Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дөрвөн цагаан өдний хийрхэлУншсан5,803

Ичиж уйлсан Брум тойрсон олныг зад татан гаран догонцон гүйхдээ байдгаараа чарлан уйлж байсан бөгөөд хоёр хоногийн дараа ор сураггүй алга болсон байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Их Британид аль эртний хүлэг баатрын үеэс уламжлан ирсэн нэгэн заншил байдаг нь аймхай хулчгараа харуулсан хүнд дөрвөн цагаан өд өгдөг явдал байж. Он жилийн явцад энэ зан заншил бараг мартагдаж байсан тэр үед буюу 1902 онд  “Дөрвөн өд” хэмээх зохиол хэвлэгдэн гарч өөдгүй муусайн хүмүүсийг ингэж тэмдэглэж, шившиглэж байжээ гэдгийг эргэн сануулжээ.

1914 он болж дэлхийн их дайн эхэллээ. Британийн эзэнт гүрэн даяар эх оронч үзэл газар авч, цэрэгт сайн дураар явж улс орныхоо эрх ашгийг хамгаалах гэсэн хүмүүс цэрэг татлагын газар ёстой л овоорч байсан бөгөөд тухайн үед нэмэлтээр 100 000 гаруй цэрэг татахад л хангалттай гэж тооцож байсан гэдэг. Гэтэл гуравхан сарын дотор Канадаас эхлээд Австрали хүртэлх Британийн бүх л газар нутагт хагас сая эрчүүд цэрэгт татагдахаар зүтгэж сүйд боллоо. Татагдсан гэж сурснаараа л ярьж байгаа болохоос, тухайн үед энэ гүрэнд цэрэг татлага гэж байхгүй, зөвхөн сайн дурын үндсэн дээр цэрэгт явдаг, мэргэжлийн гэмээр армитай байсан билээ.

Цэрэг татлагын байранд дугаарлаж байгаа иргэд

Олон ч хүнийг буцааж, голж шилж янз бүрийн юм болох нь мэдээж. Гэсэн хэдий ч зарим хүний хувьд олон эрчүүд цэрэгт явалгүй бусдын араар нуугдаж үлдэж байгаа мэт санагдаж байж. 1914 оны 8-р сард Фолкстонд болсон нэгэн цуглааны үеэр чөлөөнд гарсан адмирал Фитцжеральд гээч нь 30 эмэгтэйд цагаан өднүүд өгч, цэрэгт явахаас зайлсхийж байгаа эрчүүдэд энэ өдийг өгч шившиглэж байхыг захисан гэнэ.

Энэ санаа дороо дэмжигдэн тарж Британийн хот болгонд шахуу цагаан өд бэлэглэх явдал газар авчээ. Голын эргээр зугаалж яваа, наран шарлага дээр хэвтэж буй, хотын гудамжаар яаран яваа... цэрэг хувцасгүй эрчүүдийн энгэрт өд хатгах гэж дайрсан хүүхнүүд, тэднийг даган баясах өөр бусад эрчүүд.

Энэ явдал улам бүр дэлгэрч яваандаа нэг төрлийн хийрхэл болж хувирлаа. Цэрэг хувцас өмсөөгүй л бол урвагч хулчгар байх ёстой юм биш гэдгийг тэрхүү хөөрсөн олон бодсонгүй буюу аль болох олон хүнийг ичээж шившиглэх нь чухал болжээ.

-Лондон хотын нэгэн гудамжаар алхаж явсан Генри Уилдингийн малгайд Артур Хогтон гээч нөхөр цагаан өд хатгах гэж оролдоод хариуд нь сайн гээч жавтий хүртэж. Гэтэл тэр Генри Уилдинг нь дайны баатар, олон гавьяа шагнал авсан эр амралтаараа гэртээ ирсэн нь тэр байжээ. Шүүх хурал болж мань эрийг буцаан фронтод хөөсөн бөгөөд хохирогч хэрвээ нас барвал фронтоос татан авчирч шорон гянданд хатаах болно гэж шийдэж. Үхэлтэй өчнөөн нүүр тулсан Уилдинг шүүхийн шийдвэрийг сонсоод хорсолтойгоор инээн байж “Шоронд орвол би дайнд тастуулахгүй амар л юм байна” гэсэн гэдэг.

-1916 онд шархдаж, удаан хугацаагаар эмчлүүлж байгаад чөлөөгөөр гэртээ ирсэн Уолласыг автобусанд явж байхад нь нэг хүүхэн шууд л цагаан өд “бэлэглэж”. Учрыг нь сайн мэдэхгүй Уоллас их л баяртай өдийг авч энэ нь чухам юу гэсэн утгатай юм бол гэж асуусныхаа дараа хариултыг сонсоод бараг л ухаан алдах шахаж.

