Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

МАХЦ-ийн Тавдугаар морьт дивизийн дайнд оролцсон түүхээс...Уншсан971

Чөлөөлөх дайнд 5 дугаар морьт дивиз 1945 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байнгын байрлалаасаа хөдлөн 355 километр газар марш үйлдэж Дарьгангын Молцог элс хэмээх газар хүч хуралдуулан байрласан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны бүхий л явцад Монголын ард түмэн, түүний Зэвсэгт хүчний дайчид хүн төрөлхтний нэгэн адил аюулт дайныг аль болох түргэн дуусгахыг хүсэн хүлээж байсан юм. Улмаар Фашистын Герман Өрнөдөд бууж өгч, холбоотон гүрнүүд Японы эсрэг дайныг Алс Дорнодод явуулах, түүнтэй холбоотой олон асуудлаар, түүний дотор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэнд туйлын баяртай байлаа.

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хооронд Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн анги, нэгтгэлүүдийг оролцуулах, “Морьт механикжуулсан бүлэг”-ийг байгуулан түүний Ерөнхий командлагчаар маршал Х.Чойбалсан, орлогчоор нь Ж.Лхагвасүрэн, И.А.Плиев нар томилогдож Монгол ардын хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиуд байлдааны тушаал хүлээн авч, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон байна.

Чөлөөлөх дайнд 5 дугаар морьт дивиз 1945 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байнгын байрлалаасаа хөдлөн 355 километр газар марш үйлдэж Дарьгангын Молцог элс хэмээх газар хүч хуралдуулан байрласан юм. Тус дивизийн даргаар ардын хувьсгалын партизан, хошууч генерал Ч.Доржпалам, улс төрийн хэлтсийн даргаар дэд хурандаа Н.Лувсанлхүндэв, штабын даргаар дэд хурандаа Н.Дугаржав, М.Чимид, 13 дугаар морьт хорооны даргаар Л.Дандар, 14 дүгээр морьт хорооны даргаар П.Жамбал, 28 дугаар морьт хорооны даргаар Ж.Рэнцэн, их бууны хорооны даргаар Н.Гомбожав, хуягт дивизионы даргаар Н.Чүлтэм нар томилогдон Чөлөөлөх дайнд оролцжээ.

Морьт механикжуулсан бүлэг Хаалганы чиглэлд Улаан армийн анги, нэгтгэлүүдтэй харилцан ажиллагаатайгаар Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар хуягт бригад, 3 дугаар их бууны хороо, Долоннуурын чиглэлд Улаан армийн анги, нэгтгэлүүдийн хамт Монгол ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 3 дугаар танкийн хороо, холбооны хороо тус тус үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Монгол ардын хувьсгалт цэргийн 5 дугаар морьт дивиз бусад нэгтгэл, ангиудын хамт 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр улсын хилийг давж, хоногт 60 км/цагийн хурдтайгаар давшин 6 дугаар морьт дивизийн хамт Губейкоу сууриныг эзлэн авсан байх тушаал хүлээн авчээ. Фронтын тухайн цагийн байдал нь Японы зүгээс Зөвлөлт-Монголын Морьт механикжуулсан бүлгийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон тул 5 дугаар морьт дивиз 10-15 хоногт 1000-1100 километр замыг туулан 8 дугаар сарын 21-ний өдөр Губейкоу сууриныг бүрэн эзлэн авчээ.

Тус дивизийн 28 дугаар хорооноос Толгойн сэргийлэхэд гарсан салааны дарга Халцгайн Хүүхээ 8 дугаар сарын 21-ний өдрийн үүрээр Японы 32 цэрэг, найман офицерыг, хорооны дарга Ж.Рэнцэн, сургагч И.В.Гаврилов нарын удирдсан анги “Цагаан хэрэм”-д бугшиж байсан 1231 японыг дарга нарынх нь хамтаар буулган авсан тухай баримтууд нь хадгалагдсан байдаг.

Энэ үед генерал Ж.Лхагвасүрэн, Ч.Доржпалам нар хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцаад Губейкоу суурины комендантаар 13 дугаар морьт хорооны дарга, улсын баатар Л.Дандарыг томилжээ. 5 дугаар морьт дивиз Японы цэргийн есөн агуулахыг эзлэн авсны дөрөв нь зэвсгийн агуулах байсан бөгөөд тэрхүү зэвсгийг Хятадын ардын чөлөөлөх армид хүлээлгэн өгсөн ба үлдсэнийг нь устгажээ.

