Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Манж Го-гийн тоглоомын улстай Монгол Улс хилийн будлианыг шийдэх гэж оролдсон ньУншсан1,473

Манж Го улс Монголын гурав дахь хөрш орон болон хил залгаа оршиж, нийтдээ 700 км урт газраар БНМАУ-тай шууд хиллэх болсон бөгөөд хил хязгаарын зурвасын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн юм.

Манжуурын Бага хурал ба Манж Го-гийн тоглоомын улстай Монгол Улс хилийн будлианыг шийдэх гэж оролдсон нь

Японы Квантуны арми Манжуурыг бүрэн эзэлснийхээ дараа 1932 онд Манж-Го хэмээх тоглоомын улсыг байгуулав. Манж Го улс Монголын гурав дахь хөрш орон болон хил залгаа оршиж, нийтдээ 700 км урт газраар БНМАУ-тай шууд хиллэх болсон бөгөөд хил хязгаарын зурвасын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн юм. Япон-Манж Гогийн тал хилийн мөргөлдөөнийг хилийн шугам тодорхой бус байгаагаас үүдэлтэй хэмээн үзэж байв. Угтаа 1915 оны Хиагтийн гэрээнээс хойш 1945 он хүртэл Монгол нутгийн хил хязгаарыг нарийвчлан авч үзээгүй. Хиагтийн гэрээний 11-р зүйлд тэмдэглэсэнчлэн хил хязгаарыг зүүн зүгт Хөлөн буйрын хязгаар, Өмнө зүгт Шинжиан мужийн хавь, Баруун зүгт Алтайн хязгаар лугаа зах нийлсэн Халхын 4 аймаг ба Ховдын хязгаарын олон хошуудын хилээр тогтоож байв.

БНМАУ-ын зүүн талаар хил залгаснаар Квантуны арми Халхын гол, Буйр нуурын районд хэмжилт явуулж Манж Го-гийн хилийн шугамыг дур зоргоор тайлбарлах нь ихэслээ. Ялангуа 1930-аад оны дунд үеэс эхлэн хилийн шугамыг дур зоргоор тайлбарлах болсон нь цаашид хилийн будлиан үүсэх шалтгаан болсон гэж Японы түүхч Хата Икухико тэмдэглэн бичсэн байдаг. Квантуны арми 1933 оны үеэс эхлэн Халх гол, Буйр нуур орчмоор Манж Го-гийн хилийг тодотгох зорилгоор хэмжилт хийхдээ хилийн шугамыг Халх голоор зурах нь зүйтэй гэж үзэж байв.

Японы тоглоомын улс Манж Го ийнхүү хилийн маргаантай асуудлаар түрий барин Монголын хил дээр өдөөн хатгалт явуулж, нэг бол эв найрамдал тогтоох, нэг бол эзлэн түрэмгийлэх бодлого баримталж байсан нь харагдаж байгаа юм. 

1931 оны есдүгээр сард ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын орлогч дарга Л.М.Карахан “Япончууд Манжуурыг түрэмгийлэн эзэлж, урагш Барга болон БНМАУ-ын хил дээр өдөөн хатгалт үүсгэж болзошгүй тул дорнод хилд анхаарлаа хандуулах нь чухал” гэдгийг БНМАУ-д суугаа А.Я.Охтинд анхааруулж байжээ.

1932 онд Монголд гарсан “зэвсэгт бослого”, Японы бодлого Манж Гогоор дамжин идэвхжсэн зэрэг Монголыг тойрсон элдэв асуудал Сталины анхаарлыг онцгой татаж эхэлжээ. Сталин 1933 онд Монголын удирдагчидтай анхны уулзалтаа хийж, хоёр дахь уулзалтаа 1934 оны 11-р сард Ерөнхий сайд П.Гэндэнтэй хийлээ. Сталин, Гэндэн нар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар хэлэлцэж, Сталин манай улсыг нэн тэргүүнд Хятадаас салж, тусгаар тогтнолоо тунхаглах хэрэгтэй гэдгийг онцолж байв.

Сталин, Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид 11-р сарын 24-нд мөнөөх олон хүний мэддэгчлэн алдартай зоогоо барьжээ. Зоогийн эхэнд Сталин тусгаар тогтносон Монгол Улсын төлөө хундага өргөж, "...Япон Цахарыг эзлээд Гадаад Монголыг эзлэх санаатай байна гэсэн цуу яриа явагдаж байна. Өөрийн тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй болж байна. Хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бутцохино. Монголын ван, ноёд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноёдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм монголчуудын төлөө өргөе” гэв. Яг энэ мөчид П.Гэндэн “Ура” хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин “Ура хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй… энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ. Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө хундага өргөчихсөн тул И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, “Шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн төлөө” хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ.

