 200 хүүхдийг Төв аймгийн Алтанбулаг суманд авчирч сургаж хүмүүжүүлж байв. Мөн Монголоос найман удаагийн тусламжийн цувааг ирүүлсэн гэж хэлж байж. Ингээд Ж.Самбуу гуайн тэр буяныг бодож Солонгосоос маш хямдхан үнээр уран хатгамал оёдол хийж явуулж Монголын төрийн хүндэтгэлийн өргөөний дотор байх тэр хөшгийг хийж өгсөн түүхтэй.

1954 оны зургаан сарын 13-нд АИХ-ыг сонгох хоёр дахь удаагийн сонгууль болоход депутатаар сонгогдож, 7 сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын сонгуулийн анхдугаар чуулганаас Ж.Самбуу гуайг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар сонгосон. Бумцэнд гуай т а а л а л болж, төрийн тэргүүн залгамжилж суусан хүн бол Ж.Самбуу гуай юм. Ингээд 1972 он хүртэл 18 жил АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүн байгаа юм.

Ж.Самбуу гуайн тухай манай нутгийн ард түмэн маш олон, сонин хачин, домог түүх ярьдаг. Ер нь одоо ингээд бодож байхад Ринчэн Бямба гуай, Ц.Дамдинсүрэн гуай ч гэдэг юм уу, Дандар баатар ч гэдэг юм уу, ийм Монголын ард түмэнд домог түүх болчихсон хүмүүсийн талаар л ард түмний дунд ам дамжсан домог явдаг. Ж.Самбуу гуайн тухай ч гэсэн ийм домог яриа маш их ярьдаг. Жишээ нь Ж.Самбуу гуай, АИХ-ын дарга болчихоод нутгаараа ирсэн, бараа болооч хамгаалалтынхан гээд улсуудтай. Тэгсэн чинь манай нутагт их ууртай Туваан гэж хүн байсан юм. Туваан гуайнх гүүгээ барьж байсан чинь хажуугаар нь нөгөө нөгөө дөрвөн фордтой улсууд тоос татуулж давхихад гүү нь үргэж унагаа авахгүй с ү й д болж л дээ. Тэгсэн Туваан гуай уурлаж шороо аваад ц а ц а ж байжээ. Тэрийг хамгаалалтынхан нь харчихаад энэ ер нь яасан хүн бэ гэхэд Ж.Самбуу гуай "Та нар малчин айлын хотоос холуур аяар явж бай, энэ хүний буруу биш ээ" гэж хэлж байсан.

Тэгээд "Шороо цацаад л, Туваан л байх даа" гэж аажуухан хэлж байсан гэдэг. Ж.Самбуу гуайн эцэг эх, ах дүүс, удам судар нь тайван амгалан, алсын их бодолтой хүмүүс байсан. Тэр зан чанар Ж.Самбуу гуайн амьдралын том туршлага болж ирсэн юм байна лээ. Тийм учраас аливаа асуудалд голч ноён нуруутай, юмыг түргэн түүхий бодож шийддэггүй, тэр зан чанар нь хожим хойно төрийн хэрэг залгуулахад өөрт нь төдийгүй дэргэд нь байдаг, шийдвэр гаргадаг Ю.Цэдэнбал гуайд ч юм уу, тэр үеийн Улс төрийн товчооныхонд нөлөөлж байсан гэдэг.

Мэргэн гэдэг үг бол Ж.Самбуу гуайг таалал болоход Ю.Цэдэнбал даргын хэлсэн үг. Хорлоогийн Чойбалсан маршал 1949 онд нам улсын хариуцлагатнуудыг цуглуулаад хурал хийсэн юм байна лээ. Тэгээд "Энэ Ж.Самбуу Москвад олон жил ажиллахдаа барьж явсан хоёр чемодантайгаа л буцаж ирлээ. Гэтэл манай зарим хүүхэд хэдхэн хоноод ирэхдээ хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирж байна аа. Ер нь төрийн хэргийг залгуулж байгаа та нар эдийн талаар элчин Самбуу шиг бай" гэсэн үг хэлж байсан. Энэ нь 1949 онд хэлсэн тэр протоколд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

1946 онд Самбуу гуайг буцах үед хэлсэн Сталины үгийг би Оросын архиваас үзэж байсан, БНМАУ, ЗХУ-ын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд элчин сайд Самбуугийн оруулсан хувь нэмэр их ээ гэж Сталин үнэлж байсан юм байна лээ. Ким Ир Сен бол Самбуу гуайд их хүндэтгэлтэй ханддаг, хүлээж авч уулздаг. Энэ баримтууд нь ч байдаг. Би мөрөөр нь явж Солонгост очиж, Ж.Самбуу гуайн явж байсан газар орноор нь орсон, Орост ч гэсэн тэгж явж байсан.

1988 онд Ким Ир Сен Монголд айлчлахдаа Ж.Батмөнх даргаас "Ж.Самбуу гуайн хүүхдүүд хаана байна, уулзах сан" гэж хэлж байсан гэдэг. Ж.Самбуу гуайн нэг онцлог бол хөдөө их явдаг, малчин ардынхаа амьдрал ахуйтай танилцдаг. Уулзаж учирч байсан хүмүүс нь "Ж.Самбуу гуай их сайхан ярьдаг, зарим дарга нар мэнд амараа яаж эрэхээ ч мэдэхгүй байхад Ж.Самбаа гуай бол их сайхан, мэндэлж байгаа нь хүртэл их сайхан аажуухан, тэгээд үгээрээ малчин хүний амьдрал ахуй руу доторлож ордог" гэдэг байв.

Жишээлбэл Дундговь аймагт явж байсан чинь нэг өвгөн таарчээ. Ж.Самбуу гуайн нэг онцлог бэлдчихсэн зохион байгуулсан айлаар ордоггүй. Хэнийд ч хамаагүй буучихдаг. Нөгөө хүн нь настайвтархан хүн, нэлээн мал нь  х о р о г д ч и х с о н  өөрөө жаахан тааруухан, хэцүүхэн байсан юм байна. Гэр орон нь ч тааруухан байсан гэж байгаа. Тэгээд тэр хүн дээр очоод Ж.Самбуу гуай их сайхан уужруулж, за яах вэ урин цаг ирж дэлхий дэлгэрэхээр болчихно доо гээд дөрвөн ханатай гэр нэгдлээс нь олгуулжээ. Тэгээд сүүлд нь нэг сураг сонссон чинь нөгөө гэрийг нь нэгдэл нь буцааж авна гэж байна гэнэ. Ж.Самбуу гуай тэрийг дуулчихаад өө, би мөнгийг нь өгчихье өө, тэр хүнээс гэрийг нь битгий аваарай гэж байж. Ж.Самбуу гуайн тэр буянаар нөгөө малчин нь мал аж ахуйгаа сайн болгоод их сайн малчин болж сум орондоо их нэр хүндтэй хүн болсон гэж дуулж энэ номдоо бичиж байсан юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 4. 3:27
Ганаа

Оросуудын алаагүй цөөхөн сэхээтний нэг дээ хөөрхий минь.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]