Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Залуудаа тагнуулчийн дүрд тоглох юм сан гэж мөрөөддөг байлаа"Уншсан2,645

Ийм л гэгээн тунгалаг мэдрэмжээр хорвоо дэлхийг хөглөж явсан түүний ууган хүү Зориг “Санаж яваарай”, “Загийн алим”, “Амьдралын нахиа”, “Эргүүлэг” зэрэг 30-аад уран сайхны кинонд дүрээ бүтээж, 90-ээд онд од болон гялалзаж явсныг үзэгчид андахгүй.

...Гүн харанхуйд тэнгэрийн заадас

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана... хэмээн шүлэглэж явсан эрхэм найрагч Долгорын Нямааг андахгүй хүн үгүй.

Анагаахын сургуулийн босгыг алхаж, Горькийн утга зохиолын сургуульд суралцан уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тамгалан үлдээсэн нэгэн. Говьд төөрсөн зохиолчид худаг дээр ховоо татаж зогссон тэмээчнээс энэ хэний нутаг вэ гэхэд, “Долгорын Нямаагийн нутаг аа хө...” гэж хариулсан гэдэг. Нутгийн зон олон ингэж л түүнийг хүндэтгэдэг байж. Монголын уран зохиол дахь долоон Нямаагийн нэг, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат түүнийг утга зохиол судлаач, шүүмжлэгч Бажуудайн Ганбат

Сарны дор төрсөн

Сайхан найрагч Нямаа

Жирийн болоод эрхэмсэг

Жинхэнэ найрагч Нямаа

хэмээн дөрвөн мөртөд багтаан илэрхийлсэн байдаг юм.

Ийм л гэгээн тунгалаг мэдрэмжээр хорвоо дэлхийг хөглөж явсан Долгорын Нямаа гуай З.Отгонбаяр хэмээх эмэгтэйтэй ханилж, дөрвөн хүү, нэг охинтой болсон ба ууган хүү нь Зориг. Тэрээр “Санаж яваарай”, “Загийн алим”, “Амьдралын нахиа”, “Эргүүлэг” зэрэг гучаад уран сайхны кинонд дүрээ бүтээж, 90-ээд онд од болон гялалзаж явсныг үзэгчид андахгүй.

Н.Зоригоод Төрийн шагналт эцгээсээ илүү олны танил явсан үе бий. Тэрбээр, “Хөдөөгийнхөнд аавыг Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн гээд танилцуулахад хүмүүс сайн танихгүй байсан гэнэ. Тэгэхээр нь “Хөхөөтэй цаг”-ийг хөтөлдөг, “Санаж яваарай”, “Загийн алим” кинонд тоглосон Зоригоогийн аав шүү дээ" гэхээр хүмүүс “Өө тийм үү” гээд ааваас илүү таньсан юм билээ. Тэгээд аав хөдөөнөөс ирээд “Чи чинь мундаг том амьтан байна шүү дээ. Намайг танихгүй байхаар нь чамайг хэлсэн чинь хүмүүс надаас илүү таньдаг юм байна" гэж билээ хэмээн нэгэн ярилцлагадаа жүжигчин маань өгүүлжээ.  Аав нь Москвад оюутан, ээж Анагаахын сургуульд оюутан байсан учраас өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн гэдэг.

Н.Зориг аравдугаар ангиа төгсөөд Эрхүүгийн сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Үүний дараа УБИС-ийн кино драмын ангид суралцаж, 1984 онд төгсжээ. “Говийн зэрэглээ”-гийн Номин, “Гарын таван хуруу”-гийн Сүрэнгийн дүрээр мөнхөрсөн Я.Оюунцэцэг, түүний нөхөр “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”-д тоглодог Л.Нямсүрэн, Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг, жүжигчин Б.Нармандах, Р.Гэрэл зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй нэгэн үед, нэг ширээнд тохой залган суралцсан гэдэг. "Тань руу нүүж явна" киноны Дарьсүрэнгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Л.Нямсүрэнтэй үй зайгүй найзууд байсан талаараа дурссан байдаг. 

Оюутан байхдаа жүжигчний гараагаа эхэлж, өөрийн хамгийн эрхэмлэж, бахархаж явдаг дүрээ бүтээсэн юм. Тэр бол “Санаж яваарай” хэмээх киноны Мөнхөө, Мөнх-Од гэдэг нэртэй хоёр ихэр залуугийн дүр.

Сургуулиа төгсдөг жилээ “Загийн алим” киноны Ханбүргэдийн дүрийг бүтээсэн нь түүнийг ихэд алдаршуулж, захиа занаанд “булуулах” болсон гэнэ. Кино урлагт бүтээсэн хоёр гол дүр нь дээрх уран бүтээлүүдэд шигтгээ болон үлджээ. “Загийн алим”-ын зохиолыг бичсэн Санжийн Пүрэв гуай түүнийг “Манай Ханбүргэдэй” л гэдэг байж. “Санаж яваарай” киноны зохиолыг бичсэн Ч.Энхээ зохиолоо биччихээд “Чи л нүдэнд харагдаад байна. Монголын анхны нэг дүрд хоёр хүнийг тоглуулах санаатай ийм бүтээл” гэж тодотгож хэлсэн юм гэнэ лээ. Дүр эзнээ сонгодог гэдгийн нарийн учиг энд л байх буюу.

Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино групп буюу жүжгийн ангид хуваарилагджээ. Алдарт Чимэд-Осор, Дамдинбазар, Дагийранз, Дамчаа, Цэнд-Аюуш, Цэмпилмаа, Цэцгээ, Батцэцэг, Сүхбаатар, Чойн Хүрэл гээд зэрэг сор уран бүтээлчидтэй хамтран ажилласан гурван жилийн хугацаанд жилдээ 42 кино эх хэлнээ хөрвүүлж, дуу оруулж байсан гэдэг. 

Үүний дараа Нямгаваа найруулагчийн зөвлөснөөр Хүүхэд залуучуудын театрт орж,  гурван хавар, гурван намрыг үдэхдээ Д.Гармаагийн “Намайг сонсоцгоо”, Дарамын Батбаярын “Минийх”, Ц.Балдоржийн “Хэрээ” зэрэг жүжгүүдийн гол дүрийг бүтээжээ.

Хүүхэд залуучуудын теарт ажиллаж байхдаа жүжигчин И.Одончимэгтэй танилцаж, гэр бүл зохион охинтой болж байсан. Охинтойгоо ойр байдаг талаар хэвлэлүүд онцлон, зураг хөргийг нь нийтэлсэн байхтай уншигч олон бишгүй л таараа биз. Тэрбээр, “Эцэг, эх нь урлагийн хүн болохоор цаанаасаа л “шатаж” байдаг юм шиг. Би хувьдаа охиныхоо дипломын ажлыг харж байсан, “гайгүй жүжигчин болно” гэж боддог” хэмээжээ.

Үүнээс хойш Монголын үндэсний телевизэд найруулагчаар олон жил ажиллахдаа “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг анхлан хийж, хөтөлж байсан юм.  “Хөхөөтэй цаг” хэмээх нэрийг аав нь өгсөн юм билээ. Мөн сэтгүүлч Г.Золжаргалтай хамтран “Хашаа”, “Хог”, “Морин тэрэгтэй сурвалжлага” зэрэг олон нэвтрүүлэг хийж.  

Нэгэн үе “Оддын өвчин тусчихжээ” гэж баалуулж, одоогоос 20-иод жилийн өмнө хүнд авто осолд орж, амьдралын эрээн, бараан дундуур туучиж явсан. Түүнээс хойш телевизэд найруулагч, чөлөөт уран бүтээлчээр ажилласан.  Дэлгэц, тайзнаа хэд хэдэн удаа гараад л энгэрээ мялаадаг, “бараг л сургуулиа төгсөхөд нь энгэрт нь зүүгээд өгчихмөөр...” хэмээн үнэлэмж нь эрс уначихаад байгаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэлэмжийг Н.Зориг өндөрт өргөсөн гэхэд болно. Түүний Монголын урлагт зүтгэсэн олон жилийн хөдөлмөрийг үнэлж, нэлээд хожуу буюу 2014 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.  Ёстой л гавьяатын дайтай гэх хүмүүстэй ч таарч байлаа.

Н.Зориг “Залуудаа тагнуулчийн дүрд тоглох юм сан гэж их мөрөөддөг байлаа. Харин одоо кинонд тоглох санал ирвэл сайн аав, сайн өвөөгийн дүрд л тоглоно доо. Сүүлд дандаа шоронгийн атаманы дүрд тоглосон байна лээ” хэмээн дурсжээ. Уг хүний мөн чанар учрах дүртэй эсрэгцэх нь бий. "Уг нь би чинь их зөөлөн хүн шүү дээ" гэх энэ эрхмийн учрах дүрүүд ихэвчлэн сөрөг байх нь олонтаа. Маш нууц”,  “Бүү март”,  “Зоорь” гээд л нэрлэж болох юм. 

Сүүлд найруулагч О.Бат-Өлзийгийн “Нар сарны зааг”, “Маш нууц”, “Буруу өрөг” кинонд шоронгийн атаманы дүрийг бүтээжээ. Тэрбээр найруулагч Бат-Өлзийд хандан “Би чиний кинонд дахиж ийм дүр бүтээмээргүй байна” гэж хэлсний харин хариуд нь Бат-Өлзий найруулагч “Зориг оо, би чамайг муухай харцтай, муухай төрхтэй гэж хэлж байгаа юм биш. Энэ дүрийг бодоод зохиолыг нь уншихаар чи л чадна гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм...” хэмээсэн удаатай гэнэ.

Шинэ оны босгон дээр О.Бат-Өлзий “өвлийн өвгөн” болж найздаа гэнэтийн сюрприз барьсан тухайгаа цахим хуудастаа нийтэлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]