Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

PQ-17 цуваа (1-р хэсэг): "Морины нүүдэл" ажиллагааУншсан5,029

Цаашдын үйл явдлаас авч үзэхэд Германы шугамын хөлөг “Тирпиц” задгай тэнгист гарах эсэх мэдээлэл нь батлагдаагүй байсан бололтой.

Хөрвүүлсэн Г.Дашнамжил


PQ-17 ЦУВАА: 1-Р ХЭСЭГ

 

Дэлхийн II дайны үеэр Арктикийн тэнгис орчмоор АНУ, Их Британи, Канадаас ЗХУ руу 1942 оны 6-р сарын 27-ны өдөр хөвж асан стратегийн чухал ач холбогдол бүхий цэргийн техникийн тусламжийн ачаа ачсан цуваа болох PQ-17 ихээхэн хохирол амссан түүх бий. Цувааны бүрэлдэхүүнд 37 тээврийн хөлөг багтаж, түүнийг Холбоотнуудын хэд хэдэн тэнгисийн цэргийн халхлах групп дагалдаж байв. Адмирал Жон Брумын командлалд багтах хамгаалах группт Британийн эсминец, агаарын довтолгооноос хамгаалах хөлгүүд, зэвсэглэсэн хөнгөн онгоцууд, мина цэвэрлэгч завинууд багтаж байв. Энэ групп дээр Британи, Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хоёр шугамын хөлөг, крейсер хөлөг онгоцны бүлгүүд бүхий адмирал Луйс Хамильтоны командалсан томоохон эскадраар хүч нэмэгдүүлсэн байлаа. Тэднийг амдан устгахаар Германы тэнгисийн цэргийн хүчин “Морины нүүдэл”(германаар Rösselsprung) хэмээх нэршилтэй ажиллагаанд бэлтгэж байв. Төлөвлөгөөний дагуу цувааг Германы усан дээрх ба усан доогуурх флот, нисэх хүчний хамтарсан цохилтоор устгахаар тусгагдсан байна.

Цувааг дагалдах адмирал Хамильтоны командалсан крейсер хөлгүүдийн групп Баавгайн арлуудын орчмын уртрагт цуваанаас салах ёстой байсан авч цаашлан хөвсөн ба 1942 оны 7-р сарын 4-нд Британийн Тэнгисийн цэргийн яамны сайд лорд Дадли Паундаас ирсэн “Цуваанаас сал!” тушаалын дагуу задгай тэнгист гарсан Германы шугамын хөлөг “Тирпиц”-ээр толгойлуулсан бүлгийн дайралтаас сэргийлэн баруун зүгт салж хөвсөн аж.

Цаашдын үйл явдлаас авч үзэхэд Германы шугамын хөлөг “Тирпиц” задгай тэнгист гарах эсэх мэдээлэл нь батлагдаагүй байсан бололтой. Улмаар Зөвлөлтийн Архангельск руу ямар ч хамгаалалтгүй хөвж буй цуваа Германы нисэх хүчин, шумбагч завинуудад хөнгөн олз болсон юм.

 

Ленд-лиз ба Арктикийн цуваа

1941 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд байгуулсан Москвагийн хэлэлцээрээр ЗХУ, АНУ, Их Британи улсууд цэргийн техник харилцан нийлүүлэх тухай тохиролцоонд хүрсэн байна. Хамгийн дөт хангамжийн зам болох Хар далай ба Балтийн тэнгисийн зам дайснуудад бүслэгдсэн байлаа. Гурван зам үлдсэн байж. Умард мөсөн далайн, Номхон далайн, Ираны хуурай зам. Аюул багатай нь мэдээж Номхон далайн зам байсан боловч 18-20 хоног төмөр замаар ЗХУ-ын нэг захаас нөгөө рүү тив дамнан тээвэрлэх болдог. Түүнээс гадна Японы зүгээс ЗХУ-тай хэлэлцээр байгуулсан нэртэй ч байнга Зөвлөлтийн худалдааны хөлгүүд рүү халдан живүүлэх явдал гарна. Өөр нэгэн зам байсан нь Нью-Йоркоос Иранаар дамжих. Сайн Итгэлтийн хошуугаар тойрон 75 хоног аялах бөгөөд Иранаар дамжин өмнөөс хойд зүгийг барин ЗХУ руу тээвэрлэнэ. Хамгийн дөт зам нь Их Британиас Норвеги хүртэл 1800-2000 миль зайг 10-14 хоног туулна.

