Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

13 шумбан бөмбөгдөгч онгоцны сүйрэлУншсан20,355

Зигелийн 13 шумбан бөмбөгдөгч онгоцны сүйрэл нь цэргийн нисэх хүчинд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй, олон экипаж хохирсон, ослуудын нэг болон түүхэнд үлдсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон олон байлдааны онгоцууд дотроос Германы шумбан бөмбөгдөгч Ю-87 нь хамгийн хуучин, хоцрогдсон, хурдгүй онгоцны нэг боловч Зөвлөлтийн "ПО-2"-той нэгэн адил Германы энэ онгоц дайны талбарт хамгийн их үүрэг гүйцэтгэсэн онгоцны нэг билээ. Ю-87 бол блицкригийн нүүр царай,  Ю-87 бол Германы цэргийн эсрэг тулах хуурай замын цэргийн эрлэг байлаа.

Техник үзүүлэлтийн хувьд тун ч гайхуулах юм муутай энэ онгоцны дээд хурд нь 380 км/цаг дөнгөж хүрч байсан ба аэродинамикийн хувьд ихээхэн болхи, хоцрогдсон гэмээр. Хураагддаггүй хөл, аэродинамикийн эсэргүүцэл бүхий эд анги энд тэндээс нь сэрийсэн энэ онгоц маневраар ч бас гайхуулах зүйл үгүй боловч чухам түүний эдгээр дутагдал нь давуу тал болж байв. Шумбан бөмбөгдөнө гэдэг бол өөрөө бас нэг төрлийн урлаг. Өөр бусад аэродинамикийн хувьд цэвэрхэн онгоц шумбах үед хурд нь огцом нэмэгдэж онгоцны эд анги агаарын эсэргүүцлээс болж  бут үсрэх дээрээ тулж болох ба нисгэгч нь ер бусын их ачаалал авч ухаан алдах өндөр магадлалтай болдог. Дээр нь Ю-87 газраас 450-500 метрийн өндөрт шумбалтаас гардаг нь хэвийн өндөр бол өөр бусад онгоцонд энэ нь зөвхөн хамгийн онцгой үед л тохиолдох зүйл гэж хэлж болох ба сөнөөгч зэрэг хурдтай онгоц нь огцом шумбалтын үед бараг дууны хурданд дөхөж ирэх билээ. (шумбалтаар энэ үеийн онгоц дууны хурданд хүрч байсан гэх тохиолдол хэд хэд бий) 

Харин Ю-87 шумбахдаа 600 км/цаг орчмын хурд авах ба аль болох эгц шулуун шумбан унаж, хараандаа оруулсан бай дээрээ бөмбөг мултлангуут онгоцны автомат өөрөө шумбалтаас гаргана. Хоцрогдсон хуучирсан онгоц гэх боловч тухайн үед гайхамшиг гэмээр найдвартай ажиллагаатай автомат шумбалтаас гаргах төхөөрөмжтэй байжээ. Чухам ийм нөхцөлөөс шалтгаалан шумбан бөмбөгдөгч онгоцны бөмбөгдөх онч нь бусад төрлийн бөмбөгдөгч онгоцноос тасархай ба ялангуяа Ю-87-гийн ийм үзүүлэлт нь орчин цагийн олон онгоцтой өрсөлдөх хэмжээнд байгаа гэж хэлж болох билээ. 

Хүрзэт буюу Ю-87 нь (Покрышкины "Дайны тэнгэр" номын орчуулга дээр хүрзэт гэж Монголоор орчуулсан боловч үнэндээ энэ нэр нь өргөн өмд, гутлын нэр хоч юм) цахилгаан дайны шинж чанарт хамгийн тохирсон онгоц байсан бөгөөд Польш, Африк, Франц, Зөвлөлт зэрэг улстай хийсэн Гитлерийн Германы дайнд агаарт бүрэн ноёрхож байхдаа чухам ямар аймшигт хүч гэдгээ харуулсан бол Германы нисэх хүчин агаарт ноёрхлоо алдсан газарт Ю-87 нь дайсны сөнөөгч онгоцны хөнгөхөн зууш болдог байв.

Анх 1934 онд зохион бүтээгдсэн, 1936 онд зэвсэглэлд орсон энэ онгоцыг цаг үргэлж сайжруулан өөрчилж байсан ба Германы арми Польш руу дайрахын өмнөхөн буюу 1939 оны 8-р сарын 15-нд Нойхаммер цэргийн полигонд шинэчилсэн Ю-87 бүхий, ахмад Вальтер Зигелийн удирдсан St.G.76 бүлэг нь шумбан бөмбөгдөх хүч чадлаа хүрэлцэн ирсэн дарга нарт үзүүлэх ёстой байлаа.  Тэрхүү дарга нар нь 3-р агаарын флотын (Luftflotte 3) дарга Хуго Шперле, 2-р агаарын корпусын дарга Бруно Лерцер, агаарын тусгай бүлгийн удирдагч  (Fliegerführer z. b. V) Вольфрам фон Рихтгофен зэрэг хүмүүс байжээ.

