Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Балжирын Догмид: Амьд хүнд сайн хүн цөөн, үхсэн хүнд муу хүн ховорУншсан9,514

Эрээвэр хураавар дурсамжийн гучин таван хэвлэлийн хуудас номоо хоёр ботиор хагас хугас гаргасан. Дурсамжийн “Санаж сарвайх нутаг минь”, шилмэл өгүүллэгийн “Улаан тарианы хүүхнүүд” гэсэн хоёр ном л доо.


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидтой уулзаж хөөрөлдлөө.

 -Уран бүтээлийн олз омог их байна уу?

-Эрээвэр хураавар дурсамжийн гучин таван хэвлэлийн хуудас номоо хоёр ботиор хагас хугас гаргасан. Дурсамжийн “Санаж сарвайх нутаг минь”, шилмэл өгүүллэгийн “Улаан тарианы хүүхнүүд” гэсэн хоёр ном л доо.

-Зохиолч хүнийг тэнгэр харж, уулын орой ширтэж байгаад санаанаасаа юм зохиогоод биччихдэг улс гэсэн өрөөсгөл ойлголт байгаад байх шиг санагддаг?

-Уран бүтээлч хүн гэдэг бол өөртөө хүртээлгүй юмны төлөө санаа зовж, тэрний төлөө өөрийгөө үрж барж явдаг хувь тавилантай улс. Уран бүтээлч хүн бусдын төлөө өөрийгөө зориулдаг сэтгэлтэн. Төр барьсан ч, гэр барьсан ч хүн чанар түүнд хамгийн эхний асуудал. Эрдмийн ямар зэрэг цолтой, ямар диплом өвөрлөсөн ч бай наранд явсан ч, шоронд суусан ч хүн чанар л бүх зүйлд нэгдүгээрт байх ёстой. Хүн чанаргүй хүн төрд гараад яаж сүйтгэж байгааг чи харж байгаа биз дээ. Эх орноо гэх элэг зүрх байхгүй гадаадынхны гар хөл бологсод сүүлийн хорин таван жил Монголыг хөлдөө чирлээ. Төрд одоо л нэг гайгүй улс гардаг болов уу гээд сонгодог, байхгүй. Үүний гол буруутан нь ард түмэн л дээ. Яльгүй юманд хууртдаг гэнэн. Сүүлд нь болж бүтэхгүй байна гэж гоншгонодог. Хүнийг огт таньдаггүй зан биднийг алж байна. Хамгийн гол нь нутаг нугын үзэл энэ улс орныг баллаж байгаа юм. “За, нутгийн юм” гээд сонгодог, тэр нь хулгайч л байдаг байхгүй юу. Сонгуулийн хуудсан дээр гурван хулгайчийн нэр биччихдэг болохоор дуртай ч, дургүй ч нэгийг нь дугуйлахаас аргагүй болдог.

-Тэр хулгайчуудыг сонгохгүй байж болохгүй юу?

-Нам дагасан олигархи гэдэг шиг мөнгөтэй нөхөд нам дагавал гараад ирдэг. Тэгэхээр намыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Хуучин үед багаасаа сумд, сумаасаа аймагт нэр дэвшүүлээд аймгаасаа нэг хоёр хүн гаргаад ирж болдог л байсан. Тэр сонгогдсон нөхөр ямар ч тусгай унаа тэрэггүй, тусгай хангамжгүй ард түмнийхээ дунд ажлаа хийгээд ирж хуралдан хуулиа батлаад явж болдог байсан. Одоо ард түмний сэтгэлзүй их л эмзэг үедээ байгаа. Ямар нэгэн үймээн самуун гарахыг үгүй гэхийн газаргүй. Муугаар жишээ татаж ярихад УИХ-ын гишүүн юм уу, Засгийн газрын нэг сайд нас барахад нулимс унагах хүн ганц ч байхгүй болчихлоо. Ард түмэн тэгтлээ их туйлдаж тамирдаж байна шүү дээ. Монгол хүн байна, “Хүн үхлээ” гэхээр арай л баярлахгүй байх.

-Ээ мэдэхгүй, баярлахаар барахгүй бүр бах таваа ханган тавладаг болчихсон юм биш үү. Саяхан Монгол банкны ерөнхийлөгч байсан Чулуунбат гуайг бурхан болоход цахим орчинд өчнөөн харааж зүхцгээлээ шүү дээ?

-Энэ төр баригчдын дэргэд Чулуунбат бол харьцангуй цэвэрхэн хүн байсан юм шүү. Ер нь иймдээ л тулаад байгаа. Мэдлэг боловсролтой, хүн чанартай улсын дунд “Хэчнээн ядарсан УИХ-д л нэрээ дэвшүүлэхгүй шүү” гэсэн онигоо хүртэл гарсан байна шүү. Дуучин Наараа гэдэг зурагтаар мөөмөө гаргасан хүүхнийг хар. Ямар ч авьяасгүй, ямар ч боловсролгүй байж УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэж хийрхэж байгааг хар. Их хурлын гишүүдийг тэр хэмжээнд л ойлгодог болсон байна. Төр засаг ингэтлээ шалдаа буусны тэмдэг мөн биз.