Хэлэлцээрийн дагуу сар бүр 500 мянган тонн ачааг Холбоотнууд нийлүүлэх ёстой байлаа. Гэхдээ бодит байдал дээр ердөө 1/5 хувь буюу 100 мянган тонн ачаа л Зөвлөлтөд хүрдэг. Энэ үед Зөвлөлтийн Умард флот 51 хөлөгтэй байсан бөгөөд 8 эсминец, 15 шумбагч завиар Холбоотнуудын ачаа бараа бүхий цувааг хамгаалахад дэндүү хүчин мөхөс байв. Тиймээс цувааны аюулгүй байдлыг Исландаас ЗХУ-ын нутаг руу Британийн Тэнгисийн цэргийн яам гардан хариуцахаас аргагүйд хүрчээ. Ингэснээр цувааны усан замыг Зөвлөлтийн Умардын флот ба Британийн флотууд Баренцын тэнгист дорнод уртрагийн 20° хэмээр зааглаж хариуцан хамгаалах болов. Зөвлөлтийн флот өөрийн хариуцсан бүстээ усан дээрх флот ба шумбагч завь, нисэх хүчний тандалт, халхлалтаар дайсны халдлагаас цувааг хамгаалах, хөвөгч мөсөн уулнуудаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээжээ.

Энэ үед Зөвлөлт, Германы фронтын шугам хөлддөггүй боомт хот болох Мурманскаас 40 километр зайтай байсан тул хот байнгын бөмбөгдөлтөд өртөж байв. Тиймээс боомтын ачилт буулгалтын тоног төхөөрөмжийг нүүлгэн Архангельск руу шилжүүлэхэд хүрэв. Наймдугаар сарын 31-нд Архангельскийн боомтод "Дервиш"  (хожим PQ-0 хэмээн кодлогдсон) нэртэй анхны цуваа зургаан тээврийн хөлгөөр бүрдэж ирлээ.

Архангельскийн боомтын хүлээн авах хүчин чадал хязгаарлагдаж байснаас 1941 оны аравдугаар сараас өргөтгөл-барилгын ажил явагдаж өргөгч механизм, төмөр замын сэлгэн ачих, буулгах дамжлага зэргүүдийг шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ. 10-р сарын 11-нд Архангельскт хоёр дахь цуваа буюу PQ-1 ирлээ. 1941 оны өвөл гэхэд хөлдсөн Архангельск боомт цуваа хүлээж авах боломжгүй болсон тул  Мурманск боомтыг сэргээн засварлах ажил өрнөв.

1942 оны 1-р сарын 11-нд Мурманскт Холбоотны анхны цуваа PQ-7-г хүлээн авав. Ингэснээр Умардын замаар ЗХУ 154 000 тонн ачаа хүлээж авлаа. (ЗХУ-д гурван замаар хүргэгдсэн 1941 оны ачаа нийт 360778 тонн гэж үзвэл ачаа тээврийн эргэлтийн 40 хувийг Умардын замаар хийжээ)  1941 оны 9-р сараас 12-р сар хүртэл 7 удаагийн PQ цуваагаар 53 хөлгөөр 750 танк, 800 нисэх онгоц, 2300 автомашин ба 100 мянган тонн бусад ачааг зөөвөрлөсөн байна. 

Эхэн үедээ маршрут харьцангуй аюул багатай байлаа. Цуваануудаас хамгийн анх Германы шумбагч завины довтолгоонд өртсөн нь PQ-7А байжээ. 1942 оны 1-р сарын 2-нд германы U-134 шумбагч завь Британийн худалдааны "Вазиристан" хөлгийг живүүлэв. Үүнээс хойш Арктикийн бүх цуваа Германы шумбагч завь, агаарын дайралтад өртөх болсон юм. Үргэлжлүүлээд Британийн тэнгисийн цэргийн хүчин анхныхаа хохирлыг 1942 оны нэгдүгээр сарын 17-нд амслаа. PQ-8 цувааг хамгаалж байсан Британийн "Matabele" эсминец Германы U-454 шумбагч завины торпедод оногдон живлээ.