Монгол ардын хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны ажиллагаа явуулсан зурваст, түүний дотор 5 дугаар морьт дивизийн зурваст Японы талаас зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлсэн цаг үе байсан хэдий ч 1945 оны Чөлөөлөх дайн бол Монгол ардын хувьсгалт цэргийг үеийн үед дурсагдах түүхэн гавьяа баатарлаг үйл явдлаар баяжуулсан юм.

Монгол ардын хувьсгалт цэргийн үндсэн анги, нэгтгэлүүдийн байлдааны ажиллагаа явуулсан зурвас бол уртаараа 500 километр, өргөнөөрөө 250 километр газрыг хамарч байлаа. Цахарын их элсэн цөлийг аагим халуунд хоногт 80-100 километр газрыг туулж чадсан нь Монгол ардын хувьсгалт цэргийн ангиуд байлдааны үүргээ байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд биелүүлэх чадвартай, цэрэг дайчид нь хосгүй их тэсвэр хатуужилтайг илтгэн харуулсан юм. Дайны халуун цэгт аагим халуун, аадар бороо, гол мөрний үер усны аюул, их элсэн цөл нь Монгол цэргийн зоригийг мохоож чадаагүй бөгөөд үүгээр Монголын Зэвсэгт хүчин зүй ёсоор бахархан санан дурсах учиртай.

1945 оны 9 дүгээр сард Морьт механикжсан бүлгийн командлагч, маршал Х.Чойбалсан, түүний орлогч Ж.Лхагвасүрэн нар Губейкоу сууринд түр байрлаж байсан хошууч генерал Ч.Доржпалам даргатай 5 дугаар морьт дивизийн байрлалд хүрэлцэн ирсэн ба Чөлөөлөх дайнд тус дивизийн гүйцэтгэсэн байлдааны үүргийг өндрөөр үнэлэн байлдаанд шалгарсан тэргүүний нэгтгэл, ангиудад олгодог “Дурсгалын туг”-ийг гардуулжээ.

 Дурсгалын туг гардуулах ёслолд оролцсон ахмад дайчин Б.Сааралдай дурсан ярихдаа "Маршал Х.Чойбалсан 5 дугаар морьт дивиз Чөлөөлөх дайнд тавигдсан үүргийг амжилттай биелүүллээ. Энэ хэрэгт дивизийн манай цэргийн авьяаслаг дарга, ардын хувьсгалын партизан, генерал Ч.Доржпалам дивизийн байлдааны ажиллагааг сайн удирдлаа гээд нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж байсан” гэжээ. Ингэснээр 1945 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 дугаар морьт дивиз Губейкоу сууринаас эх орныхоо зүг марш үйлдэн 10 дугаар сарын 5-ны өдөр байнгын байрлалдаа ирсэн түүхтэй.

1939 оны Халх голын байлдаанд 5 дугаар морьт дивизийг командалж явсан хурандаа Гэндэнгийн Дорж, 1945 оны Чөлөөлөх дайнд 5 дугаар морьт дивизийн захирагч, хошууч генерал Ч.Доржпалам, 13 дугаар морьт хороог командалж оролцсон домогт баатар, хурандаа Лодонгийн Дандар, дайны дараах жилүүдэд 5 дугаар бригадын даргаар ажиллаж байсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, армийн генерал Батын Дорж, энхийн бүтээн байгуулалтын үед Барилгын 5 дугаар батальоны даргаар ажиллаж байсан домогт хилчин Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Пунцагийн Чогдон, 1980-1990-ээд оны Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах үед 5 дугаар мотобуудлагын дивизийн захирагчаар ажиллаж байсан хошууч генерал Ж.Дашзэвэг, Улсын Бага хурлын гишүүн, хошууч генерал Ч.Цэрэндагва нарын алдартнуудаар бид бахархаж, тэдний бахдам гавьяа, түүхэн алдрыг хойч үедээ өвлүүлэн сурталчлах нь бидний үүрэг хэмээн үзсээр байна.

Монгол цэргийн түүхэн дайчин уламжлал үүрд мандан бадрах болтугай.

“Их уул цэргийн хүрээ” ТББ-ын Гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Д.ПҮРЭВДОРЖ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]