“...Өршөөгөөрэй. Би тэр хулчгар амьтан нь юм биз дээ. Би танд хөлөө үзүүлэх үү? Харамсалтай нь хөл маань Францын Фрикурын орчимд өмхийрөөд хэвтэж байгаа. Та очоод хайгаад үзэх юм уу” гэж тэрээр хорссондоо дуу алдсан байна.

-Жорж Сэмсэн гэдэг хүн дайнд эрэлхэг гавьяа байгуулж, цэрэг эрийн хамгийн хүндтэй шагнал болох “Викторийн хэрээс” одон гардаж аваад Букингемийн ордноос гарч явахад нь нэг хүүхэн бас л "бэлэг" өгчээ.

Энэ тухай Жоржтой цуг явсан Коллие Кнокс гээч бичихдээ “Царайлаг боловч тэнэгдүү нэг хүүхэн бид хоёрт нэг нэг цагаан өд өглөө. Гэтэл цуг яваа хүн маань дөнгөж саяхан, хааны гараас, хамгийн том цэргийн шагналаа аваад гарч яваа хүн шүү дээ. Дургүй зэвүү хүрсэн бид хоёр тэсвэр алдаж нөгөө хүүхэнд өөрсдийгөө хэн болохыг, ямар үхэл хагацал, зовлон туулж явсныгаа хатуу ширүүн үгтэй холин барин хашхирах үед өнөө хүүхний царай улам бүр л тэнэг болоод байлаа...” гэсэн байдаг.

-Фредерик Брум гэдэг хүү 15 настайдаа цэрэг татлагын газарт насаа өсгөж хэлээд явган цэрэг болжээ. Дайнд орж, дайтаж явсаар шархдан эмнэлэгт ухаан орж. Энд мань хүний жинхэнэ нас тодорхой болсон ба ердөө 15-тай хүүхдийг бушуухан л ар тал руу явуулсан нь ойлгомжтой. Шархдаж эдгээд дөнгөж хөл дээрээ боссон хүү гэртээ ирэн өөртөө таарсан ажил олон хийж байх үед нь таарсан хотын хэдэн хүүхнүүд түүнд өд өгөн, элдэв дээдээр хэлжээ. Тэдний хэлсэн үгнүүдээс хамгийн зөөлөн нь л  гэхэд “Хүүхнүүдийн хормой дор нуугдсан ар талын муу харх” гэх мэтийн юм байж. Хамгийн хэцүү нь эдгээр хүүхнүүдийг хэл амаа билүүдэж байхад тэр хавийн хүмүүс хэрэгт дурлан овоорч хүүхнүүдийг дэмжиж баахан юм болсон юм байх. Ичиж уйлсан Брум тойрсон олныг зад татан гаран догонцон гүйхдээ байдгаараа чарлан уйлж байсан бөгөөд хоёр хоногийн дараа ор сураггүй алга болсон байлаа. Тэрээр дахин насаа нэмэн, шархаа нуун байж цэрэгт явсан ба 16 настай хүү дайнаас эргэж ирээгүй билээ. 

Энэ бол зөвхөн цөөхөн хэдэн тохиолдол. Иймэрхүү юм дэндүү олноор болж байсан бөгөөд сүүлдээ дотоод хэргийн сайд Режинальд Маккен цэргийн гавьяатан болон, ард талд заавал ажиллах шаардлагатай хүмүүсийг хамгаалах арга хэмжээ болгон тусгай тэмдэг бий болгох тушаал гаргаж байжээ. Хийрхэл ямар хэмжээнд хүрснийг зөвхөн тушаалаар л харж болох биз ээ.

P.S.

Дайн дажин, хямрал нүүрлэх үед зарим нэг хүмүүсийн нар гарч, өөрөө өөрийгөө хэн болохыг түмэн олонд харуулах гэж улайрч эхэлдэг нь хаа сайгүй л болдог зүйл. Одоо манайд ч гэсэн энэ хөл хорионы хатуу үед бүхнийг мэдэж, бүхнийг шүүмжлэх дуртай зарим нэг хүмүүсийн хийрхэх өвчин улам бүр гаарсаар. Заримдаа сошиал ертөнц гээчээр жаахан хэсэхэд Монгол Улсын 3 сая хүний ихэнх нь, энэ гайт өвчинтэй өдөр шөнөгүй тэмцэлдэж байгаа хүмүүсээс бусад нь өвчнийг яаж дарах ёстой, юу хийх ёстойг яг таг мэддэг юм шиг санагдах.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]