Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчууд нум сум хийхэд ашигладаг цавууныхаа нууцыг алдсанУншсан7,801

1965-1966 оны үед өөрсдөө үйлдвэрлэх бололцоогүй байснаас улсын мэргэн Адилбиш Хятадад 1500 нум сум хийлгэж байсан. 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам, Ан агнуурын газар, улсын мэргэн Пүрвээгээр удирдуулсан нум сум хийх тасаг байгуулсан.

2000-аад оны үед 10-р хороололд байрлах “Эрийн гурван наадам” ХХК-ийн цехэд нум сум хийдэг байжээ. Баргийн хүн хийж чаддаггүй, ур дүй шаарддаг болоод тэр үү манайд нум сум хийдэг үйлдвэргүй болоход тулж, үе дамжсан харваач нар хувиараа энэ ажлыг нуруундаа үүрч ирсэн гэдэг. Одоо энэ үйлдвэр байдаг эсэхийг мэдэхгүй юм, туайн үед сэтгүүлч Б.Туул сонирхон очиж ярилцлага авч байсан нь өдгөө ийнхүү сонины шарласан хуудаст түүх болон үлджээ. Компанийн захирал Т.Батмөнхийн ярилцлага.

-Нум сумын үйлдвэртэй болох санаа хэдийд төрөв?

-Би уг нь газарзүйн багш мэргэжилтэй. Сух харваж сурч байхад Ядамсүрэн багш нум сум хийхийг заасан. Би гарын эв дүйтэй санагдсан уу, багш маань “Мандухай сэцэн хатан” киноны нум сум болон зарим хэрэгслэлийг хийж байхдаа намайг зуныхаа амралтаар хамтарч юм хийгээч гэх нь тэр. Багшийнхаа заавраар шөрмөс задлах, нуман дээр тогтоох зэргийг гадарлах болсон. Дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны нум сумыг мөн л хийлцэхдээ нэлээд дөртэй болоод бие даан юм хийхтэй болсон байх.

-Анх хийсэн нум сум санаанд чинь нийцсэн үү?

-Анхны нум сум хүүхдийнх байсан л даа. Багш эсгэж өгөөд, наагаад ир гэсэн. Тэгээд болж байна гээд хүүхдийн 5-6 нум сум хийлгэсэн.

-Нум сум хийх яггүй ажил уу?

-Гичир шар, хамар гээд олон хэсгийг хулсандаа тааруулж наана. Нааж хамаасныхаа дараа эврээ зүснэ. Янгирын эврийг л зүсч нимгэлнэ шүү дээ. Зүссэн эврийг эсгэсэн нуманд тааруулж өвөр талд нь наана. Ингээд хорь орчим хонуулаад шөрмөсийг цавуунд зулж, ард нь наана. Бэлэн болсон нумыг 4-6 сар хатаасны дараа хөвчлөөд зэхнэ.

-Их олон дамжлагатай юм. Тэгэхээр нэг нум 4-6 сарын дараа бэлэн болдог байх нь ээ.

-Нум, сум хийнэ гэдэг маш нарийн ажил. Наад зах нь дөрвөн сар хатаах горимтой.

-Зааны яс, бугын эвэр өөр юу ч билээ тэр олон зүйлийг яаж олж цуглуулдаг вэ, Та?

-Чиний дээр нэрлэсэн ховор эдээр сумны булцуу хийдэг юм. Зааны яс бол бүр олдохгүй. Бугын эвэр их үнэтэй. Тийм болохоор хандгайн эвэр ашигладаг. Хандгайн эврийг Хөвсгөл, Хэнтий рүү захиж авна. Дээр үед том эвэртэй хайнаг, бүдүүн шарын эврийг ашигладаг байсан. Одоо үхрийн эврийн оронд янгирын эврийг зүсч хэрэглэх болсон. Зарим үед хуванцраар орлуулдаг. Ийм булцууг бэлтгэл дасгалын үед л хэрэглэнэ. Тэмцээний үед тохирохгүй. Энэ нь уламжлалаа алдаж байгаа хэрэг л дээ. Нум сумандаа хэрэглэх бургас, хусыг л гэхэд жилийн өмнөөс сүүдэр газар хатаана. Сүүдэрт хатсан мод бат бэх болно. Харин наранд хатаавал хэврэгшнэ.

-Монгол аргаар хийсэн цавуу бас л өөр үү?

-Дээр үед цавууг өөрсдөө буцалгадаг байж. Харамсалтай нь хятадууд гангар шаазан хийдэг патентаа бусдад алдсан шиг өвөг дээдсийнхээ цавуу хийдэг байсан нууцыг алдсанаас тодорхой жор үлдсэнгүй.

-Үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд цавуу хийдэг байсан тэр уламжлалыг нь судалж үзэв үү?

-Гаднаас худалдаж авна гэхээр өртөг ихтэйгээс гадна шаардлага хангахгүй. Хятадын цавуу л гэхэд ер наасан болохгүй. Тийм болохоор өөрсдөө хуучин уламжлалаар нь монгол аргаар цавуугаа хийж байгаа. Налайхад амьдардаг ная гарсан нэгэн хөгшнөөр заалгасан.

-Тэр цавууг яаж буцалгадаг тухай сонирхуулахгүй юу?

-Үхрийн арьс ширний годыг загасны махтай хольж буцалгана. Ингэхдээ тасралтгүй 72 цаг чанаж жинхэнэ шөрмөс тавих цавуу гаргаж авч байгаа юм л даа. Цавуугаа буцалгахдаа огтхон ч хайнга хандаж болохгүй. Хоёр хүн ээлжлээд гурван өдөр шөнө буцалгадаг гээд бод доо. Бас бус юм бий л дээ. Тэр бүрийг тоочоод яах вэ.

-Багагүй түлш орох нь ээ.

-Тэгэлгүй яахав. Түлш хэмнэхийн тухайд өндөр даралтаар хайлуулдаг тогоог ашиглах хэрэгтэй юм билээ. Бид тэр тогоог хэрэглэж үзсэн. Боломжийн санагдсан шүү.

-Цахилгаангүйгээр хийх өөр арга байж болох уу. Томоохон зууханд гал түлээд буцалгаж болох биш үү?

-Ер нь л аль болох хэмнэлт талаас нь хийхийг зорино л доо. Ингэхдээ чанарыг орхигдуулж болохгүй. Зун намрын цагт бол хангай газар очоод, танилынхаа гадаа томоохон “поошгон” зуухан дээр 30-40 кг цавуу бэлтгэж авдаг л даа.

-Нум сумын харьцаа гэж харваачид ярьдаг. Ер нь нум сум хийхэд гол нь харьцааг алдагдуулахгүй байх нь чухал уу?

-Нум сумын харьцаа тохирсон байх ёстой. Эрэгтэй хүнд эр сум тааруулна гээд их нарийн л даа. Өнгөрсөн жил Чингисийн ойн наадмаар болсон явдал л даа. Эхнэр маань урьд өдөр нь бай сүрхий оноод байгаа л харагдсан юм. Гэтэл маргааш нь эр сум андуурч авснаасаа болоод сум нь байндаа хүрэхгүй байж билээ. Хөгшчүүд хүртэл андуурна. Дээр үед хатуу нум, том сумаар харвадаг байсан. Одоо нум нь зөөлрөөд сум нь жижгэрсэн байгаа. Бүр эрэгтэй нь 72 граммаас дээш, эмэгтэй нь 60 граммаас дээш жинтэй сумаар харвадаг байж. Гэтэл одоо энэ хэмжээ хамааралгүй болсон.

-Бид нум сумын талаар голдуу ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг танай үйлдвэр рүү чиглүүлье. Ингэхэд танайх хичнээн ажилтантай юм бэ?

-Үйлдвэр дээр гардан ажилладаг таван хүнтэй. Гэрээрээ шөрмөс задалж байгаа 10 гаруй хүн бий. Монголд нум сумны үйлдвэрлэл явуулдаг газар нь ганцхан манайх болоод байгаа. “Эрийн гурван наадам” ХХК буюу “Монгол нум сумны үйлдвэр” нэртэй. Манайхаас салбарласан “Нөхөрлөл” нэртэй хувийн хоршоо Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд бий. “Нөхөрлөл” хоршоо жилд 50 орчим нум сум үйлдвэрлэдэг. Долоон үеийн харваач удамтай, Болдбаатар гэдэг залуу толгойлж байгаа. Залуу хүн гэхэд сайн хийж байгаа шүү.

-Танай үйлдвэрийн хувьд жилд хичнээн нум, сум үйлдвэрлэдэг вэ?

-Жилдээ 80-100 орчимд эргэлддэг.

-2006 онд Тулгар төр байгуулагдсаны ойг тэмдэглэхтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу аймаг, сум бүрийг нум сумтай болгохоор шийдсэн байгаа шүү дээ. Танайх энэ хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэх нь лавтай?

