Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цогт хунтайжийг амилуулсан "Алтан Цэгмид"Уншсан10,772

Тэрээр 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд таван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлсэн.

Нэгэн зууны манлай хүний тухай бичихэд хэдэн зуун хуудас ном болох биз ээ. Ийн хэлэхийн учир нь Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй. Монголчууд бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг. Булган аймгийн Сайхан, Дашинчилэн сумынхан цагаан балгасныхаа хажууд Цогт хун тайшийн хөшөөг босгохдоо, "Кинонд мөнхөрсөн яг тэр дүрээр нь бүтээнэ. Яагаад гэвэл Цагааны Цэгмид бол Монголын ард түмний сэтгэлд Цогт хун тайшийн дүрийг мөнхөлсөн хүн. Түүнээс өөр Цогт хун Тайшийг бид мэдэхгүй" хэмээн тийн шийдвэрлэсэн гэдэг.

"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Жүжигчин" цол 1942 онд бий болоход анхлан хүртсэн түүнийг Монголын ард түмэн "Зууны шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр санал нэгтэй сонгосон билээ.

Тэрээр 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд таван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлсэн.  Гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан сумд байгаад гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдсоноор Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Харуул гэдэг газарт өсөж торнижээ. Хилийн харуулын гэрт төрсөн тул одоо ч Сэлэнгийн Баруун Хараагийнхан, Хүдэрийнхэн манай нутгийнх гэж өөриймсөг ханддаг.

Түүнийг төрөхөд Манджавын Батсүх хэмээх дуудах нэрийг хайрласан ч долоон насандаа хүндээр өвчилж, нэр нь хүндэдсэн байна гэх шалтгаанаар Цэвэгмид хэмээх нэртэй болсон нь яваандаа түмэнд алдраа дуурсгасан Цэгмид болсон түүхтэй. Түүний ах Содовыг бага байхад нь айлд өргүүлжээ. Эхийгээ өөд болсны дараа ах Содов нь дүүгээ харж хандах болов. Цэгмид гуай цэрэгт мордохдоо Содов ахынхаа өргөж авсан эцэг Цагаанбандийн нэрний Цагааныг овгоо болгон бичүүлжээ.

18 наснаас өрх толгойлон, мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, үхэр тэрэг хөллөн жин тээх, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа, хамтралын сургагч зэрэг ажил хийн амьдарч байв.

1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж, ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн. 

ЗХУ-д Нисэхийн сургуульд тэнцсэн боловч театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Л. Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Улмаар тус ондоо Бөмбөгөр ногоон театр дагалдан жүжигчнээр орсон. Л. Дамдинбазар Баруунхараад тоглолтоор явж байхдаа Ц.Цэгмид гэдэг жижигхэн бандитай хамт хуучир морин хуураар тууль ерөөл хайлж байсанаа санаж, түүний авьяасыг олж харсан байна. Мөн түүнийг хоёр ч удаа театрын ажлаа орхихоор шийдэхэд нь ятган театрт нь үлдээж байсан гэдэг.

Театрын дарга Ширнэнгийн Аюушийн 1932 оны 9-рсарын 01-нийтушаалаар Цагааны Цэгмид, Нямын Цэгмид хэмээх хоёр авьяаслаг залуус дагалдан жүжигчид болцгоожээ.

Театрын тайзнаа “Энэ ямар ёс вэ?" жүжгийн Доной, “Харанхуй засаг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”-ын Сүхбаатар, “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Монгол хүү”, “Халхын баатар Сүхбаатар”, “Би биш” жүжгийн Гамингийн офицер, “Хатан Долгор харц Дамдин”-ийн Дамдин, “Тэмцэл”-ийн сайд Наранбат, “Хонины булаг”-ийн Фрондосо, “Шинэ зам”, “Амь ба амьдралын үнэ” жүжгийн Дайп, “Сүрэг чоно”-ийн Шушмаа, “Гайхамшигт лимбэ”-ийн Лимбийн хаан, “Шарай голын гурван хаан”-ы Цасчихэр, “Талын баатар”- Сю Шү Жан, “Орос хүн” жүжгийн Сафонов, “Амарсанаа” жүжгийн Манжийн хаан, “Зам” жүжгийн Доной, “Залуу үе”-ийн Балдангийн эцэг, “Тэр талд”-ийн Мудзимура, “Владимирийн гэр бүл”-ийн Ленин, “Бүрэлгэний төгөл”-ийн Петр Мороз, “Эмч нар” жүжгийн Өлзий, “Арвайнхээрийн талд”- жүжгийн Осор зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээсэн тэрээр Монголын театрын түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ.