-Зарим өндөр хөгжилтэй улс орны парлемент, сенатад биеэ үнэлэгчдийн эрх ашгийг хамгаалсан төлөөлөл хүртэл байдаг гэж сонссон доо. Дуучин хүн Их хурлын гишүүн байж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ?

-Агуу их Чингис хааны удмын бидэнд далай хөвөөнд усны хорхой, замгаар амьдардаг улсын явдал огт хамаагүй шүү дээ. Америкт тэгдэг гэсэн үгэнд би үнэхээр дургүй. Монголчууд чинь Америкаар заалгалгүйгээр хоёр мянган жил оршин тогтноод ирсэн агуу үүхтэй түүхтэй улс үндэстэн ш дээ. Хаа байсан тэндээс алгын чинээ сертификат цаас барьж ирчихээд л гайхуулаад байцгаах юм.

-Их хурал гэснээс таныг УИХ-д нэр дэвшихэд сонгуулийн менежер найз Жагдалын Лхагва тань “Энэ Догмидыг битгий сонгоорой” гэж олон түмнийг уриалсан гэдэг яг болсон явдал уу?

-Яг болсон явдал. Дорноговь аймгийн Намын хорооны архивт хуурцаг бүхий бичлэг нь хүртэл байдаг юм. Тэр үед магнитфоноор бичиж авдаг байлаа. Анхан дов жалгын депутатыг сонгож эхэлсэн ерэн оны үе шүү дээ.

-Улаан бурхан гэдэг аюулт өвчин Монголд ор байхгүй болсон байсан. Тэгэхэд одоо ганцхан аймагт гэхэд л дөрөв таван зуун хүн өвчиллөө гэлцэж байна. Улсад биеийн хүчин үнэлж ажиллаж үзээгүй нам дагасан бацаанууд улаан бурхан өвчний дэгдэлт шиг олширлоо. Өдрийн гурван хоолтой, төрд биеийн хүчээ өгч ажиллаагүй, гуч хүрээгүй атлаа давхар эрүү суучихсан бацаанууд л сандал ширээ зүүдлээд явж байгаа нь өвчин биш гэх үү. Монгол хэчнээн доошоо орлоо ч ийм юмнуудыг УИХ-д сонгож болохгүй ш дээ. Эдний оронд Монголын төрд таван удаа сонгогдсон Ц.Нямдорж шиг нөхрийг сонгочиход хэр баргийн юмыг гараасаа тавиад туучихгүй шүү дээ. Сандал зүүдэлсэн ийм аюултай өвчин дэгдээд, эх орон ангалын ирмэг дээр ирчихсэн байгаа энэ үед уран бүтээлч хүн зүгээр нэг зохиолоо бичээд сууж байна гэдэг ёстой бүтэхгүй.

-Зохиолч, яруу найрагчидтай уран бүтээлийн яриа өрнүүлэх л их зүгээр байдаг юм. Та зөрж улс төрөөр салхилаад байх юм?

-Сүүлийн үеийн залуучуудыг харж байна аа. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, О.Цэнд-Аюуш гурав заан тугаллах шиг удаж удаж ганц хоёр гайгүй шүлэг бичих юм. Шүлгээ их зовж байж бичдэг бололтой. Жилдээ нэг хоёр шүлэг л гарах юм. Бавуудорж бол жилдээ уртаашаа гурван шүлэг, Эрдэнэ-Очир хоёр шүлэг бичиж байх шиг байна. Цэнд-Аюуш мэтийн залуус ганц нэг шүлэг бичиж байна. Цэнд-Аюушаар би залуучуудыг төлөөлүүлж ярьж байгаа юм. “Болор цом” ч уйтгартай л болсон байна даа. (уртаар санаа алдав. Л.Б) Би өөрөө гайхуулаад байхаар мундаг бичдэгтээ ч ингэж хэлж байгаа юм биш. Ер нь л бодууштай байна шүү.

-Та энэ жилийн “Болор цом” наадмыг үзэв үү?

-Үзээгүй ээ. (Мань хашир яг энэ жилийн “Болор цом”-ыг Ноён хутагттай суудал зэрэгцэн үзэж буйг зурагтаар хараад ихэд гайхсанаа нуух юун. Л.Б)

-Та шүлэг бичдэг юм чинь уншигч түмнээ баясгаад “Болор цом”-д шүлгээ өгч болдоггүй юм уу?