Вальтер Зигель

Урьдчилан тохирсноор ахмад Зигель нь Котбус хэмээх  Германы аэродромоос бүлгээ авч гаран Нойхаммер полигон дээр ирж цементэн бөмбөгөө генералуудын өмнө бэлдсэн байн дээр ирж хаях бөгөөд 26 онгоц ээлж дараалан шумбан орж ирээд бөмбөг мултлах нь ёстой жинхэнэ шоу болох ёстой байв.

Бөмбөгдөх орчны цаг агаарын мэдээг ахмад Зигелийг агаарт гарахаас өмнө дамжуулсан нь тухайн орчин үүлтэй буюу 750-1850 метрийн өндөрт харагдах орчин муу, түүнээс доош бүх зүйл хэвийн гэсэн байна. Өглөөний нар мандахтай хамт манан будан, үүлний хэмжээ ч багасаж өндөр нь 1300 метр болно гэж тооцжээ.

Төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчлөн 4000 метрийн өндрөөс үүл нэвтлэн шумбаад 500-600 метрийн өндөрт бөмбөгөө мултлахаар шийдсэн ахмад Зигель бөмбөгдөх полигоноо хэнээс ч илүү сайн мэдэх хүн байв. Шумбах дараалал, эхлээд Зигель өөрийн хоёр дагуултайгаа, араас нь 2-р эскадриль, залгаад 3-р эскадриль, хамгийн сүүлд дэслэгч Дитрих Пельтц даргатай 1-р эскадриль шумбах ёстой байжээ.

26 шумбан бөмбөгдөгч онгоцоо хөтлөн яваа Зигель хүрэх газраа ирээд 3650 метрийн өндрөөс бүлгээ дагуулан налуу шумбалтад орлоо. Үүлэн дунд орсон Зигель 1000 метр,  түүнээс өндөрт үүл дуусах ёстой, газрын бараа харагдах ёстой гэж ойлгон шумбаж байх үед юу ч харагдахгүй байсан бөгөөд асар туршлагатай нисгэгч тун удалгүй үүл шингэрч газрын бараа харагдах ёстой атал улам бүр харанхуйлж байгааг анзааран байдал биш болсныг мэдрэх үед асар ойрхон овгор газар харагдах мэт болсон байна.  Тэрээр холбоогоороо яаран сандран шумбалтаас гарахыг тушааж өөрөө ч шумбалтаас гаргах гэж оролдлоо. Дараа нь газарт байсан хүмүүсийн яриагаар бол гэнэт айхтар дуу чимээ гаран үүлэн дундаас нэгэн онгоц гарч ирэн газраас бараг 2-3-хан метрийн дээр онгоцоо тэгшилж чадсан ба тэгширсэн онгоц нь мод мөргөх шахан байж арай чүү гэж жаахан өндөр авсан гэж хэлсэн байдаг гэнэ.  

Ахмад Зигель онгоцоо шумбалтаас гаргаж байхад араас нь шумбаж байгаа хэд чухам юу хэлснийг ойлгож амжилгүй газар мөргөн унаж эхэллээ. Юу болоод байгааг ойлгоогүй, ямар аюул хүлээж байгааг мэдээгүй онгоцнууд газарт унасаар байсан ба 2 болон 3-р эскадрилийн 9 онгоц газар мөргөх нь мөргөж, шумбалтаас гарч чадсан ганц нэг нь онгоцоо тэгшлэх үедээ мод мөргөн үхэж байв. Ганцхан 3-р бүлэг буюу дэслэгчийн удирдсан хэсэг энэ аймшгаас эсэн мэнд гарч чадлаа. Тэд дөнгөж шумбаж эхлэх үед буюу үүлэнд орж байхдаа ахмадын амь тавих адил чарлан байх дууг сонсоод тэр даруй дэслэгчийн тушаалаар бүлэг тэр чигээрээ шумбалтаас гаран тухайн бүсийг орхисон байна.

Нийт 13 Ю-87, тэдний экипаж болох 26 нисгэгч амиа алдсан явдлын дараа тэр даруй эхлүүлсэн мөрдөн байцаалтаар аймшигт явдлын шалтгаан нь үүл манан гэж тооцсон ба өглөөний нар мандахтай зэрэгцэн манан багасна гэж тооцож байсан ч харин ч өтгөрөн газар сууснаас ийм явдал болжээ. Ахмад Зигелийг энэ явдалд ямар ч буруугүй гэж үзсэн байдаг.

Зигелийн 13 шумбан бөмбөгдөгч онгоцны сүйрэл нь цэргийн нисэх хүчинд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй, олон экипаж хохирсон, ослуудын нэг болон түүхэнд үлдсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]