Сталин хариуд нь “Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээн ёжилсон байдаг.

Энэ яриа цаашлаад Монголд үзүүлэх ЗХУ-ын техник, хүн хүчний тусламжийн тухай яриа болон өрнөж эцэстээ “Олон улсын харилцаа харилцан туслалцах гэрээ хэмээх зүйл байдаг. Түүний дагуу гэрээ байгуулсан улсууд гадны довтолгооны үед бие биедээ тусалдаг. Хэрэв тусламж хүсэж байвал тодорхой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хожимдоно” гэсэн Сталины үгээр өндөрлөсөн юм. Энэ нь Сталины Алс Дорнодод Японы эсрэг хамгаалалтаа сайжруулах нэгэн алхам байв.

Монголын хил дээр будлиан гарч, улмаар япончууд хэрэг явдлыг далимдуулан Монгол Манж Го-гийн хооронд хэлэлцээр хийх санаа цухуйлгаж эхлэв. Гэвч Зөвлөлтөөс Монгол Манж Го-гийн харилцаанд ихэд анхаарч,  Москвагаас удирдамж өгч байв.

БНМАУ болон Манж Го-гийн хооронд гарсан анхны томоохон будлиан нь Халхын сүмийн зэвсэгт мөргөлдөөн. 1935 оны 1 сарын 24-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Халхын сүмд зэвсэгт мөргөлдөөн өдөөжээ. Харуулд гарч явсан Монгол цэргүүд Халхын сүмд ирж үдлэхэд Манж Го-гийн талаас хил зөрчлөө хэмээн үзэж, зэвсэгт мөргөлдөөн үүсчээ. Ийнхүү хоёр улсын зүгээс харилцан албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд П.Гэндэн Халхын сүмийн район бол олон зууны туршид Халх Монголын нутаг дэвсгэрт багтаж ирсэн, 1921 оноос хилийн постууд гарсаар ирснийг цохон тэмдэглээд нөхцөл байдлыг тодотгохоор хариуцлагатай хүмүүсийг яаралтай илгээхээр шийдвэрлэв. Тамсагт илгээсэн ТХ-ны нарийн бичгийн дарга Лувсаншарав тэргүүтэн нөхцөл байдалтай танилцан Гэндэн, Дэмид нарт байдлыг шуурхай илтгэж байв. Гэндэн, Дэмид нарын "Хил дээр буун дуу гаргаж болохгүй" гэсэн тушаал ёсоор манай харуулынхан ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэнийг улс төрийн талаас зөвтгөсөн байна.

1697 онд Халхын Сэцэн хан Норовын хүү Пунцаг Буйр нуурын зүүн хойд талд да лам Жамбал-Осорыг залж шашин номын газар болох эхлэлийг тавьсанаас хойш Монголын хилчид Халхын сүм орчимд харуул хийдэг байж. Гэвч Японы тал Халхын голын эрэг бол Халх ба Баргын хилийн зааг, Баргын нутаг мөн тул Манжгогийн газар нутаг хэмээн түүхийг илт гуйвуулах болжээ. Уг асуудал Халх голын дайны дараа буюу 1941 онд Япон, Манж Го, БНМАУ, ЗХУ гэсэн дөрвөн орны төлөөлөгчдийн хурлаар Халхын сүм бол Монголын нутаг юм байна гэж шийдэгдсэн юм билээ.

Мөргөлдөөн хилийн шугам тодорхой бус гэдгээс үүдэлтэй учир хил тогтоох хэлэлцээ хийх Манж Го-гийн саналыг манай улс хүлээн авлаа. Үүний дагуу 1935 оны 6 дугаар сард БНМАУ болон Манж-Го улсын хооронд хилийн шугамыг тодорхойлох хэлэлцээ эхэллээ. “Манжуурын бага хурал” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Монгол-Манж Го-гийн хэлэлцээр Манжуур хотноо 1935-1937 оны хооронд гурван удаа болжээ.

