Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Амьдаараа шатсан астронавтуудУншсан8,712

Хамгийн харамсалтай нь энэ явдлаас бүрэн зайлсхийж болох байсан бөгөөд өмнө нь ЗХУ-д яг ийм явдал тохиолдож байжээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

 “We choose to go to the Moon” буюу “Бид сар руу нисэхээр шийдлээ” гэсэн алдарт үгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1962 оны 9-р сарын 12-нд хэлснээр АНУ болон ЗХУ хоёрын дундах сарны төлөөх уралдаан эхэллээ. Санхүү эдийн засгийн болон техникийн дэндүү гэмээр том бэрхшээлүүдийг давж гарч байж биелүүлж чадах энэ ер бусын аяныг ямар ч үнээр хамаагүй америкчууд л хийх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил бий болсон учраас тэрээр ингэж хэлсэн билээ. Энэ үгээр Аполло програм эхэлсэн ба саран дээр Армстронг хөл тавьсан гялалзсан амжилтад хүрэх болтол олон янзын бэрхшээл, харамсалтай явдал тохиолдож байсны нэг нь Аполло-1 хөлгийн сүйрэл байв.

Энэ хөлөг нь саран дээр хүн буулгах програмын хүнтэй хийх хамгийн анхны нислэг байсан бөгөөд дэлхийн тойрог замд орж, сар руу нисэх үеийн нөхцөл байдлыг судалж шинжлэх төлөвлөгөөтэй байлаа. Гэсэн хэдий ч хөлөг сансарт гарч амжилгүй сүйрсэн юм.

1967 оны 1-р сарын 27-нд буюу тойрог замд гарах ёстой хугацаанаас сарын өмнө сүүлчийн том туршилтаа хийхээр багийн 3 гишүүн Виржил Грисс (АНУ-ын 2 дахь астронавт, сонин түүхтэй хүн), Эдвард Уайт (задгай сансарт гарсан анхны Америк хүн), Рожер Чаффи (өмнө нь сансарт гарч байгаагүй) нар бүхээгт орлоо. Туршилт нь plugs-out test буюу сансар дахь нөхцөлтэй боломжит дээд хэлбэрээр төстэй байдалд аппарат хэрэгслийн үйл ажиллагааг шалгах байжээ. Өөрөөр хэлбэл багийн гишүүд хөлгийн бүхээгт ороод яг л сансарт байгаа мэт байж гаднаас мэдээллээс өөр ямар ч тусламж авалгүй бүгдийг өөрсдөө хийж, шалгах ёстой байлаа. Энэ туршилт амжилттай болбол сансарт гарах зам нээлттэй боллоо гэсэн үг.

Багийнхан бүтэн өдрийн турш бүхээгт ажиллаж байхдаа олон болох бүтэхгүй зүйлтэй тулгарч байснаас цэвэр хүчилтөрөгчөөс болж үнэртэх өмхий үнэр, бараг ажиллахгүй холбоо зэрэг нь хамгийн их саад болж байв. Нэг удаа уурлаж бачимдсан Грисс хөлгийн хаалгыг нээж толгойгоо цухуйлган “5-хан милийн зайтай газарт харилцаа холбоо байхгүй байж яаж сар руу нисэх гэж байгаа юм бэ?..  f... “гэж хараал ерөөлийг НАСА-гийнханд хэлж байсан нь ажил ямархуу байсныг харуулж байгаа болов уу. Ер нь энэ нислэгт бэлдэх явцад өмнө нь үл бүтэх зүйл их олон гарч байсан бөгөөд Грис тэвчээр алдан хэл амаа маш олон удаа билүүдэж байсан ч байдал сайжрахгүй болохоор нь гэрээсээ нимбэг авчран сансрын хөлгөөсөө зүүж байж.  АНУ-д хамгийн найдваргүй, хамгийн муу техникийг нимбэг гэж хочилдог байсан гэдгийг нэг дурсаад л өнгөрье.

Төлөвлөсөн ажлаа ямар нэг байдлаар дуусгаж гарахад бэлдэж эхэлж байтал гэнэт хөлөг дотор гал гарлаа. Битүү саванд, цэвэр хүчилтөрөгчөөр дүүрэн энэ “лаазанд” гал гарснаар доторх даралт маш огцом нэмэгдэж хөлгийн дотогшоо онгойх хаалгыг онгойлгох ямар ч аргагүй болж. Ойрхон байсан техникчид хаалга онгойлгож астронавтуудыг гаргах гэж хичээвч хаалгаа онгойлгох ямар ч боломжгүй байсан, хөлөг дотор гал гарснаар хэдхэн секундэд 1000 хэм хүртэл халсан, хүчилтөрөгч шатаж дуустал юу ч хийх аргагүй байсан зэргээс болж гурван хүн амьдаараа шатан дууссан билээ. Сүүлд хийсэн мөрдөн байцаалтаар 18 цаг 30 минутад бүхээгийн цахилгааны хүчдэлд ямар нэг доголдол гарсан дохио бий болсон ба үүнээс хойш 8 секундийн дараа Грисс (яг түүний дуу мөн эсэхийг баталгаатай тогтоож чадаагүй) ”...гал...” гэж дуу алдсан байна. Үүнээс хоёр секундийн дараа Чаффи “хүчтэй гал гарлаа, гаргаарай... шатаж байна...“ хэмээн айж бачимдсан дуугаар хэлсэн бичлэг үлдсэн гэдэг. Энэ хүмүүс 14 секундийн турш амьдаараа шатаж, угаартан нас барсан билээ.