-Энэ хөдөлгөөний дагуу нэг сумд дөрвөн нум сум хэрэгтэй гэж үзээд, 1200-г хийх хэрэгтэй болж байгаа. 2006 он хүртэл манай үйлдвэр 600 гаруйг нь хийх зорилго тавин ажиллаж байна. Сэлэнгэд байгаа салбар үйлдвэр 300-400-г хийх болов уу. Дээр нь хувиараа хийдэг хүмүүсийнх нэмэгдэнэ. Энэ жил хүүхдийн их наадам болохтой холбогдуулан манайх захиалга ихтэй байгаа. Тиймээс хүүхдийн 40-60 нум сум хийхээр төлөвлөж байна. Том хүнийхтэй нийлээд 150 нум, сум хийнэ.

-Авьяасаас гадна гарын ур дүй, тэвчээр хатуужил шаарддаг гэдгээрээ ажилтнаа сонгон шалгаруулж авахад хэцүү юү?

-Жинхэнэ юм хийе гэсэн ясны авьяастай хүн шалгарч үлддэг. Наад зах нь зургийн, техникийн талын мэдлэг, гарын ур дүйтэй байх шаардлагатай. Одоо нутгийн хүүхдүүдтэйгээ 2006 он хүртэл ажиллана гэж байгаа. Нум сум хийхдээ нэг л зүйлийг нь буруу хийвэл мөнөөх оло өдрийн уйгагүй хөдөлмөр, өндөр өртөг бүхий эд материал талаар болно. Тиймээс шавь нараа буруу юм хийвэл зэмлэнэ ээ би. Нэг талаар ажлын хариуцлагаас гадна үйлдвэрийн нэр хүндэд ч нөлөөлнө шүү дээ.

-Нум сумны одоогийн үнэ ханш гэвэл?

-80-150 мянган төгрөгийн үнэтэй.

-Миний сонссоноор бол 70-80-аад оны үед нум сум хийдэг жижиг үйлдвэртэй байсан боловч нэг их удаан үйл ажиллагаагаа явуулж чадалгүй зогсоход хүрсэн гэдэг. Энэ дашрамд та нум сум хийх уламжлал хэрхэн өвлөгдөж ирсэн талаар сонирхуулахгүй юу?

-1965-1966 оны үед өөрсдөө үйлдвэрлэх бололцоогүй байснаас улсын мэргэн Адилбиш Хятадад 1500 нум сум хийлгэж байсан. 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам, Ан агнуурын газар, улсын мэргэн Пүрвээгээр удирдуулсан нум сум хийх тасаг байгуулсан. Дараа нь 80-аад оны үед Спортын төв Ордны дэргэд тэр үеийн Сурын холбооны дарга байсан Балдандоржийн санаачилгаар улсын мэргэн Дашцэрэн, Гэнэн, Хангай нарын хүн нум сум хийж байсан. Харамсалтай нь 1990 он гэхэд энэ жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь зогссон. Гадаадад нум сум захиалж хийлгэхээ ч больсон. Сүүлдээ Гэнэн, Пүрвээ, Цэвээн нарын ахмад мэргэчүүл маань гэрээрээ нум сум хийдэг болсон. Хамгийн гол нь нум сум хийх уламжлал алдагдах нь гэдгийг ойлгосон байх. Ер нь бол 1970-аад оноос нум сум нь гэр бүлсэг өв уламжлагдсан маягаар хөгжиж эхэлсэн. Нэг ёсондоо үе дамжсан харваачид үр хүүхэддээ зааж өгч нум сум хийх, харвах нь зөвхөн найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд шилжсэн гэх үү дээ. Тэднээс хамгийн олон буюу 20-30 жил нум сум хийсэн хүн бол улсын дархан мэргэн А.Цэвээн.

-Үйлдвэрийн чинь байр арай л давчуу жижиг юм. Цаашид үйлдвэрээ өргөтгөх бодол бий юу?

-Үйлдвэрлэлээ өргөтгөх гэж 1995 онд 10-р хорооллын Спорт цогцолборын гимнастикийн сургалтын заалыг авах гэж тэр үеийн төрийн өндөрлөг, хот болон дүүргийн захиргаанд албан бичиг төслөө өгсөн ч үр дүнд хүрээгүй. Одоогийн Улаанбаатар Паласын хажуугийн жижиг заалыг монгол нум сумын үйлдвэрт өгөх юм бол үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Тэр жижиг заалыг өргөтгөөд зөвхөн нум сум хийгээд зогсохгүй гадаадын хүмүүс өвөл зуны алинд ч ирж нум сум харваж үзэх зориулалтын талбайтай болгож болно. Өөрөөр хэлбэл тэр нь сонирхогчдын талбай болно гэсэн үг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]