Анхны хэлэлцээрт Бүх цэргийн жанжны 2-р орлогч Г.Самбуу тэргүүтэй 8 төлөөлөгч оролцож, хэлэлцээр төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Уг хэлэлцээрийг Зөвлөлтийн тал эхнээс нь ажиглан, Халхын сүмд болсон мөргөлдөөнд Москва асар ач холбогдол өгч байгаа талаарх “маш нууц” цахилгаан илгээлцэж, Манжуур өртөөнд суух ЗХУ-ын консул Смирновт хэлэлцээний агуулга, Монголын талын байр суурийг Москвад яаралтай мэдэгдэж байхыг даалгажээ. 

Хэлэлцээр эхэлж, хоёр тал хэлэлцэх асуудал дээр 20 гаруй хоногийн хугацаанд зөрчилдсөний эцэст Монголын талын хэлэлцээрийн саналыг хүлээн зөвшөөрч, гол асуудалдаа оров. Хэлэлцээрийн гол агуулга нь Халхын сүмийн мөргөлдөөний буруутанд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх. Мөн мэдээж хил Халхын сүм аль орны газар нутаг вэ гэдэг маргааны учрыг олох. Монголын талаас Баргын хилийн зааг нь  Буйр нуураас 2,5 мод газар буюу Улаан Гангын харуулаар тогтоосон байдаг тул Халхын сүм Баргын бус Халхын Цэцэн хан аймгийн нутаг дэвсгэрт буй гэдгийг нотолж, байр сууриа бат хамгаалж байсан ч Манж Го хүлээн зөвшөөрсөнгүй. Ийнхүү хэлэлцээр Халхын сүм Баргын нутаг уу, Халхынх уу гэдэг мэтгэлцээнээр үргэлжилж, мухардав.

Манжуурын хоёрдугаар Бага хурал 1935 оны 10-р сард эхэлж, мөн л нэлээд хугацаагаар үргэлжилсэн. Монголын төлөөлөгчид Засгийн газрынхаа баримталж буй бодлогын дагуу хилийн төлөөлөгчдийг Тамсаг ба Манжуурт харилцан суулгая гэдэг санал дэвшүүлсэн ч Япон-Манжийн төлөөлөгчид хязгаарын будлианыг таслах нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комиссыг тус тусын нийслэлд суулгая гэсэн санал дэвшүүлж, тохиролцоонд хүрэлгүй маргалдсаар уг хэлэлцээр мөн л үр дүнд хүрэлгүй завсарласан байна.

Манж Гогийн төлөөлөгчдийн тэргүүн Лин Шэн зөвхөн хилийн маргаанаар асуудлыг хязгаарлах гэсэн гэж Самбууг буруушаагаад энэ удаагийн хэлэлцээгээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоож чадахгүй бол зүгээр нэг хилийн будлианаас бүр илүү ноцтой асуудал болохыг анхааруулж, шахалт үзүүлж байв. Японы төлөөлөгч Канки гэж хүн Монголын төлөөлөгчидтэй хувийн шугамаар уулзахдаа дайрсан, түрэмгий хандлага үзүүлж, Монгол руу цэргийн хүчээр довтолж, эзэлнэ хэмээн олон удаа дипломат ёсноос гадуур аашилсан байдаг аж. Ийнхүү хэлэлцээрт хоёр тал өөр өөрсдийн байр сууринд хатуу зогссоны үндсэн дээр мухардалд орж, ямар нэгэн шийдэлд хүрэлгүй 1935 оны 11-р сард Монголын төлөөлөгчид нутаг буцав. 

Монгол-Манжийн хэлэлцээ тасалдсанаас удалгүй Булан дэрсний заставт дахин нэг томоохон зэвсэгт мөргөлдөөн гарсан байна.

Манж Го-гийн цэрэг заставыг бүсэлж, Монголын хилчдийг буудсан тул монгол цэргүүд өдөөн хатгалтаас зайлсхийн ухарч, Манж Го-гийн цэрэг уг заставыг шатаагаад хүнс, аж ахуйн эд юмсыг нь аван явжээ. Уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд ба Гадаад явдлын яамны сайдыг хамаарсан сайд Чойбалсан дараах ноотыг Манж улсын гадаад явдлын яамны сайдад илгээж байжээ. Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэвэл,

 

Манж улсын Гадаад явдлын яамны сайдад

(1935 оны 12 дугаар сарын 22)