-Би өөрийгөө их голдог байхгүй юу. Хүн хэмжээгээ мэддэг байх хэрэгтэй байхгүй юу. “Болор цом” надаар дутна гэж байхгүй шүү дээ. “Болор цом” наадам чинь тасалбар нь олддоггүй цагаан сараас дутуугүй том баяр байлаа шүү дээ. Одоо тэгээд бүдэгрээд бүдэгрээд яваандаа алга болох нь уу, яах нь вэ.

-Энэ жилийн “Болор цом”-ын наадмын ерөнхий шүүгчээр таны их анд, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай суусан. Таны алтан нутаг, дорнын говийн найрагч МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэг бас шүүгч байсан. Та тэднийг буруу шүүлээ гэж бодоод байгаа юм уу?

-Би энэ жилийн “Болор цом”-ыг үзээгүй болохоор мэдэх юм алга. Шүүгч ямар шүлгийг яаж шүүснийг би яаж мэдэх вэ. Уншиж байгаа юмыг шүүнэ гэдэг чинь явдалтай. Арваараа барьж, алагаараа харж байж л шүлгийг ойлгоно уу гэхээс сонсголоороо шүүнэ гэдэг адууны уургаар загас дэгээдэхтэй ижил зүйл шүү дээ. “Болор цом” гэдэг чинь шилдэг шүлэг шалгаруулах наадам биш шүү дээ. “Болор цом”-той, цомгүй л сайн шүлэг бол ард түмний сэтгэл зүрхэнд үлддэг юм.

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг...” гэсэн Цэдэнжав гуайн дөрвөн мөртийг давсан найраг огт төрөхгүй л байна шүү дээ. Эмэгтэйчүүдээс Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Ц.Хулан гурав байран дээрээ аргагүй л нэг байна аа. Эднүүс бол муу юм гаргадаггүй шүү дээ. Сайн шүлэг бичиж байгаа. Ер нь Монголын яруу найргийн төвшинг дэлхийтэй харьцуулаад үзэхээр толгой дээр нь цахиур хагалах хэмжээнд л байдаг байхгүй юу. Ганцхан учир дутагдал юу байна вэ гэхээр гадагшаа орчуулах орчуулагч манайд байдаггүй, гадна талд болохоор Монгол шүлгийг ойлгох сэтгэлгээ, ахуй хоёр нь байдаггүй учраас хүлээж авдаг уншигчид байдаггүй. Монгол хэл шиг гайхамшигтай олон хувилбартай үгсийн сантай, гайхамшигтай оноосон үгтэй хэл байхгүй. Англи хэл гэхэд ямар ч үг нь дөрөв тавхан л хувилбартай байхад Монгол хэлэнд “цагаан, цэгээн, бүгээн, бүртэ, цайвар” гээд явахад дөч тавин хувилбартай байх жишээний.

-Тантай ярьж суухад орчуулагч нарт жаахан харшилтай хүн шиг бодогдох юм?

-Монгол хэлээ мэдэхгүй улсууд орчуулга хийдэг болж. Гадаад хэлэнд хэчнээн гайхамшигтай байгаад Монгол хэлээ мэдэхгүй бол орчуулга хийж чадахгүй. Жуулчны хэлмэрч, хөтөч хүн өөрийгөө орчуулагч гэж яриад байх юм. Хэлмэрч, орчуулагч хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. “Дөлгөөн Дон”-ыг орчуулсан Базарын Дашцэрэн, Чингиз Айтматовын туужуудыг дагнан орчуулсан Самбуугийн Бадраа шиг, Хасбаатарын Мэргэн шиг, Жагдалын Лхагваа шиг хүнийг орчуулагч гэдэг юм. Орчуулна гэдэг зөвхөн үгийг орчуулдаггүй. Тухайн ард түмний зан заншил, үүх түүх, соёл иргэншлийг хамт орчуулдаг. Нэг үгийн ард бүхэл бүтэн соёл, иргэншил багтаж байдаг.

-Та Г.Аюурзана, Ц.Гомбосүрэн, Батсуурийн Баясгалан, Ононгийн Чинбаяр нарын орчуулсан бүтээлүүдийг ер нь уншив уу?

-Аюурзанын орчуулгуудыг хааяа харна. Сүүлийн үеийн орчуулагчдаас гадагшаа орчуулдаг хүн бол Х.Мэргэн байна. Дотогшоо орчуулдаг нь Жигжидсүрэнгийн Нэргүй байх шив дээ. Монгол хэлний жараас далан хувь мал, малчин, хөдөө нутаг, хуучин ёс заншилтай холбоотой үг байдаг юм, хэдэн үйл үгээс бусад нь.

