Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэсэн ах дүү аваргуудУншсан12,392

Монгол бөхийн түүхнээ гарах ховорхон тохиолдлуудын нэг нь төрсөн ах дүү Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай ба О.Гэлэгсэнгэ, О.Дугар нар болой. О.Гэлэгсэнгэ, О.Дугар хоёр бол Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны харьяат бөгеөд хоёул анчин гөрөөчин улс байсан гэдэг.

Монгол бөхийн дэвжээг эзэгнэсэн ах дүү аваргууд

Монгол бөхийн түүхнээ гарах ховорхон тохиолдлуудын нэг нь төрсөн ах дүү Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай ба О.Гэлэгсэнгэ, О.Дугар нар болой. О.Гэлэгсэнгэ, О.Дугар хоёр бол Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны харьяат бөгеөд хоёул анчин гөрөөчин улс байсан гэдэг. Энэ хоёр аваргын өвөг эцэг Омбой, төрсөн эцэг Очир нар нь ч Даншгийн заан цолтон бөхчүүд байжээ. Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай нар нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны ард Шагдарын хүүхдүүд бөгөөд залуу зандан цагтаа хоёул гэр бүлгүй, барилдахдаа тав гэзэг тавьж “хар хүн” болж явсан гэнэ.

Хоёр аваргын төрсөн эгч нь тэднээс дутуугүй тэнхээтэй бүсгүй байжээ. Сааж байсан үнээг нь бух ээрээд ер болохгүй болохоор нь бухыг эврээс нь барьж аваад урд хоёр хөлийг нь эврийнх нь ард хүзүүн дээр нь зөрүүлж тавьчихаад үнээгээ сааж байсан гэсэн яриа бий. Эдгээр ах дүү аваргууд бараг нэгэн үед амьдарч байсан. О.Гэлэгсэнгэ аварга 1890, 1884 оны Даншигт тус бүр 11 давж, 1881 онд 10 давж түрүүлснээс гадна 1876, 1879 онд үзүүрлэж, 1880 онд ес, 1893, 1899, 1904 онд тус бүр 7 давжээ. Арван засгийн наадамд 1875, 1877, 1879, 1880, 1881, 1882 онуудад түрүүлж, 1836 онд үзүүрлэсэн байна. О.Гэлэгсэнгэ аварга Даншиг болон Арван засгийн наадамд 9 түрүүлж 3 үзүүрлэсэн үзэгдэнэ.

Түүний төрсөн дүү О.Дугар аварга 1883, 1886, 1888, 1891 оны Даншигт тус бүр 11 давж түрүүлснээс гадна 1890, 1896,   1897, 1899, 1902 онд үзүүрлэж, 1900 онд шөвгийн дөрөвт үлдэж, 1904 онд найм, 1906, 1907 онуудад тус бүр долоо, 1906 онд зургаа, 1901 онд тав давсан байна. Мөн 1887, 1888, 1889, 1894, 1897 оны Арван засгийн наадмуудад түрүүлсэн үзэгдэнэ. О.Дугар аварга Даншиг болон Арван засгийн наадамд 9 удаа түрүүлж 5 удаа үзүүрлэжээ.

Энэ хоёр алдарт аваргуудыг Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай аваргууд залгамжлан гарч ирэв. Ах Ш.Лувсанжамбаа аварга нь 1901 оны Даншигт түрүүлснээс гадна 1900, 1906 онд үзүүрлэж, 1897, 1899, 1902 онуудад дөрөвт үлдэж, 1907 онд найм, 1904 онд долоо, 1908,     1911 онд тус бүр зургаа давж байжээ. 1905, 1906 оны Арван засгийн наадамд түрүүлж 1896, 1898, 1901, 1902, 1904 онуудад үзүүрлэсэн байна. 1895 онд долоо, 1891 онд зургаа давсан байна. Ш.Лувсанжамбаа аварга Даншиг, Арван засгийн наадамд 3 түрүүлж 7 үзүүрлэжээ.