Хойд тэнгист Британийн флотын идэвхижилт мэдээж германуудын анхаарлыг татахгүй байж чадсангүй. Гал дээр тос нэмэх лугаа тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг өргөн хэмжээгээр явуулах даалгавар бүхий Британийн хөлгүүд Норвегийн эргээр хөлхөлдөх болсон нь нацистуудыг ихээхэн түгшээж Норвегид Британийн десант бууж магадгүй нь хэмээх түгшүүрийг Берлинд төрүүлэв. А.Гитлер ”Германы флот бүх хүчээрээ Норвегийг хамгаалах ёстой" хэмээн тушаав.

Норвегийн боомтуудад Германы хүнд хөлгүүдийг байрлуулж эхэллээ. Умардын цуваануудын эсрэг тэднийг ашиглахаар зэхэж байв. 1942 оны нэгдүгээр сарын 16-нд Тронхейм боомтод "Бисмарк" хөлөгтэй нэг ангиллын "Тирпиц" шугамын хөлөг зангуугаа хаяв. 1941 оны 2-р сарын 21-23-нд Тронхеймд бага ангиллын шугамын хөлөг "Адмирал Шеер" ба хүнд крейсер "Хунтайж Ойген" нар Балтийн тэнгисээс хүрэлцэн ирлээ. Эдгээр хөлгүүдийг Норвегид татан ирүүлснээр Британийн Тэнгисийн цэргийн яамнаас Умардын цувааг нисэх онгоц тээгчээр хүч нэмэгдүүлсэн хүнд хөлгүүд дагалдуулахаас аргагүйд хүрэв. Германы нисэх хүчний аюул заналаас үүдэн Британийн хүнд хөлгүүд алс хол Исландын боомт Ян-Майенд байрлана. Английн адмирал Жон Товийн саналаар цувааг ирэх ба буцан явах аяны үеэр байлдааны хүнд хөлгүүдийн хамгаалалтаар хүч нэмэгдүүлэхээр шийджээ.

Хүнд хөлгүүдийн хамгаалалт бүхий PQ-12 цуваа 1942 оны гуравдугаар сарын 1-нд аянаа гарахад шугамын хөлгүүд болох "Эзэн хаан V Георг", "Йоркийн гүнтэн", шугамын крейсер "Ринаун" ба нисэх онгоц тээгч "Викториес" нар байв. Гуравдугаар сарын 6-нд тэдний амдаад "Тирпиц" боомтоос гарлаа. Үзэгдэх орчин муу байснаас Германы хөлгүүд цувааг олж чадсангүй. Гуравдугаар сарын 9-нд 12 торпедын бөмбөгдөгч онгоц "Викториес"-ийн тавцангаас хөөрч "Тирпиц"-ийг агаараас довтлов. Дайралт үр дүнд хүрээгүй боловч германчуудыг айлгаж дөнгөлөө. "Бисмарк"-ийг алдсан сургамж ба Британийн нисэх онгоц тээгчээс болоод германчуудын зүрх үхсэн бол эсрэгээрээ "Бисмарк"-тай ижил ангиллын "Тирпиц"-ийн хүчин чадлаас англичууд сүрдсэн байв.

Туйлын өдрүүдийн үргэлжлэх хугацаа (Арктик болон Антарктидад жилийн хагаст нь туйлын шөнө, хагаст нь туйлын өдрийн хугацаа ээлжилдэг) Германы нисэх хүчинд цувааг довтлох таатай нөхцөлийг бүрдүүлж байв. Цуваа хөвөгч мөсөн уулнуудтай тулгарахаас зайлсхийхийн тулд Норвегийн нутагт байрлах баазуудаас Германы нисэх хүчний аюул учруулж чадах орон зайд орохоос аргагүйд хүрч байв. Хохирол нэмэгдсээр байснаас Тэнгисийн цэргийн яам нэг бус удаа цувааг хамгаалах хамгаалалтыг буулгахыг санал болгосон авч улс төрийн шалтгааны улмаас санал дэмжигдсэнгүй. PQ-13 цуваа бараагаа хүргээд QP-9 нэршлээр буцахдаа хөнгөн крейсер "Тринидад"-д гэмтэл учирсан, улмаар гэмтэлтэй крейсерийг Германы нисэх хүчин Баренцийн тэнгист хөнгөхөн живүүлсэн, 5-р сарын эхээр PQ-15 цувааг буцаах QP-11 маршрутын үеэр ЗХУ-ын зүгээс Ленд-лизингийн төлбөрт төлөх алтыг ачсан "Эдинбург" хөнгөн крейсерийг германы шумбагч завь живүүлсэн зэрэг хохирол учирсаар байв.