“Энэ 12 дугаар сарын 19 ний өдрийн 9 цагт манай Бүгд Найрамдах Монгол Ард  Улсын нутаг Буйр нуураас баруун өмнө бөгөөд манжийн хилээс 8 километр зайтай газар байгаа Булан Дэрс гэдэг газрын харуулыг Манжийн хилээс 8 ачааны машин ба мөн суудлын хийгээд эмнэлгийн машин нижгээдийг хэрэглэн ирсэн 200 шахам тооны Япон-Манжийн цэргүүдээс гэнэт уул харуулыг халдан дайрсан юм. Энэхүү хэсэг цэрэг 10 буюу 12 пулемёттай бөгөөд Япон цэргийн дарга хоёрын удирдлагаар мөнхүү харуулыг тойрон бүслэж ямар ч дохио тэмдэгийг өгөлгүйгээр харуулын цэрэг ба түүний орчим адуулан байсан харьяат харуулын агт морьдын зүг пулемёт ба буугийн хүчтэй галыг нээсэн болно. Үүнд тэрхүү харуулын даргад аливаа нэгэн өдөөх явдалд автагдахгүйгээр, зэвсэгт мөргөлдөөнөөс, аль болох аргаар зайлс хийх тухай тусгай тушаал бүхий учир, өөрийн харуулд буудалцахгүй ухрахаар тушаал өгчээ.

Гэтэл хэдий тийм боловч тэдгээр дайрагчид нь тийнхүү ухран яваа тус харуулын цэргийн хойноос машинаар хөөн довтолж, пулемёт ба буугаар хүчтэйгээр буудаж, монгол харуулын туслах Содовын  биеийг цэрэг 4-ийн хамтаар алж, бас хэдэн хүнийг шархдуулсанаас гадна, Япон-Манжийн цэргүүдээс манай хэдэн цэргийг тойрон орж байсан бөгөөд алагдсан ба баригдсан хүн бүгд 16 болно. Бас Япон-Манжийн цэргүүд мөнхүү харуул байгаа газрыг дайран орж, түүний 3 гэрийг галдан шатаагаад, түүнээ байсан гурил будаа, мах болон бусад зүйлүүд хийгээд аж ахуйн элдэв хэрэглэлүүдийг бүрнээ аваад, мөн ч тэдгээр цэрэг 16-г хамтаар авч тэрхүү газарт, гагцхүү үнс төдийг үлдээн явжээ.

Ийнхүү Япон-Манжийн  цэргүүд, Монголын хязгаарын цэргүүдийг зэвсэгтэйгээр дайрсан ба ялангуяа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяаны газар биш гэж манж этгээдээс ч сэжиглэн үл чадах газрыг халдсан, энэ мэт болмооргүй хэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас, Манж улсын засгийн газарт мэдэгдэн илэрхийлж Япон-Манжийн цэргийн эрх баригчдаас Япон-Манжийн хэсэг цэргээр тус Монгол улсын хилийг хууль бусаар зөрчиж, тус Монголын хил хяүгаарыг сахисан хэсэг цэргийг алж, тус Монгол улсын хөрөнгө болох эд хогшлыг сүйтгэн дээрэмдсэн эдгээр хэргүүдийг хэрхэвч хүлээж үл чадах учрыг эрс шуудаар илэрхийлнэ.

Үүний нэгэн хамт Монголын засгийн газар нь Манжийн засгийн газраас нэхэх нь: Тэрхүү барьж аваачсан цэрэг 16-г нэн даруй буцаан ирүүлж, энэ хэргийг дариухнаа сайтар нягтлан байцааж уул халдлагыг өдүүлсэн гэмт этгээдүүдийг хатуу чангаар цээрлүүлэн шийтгэх, Булан Дэрснээс дээрэмдэн сарниулсан ба устган сүйтгэсэн эд хөрөнгийг нөхөн төлөх энэ тухай хэрэгт Манжийн засгийн газраас албан журмын ёсоор гэмшлийг илэрхийлж, үүнээс хойш Монгол Ард Улсын газар дэвсгэр дээр энэ мэт халдлагыг дахин өдүүлэхгүйн баталгааг гаргах.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас Манжийн Засгийн газарт сэргээн сануулах нь:  Үүний урд Монгол ба Манжийн хил хязгаарын будлиануудыг  нэгэн тийш болгон хэлэлцэх хурлын, цаг тухайд Манжуур хотноо хуралдуулсан бөгөөд мөнхүү хил хязгаарын бүхийл будлиануудыг таслан шийтгэх ба урдаас сэргийлэхийн тул, хоёр этгээдийн хамтарсан комиссыг байгуулахыг Монгол Засгийн газар дахин нэхэж эрмэлзсэн билээ. Гэтэл энэ сануулгыг Манжийн засгийн газраас зөвшөөрсөнгүй юмаа.