Түүний төрсөн дүү Ш.Намхай аварга 1895, 1896, 1897, 1899, 1900, 1902, 1904, 1905, 1907, 1908 онуудын Долоон хошуу даншиг их наадамд тус бүр 11 давж түрүүлжээ. 1893, 1904 оны дахин хийсэн даншигт тус бүр 10 давж үзүүрлэснээс гадна 1901 онд шөвгийн дөрөвт үлдэж, 1911 онд 5 давж байв. Тэрчлэн 1895, 1896, 1898, 1899, 1901, 1902, 1903, 1901, 1908 онуудын Арван засгийн наадамд түрүүлж 1892, 1894, 1897 онуудад үзүүрлэсэн юм. Ийнхүү Намхай аварга Даншиг болон Арван засагт 19 түрүүлж 5 удаа үзүүрлэсэн байна. Дээрх ах дүү дөрвөн аварга ид тодорсон 1875 оноос харих тийш хандсан 1911 оныг хүртэлх 36 жилийн турш зохиогдсон 70 гаруй удаагийн Долоон хошуу, Арван засгийн наадмын түрүүг ердөө дөрвүүлхнээ 40 удаа хуваан авч байв. Мөн хугацаанд дөрвөн аварга нийлээд 20 удаа үзүүрлэсэн үзэгдэнэ. 36 жилд зохиогдсон 70 гаруй наадмын 60 удаад нь зөвхөн энэ дөрвөн аварга үзүүр түрүүнд ээлжлэн үлдэж байсан нь түүхэнд ховорхон тохиолдох монгол бөхийн гайхамшиг билээ. Монгол бөхийн ийм гайхамшигт амжилт 1640 оноос өнөөг хүртэл хараахан мэдэгдээгүй байна.

ХОВОР ТОХИОЛДЛУУД

Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, О.Дугар, О.Гэлэгсэнгэ аваргууд мөн хоорондоо барилдаж үзүүр түрүүнд үлдэж байсан нь бүр ч сонин. Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа хоёр Даншигт нэг удаа, Арван засгийн наадамд таван удаа үзүүр түрүүнд үлдэж ямагт дүү аварга нь ахыгаа орхин түрүүлж байжээ. Ш.Лувсанжамбаа аварга бол гэрт бохироод сууж байхад толгой нь унинд тулж байдаг багахан шиг босоо хүнтэй чацуу харагддаг байжээ.

Аваргын нутгийн Ж.Лувсанбалдан гэдэг бөх “1924 онд цэргийн наадамд барилдаж заан цол хүртээд баяр болгон мэдэгдэхээр аваргыг гадаалж явахад нь очиж хэллээ. Тэгэхэд аварга хариу баяр хүргээд аль вэ нааш ир гээд 90 шахам кг хүндтэй намайг өрөөсөн гараараа ар зоон дээрээс бариад хойш урагш зөөлөн сэгсрүүлэхэд хоёр хөл минь газар хүрэхтэй үгүйтэй шахам сандарч байсан билээ” гэж хуучилж байсан гэнэ. Гэвч Ш.Лувсанжамбаа аварга өөрөө сайн дүүгийн хүчээр овоо хэдэн жил дээгүүр барилдсан гэж ярьдаг байжээ.

Харин Намхай аварга бол биеэр асар том биш боловч Монгол бөхийн чухам л бүх шинж төгс бүрдсэн нэгэн байжээ. Тэр наадамд явахдаа нэгэн дэлтэй хүрэн морь унадаг байж. Намхайгаас өөр хүнд булгидаг бол аваргыг булгих гэхэд нь сэрвээн дээр нь дарах шиг болоход аяндаа больдог байж л дээ. Энэ нь аварга сэрвээн дээр нь чанга атгадаг байсан хэрэг. Нэгэн удаа худаг дээр олон бөхчүүд цуглан морь малаа усалж байж. Их монгол хэмээх Шаравжамц аварга худгийн хажуугийн намагтай довны хонхор руу бусаддаа мэдэгдэхгүй шахам аажуухан уургаа доош нь хатгасаар ёзоор нь бараг дундаа орж гэнэ. Энэ үед бусад нь мэдээж ээлжлэн доош шигтгэсэн ч тэхий голоос нь цааш хэн нь ч явуулсангүй. Гэтэл Их монгол Шаравжамц аварга хүчлэн дарсаар алд хиртэй явуулжээ. Энэ үед бусад нь доош явуулах биш дээш нь сугалах гээд ч хүч хүрсэнгүй гэнэ. Их монгол дахин доошлуулах гээд бас явсангүй. Энэ бүхнийг харж зогссон Ш.Намхай аварга хүрч ирээд уургыг дахин хагас алд хиртэй доош шигтгэжээ. Ингээд уургаа сугалахаар болоход Их монгол ч бусад ч дийлсэнгүй. Их монгол жаахан дээшлүүлж гэнэ. Харин Намхай аварга уурганы үзүүрээс ганцхан татаад сугалчихаж байсныг нутгийн хүмүүс ам дамжин яриж үлдээжээ.