 

"Морины нүүдэл" ажиллагаа

1942 оны хаврын сүүлээр Германы тэнгисийн цэргийн хүчин "Морины нүүдэл" ажиллагаагаар PQ хангамжийн цувааны замыг тасдах оролдлого хийв. Усан дээрх флот, шумбагч завинууд, нисэх хүчний нэгдсэн цохилтоор үгүй хийхээр ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байжээ. 6-р сарын 15-нд адмирал Редер Гитлерт ажиллагааны тухай илтгэлээ танилцуулав. Операцийг Германы нисэх хүчний халхлалтаар "Тирпиц"-ийг дэмжих зорилготой хэмээв. Гитлер дэмжсэнээр Германы Умард дахь тэнгисийн цэргийн хүчний командлагч адмирал Шнивинд Баавгайт арлуудаас дорнод уртрагийн 20 ба 30 градусын усан орон зайд цувааг довтлох төлөвлөгөө боловсрууллаа. Усан дээрх хөлгүүдийн нэгтгэлийн тактикийн командлалыг Ото Шнивиндэд гардан хариуцуулан "Тирпиц" хөлгөөр манлайлуулах, усан доорхи флотыг Нарвик дахь "Танга" команд-штабын хөлгөөр адмирал Хуберт Шмундт, усан дээрх ба усан доогуурх флотуудыг оперативын нэгдсэн удирдлагаар Киль дэх тэнгисийн цэргийн хүчний Умард группийн штабаас ерөнхий адмирал Карльс тус тус хариуцан удирдахаар боллоо. Германы нисэх хүчин тэнгисийн цэргийн флотод агаарын тагнуулын дэмжлэг үзүүлж, байлдааны хүнд хөлгүүдээр дагалдуулсан цувааг илрүүлэх даалгавар авав. Усан дээрх хүнд хөлгүүдэд цувааг хамгаалах хүчинтэй тулалдаж байх зуур эсминец хөлгүүд дайсны эсминец хөлгүүдийн торпедын дайралтаас хүнд хөлгүүдээ хамгаалах, цувааны хамгаалалтыг аюулгүй болгосны дараа нисэх хүчин, шумбагч завинуудын хамтарсан довтолгооноор тээврийн хөлгүүдийг живүүлэн устгахаар төлөвлөсөн байв.

Ажиллагааны бэлтгэл эхэлж Германы тэнгисийн цэргийн хүчин Норвегид хүнд хөлгийн хоёр бүлгийг байрлуулав. Тронхеймд шугамын хөлөг "Тирпиц", хүнд крейсер "Адмирал Хиппер" зангуугаа хаясан бол тэднийг дагалдан таван эсминец, таван мина зөөгчөөр хамгаалуулсан байна. Хурдан хөдөлгөөнтэй бага ангиллын шугамын хөлгүүд "Лютцов", "Адмирал Шеер"-ийг Нарвикаас таван эсминец дагалдан гарахаар бэлтгэв.

6-р сарын дундуур “Чонын сүрэг” тактикаар дайралт хийх бүлгүүд болох шумбагч завинууд U-657, U-88, U-355, U-334, U-457, U-255, U-456 задгай тэнгист гарав.