Энэ аймшигт сүйрлийн гол шалтгаан, буруутан нь юу байв аа? Цахилгааны богино холболтоос гал гарсан боловч хамгийн гол шалтгаан нь цэвэр хүчилтөрөгч, хөлгийн бүхээг доторх амархан шатах материалаар хийгдсэн хэрэгслүүд байж.

 Энд хүчилтөрөгчийн тухай хэдэн зүйл хэлэх хэрэгтэй болов уу. Өмнө бичсэн Америкийн сансрын техникийн тухай нэгэн нийтлэлдээ америкчууд цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалдаг байсан тухай бичсэн байсныг минь зарим нэг хүн “энэ бол худал, цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж болохгүй...” гэсэн утгатай зүйл бичсэн харагдсан.

 Цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж болно. Харин ямар хугацаанд, ямар даралттай орчинд гэдэг нь л чухал нөхцөл бөгөөд америкчууд сансрын хөлөгтөө 0,3 атм даралтаар хүчилтөрөгч шахдаг байж. Ингээд л болоо.  Ийм даралттай цэвэр хүчилтөрөгч ямар ч аюулгүй бөгөөд 10 хүртэл хоногт хүний биед ямар ч хор хөнөөл болохгүй. Мөн цэвэр хүчилтөрөгч авч явах нь жингийн хувьд болон технологийн хувьд хамаагүй амар, ихээхэн хэмжээний ачаа хэмнэх онцгой ач холбогдолтой. ЗХУ-ын сансрын техник шиг азот бүхий хүчилтөрөгч авч явах гэж асар том сав, олон зуун кг нэмэлт ачаа зөөж явахгүй ба сансарт гаргах кг болгоны төлөө тэмцэж байхад энэ нь дэндүү сайхан зүйл байж. Гэхдээ цэвэр хүчилтөрөгчид олон дутагдал байх бөгөөд үүний хамгийн гол аюул нь гал. Аполло 1-ийн хувьд энэ галын аюул тохиолдсон бөгөөд туршилтыг дэлхийд хийж байснаас ийм аймшигт явдал болжээ. Учир нь сансрын орчинд энэ гал гарсан бол даралт тэгж огцом өсөхгүй, гал тийм ширүүн гарахгүй байж. Гол шалтгаан нь өнөөх 0,3 атм даралт. Дэлхийн нөхцөлд хөлгийн дотор 0,3 атм даралттай агаар шахаж болохгүй ба ийм сулхан даралттай хөлгийг гаднах агаарын даралт маань зүгээр ундааны лааз шиг бяц дарна. Тийм учраас гаднах даралттай адил хэмжээний даралттай болгох хүчилтөрөгч шахсан байж. Ийм их хэмжээний хүчилтөрөгч ямар айхтар шатаж тэсэрч, халуун дулаан ялгаруулах нь ойлгомжтой биз ээ.

Хамгийн харамсалтай нь энэ явдлаас бүрэн зайлсхийж болох байсан бөгөөд өмнө нь  ЗХУ-д яг ийм явдал тохиолдож байжээ.

 Юрий Алексеевичийг нисэхээс өмнө, 1961 оны 3-р сард бин битүү саванд хүний сэтгэл санааны болон бусад нөхцөл байдал ямар байх талаар туршилт хийж байхдаа Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн (космонавтын) отрядын гишүүн Валентин Бондаренко спирттэй хөвөнгөөр гараа арчаад хог руу шидэхдээ хогийн саваа онолгүй давуулж шидэж. Харин тэр савны цаана цахилгаан халаагуур ажиллаж байжээ. Бин битүү, хүчилтөрөгчөөр баялаг орчинд (америкчуудын бодвол ЗХУ нь цэвэр хүчилтөрөгчөөс зайлсхийж байсан боловч уг барокамерт жирийн агаараас илүү их хэмжээний хүчилтөрөгч байжээ) гал дүрсхийн асахад Бондаренко өөрөө унтраах гэж оролдож, гаднаас ирэх тусламж тэр олон том хүнд хаалга савыг онгойлгох гэсээр цаг алдсан гэдэг. Амьтай төдий байгаа Бондаренког гаргаж байхад “...тэнэг... надаас л болсон... энэ явдалд надаас өөр буруутай хүн байхгүй шүү...” гэсээр амь тавьсан байна. Энэ явдлыг таг нууцалсан учир америкчууд хэдэн жилийн дараа  Зөвлөлтийн гунигт туршлагыг гурван хүнийхээ амиар давтсан нь энэ билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]