О.Гэлэгсэнгэ аварга 1899 оны Даншигт наймын даваанд дүү аваргатаа бууж өгч байж. Ах дүү хоёр аварга 1890 оны Даншигт ирээд барилдаж байтал ах аваргынх нь нуруугаар хатган өвддөг хууч хөдлөн цааш барилдах тэнхэлгүй болсонд дүү Дугар аварга нь Богд хаанд “Миний төрсөн ах Гэлэгсэнгэ энэ жилийн наадамд түрүүлэн дархан аварга болох зорилго өвөрлөн ирж, барилдаж байтал зоо нурууны нь хууч өвчин хөдлөн цааш барилдах аргагүй болов. Иймд зулай зулайгаа гишгэн төрсөн дүү нь аргагүй мөн тул ахынхаа авах гэсэн цолыг би бээр еөрийн биеэр барилдан авч өгөхийг хүсье" хэмээн айлтгажээ. Ингэхийн тулд нэгэн даваанд хоёр удаа барилдах нь аргагүй хүч чадлыг шалгах, наадам дээр бас нэгэн сонирхолтой шалгуур болох болсонд нь тэр үү Богд хаан зөвшөөрч харин түрүүлж чадахгүй аваас хатуу шийтгэнэ гэсэн хариу ирж гэнэ. Ийнхүү дөрвийн даваанаас эхлэн ахынхаа орноос долоо, өөрийнхөө арав бүгд 17 барилдаж ахдаа дархан аварга цолыг авч өгч байжээ. Ийм сонин тохиолдол урьд хожид гараагүй билээ.

О.Дугар аварга наадамд явж байгаад нэгэн баян айлд буужээ. Айлын хар хүн эр хар сураар бөх гэгчийн чөдөр зангидаж сууж гэнэ. Зангидсан чөдрийг нь нэг их тоосон шинжгүй үзэж суусан залуу эрийг өнөөх баян хар хүн их л басангуй “За хэр бөх болж вэ дээ” хэмээн тохуурхангуй асуужээ. Илт тохуурхахыг мэдсэн Дугар “За яахав дээ, тааруухан л эд шив дээ” гэх маягийн юм хэлж. Гэтэл баян эрийн баярхуу зан, ааг омог хөдөлж, чамайг наад чөдрөө тас татчихвал уяан дээр байгаа морио эмээл хазаартай нь өгье хэмээн ам гарчээ. Дугар чөдрийг нь татаад тун төвөггүй тасалж орхиж, баян эр ч амандаа хүрчээ. Тэр хар хүн харин сүрхий хүн байж. Дугарын чадал тэнхээг бишрэн олон хүнд ярьж алдаршуулсан нь одоог хүртэл яригдсаар авай.

Ш.Лувсанжамбаа аварга 1902 оны Даншиг наадмын арвын даваанд Дугар аваргад унаж байжээ. Мөн 1897, 1899 онд ч унаж байв. Энэ нь О.Дугар аварга Ш.Лувсанжамбаагаас илүү хүн байсныг харуулж байна. Харин Ш.Намхай аварга 1896,     1897, 1899, 1902 оны даншиг наадамд 11-ийн даваанд Дугар аваргыг орхин түрүүлж байв. 1894, 1897 оны Арван засгийн наадамд үзүүр түрүүнд ОДугар аваргад унаж байжээ. Ийнхүү О.Дугар, Ш.Намхай нар улсын их наадамд 6 удаа хоорондоо барилдан Ш.Намхай нь дөрөв хаяж байжээ.

Нацагдоржийн Зоригтбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]