Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн танкийн эрлэг болох ёстой байсан Хеншель-129Уншсан16,322

Энэ хачин онгоцыг зэвсэглэлд авч 12-ыг үйлдвэрлэж байх явцдаа Франц болон Британийн танкуудыг сүйд хийхээр тооцоолж байсан боловч амжсангүй. Францууд дор нь бууж өгч, Англичууд Ла Манш даван сүүл хавчин зугтаалаа.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайнд оролцож байсан олон домогт онгоцны тухай өмнө нь сонирхуулж байсан бол энэ удаа нэлээд муу нэртэй, агаарын дайны түүх сонирхдог хүмүүсийн дунд багагүй маргаан дэгдээдэг нэгэн онгоцны тухай.

1937 онд Германы агаарын тээвэр хариуцсан яам танк эсэргүүцэх нисэх онгоц бүтээх тендер зарлаж олон компаниуд оролцохоор болсон байна. Уг онгоц нь хоёр хөдөлгүүртэй, дайсны хуягт техникийг устгах хүчирхэг зэвсэгтэй, хуяглагдсан онгоц байх ёстой байсан ба явцын дунд ихэнх компаниуд тендерээс татгалзаж зөвхөн Фокке Вульф болон Хеншель компаниуд л үлдсэн байна. Фокке-Вульфын хувьд өөрийн FW 189-ыг (Жааз хочит Германы нисэх хүчний домог болсон онгоц нийтлэлийг үзнэ үү) хуяглаад, хүчирхэг зэвсэглэл тавихаар ажиллаж байсан ч яам Хеншелийн бүтээлийг сонголоо. Энэ бол танк эсэргүүцэгч Хеншель-129  байв.

Шив шинэхэн онгоцыг нисгэгч нарт танилцуулж эхлэх үед тэд бүгд л дуу алдаж эхэлсэн бөгөөд тэдний хувьд бүхээг рүү өнгийж хараад л нүд нь орой дээрээ гарч байж.  Сулхан хөдөлгүүртэй онгоцондоо хуяг тавих гэхээр хүнддэх учир аль болох бүхээгийг жижигхэн хийж, цөөхөн хуягаар хамгаалах гэж зүтгэсний үр дүнд энэ онгоцны нисгэгч гэж жижигхэн одой нөхдүүд л байхаар хавчиг юм болсон байв. Нисгэгчийн мөрний орчим дахь зай ердөө 60 см. Ханагар байтугай жирийн нэг эр л ийм хэмжээнд багтах гэж зөндөө юм болох ба дээр нь нисгэгчийн элдэв юмтай зузаан хувцсаа өмсөхөөр бүр ч зовлонтой. Духны хуягласан шил, нисгэгчийн нурууны хуяг бүхий суудлын хоорондох зай ч ялгаагүй...

Гэтэл энэ бүхэн юу ч биш байлаа. Онгоцны удирдлага нь зай хэмжээнээс болоод маш богинохон хийгдсэн ба нисгэгч нар түүнийг нь эр хүний нэг эмзэг эрхтнээр нэрлэжээ. Хеншелийн энэ эрхтэн дэндүү богинохон учир нислэгийн үед элдэв маневр, огцом түргэн хөдөлгөөн хийх гэж маш их хүч гаргах шаардлагатай. Нисгэгчийн бүхээг дэх янз бүрийн хэмжих багаж хэрэгслүүд энэ бага зайд багтаагүй учир заримыг бүхээгийн гадна ил гаргаж тавилаа. 1940-өөд он дөхөж байхад шүү дээ. Хөдөлгүүрийн халуун хүйтнийг заах, тос болон шатахууны хэмжээг заах зэрэг хэрэгслүүдийг гадагшаа гаргаж болдог байлаа гэхэд дайснаа хараалах систем бүхээгийн гадна байна гэдэг...?

