Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кремлийн "гүнж" Галина Брежневагийн гунигт тавиланУншсан49,960

эр үед Галина Брежнева Кишиневийн улсын ихсургуулийн хэл зүйн тэнхмийн оюутан байв. Гэтэл циркийн жүжигчин Евгений Милаевт ухаангүй дурлан улмаар хичээлээ хаяад циркийг даган оджээ.

ЗХУ-ын үеийн Кремлийн удирдагчдын гэр бүл, үр хүүхдийг тойрсон дуулиан, элдэв яриа хөөрөө дундад зууны үеийн ордныхны дуулиан шуугианаас дутахгүй олныг донсолгодог байв. Нэг жишээ дурдахад л 1980-аад онд ЗХУ-ын төдийгүй манай гаригийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг байсан Леонид Ильич Брежневийн охин Галина Брежнева юм.

Галина Брежневагийн алдар нэр ааваасаа ч дутахгүй Зөвлөлт гүрэнд яригддаг байв. Чухам сайн муугийн алиныг тодорхойлж хэлэхэд бэрх ч Зөвлөлтийн иргэд найман настай балчраасаа наян настай хөгшид хүртлээ л түүний амьдралыг сэм сэмхэн ярилцдаг байлаа.

Одоо ч Брежневагийн амьдралаар бичигдсэн ном дуртгал, хийгдсэн нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны кино оросуудын сонирхлыг татсаар байгаа юм. Олон ном, кино зохиогчид түүний зөрчилтэй дүрийг шохоорхдог аж. Ард түмний дотор Брежневаг “Кремлийн эрх гүнж” гэдэг бол ойр дотных нь хүмүүс түүнийг өрөвчхөн, сайхан сэтгэлтэй гэдэг байв.

Брежневийн хүү охин хоёр

Леонид Ильич ЗХУ-ын хамгийн нөлөөтэй хүн байсан ч төрсөн охиноо захирч дийлээгүй юм. Үүний шалтгаан нь Галинагийн багад тохиолдсон нэг явдалд нуугдаж байж болох юм гэдэг. Брежнев 1944 онд фронтод танилцсан бүсгүй Тамарагийнхаа хамт гэр бүлдээ эргэн иржээ. Энэ үйл явдал түүний эхнэр төдийгүй, аавыгаа хүлээж байсан бяцхан Галинаг цочирдуулжээ. Энэ цагаас л эхлэн Брежнев охиноо хянах боломжийг алдсан байж болох юм. Аав нь түүнд нөлөөлөх гэж оролдох бүрийд “Өөрийгөө харахгүй юу!” гэж тэр хариулдаг байжээ. Галина Брежнева аавынхаа улс төрийн албан тушаалд цаг ямагт тоомсоргүй ханддаг, түүгээр ч барахгүй, комсомолд элсэхээс хүртэл татгалзжээ. Түүний сэтгэлийг жүжигчдийн орчин, цирк, кино л татна. Брежнева жүжигчин болохыг хүсч байсан ч эцэг нь түүнийг Кишиневийн их сургуулийн хэл бичгийн факультетэд суралцуулахаар явуулжээ.

 

Ааваасаа дөрөв дүү эртэй гэрлэв

Гэвч тэр сурган хүмүүжүүлэх ухааныг буурьтай сонирхсонгүй. Их сургуульд биш, харин Кишиневийн циркт очих нь хавьгүй сонин байв. Тэнд Галина бие дээрээ арван хүн овоолдог акробатчин Евгений Милаевтай таарчээ. Удалгүй Галинагийн анхны нөхөр болсон Евгений Милаев түүний эцгээс ердөө дөрөвхөн насаар дүү байв. Гэвч энэ нь тэдний хуримлахад саад болсонгүй. Леонид Ильич охиныхоо нөхөрт гарсан явдлыг тун тэвчээртэй хүлээж авав. Уг гэрлэлт Зөвлөлт даяар асар их дуулиан шуугиан бүхий зүйлийн нэг байсан билээ. Жилийн дараа тэд охинтой болжээ. Галинагийн үй загүй найз Людмила Москалаева ярихдаа “Галина, Евгений хоёрын охин Харьковт төрсөн. Евгений эхний эхнэрийнхээ хүүхдүүдийг асрах газраас авчирч тэд цугтаа циркийн тоглолтод нүүдэг болсон" гэжээ.