Манай энэхүү саналыг манжийн талаас үл хэрэгсэж, манжуур хотноо хуралдсан уул хурлыг таслан зогсоогоод Монгол Ард Улсын хязгаарын цэрэг ангийг халдан дайрах ба Монголын нутаг дэвсгэрийг хүчээр булаан авах бодлогоо үргэлжлэн явуулж буй явдалд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газраас Манжийн засгийн газарт:

Үүнээс хойш, Япон-Манжийн цэрэг ангиас Монгол Ард Улсад энэ мэт, огт сонсошгүй зүй бус халдлагыг үүсгэн завдах юм бол хүнд холбогдол гарах болзошгүйг урьдаас сануулан илэрхийлэх явдал нь аргагүй өөрийн үүрэг мөн гэж үзэж, энэхүү холбогдлын бүхий л хариуцлалгыг Манж улс ба бас ч Япон цэргүүд, энэ халдлагад идэхитэйгээр шууд оролцсоны тул мөн ч Япон улсын Засгийн газарт сонордуулав” гэжээ.

***

Албан бус мэдээгээр Манж Го-гийн тал 1935-1937 онд 300 гаруй удаа хилийн орчим болон Монголын хилээс дотогш морь, машин, онгоцоор нэвтрэн ажиглалт хийж байсан мэдээ бий. Тэд 1936 оны 1-3 дугаар сард  Хайлаар хотоос 10 шахам мянган цэрэг, 40 танк, Манжуурын 7 дугаар хороог Монголын хил рүү хөдөлгөж, япон-баргын 1400 цэрэг, 20 хуягт машин, 9 нисэх онгоц, 12 их буу, 40 автомашиныг Асар сүмийн орчимд байрлуулж, Буйр нуурын чиглэлд японы I, IV морин бригад, XVI морьт хороо, I явган дивизийн харьяа 1, 2 дугаар хороог тус бүр 40-50 танк, хуягт машинтайгаар татан хуралдуулж, 1935-1936 онд БНМАУ-ын Халхын сүм, Булан дэрс, Адаг дулаан зэрэг нутгийг цэргийн хүчээр гэнэт эзлэн авчээ.

 Манж Го-Монголын хилийн будлианыг зохицуулах 3 дахь удаагийн хэлэлцээрийг 1937 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 17-ныг дуустал Манжуур хотноо хийжээ. Гэвч хурлаар тодорхой үр дүнд хүрч чадаагүй.  Харин Халхын голын дайны дараа дайтагч талуудыг багтаасан “БНМАУ ба Манж Го-гийн хоорондын хил тодотгох хомимог комисс” байгуулагдаж, 1939-1941 онд  Читад 3 удаа,  Харбинд 1  удаа хуралдсан Монгол-Зөвлөлт, Япон-Манж Го дөрвөн этгээдийн бага хурлуудаар хэлэлцэж тодорхойлсон хилийн бүх шугамыг газар дээр нь  тогтоон тэмдэглэж асуудлыг эцэслэн шийджээ. 

Оросын түүхч С.Лузянин Манжуурын бага хурлыг дахин дахин завсардсаныг Зөвлөлт-Японы гүнзгий зөрчилтэй холбон тайлбарлаж байлаа. Түүний үзсэнээр бол Япон Манж Го-г хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж.

Чухамдаа энэхүү хэлэлцээр нь ЗХУ-ын удирдагчдын шууд удирдлага дор явагдаж байв. ЗХУ-ын талаас “Монгол, Япон, Манж-Го-гийн төлөөлөгчид зөвхөн Халхын сүмийн будлианы талаар хэлэлцэнэ. Түүнээс өөр улс төр, харилцааны шинжтэй яриа өрнөвөл буцааж татна” гэж мэдэгдсэн байдаг.  Манжуурын гурван удаагийн бага хуралд оролцсон Монголын талын төлөөлөгчид асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүй, бүх зүйлийг ЗХУ-ын консулаар дамжуулан төвдөө мэдээлж, төвөөс заавар зөвлөгөө авч, хэлэлцээрт манай төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож байсан Г.Самбуу нам, засгийн удирдагчид өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаад дургүйцэж байжээ. 