 

Цагийн байдал ба PQ-17 цувааг хамгаалах төлөвлөгөө

Жилийн хагаст үргэлжлэх туйлын өдөр эхэлсэн нь нацистуудад нисэх хүчний 5-р флотоороо боомт, хөлгүүд рүү агаараас өдөр бүр довтлох бололцоог бүрдүүлж өгсөн тул 1942 оны хавар Арктикийн замаар цуваа илгээх нь цөөрлөө. Адмирал Тови Тэнгисийн цэргийн яаманд танилцуулсан илтгэлдээ ”Цувааг цаашид улс төрийн сэдэл, зорилгоор явуулах нь маш их хохирол дагуулах нь зайлшгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Түүний сануулгыг Тэнгисийн цэргийн сайд лорд Дадли Паунд дэмжив. Дөрөвдүгээр сарын эцсээр АНУ, Их Британийн боомтуудад 107 тээврийн хөлөг ачсан ачаатайгаа аянаа эхлүүлэх тушаал хүлээж байв. Гэтэл хангамж нийлүүлэх хэлэлцээрийн протоколд хэзээ, хаагуур, юуг нийлүүлсэн байх нөхцөлийг нарийвчлан тусгасан байлаа. Энэ үед Сталин Черчиллээс "Заагдсан ачаа тээврийг ЗХУ-д тавдугаар сарын хугацаанд зайлшгүй хүргэх арга хэмжээг авах нь манай фронтод нэн чухал байна" хэмээн нэлээн тулгангуй шаардсан ажээ. Мөн шавдуулсан утга бүхий цахилгааныг АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт 1942 оны дөрөвдүгээр сарын 27-нд Черчиллд илгээхдээ “АНУ-аас Орост нэн хэрэгцээтэй бараа материал, хангамж нийлүүлэх талаар танай зүгээс саад хийх нь залруулж болшгүй маш ноцтой алдаанд хүргэж болох тул шаардлагатай бүхий л арга хэмжээ авч хүчин чармайлт гаргахыг хүсье" гэжээ. Үүгээр Британийн Ерөнхий сайд Арктикийн тусламжийн цувааг хүргэх ажлыг дахин эрчимжүүлэх чиглэлийг Тэнгисийн цэргийн яаманд өглөө. Тэрээр "Зөвхөн Сталин төдийгүй Ерөнхийлөгч Рузвельт хүртэл бидний цуваа илгээхийг зогсоох явдлыг таашаахгүй байна. Оросуудын хийх гэж буй хүнд бэрх байлдаанаа хэрхэн давах нь бидний зүгээс үзүүлэх тусламжаас шалтгаалах эсэх нь эрсдэлтэй. Америкчууд хөлгүүдээ илгээх ээлжиндээ бэлтгэж байна. Учирч болох аюул их байгааг харгалзан цувааг (PQ-16) тавдугаар сарын 18-нд илгээж болно гэж хувьдаа бодож байна. Хэрвээ зорьсон газраа цувааны бүрэлдэхүүнээс ядаж тал хэсэг нь хүрч чадвал ажиллагаа биелэгдсэн гэж үзнэ" хэмээжээ.

Гуравдугаар сарын 21-нд Зөвлөлтийн Умард флотын бүрэлдэхүүнд 95-р сөнөөгч онгоцны хороо томилогдон ирсэн нь хоёр эскадриль бүхий Пе-3 хэмээх алсын зайн нислэгийн сөнөөгч онгоцоор зэвсэглэж, Колийн булангаас 200 километрийн радиуст орж ирсэн цувааг хамгаалах даалгавартай байв.

PQ-16 цуваа Исландын боомт Рейкьявикаас тавдугаар сарын 21-нд 35 худалдааны хөлөгтэйгээр ЗХУ-ын нутаг рүү хөдөлсөн нь өмнөх Умардын цуваануудаас хэмжээгээрээ том байв. Ойрын зайн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэхийн тулд дөрвөн крейсер дагалдуулж, "Эдинбург", "Тринидад" крейсерүүдэд тохиолдсон сургамжит явдал давтагдахаас сэрэмжлэн Баавгайт арлуудаас баруун өмнөд 250 милийн зайд агаарын довтолгооноос сэргийлэн цуваанаас салж хөвөх тушаал өгсөн байв. Замдаа байнга агаараас довтлох дайсны шумбан бөмбөгдөгч, торпедын бөмбөгдөгч онгоцуудын дайралтад өртөж 7 хөлөг онгоцоо алдсан боловч Мурманск, Архангельск боомтуудад бусад хөлгүүд эсэн мэнд хүрснийг ялалт гэж тооцож авч үзсэн. Цуваа буцах чиглэлийн аянаараа хохирол үзсэнгүй.