-Сүүлийн үеийн залуус кино их хийж байгааг буруутгаад байх юм алга. Монгол кино, Холливудын киноны техник бараг ижил хүчин чадалтай болсон. Би арван хэдэн жил кинотой холбогдсон хүн. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байна. Тэр нь кино зохиолч гэдэг амьтан байхгүй болсон байна гэдгийг баталгаатай хэлж чадна, би. Киноны зохиолыг зүгээр л нэг захын хүн бичиж байна. Урлаг соёл хэн дуртай нь үсэрч орж ирж байна. Урлаг соёл өөрөө хил хязгаартай нарийн эд шүү дээ. Захын нэг хүн орж ирээд бужигнуулаад байх талбар биш. Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл гэдэг хүн нэг зохиол бичсэн. Би түүнийг буруутгахгүй. Гэхдээ тэр хүүхэн “Миний ном бол дуугаар бол хит болсон. Лодойдамба гэдэг хүн зохиолынхоо баатрын хувь заяаг урьдчилаад оноочихдог. Дотоод сэтгэлийнх нь нарийн юмыг тэр бүрий хүнд хүргэж чаддаггүй” ухааны юм ярьж байна лээ.

-Тэр “Ногоон нүдэн лам” ч бил үү ном чинь ерөөсөө уншигддаггүй шүү дээ...

-Тэр хүний чинь хүмүүжил, сэтгэхүй, ертөнцийг харах үзэл нь Монгол биш болчихсон л байхгүй юу. Монголоо алдсан юм чинь тэр хүнд “Тунгалаг Тамир” уншигдахгүй л байгаа. Дургүй юмандаа хүн дургүй л байдаг. Лодойдамба бол Монголын том зохиолч шүү дээ. Би зүгээр том л гэж хэлье. Оюунгэрэлээс яльгүй том байлгүй дээ. Ийм улс гараад ирчихсэн байгаа нь дэндүү гунигтай. Сая бас хэн гэнэ вэ, нэг хүн “Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг гэж юу байдаг юм бэ” гэж томорсон байх юм.

-Оюунгэрэл сайдын төрсөн дүү Бат инженер нэрээр цахимд нэршсэн нөхөр тэгж мэдэгдсэн шүү.

-Оюунгэрэл нь дүүдээ “Үр могой” гэж шүлэг нь байдаг шүү дээ гэж дүүдээ хариулсан байна лээ. Мөн ч эмгэнэл шүү. Хүн бүхэнд ойлгогдоод байдаггүй маш адармаатай гоо зүйтэй дууль найраглал шүү дээ. Ийм л хүмүүс Монголын урлаг соёлыг бусниулах гээд, хөндлөнгөөс дүгнэчих гээд байх юм.

-Урлагийн ариун орон зай руу гоо сайхны ямар ч ойлголтгүй нөхөд шургалах гэж дайрч байгаа энэ цаг үед уран бүтээлч хүн таныхаар, яг ямар байх ёстой бол?

-Уран бүтээлч хүн өөрийгөө хайрлаж, гамнах ёстой. Дуучин хүн гэхэд айлын найран дээр ч, хүүхдийн үс авах ёслол дээр ч дуулж л байдаг. Харамсалтай нь Монголчууд чинь их амархан уйддаг улс юм шүү дээ. Хэмжээ дамжаагаа тааруулж л байх хэрэгтэй. Ямар ч гайхамшигтай дуучин хорин дөрвөн цагийн турш дуулаад байвал хүн залхана биз дээ. Ямар ч гайхалтай сайхан амттай хоолыг хэн ч байсан өдөр шөнөгүй идээд байвал уйдна биз дээ. Үүнийг мэдэхгүйгээс манай залуучууд зурагтаар байнга гарч байхыг үхэн хатан тэмүүлж мөрөөдөх юм. Монголчууд чинь их уйдамхай, урвамтгай хүмүүс шүү дээ. Анд нөхрөөс уйдна. Үзэгчид, уншигчдыг барьж байхын тулд хааяа нэг гайгүй сайн дуугарч байх хэрэгтэй. Би үүнийг залууст хэлмээр байна. Зурагтаар байнга дуулж байдаг нэг залуу байна. Би хараад дургүй хүрдэг. Зурагтаар гарах тусмаа олноос хөндийрүүлж түлхэж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй.

-Зурагтаар гарах тусмаа хүмүүсийг түлхэх биш өөртөө соронз шиг татдаг хүн байна шүү дээ. Б.Лхагвасүрэн гуайн орсон нэвтрүүлэг бүрийг гэхэд л хүмүүс үзэх дуртай байдаг?