Түүнчлэн Манжуурын бага хуралд оролцож байгаад заавар авахаар Улаанбаатарт ирсэн Самбууд Гэндэн “Энэ хэлэлцээ бидний биш ЗХУ болон Японы асуудал, тиймээс бид биш тэд хоорондоо яривал таарна” хэмээн хэлсэн гэж Сталин Гэндэнг яллаж, Гэндэнг БНМАУ-ын Батлан хамгаалахын асуудалд анхаарахгүй байна гэж буруутгажээ. 1936 оны МАХН-ын Төв Хорооны хурлаар Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Чойбалсан "Японы довтолгооноос Монголын тусгаар тогтнолыг хамгаалахад хойрго хандаж, Монгол ба Холбоот улсын бат бөх найрамдлыг сулруулахад хүргэсэн" гэж П.Гэндэнг хатуу шүүмжилжээ. Үүний дараахан хуралдсан Улсын бага хурлаар П.Гэндэнг Ерөнхий сайдын албанаас халж, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон юм.

 1936 оны 3 дугаар сард Японы армийн штабын дарга, генерал Итагаки мэдэгдэхдээ “Монгол нь Япон-Манжийн гадаад бодлогод чухал байр эзэлнэ” гэв. 1936 оноос Монгол- Манж Го-гийн хилийн хурцадмал байдал дэлхийн сонин хэвлэлийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Сталин АНУ-ын Хэвлэлийн агентлагийн төлөөлөгчид өгсөн ярилцагадаа “хэрэв Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д 1921 онд тусалсны нэгэн адил тусална” хэмээжээ.  Ийнхүү 1936 оны 3 дугаар сарын 12-нд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай Протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Энэ нь Монголын хувьд газар нутгаа бүрэн бүтэн байлгахад чухал ач холбогдолтой байсан юм. ЗХУ 1933 оноос өгч эхэлсэн цэргийн зориулалттай тусламжаа 1936 онд нэмэгдүүлсэн нь БНМАУ-ын батлан хамгаалах төсвийг 2 дахин нэмэгдүүлэх боломж олгожээ.

Чан Кай Шигийн засгийн газар 1936 оны 4-р сарын 7-нд ЗХУ-ын засгийн газарт “Гадаад Монгол бол манай улсын бүрэлдхүүний нэгэн хэсэг тул ямар ч гэрээ хэн ч байгуулах эрхгүй” гэсэн ноот өгч Монгол Зөвлөлтийн хооронд 1936 онд байгуулсан харилцан туслалцах проткол гэрээг эсэргүүцсэн байна. Хятадтай харилцах харьцаа хүндрэлтэй байсан ч Монгол Улсын Засгийн газраас харилцан найрсаг ажиллах бүх л боломжийг эрж байлаа.

1937 оны наймдугаар сард Монголд ирсэн ЗХУ-ын тусгай төлөөлөгчдийн нэг,  тус улсын Дотоодыг хамгаалах Ардын комиссарын орлогч М.П.Фриновский "Хуйвалдаан" хэмээн томъёолсон хэрэгт холбогдох Монголын нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах тушаалтан 115 хүний нэрсийн жагсаалтыг Дотоод Явдлын яамны сайд Х.Чойбалсанд биечлэн гардуулсан. Үүний хамгийн эхэнд Манжуурын бага хурлын Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Самбуу, 18 дугаарт II бага хуралд Монголын төлөөлөгчдийг ахалсан Л.Дарьзавын нэр бичигдсэн байна. Тэдэнд "Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын удирдагч, идэвхитэй гишүүн, БНМАУ-ыг Японд эзлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Японд тагнуулын мэдээ дамжуулсан" гэх хэргээр ял тулгажээ.

Мөн дээрх гурван удаагийн Бага хуралд Манж Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шэн тэргүүтэй зарим Монголчуудыг япончууд "Оросын тагнуул" хэмээн буруутгаж буудан хороосон тухай баримт байдаг.

Ашигласан материалууд: 

Ц.Батбаяр. "Монгол ба эх гүрнүүд XX зуунд"

Монсудар. "МОНГОЛЧУУД Нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)" 

Ж.Урангуа. "20-р зууны 30-аад оны Монголын геополитикийн орчин ба Халх гол" өгүүлэл

Ш.Батцогт.  "Халхын сүмийн мөргөлдөөн эцэстээ юунд хүргэв" нийтлэл

Википедиа, Манжуурын бага хурал 

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 14. 17:55
Зочин1

Гэндэнгийн зөв

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]