Ардын жүжигчин Цагааны Цэгмид, О.Ренцэнноров нар

Мөн тэрбээр "Хил дээр болсон явдал", "Анхдугаар хичээл" зэрэг анхны дуугүй кинонд тоглосон. Анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатарын дүрүүдийг бүтээсэн.

Анхны Юндэн гөөгөө, Нансалмаа хоёр
/Ардын жүжигчин Цагааны Цэгмид, Ардын жүжигчин Түндэвийн Хандсүрэн/

Түүний кинонд бүтээсэн анхны дүр нь хятад хүү байсан. Мөн хятад генерал Сюй Шү Жанд тоглож байж. Хятад хүнийг маш адилхан элэглэн дуурайдаг байсан тул театрын тайзнаа Хятад хүний дүрийг олон удаа бүтээсэн бөгөөд өөрөө өөр дүрд тоглох хүсэлт тавьж байжээ.

1932 онд “Сүхбаатар” Монголын уран сайхны киноны Сюй Шү Жан, Эрдэнэ гүний дүрд, 1945 онд “Цогт тайж” киноны Цогт тайж, 1955 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны манаач өвгөн, “Нүгэл буян” киноны Нямжав, “Сэрэлт” киноны Даш, "Алтан өргөө" өвгөн Пагва, зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээж, 1946 онд Төрийн соёрхолт хэмээх алдар цолийг хүртсэн юм. М.Лувсанжамц, М.Болд, Юрий Тарич нар найруулагчаар нь ажилласан "Цогт тайж" кино ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан гайхалтай бүтээл билээ.

"Цогт тайж" (1945 он) киноны хэсгээс
Цогт тайж- Төрийн шагналт, Ардын жvжигчин Цагааны Цэгмид,  Хулан- Ардын жүжигчин Ч.Долгорсvрэн

1961 он "Алтан өргөө"  киноны өвгөн Пагва

1941 онд “Гавъяат жүжигчин”, 1942 онд “Ардын жүжигчин”, 1946 онд “Төрийн шагнал” хүртсэн. Мөн  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан цорын ганц жүжигчин.

Энэ зургийг тэртээ 1945 онд зарим жүжигчид БНМАУ-ын Ардын болон Гавьяат цол хүртсэний дараа авахуулжээ. Урлагийн ахмад үеийхний маш ховор түүхэн энэ зурагт, эхний эгнээнд зүүн талаас Ардын жүжигчин Нямын Цэгмид, Ардын жүжигчин, төрийн шагналт Цагааны Цэгмид, Гавьяат жүжигчин Б.Жадамбаа, Ардын жүжигчин О.Дашдэлэг, Ардын жүжигчин Д.Цэрэндулам, Ардын жүжигчин, төрийн шагналт Э.Оюун, Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Цогзолмаа нар.

Үрсийнхээ амьдралын жимийг гийгүүлэгч гэгээн наран буюу...

Тэрбээр таван сайхан хүүхдийн эцэг.  Ханьтайгаа Өвөрхангай аймгийн Хужиртын амралтанд танилцаж байжээ.

Түүний том хүү Ц.Төмөрбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин цолтой. Харин бага хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэд болсон билээ.

Түүний хүү Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар “Аавын минь тоглосон дүрүүдээс амьдралд хамгийн ойр, яг өөрийнхөө зангаар тоглосон дүр нь "Улаанбаатарт байгаа мийний аавд" киноны манаач өвгөний дүр. Тэр өвгөн: "...За миний хүү яасан, цайгаа уучих, за тэгээд хичээлээ хийгээрэй" гэдэг шүү дээ. Миний аав бидэнтэй яг л ингэж харилцдаг байлаа" хэмээн дурссан.  

"Тухайн нийгэм маань Цагааны Цэгмидийнх гэдэг айл гайхалтай гоё байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байжээ. Тийм ч учраас аавынхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг..." хэмээн хүү Төмөрхуяг нь дурссан билээ.

Туулсан зам, бүтээсэн их гавьяа нь үрсийнхээ амьдралын жимийг гийгүүлж байдаг гэгээн наран буюу...

Дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд:

1939 он "Сүрэг чоно" Шушмаа

1940 он "Анхдугаар хичээл" байлдагч

1942 он "Хил дээр гарсан хэрэг" япон цэргийн дарга

1942 он "Сүхбаатар" Эрдэнэ гүн, Сүй Шү Жан

1945 он "Цогт тайж" Цогт хун тайж

1957 он "Сэрэлт" Даш

1961 он "Алтан өргөө" өвгөн Пагва

1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" манаач өвгөн

1963 он "Нүгэл буян" хүрээ Нямжав

1962 он "Түмний нэг" өвгөн багш

О.Цэцэгсүрэн

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]