Энэ бүхнийг тэвчиж болдог юмаа гэхэд хажуу тийш харах гээд олигтой юм харагдахгүй, ард талын тухайд яриад ч хэрэг байхгүй. Нэг ёсондоо ардаа хажуудаа хамгаалагчтай байж л байлдааны үүрэг гүйцэтгэхээр. Хаа газрын нисгэгчид гэж хэл ам нь дийлдэхгүй нөхөд байдаг хойно энэ онгоцыг газар дор ортол нь муулж таарах ба харин зохион бүтээгч өөдөөс нь ажигч үгүйгээр “Энэ бол бөмбөгдөгч онгоц биш. Тав тух ямар хамаа... аюулгүй байдлын төлөө 30-40-хөн минут тэвчиж бололгүй яахав” гэсэн юм хэлдэг байв. Бодвол онгоцыг зэвсэглэлд авах үгүйг шийдэх нөхөд ч мөн тэгж бодсон бололтой.

Ингээд энэ хүн амьтан багтах гэж зовдог, хажуу болон ар талаа хянах боломжгүй шахам онгоцыг зэвсэглэлд авлаа. Гэтэл энэ онгоцны удирдлагаас болж шумбах аргагүй болсон ба 30 хэмээс илүү өнцгөөр шумбасан л бол үүнээсээ гарахын тулд удирдлагыг хүний бяр хүрэхээргүй их хүчээр татах ёстой болсон байв. Туршилтын үеэр хэд хэдэн нисгэгч ингэж амиа алдсан боловч бөөнөөр үйлдвэрлэх үед юу ч өөрчлөгдсөнгүй. Бас хоёр хөдөлгүүрт онгоц боловч нэг хөдөлгүүр нь гэмтсэн тохиолдолд онгоц цааш нисэх чадваргүй байв.

Энэ хачин онгоцыг зэвсэглэлд авч 12-ыг үйлдвэрлэж байх явцдаа Франц болон Британийн танкуудыг сүйд хийхээр тооцоолж байсан боловч амжсангүй. Францууд дор нь бууж өгч, англичууд Ла Манш даван сүүл хавчин зугтаалаа. Одоо яахав “оросуудтай” зодолдоход л юу чаддагаа үзүүлнэ дээ.

Францыг буулгаж авсны хүчинд энэ онгоц шинэ хөдөлгүүртэй болсон ба хуучин байсан 460 морины хүчтэй “Аргус”-ыг Францын 700 морины хүчтэй “Гном-Гром” хөдөлгүүрээр сольжээ. Хэдийгээр энэ франц хөдөлгүүр нь “ааштай”, “эмзэг турьхан” боловч хоёр хөдөлгүүрийн нэмэлт 500 гаруй морины хүч гэдэг их юм. Үүнийг ашиглаж илүү хүчирхэг зэвсэг тавих боломжтой болох ба “оросуудын” танкуудад тийм л юм таарна. Энэ байдлаар шинэчилсэн онгоцыг үйлдвэрлэсээр 1941 оны сүүл гэхэд 219 дайрагч Хеншель-129 тулалдаанд бэлэн болсон байлаа.

1942 оны зун Харьков орчимд Хеншель анхны тулалдаанд орж дайсныхаа 23 танкийг устгасан гэдэг. Бүслэлтэд ороод баларч байсан Улаан армийнхан тэрхүү танкуудаа хамгаалж байсан үгүйг мэдэх юм алга. Дараа нь ялалтын тоо цуварч эхэллээ... Обер-лейтенант Рудольф-Хайнц Руффер гээч эр энэ онгоцоор Курскийн тулалдаанд Зөвлөлтийн 20 танкийг устгасан гэх ба нийт 72 танк устгасан байна. Рудель 500 гаруй танкийг устгаж болоод байхад 72 ч яамай байна аа...