Гэртээ жилийн дараа өлгийтэй бяцхан охин тэвэрсээр орж ирэхэд нь Брежневийнхэн нялх хүүхдийг уухайн тас хүлээн авч, ач охиноо асрамжлах үүргийг Галинагийн ээж өөртөө авчээ. Хүргэн ч тэдэнд бас таалагдав бололтой. Үе үе залуу хосын дунд дэгдэх хэрүүл маргааны явцад гүрний удирдагч ихэвчлэн хүргэний талд зогсох нь ажиглагдах ажээ. Хачирхалтай нь Галина, Милаев хоёрыг гэрлэлтээ цуцлуулсны дараа Брежнев хуучин хүргэндээ гавьяат, ардын жүжигчин цол дараалан олгож, Москвагийн циркийн дарга болгож байсан нь нэгийг бодуулна. Брежнева янз бүрийн циркийн жүжигчидтэй гадаад орнууд руу явахаа больсонгүй. Циркийн нүүдэлчин амьдрал Галинад тун их таалагддаг байлаа. Милаевтай найман жил ханилаад салсныхаа дараа ч циркийнхэнтэй гадаад дотоодод байнга хамт явахдаа техникийн туслах ажилтан гэсэн нэрийн дор явдаг байсан бөгөөд хэн ч түүнийг ЗХУ-ын нэг номерын даргын охин хэмээн тааварладаггүй байжээ.

Жолоо цулбуургүй агсам морь мэт охиноо “хазаарлах” бодол Леонид Ильичид төрдөг байсан. Тэрбээр охиндоо тусад нь байр олгохоос татгалздаг тул Галина өөрийн эрхгүй тэд нартай хамт амьдардаг байв. Тэрбээр удалгүй "Новости” агентлагт ажиллах болж, улмаар диссертаци бичин хамгаалж дэд эрдэмтний зэрэг авлаа. Гэвч Галина дахин эр нөхөрт гарах гэж буйгаа хэлснээр эцэг Брежневийнхээ уурыг бүрмөсөн хүргэж орхисон гэдэг билээ.

 

Брежневт таалагдсан хүргэн

Игорь Кио ба Галина Брежнева

Галина Крымд амарч байхдаа алдарт илбэчин Эмиль Киогийн хүү Игорь Киотой дотно танилцжээ. Игорь, Галина хоёр гэрлэлтээ нүд ирмэхийн зуур шахам батлуулаад бал сараа өнгөрүүлэхээр өмнөд нутгийн нэгэн зуслангийн газар нуугдан хэсэг зуур сураг чимээ тасарлаа. Энэ зуур Галинагаас 15 дүү, дөнгөж 20 хүрсэн Игорь өөрийн нь хүргэн хэмээн дуудагдах болоод байгаад Леонид Брежнев тун дургүй байв. Ингээд тэсвэр нь барагдахдаа тусгай албаныхан бүхий онгоц илгээж, охиноо авчруулаад Игорь Киод шинэ иргэний үнэмлэх олгон энэхүү гэрлэлтийн тухай мартахыг даалгажээ.

Хэдэн жилийн дараа Брежневийн санаанд бүрэн нийцсэн хүргэн гэнэт гарч ирлээ. Магадгүй гэнэт гарч ирсэн хүргэн эцгийн төлөвлөгөө ч байсан байж мэдэх. Хэдийгээр тэр нь Галинагаас долоон насаар дүү, гэр бүлтэй байсан ч үүнийг Брежнев онцын саад тотгор гэж огтхон ч үзсэнгүй. Яагаад гэвэл хурандаа Чурбанов хэмээх шинэ хүргэн түүний гэр бүлийн удам угсаанд яг тохирох чекист, албаны буурьтай хүн хэмээн үзэж, Л.Брежнев тэдэнд Москва хотын төвд байр, элитүүдийн зусланд тансаг байшин бэлдэж өглөө. Энэ үед Галина 40, Чурбанов 34 хүрч байв. Чурбанов ч энэ үеэс эхлэн албан тушаалын шатаар нисэх мэт өгсөв.

Юрий Чурбанов ба Галина Брежнева

Тэрбээр 1980-онд ДЯЯ-ны Нэгдүгээр орлогч сайд болж, дэслэгч генерал цол авав. