Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төвд, тангадуудын шуналыг хазаарласан тухай ардын домгуудУншсан5,310

Монголчууд эртнээс эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг илтгэх домог, хууч яриа манай ард түмний дунд байгалийн тогтоц газруудтай холбогдон ам дамжигдан яригдсаар ирсэн.

Монголчууд эртнээс эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг илтгэх домог, хууч яриа манай ард түмний дунд байгалийн тогтоц газруудтай холбогдон ам дамжигдан яригдсаар ирсэн. Жишээ татвал Алтайн уулсын бүрэлдэхүүнд багтах Яст тост хэмээх намхан бэсрэг уулсын домог, аварга динозаврын амьдарч байсан алдар цуут Нэмэгт хөндий, Нэмэгтийн уулын энгэр барин алс баруун зүгийг чиглэн явахад тохиох Алтан уулын домог. Эдгээр домгуудыг уншигчдадаа сонирхуулья.

АЛТАН УУЛЫН ДОМОГ

Эрт дээр цагт гэнээ. Манж хятадын дарлал манай орныг нэрвэсэн хэцүү үед юм байх. Өргөн уудам нутгийн маань өнцөг булан бүрт олз хайсан гадаадын түрэмгийлэгчид ангамал хуурай говь цөлийг ч гатлан алт, мөнгө л олж байвал амь насаа өгөхөөс буцдаггүй байсан тэр цагт ар Монголын говь нутагт алтаар бүтсэн нэг уул байдаг тухай ам дамжсан цуу яриа нэгэн баян тангадын сонорт хүрч гэнээ.

Ховдог шунахай тангад холын тэр их алтыг авах юмсан гэхээс хоол цай нь хоолой руугаа явахаа болж, хоногийн нойр нь хойт зүгт хулжин, өдрийн бодол, шөнийн зүүдэнд амар заяа үзэхээ байжээ. Баяжихын дон шүгэлсэн баян тангад байж сууж чадахгүй болж барлаг зарц бараа бологч нараа нэгэн өдөр цуглуулж, уулыг тэр хэвээр нь ачсан ч болохоор урт гэгчийн жингийн цуваа бэлтгэж, алс холын ар Монголд байгаа алтан уулыг нурааж аваад ир гэж тушаажээ. Ирэх цагт чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулан явуулжээ. Өчүүхэн ч гэсэн алт аминдаа ашиглах гэвэл өчиггүй цаазална гэж тэдэнд зарлиг буулгажээ.

Баян тангадын илгээсэн бараа бологчид баруун хойт зүгийг чиглэн явсаар бараг сарын хугацаа өнгөрхөд нэл алт эрдэнэс гялалзсан нэг их өндөр уулын хормойд ирж буужээ.

Холоос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг өнөөх өндөр уулыг эргэн тойрон бүсэлж аваад өдөр шөнөгүй ухаж гарчээ. Унтах идэхээ мартсан шунахай тангадууд уулын хажууг улам гүнзгийлэн малтаж байтал үхэр шиг хэлбэртэй үлэмжийн том гэгчийн алт гараад ирж гэнээ.

Улан дор нь энэ их их эрдэнэ байхад ухаад авчихаа мэдэхгүй урагшгүй муусайн монголчууд ухаантай төрсөн бидэнд уул шиг алтаа алдах нь энэ дээ гэж уугуул нутгийн ард түмнийг хүртэл басамжлан шуугилдаж уулыг улам цааш нь ухаж байтал өнөөх алтан үхрийн өрөөсөн эвэр нь гараад иржээ. Бусдаасаа урьтаж булга цохиж авах санаатай алтанд шунасан нэг тангад үхрийн эврийг цохиодохсон чинь алтан уул бүхлээрээ доргин нижигнэж агшин зуур нуран өнөө олон тангадын дээрээс өчиггүй дарчихжээ.

Уулын нуралтаас болж шахагдсан хий тангадуудын өмссөн хар тоорцогнуудыг тал бүр тийш нь хийсгэхэд тоолшгүй олон хар хэрээ нисээд явчих шиг болж гэнээ.

Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл тэр газарт алтан үхэр уулан дороо хадгалаастай байдаг юм байх. Арвин баялаг эрдэнээ ариун хэвлийдээ хадгалсан тэр уулыг Алтан уул гэх болж, нэг үхрийн эвэр цохивол мянган үхрийн эвэр доргино гэдэг цэцэн үг үүнээс гарч гэнэ. Гэнэт идэх гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд гэмтэй гэдэг үнэн шүү гэж домог төгсдөг юм.

 

ЯСТ ТОСТЫН ДОМОГ

Буддын шашны төв Лхаса хотод асар том дуган барих болж дуганы гол багана хийхэд өөгүй эгц, өндөр гуалиг өнчин цагаан зандан мод хэрэгтэй гэж Хятад шинжээч «айлджээ».

Тэр сайхан цагаан зандан тэртээ холын Монгол оронд л ургадаг юм даа. Цайдам эзгүй говьд ургадаг өнчин ганц модыг цаг ямагт хамгаалж байдаг дөрвөн алд биетэй, аягын чинээ том нүдтэй, аварга могойг нь аргалж холдуулбал авч болно. Харин тэр аварга могойг яаж холдуулах аргыг Халхын мэргэн тэвнэ гэдэг хараа муутай өвгөн л мэднэ гэж шинжээч хэлжээ. Төвдийн Далай лам энэ сургаар Дондог, Югзэр, Ранжамба, Гадир хэмээх дөрвөн ламыг сонгон мэргэн Тэвнийнд илгээжээ.

  Тэд явсаар мэргэн өвгөнийд хүрч явдал учраа ярьж ямар аргаар аварга могойг зайлуулах тухай асуусанд эх нутгийнхаа онгон ганц занданг элэг буруутанд огтлуулахаас татгалзаж, урьд дээр цагийн юмыг би мартжээ, ухаан санаа ч муудлаа. Та бүхний зорьсон хэрэгт тааламжтай үг хэлж чадахгүй нь дээ гэжээ. За тэгвэл бид замаа хөөхөөс яахав гээд зальт төвдүүд яваад өгчээ. Өнөө хэдэн төвд нутгийн нэгэн шунаг баянд очиж өвгөн мэргэнээс үг алдуулж чадвал өндөр шан өгнө. Хэрэв чадахгүй бол хэрэг бишдэнэ шүү гэж баянг сүрдүүлээд чамтай цуг бидний нэг нь хамт очно. Аварга могойг зайлуулах аргыг нь бичиж авна гэжээ.

  Өвгөн мэргэнийд өнөөх хоёр ороход хараа нь муудсан настан, хамт ирсэн хүнийг нь мэдсэнгүй, нутгийн хуучин танил болохоороо нууц аргаасаа ярьж эхэлтэл хажууд байгаа аяганы шүүгээн дээр харин хулсан үзэгний хяхатнах чимээ гарлаа гэнэ. Башир муу баян бас өнөөх хэдээс дагуулж ирснийг мэдэж ярианыхаа чигийг өөрчилж явуулын хэдэд ярьснаа л хэлээд тавьчихжээ. Ингээд их юм авах гэсэн баяны шунал талаар болж ирсэн хэрэг бүтэх нь гэсэн төвдийн горьдлого тасарч, өнчин зандан модыг авахад өөр арга сүвэгчлэхээс өөр замгүй болж өдөр шөнөгүй манаж сахисаар өлсөж цангасан могойг модноос буухад нь өрсөж авахаар шийдээд аварга могойт занданг арван тав хоног сахиж байтал арай гэж модноос буугаад ар талын ууланд хөвөрч ан гөрөө хийсээр урд талын уулаар дамжин ус шандаар ундалсаар яваад ирэхэд нь ургаа зандан модыг унагаж аваад хөдлөх гэж байгааг алсаас харсан аварга могой арван алд биеэрээ амдан аваад өнөөх хэдийг ороож хааш нь ч хөдөлгөлгүй хашчихаж гэнээ. Хайран сайхан модыг нь харийн дээрэмчид үгүй хийсэнд харамсан уйлсаар байгаад нас эцэслэжээ. Тэр цагаас хойш аварга могойн яс нь уул хад шиг овоорч, тос нь гол мэт урсаж байснаас тэндхийн уулсыг яст тост гэж нэрлэх болж, уйлсан шорвог нулимс нь урд талын хонхорыг дүүргэж гашуун хэмээх нуурыг тогтоож, аварга могойд ороогдсон дөрвийн нэрээр Аранжамба, Дондог, Югзэр, Гадир хэмээх дөрвөн ойрхон булаг байдаг болж гэнээ. Хүний юм хүчгүй, хүзүүний мах амтгүй гэж манайхны ярьдаг зүйр үг ч бас оносон юм шүү гэж домогт төгсдөг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]