Гэтэл үнэндээ байдал маш хүнд байсан бөгөөд онгоцны гол зэвсэг болох танк эсэргүүцэх их буу нь Т-34, КВ-1 зэрэг танкуудыг буудаж онолоо ч ямар ч хохирол учруулж чадахгүй байв. Оносон нөхцөлд шүү дээ. Гэтэл газарт байгаа танкийг буудаж ононо гэдэг дэндүү хүнд зүйл байв. Аргаа барсан Хеншелийнхэн том жижиг янз бүрийн их буунуудыг контейнер хэлбэрээр онгоцонд зүүж эхэлснээс хамгийн том нь 75 мм. Энэ байтугай жижиг их буу зүүсэн Хеншель нисэх гэж зовчихдог амьтан байсан учир илүү том юм тавиад бүр ч доройтлоо. Одоо бууж суух, өндөр авах, маневр хийх тухай яриад ч хэрэггүй.

Ийм онгоцыг устгах хэр амархан байж болох вэ?

Зөвлөлтийн сөнөөгч нисгэгч нарт зориулсан гарын авлагад дайсны онгоцтой хэрхэн яаж тулалдах талаар олон зөвлөмж байх ба үүнд Мессер (Агаарын хаан Мессершмитт-109 нийтлэлийг үзнэ үү), Фоккер (Люфтваффе-гийн хүнд сөнөөгч фоккер нийтлэлийг үзнэ үү), Юнкерс-88 (Ju-88 хэмээх аймшигт араатан нийтлэлийг үзнэ үү) зэрэг онгоцыг хэрхэн яаж устгах талаар бүхэл бүтэн бүлэг зориулсан байдаг бол Хеншель-129-ийг устгах талаар ганц хуудас хүрэхгүй юм байжээ.

“Хеншель-129"-ийг эгц урдаас нь дайрч болохгүй. Танк эсэргүүцэх хүчирхэг их буу аюултай. Бусад нөхцөлд ямар ч байрлалаас, ямар ч байдлаар дайрахад аюулгүй...”

Шинэхэн орос нисгэгчийн хувьд энэ бол дуртай бай нь байлаа. Хурдаар зугтаж чадахгүй, маневр гэж бүр байхгүй, ард болон хажуу талаас дайрч байгааг харахгүй шахам ийм онгоцыг буудаж унагах шиг амархан юм хаа байх вэ. Тийм ч учраас Хеншель-129 нь сөнөөгчгүйгээр байлдааны даалгавар биелүүлэх чадваргүй байжээ.

Тэгээд Зөвлөлтийн өч төчнөөн танк устгаад байсан гэсэн маань ямар учиртай билээ?

Дайны үеийн будлиантай тиймэрхүү тоонуудыг тайлбарлах хэрэг бараг үгүй болов уу. Харин энэ онгоцыг нийт 871 ширхэг үйлдвэрлэсэн гэдэг нь хамаг учрыг тайлах ба Зөвлөлтийн танкуудыг олноор устгаж байсан онгоцыг ийм цөөхөн хийнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Тэр ч битгий хэл Германы танк эсэргүүцэгч нисгэгч нар Хеншельээс зугтан Ю-87 руу (шумбан бөмбөгдөгч биш, танк эсэргүүцэгч хувилбар) зүтгэж байсан учир энэ хэрэггүй болсон машинаа холбоотнууддаа буюу Румынд өгч байж салсан гэдэг.

Румын ба Хеншель-129 гэсэн хослол ч бас баахан адал явдал. Цагтаа Германы холбоотон байгаад ялагдаад ирэх үед зүс хувиргасан румынууд Германыг дайрахдаа өнөө Хеншелээ ашиглаж таарна. Германы сөнөөгч, зенитийн их буунууд дайсны энэ онгоцыг буудан унагах бол Зөвлөлтийн сөнөөгч болон зенитчид мөн л “Фрицийн удаан хөлт"-ийг буудаж унагасаар. Тэр удаан хөлт дотор шинэхэн холбоотон румынууд байгаа гэж тэд яаж мэдэх вэ дээ. Сурснаараа л унагаад байж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]