-Гэхдээ л уйдна. Тэр байтугай Чингисээсээ хүртэл уйдсан ард түмэн шүү дээ. Жамуха, Чингис хоёр бие биеэсээ уйдаад сайхан нөхөрлөж чадаагүй улс шүү дээ. Жамуха ялсан бол өдийд “Чингис урвагч” гээд явж байх байсан. Гүр хаан Жамуха Чингисээс дутаад байх юу байх вэ дээ. Ялагдсан учраас л өнөөдөр ялтны ширээнд сууж байгаа болохоос ялсан бол Чингис л нөгөө газар байх нь тодорхой. Зурагтаар байнга гардаг мөртлөө хүнийг татаж чаддаг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин Жигжидсүрэн нарын цөөхөн гайхамшигтай хүмүүс байна. Эдэн шиг мэдлэг боловсрол, авьяас чадалтай улс тэр бүрий байдаггүй. Амьд хүнд сайн хүн цөөхөн, үхсэн хүнд муу хүн ховор. Хүнийг үхэхээр л муу хэлэхээ больдог. Амьд хүн ямар нэг хэмжээгээр муу үгэнд өртөж байдаг. Хүн үхэж байж ариусдаг. Нийгмийн сэтгэлзүй ч ийм л чигтэй байдаг юм. Талийгаачийг “Хөөрхий дөө, бор дарсанд жаахан дуртай байсан юм” гэж зөөлрүүлж ярихаас биш “Муу хар архичин” гэж шууд хатуурхаад байдаггүй шүү дээ.

АЛТАНШИРЭЭТИЙН БАГА СУРГУУЛИАС НОХОЙГОО ДАГАН ОРГОЖ ӨРТӨӨ ГАЗАР ГҮЙСЭЭР ГЭРТЭЭ ХАРЬЖ БАЙСАН

-Орчин үед хүн чанараас илүү боловсрол мэдлэгээр нь л хүнийг үнэлдэг болчихсон юм биш үү?

-МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэж маш өндөр боловсролтой хүүхэн эртээд зурагтаар ярьж байна. Шашны сургуулиас бусад бүх сургуулийг л дүүргэсэн, намын бодлогоор төрийн өндөрлөгт бэлтгэгдсэн шахуу бэрх амьтан юм байх. Ярихыг нь сонслоо. Тэр хүүхэн эгэл бор амьдрал болоод эргэн тойрондоо Монгол хүн яаж аж төрж буй талаар ямар ч мэдээлэлгүй, огтхон ч сонирхолгүй цэвэр онолын юм ярих юм. Зүгээр л зурагтаар бидэнд хичээл зааж байна. Америкт л заалгасан юмаа ярьж байх шиг байна. Би аягүй их харамссан. Тэр УИХ-д намын жагсаалтаар гарах байх л даа. Тийм хүн гарч ирээд, хэчнээн гайхалтай эрдэм номтой байлаа чиг тэрний гар ард түмний толгойд хүртэл мөн ч их удна даа. Богдын сунтагны адис бол харин ард олны тэргүүнд цонхоор ч гэсэн хүрч байсан юм шүү. Нэг их шагналын донтой эрэгтэй хүнийг хараад “Энэний энгэр дээр Эхийн алдар одон л алга” гэж байсан гэдэг шиг тэрүүнд төгсөөгүй сургууль гэж алга аа. Дөрөв, таван л сургууль төгссөн юм байх.

-Хоосон онол ярьсан хүн ч ардын бор амьдралын хөрсөн дээр бууж иртэл ч хол байх шүү?

-Өнөө үед боловсрол, мэргэжил хоёрыг холиод байх юм. Дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Их эмч хүн боловсролтой байгаад юу шальдаг юм. Хэдэн эмийн нэр, хэдэн өвчний онош мэдэх төдий л байдаг биз дээ. Эмч хүнд ямар боловсрол байна. Боловсрол гэдэг чинь тухайн хүний амьдралын гүнээс ухамсартайгаар түүж авсан, шинжлэх ухаанаас олж авсан, эгэл бор амьдралаас таньж мэдэрсэн мэдээллийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс дээд сургуулийн дипломтой бүхнийг боловсролтой гэхэд хэцүү. Манай улсын анхны дөрвөн Ерөнхий сайд ямар дээд сургууль төгссөн юм. Унаган Монгол гэрийн боловсролтой төвд, жагарын төв таван ухаанд нэвтэрсэн манж, хятад, орос хэлтэй агуу амьтад байсан. Тэдний багш нь гэхэд агуу амьтад байлаа. Хорин багшийн номыг нэг хүн зааж байсан байхгүй юу. Хөргөлтийн инженер хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Би Н.Багабандийг хэлж байгаа юм биш л дээ. Хөргөлтийн инженер хөргөлтөө л мэднэ.

-Боловсролд ойрхон мэргэжил байна уу?

-Байна. Санхүү, эдийн засгийн мэргэжил гэхэд тойруу замаар яах аргагүй боловсролд ойртож, ард түмэнд ач тусаа өгдөг.

-Та ч өөрийнхөө санхүүч мэргэжлийг л жишээ татаад өөд нь татан ярьж байх шив?

-Маркс гэдэг хүний бичсэн “Нэмүү өртгийн хууль” гэхэд л социализмын үед нь ч явж байсан. Капитализмын үед нь ч явж л байх ойлголт. Энэ ойлголт хэзээ ч өөрчлөгдөхгүй, нэмүү өртгийн хуулиар л ухаантай, тэнэг аль ч нийгэм явна. Монгол Улсын боловсролын их сургууль гээд байж байгаа. Бусад сургууль нь тэгээд боловсролгүй, боловсрол олгодоггүй юм байна л даа. Бусад нь боловсрол олгодоггүй мэргэжил олгодог юм болов уу гэж бодогдохоор. Монгол хэл, уран зохиолын багш, хэлний улс бусад мэргэжлийнхнийг бодвол хорвоогийн явдлыг алган дээрээ дэнсэлсэн, арай л нэг зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэр талаасаа тэгж нэрлэсэн ч юм болов уу. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрийн хэмжээнд ярьдаг мөртлөө төрийн шагнал авчихсан түүхийн эрдэмтэн хүн байх юм. Батсайхан гэдэг ч бил үү.

-Оохнойн Батсайхан юм болов уу?

-Тэрийг ярих болгонд л үг сонсох гээд чих тавиад зурагтаа харах юм. Миний мэддэг хэдхэн юмыг л яриад ерөөс болохгүй юм. Миний сонссон дээр нэмэх юм тэр хүнд алга. Нэмж байгаа нь болохоор Оросын хаант засгийн тагнуулч Коростовецийн хөшөөг л ДСНК-гийн тэнд босгох шив дээ. Монгол Улсад их дайсагнаж байсан тэр хүнийг л Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдэхэд их хувь нэмэр оруулсан, жанжин Сүхбаатараас л илүү хүн байсан ухааны юм яриад байдаг юм. Тэрний оронд Барон Унгерний хөшөөг босгочихсон бол хамаагүй дээр байсан юм. Барон Хүрээг чөлөөлж, Богд хааныг гамингийн шоронгоос сулласан ачтай хүн. Үгүй ядахнаа л МОНЦАМЭ-гийн байрны энд байсан өндөр хогийг гамингуудаар зөөлгөж цэвэрлүүлсэн гэж байгаа. Өндөр хог гэж дээшээ харсан хүний толгой эргэж, оройг нь харах гэсэн хүний малгай унамаар тийм их хог байсан гэдэг шүү дээ. Яахаараа ч тийм их хогтой байсан юм. Түүхийн ийм үнэнийг бичихгүй мөртлөө шал ондоо хүнд гавьяа тохож байдаг яачихсан ч эрдэмтэн юм. Би чинь Дорноговийн Алтанширээгийн бага сургуулийн хоёрдугаар ангиас нохойгоо дагаж оргосон хамгийн бага боловсролтой хүн шүү дээ.

-Нохойгоо дагаж оргодог нь яаж байгаа юм бэ?

-Яах юу байх вэ, сургуулиасаа л зугатаж байхгүй юу. Нохойныхоо хүзүүвчин дээрээс бариад л хөдөө гэр өөдөө өртөө шахам газар гүйхгүй юу.

-Төрийн шагналт хүн тийм ч хэмжээний байх гэж дээ гэж халаглаад байгаа юм аа даа?

-Би төрийн соёрхлыг 1993 онд авсан. Ард түмнээр бүтэн жил хэлэлцүүлж, радио телевизээр яриулж байж, гуч гаруй хүнээс явсаар явсаар байж яруу найрагч Долгорын Нямаа, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, “Тэмээний уралдаан”-ыг зохиосон хөгжмийн зохиолч Дундговийн Цогзолын Нацагдорж, Ж.Хайрулла эмчийн багийнхан бид шалгарч арайхийж нэг юм авч байлаа. Одооны хэлээр сунгаа гэдэг юманд нь орсоор байгаад л үлдсэн хэрэг. Одоо төрийн шагналыг ямар журмаар олгож байгааг бүү мэд. Би гэхэд төрийн шагналаас гурав мултарч байж л сүүлчийнхээ дэвшүүлэлтэд л торсон хүн. Төрийн шагналд анх дэвшихдээ хийлгэсэн дээлээ өмсөөгүй. “Төрийн шагнал авахгүй бол энэ дээлийг өмсөхгүй” гэж өөртөө андгайлаад, дуудсан цагт нь өмсөх гээд далд хийчихсэн. Гурав дахь удаагаа нэр дэвшиж шагналаа авахдаа өмссөн дөө. Төрийн шагнал, одон медалийг ийм л өндөр шалгуур давж байж авдаг байсан юм. Авах ёстой хүн зөндөө байна.

-Зохиолчдоос гэхэд ямар хүн байна?