Удалгүй Черчилль, Рузвельт нарын уулзалтаар 3 долоо хоногийн зайтай дараагийн цувааг далайд гаргах амлалтыг Черчилль өгчээ. Ийнхүү PQ 17 цуваа бэлтгэлээ хийж эхлэв. Газар дундын тэнгисийн Мальт арал руу хангамжийн цувааг хүргэх шаардлагын улмаас PQ-17 цувааг 6-р сарын 17-нд гарах байсныг хойшлуулж 27-ны өдөр болгов. Энэ нь германчууд "Морины нүүдэл" ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн болсон цаг үетэй давхцсан юм.

Британичууд цувааны хамгаалалтад нисэх онгоц тээгчийг дагалдуулахаас татгалзсангүй. Ойрын дагалдан хамгаалалт Брумын командалсан бүлгээр хэрэгжих байв. Дөрвөн крейсерээс бүрдсэн нэгтгэл цувааг дайсны хөлгүүдээс Баавгайт арлын баруун 25-р градусын уртраг хүртэл хамгаалах үүрэгтэй байлаа. Гэхдээ ямар ч тохиолдолд “Тирпиц” хөлгөөс бүрдсэн бүлэгтэй байлдахыг хориглосон тодорхой удирдамжтай байлаа. Эсрэгээрээ “Тирпиц”-тэй таарсан нөхцөлд түүнийг довтолж живүүлэх үүргийг нисэх онгоц тээгч бүхий хоёр шугамын хөлгийн бүрэлдэхүүнтэй бүлэг хүлээсэн аж. Баавгайт арлын баруун талд л цувааг хүргэчихвэл зүүн талаас нь цааш цувааны хамгаалалтыг шумбагч завинуудын хүчирхэг бүлэг хариуцах ёстой байв. Британийн тэдгээр шумбагчуудын хоёр нь цуваатай цуг хөдөлгөөн үйлдэж бусад арван нэг нь германы хөлгүүдийн болзошгүй дайралтаас халхлах үүрэгтэй байсан.

Дайсныг төөрөлдүүлэн тэнгист гаргахын тулд хуурамч цувааны тухай мэдээ “Х нэгтгэл" ажиллагааг давхар явуулав. Төөрөгдүүлэх ажиллагаанд хэд хэдэн тээврийн хөлгийг эсминец, крейсер хөлгүүдээр “хамгаалуулсан” байжээ. “Хуурамч цуваа” өмнөд Норвегид газардах десантыг тээвэрлэж байгаа тухай хуурамч мэдээллээр германчуудын анхаарлыг татах ёстой. Үр дүнд нь германчууд “десант буулгах” цувааны тухай мэдээлэлд хууртаад зөвхөн Норвегийн эргийг хамгаалахаар хүнд хөлгүүдээ үлдээж, ар хойгуур нь PQ 17 цуваа эсэн мэнд зорьсон газартаа хүрэх ёстой байлаа.

Ийнхүү Холбоотнууд PQ17-г хүргэхээр завдаж байх үед цувааг тосч авах газарт Зөвлөлтийн нисэх хүчин, Германы Люфтваффе-тэй Колийн хойгт агаарт ноёрхохын төлөөнөө томоохон “нохдын зодоон” хийв. Оросуудын агаарт ноёрхох санаархал бүтсэнгүй, германууд нисэх онгоцныхоо тоог хоёр дахин нэмэгдүүлж, тавдугаар сараас зургадугаар сарын хооронд Мурманскийн тэнгэрт ноёрхож, хотод модон байшингууд бүгд шатаж, боомт үндсэндээ сүйрээд, хөлөг онгоц хүлээж авах бололцоогүй болох нь тэр.

Үргэлжлэл нь: PQ-17 цуваа (2-р хэсэг): Сэтгэлийн тамд унагасан нь

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 22. 13:44
Баасна

Саонирхолтой нийтлэл болжээ. GREYHOUND гээд кино гарсан байна лээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]