-Дамдинсүрэнгийн Урианхайгаас уруудуулаад зөндөө. Манай Урианхай ч тэгээд адасга шиг адайр зантай хүн юм. Энэ нийгэм, төртэй байтугай өөртэйгөө ч тэрсэлдэж, тэмцэлдэж явдаг хүн. Ямар сайндаа л Ганц хүний хөдөлгөөн хүртэл байгуулж байх вэ дээ. Ганц хүний хөдөлгөөн байгуулахад нь Дөнгөтийн Цоодол очоод “Чи өвдөж зовж болно, гадаадад цагаачилж болно. Ядаж хоёр хүний хөдөлгөөн болгочих” гэж нохойтсон чинь “Ганц хүний хөдөлгөөн бол ганц хүний хөдөлгөөн. Хоёр болчихвол санал хуваагдана” гээд хөдлөөгүй гэж байгаа.

-Хүн өөрийн бодолдоо үнэнч байх ч маш чухал чанар шүү?

-Дээхнэ үед үзэл суртал гэж ярьдаг байсан. Үзэл суртал ер нь хэнд ч хэрэгтэй. Үзэл сурталгүй бол чи бид хоёр зангиа зүүгээд яах юм бэ. Энгэрээ задгайлаад танхай маягаар явж бай л даа. Үсээ засуулахаа больчихоод сэгсийгээд явж байя л даа. Үзэл суртал гэдэг чинь юмыг байранд нь байлгахыг л хэлж байгаа юм. Хурал хийсэн ч сайхан ширээ сандал засчихвал ямар сайхан харагдах вэ. Одоо болохоор индрийг аваад хаячихаж байгаа юм. Тэрнээс болоод үзэл суртал байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Модон индэр л нэг их хүнд суртал, хуучин нийгмийн төлөөлөл болох юм гэнэ. Зүгээр л хүн ярих зориулалттай эд шүү дээ.

-Монгол Улс Оюу, Таван толгойгоороо баяжна гээд нэг хэсэг шуугдаг байсан. Одоо нэг л нам гүм болоод, хөөрөл нь намжиж. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Би нэг муу сампингийн нягтлан ухаантай. Миний тухай Сүхбаатар гэдэг шүлэг бичдэг зураач нөхөрсөг шог тавьсан байсан.

“Төгссөн сургууль байхгүй мөртлөө

Төрийн шагнал авсан

Сампингийн нягтлан хэрнээ

Сангийн сайдын зөвлөх байсан” гэж бичсэн байна лээ. Тэр үнэн. 2008 онд Сангийн сайд Ч.Улааны хэвлэл мэдээллийг нь хариуцаж байсан. Зөвлөхдөө ч зөвлөнө. Улс орны төлөө санаа зовниж л явлаа. Анх Оюу толгой, Таван толгойн гэрээг төрийн гурван сайд яаж сүр бадруулж байлаа. Хорин мянган хувьсагчтай, ертөнцөд байхгүй гэрээ гээд С.Баярцогт сайд хөөрөөд л, зээлж авсан мөнгөнийхөө тоог гаргаад л “Монголчуудад энэ бол нар мэт гэрээ. Энэ гэрээний буянаар Монголчууд гар ганзаганд хөл хөсөр жинхэнэ жаргана. Үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайна. Хэдэн үеэрээ жаргана” гээд байсан. Одоо юу ч байхгүй. Одоо Оюу толгойн талаар арван таван жил тийшээ горьдлын нүдээр харах хэрэг байхгүй. Би үүнийг эдийн засагчийн мэдлэгээрээ биш уран бүтээлчийн тэмтрүүлээрээ мэдэрч, харж байна. Монголын энэ их өрийг юугаар дарах юм. Газар нутгаа л өгнө шүү дээ. Өмнөговийг хар л даа. Монголын газрын зураг дээр Өмнөговь байж байгаа боловч яг нарийндаа гадны нутаг болчихсон шүү дээ.

-Үгүй байлгүй дээ?

-Монголын талын хөрөнгө оруулалт тэнд алга. Гадныхан тэрийг чинь аль хэдийнэ авчихсан, Лондонгийн бирж дээр барьцаанд тавьчихсан явж байна шүү дээ. Өмнөговийн Ханбогдод тэр жил явж байхад модон торхтой тэмээ хөтөлчихсөн нэг өвгөн таарсан. Зам асуух гээд давхиад очлоо. Тэмээнд ачаатай усны торхныхоо дээр ямаа шиг юм тэгнэчихсэн харагдахгүй юу. “Та юун ямаа тэгнээ вэ” гэсэн чинь “Ямаа биш ээ, манай нохой” гэлээ. “Яасан нохой юм” гэлээ. “Ус авах гээд явсан чинь манай муу хөгшин банхар дагаад. Дагуулаад явж байсан чинь гай болоод бутны доороос туулай босоод. Энэ муу чадлаа мэдэхгүй хойноос нь давхиад гүвээ давлаа. Гүвээн дээр гараад ирсэн чинь бахардаад ухаан алдаад хэвтэж байхгүй юу” гэж байна. “Яагаад нохой чинь бахардаа вэ” гэсэн чинь “Яахав, энэ замын шороонд астам тусаад хуцаж ч чадахгүй болсон юм. Одоо тэгээд арай чинээ массаж хийж ам хамрыг нь үлээх шахан байж амьсгааг бөглүүлчихэлгүй шиг торхон дээрээ ачаад явж байна” гэж байгаа юм. Үдэш боссон шороо өглөө болтол газар буудаггүй. Ямар аюултай гээч.

-Засмал зам тавьсан санагдаад байх юм?

-Зам тавиад арай дээрдсэн. Монголын газар нутгийн далан хувь нь халцраад цөлжиж байна гээд яриад байгаа. Аргагүй шүү дээ, газрын хэвлийг нь өрлөсөн хонь шиг дэлгээд яраад хаячихаар чинь тэнд байгаа ус ууршаад алга болохгүй яадаг юм. Ингээд л Монгол орны байгаль сөнөж сүйрч байгаа юм. Орхоноос Таван толгой руу ус урсгаж нүүрс угаана гэсэн хаа байна. Хэрлэнгээс урагш нь суваг татна гэсэн хаа байна. Хаа ч байхгүй. Дорноговьд Аж үйлдвэрийн парк байгуулна гээд байсан. Одоо юу болов гэсэн чинь баахан мөнгө идсэн улс түрүүчээсээ шоронд явж байна. Дорноговьд боловсруулах үйлдвэр байгуулна гээд гадаад, дотоодын баахан хүн төсвийн мөнгө идээд хөрсний шинжилгээ хийгээд байна л гэсэн. Одоо хар. “Хөрс нь цэвдэгтэй юм байна” гээд сууж байгаа юм.

-Та унаган хүүгийн хувьд төрсөн нутаг Дорноговио харин ч нэг сайн мэдэх байлгүй дээ?

-Дорноговьд хэзээ ч цэвдэг байхгүй. Тэр хонхор чинь тэр чигээрээ газар доор зуу гаруй жил нүүрс нь шатаж байгаа, өвөл цас тогтдоггүй зэрэглээтээд байж байдаг. Зээр гөрөөс дулааныг нь бараадаад ирдэг газар үхсэн үлийнийх нь цэвдэг байх вэ дээ. Одоо ахиад мөнгө идэхийн тулд хааш хаашаа гучин километр газарт хайгуул хийхээр боллоо гэнэ. Ингэж л улсын мөнгийг иддэг байхгүй юу. Нөгөө таван том үйлдвэр хаа байна. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань хөгжиж байна. Монголын хүн амын тал нь амьдарч байгаа Алтан тэвшийн хөндийг Эрдэнийн Бат-Үүл хөгжүүлж л байна.

-Бат-Үүл гуайг “Юу ч хийсэнгүй” гээд хүн амьтан их л муулах юм байна шүү дээ?

-Өөрсдөө юм хийдэггүй хүн л өрөөлийг шүүмжилж байдаг. Далай лам хүртэл дайсантай байхад Бат-Үүлд дайсан байлгүй яах вэ. Дандарын хорооны комиссар байсан, сая улсын баатар болсон Шагдарсүрэн “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо “Дандар архичин, тамхичин байсан. Сагсуу хөөрүү амьтан. Монголын морин цэрэг атаканд ороод япон цэргийн толгойг цавчиж байсан гэдэг үлгэр” гээд ярьж байна. Дандарыг Жуков яаж үнэлж байлаа. “Гайхамшигтай, жинхэнэ дайны баатар” л гэж байсан. Арван мянган хүнтэй Баргын шигшээ морин хороо сэлэм гялалзуулаад орж ирэхэд манай Монгол цэрэг л байлдсан шүү дээ. Хамт явсан, дэргэд нь давхиж явсан дивизийн комиссар хүн амьд үлдчихээд сайн хүн гэхээ байг гэхэд муу хүн гэж муулаад байж болохгүй биз дээ.

-Амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг нээрээ л хүн чанаргүй муухай үйлдэл юм даа?

-Монголчууд ийм л “үхэж байсан” зантай учраас хөгжихгүй байгаа юм. Тэрнээс биш Монголчууд ямар гайхамшигтай авьяас чадвартай билээ. Бөхчүүд, тамирчид, дуучид, хөгжимчид, циркчид, нугараачид дэлхийд үнэн гайхуулж чадаж байна. Гуравхан сая хүнийг гурван зуун мянга нь л тэжээдэг гэж байгаа. Бусад нь хүүхэд, хөгшид, ажлын чадваргүй хүмүүс. Галт тэргээр бол хөдөлгүүр, хөгжлийн түлхүүр болсон ийм цөөхөн хүн айл бүрт чи бид хоёр шиг л ганц ганц байдаг байхгүй юу. Бусад нь хойноос нь чирэгддэг. Өнөөдөр авгай хүүхнүүдтэй хоолны хэрүүл хийдэг мөртлөө сүрхий улстөрждөг улс олон байна. Ийм л улсаас хэн ч байсан холхон л байх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]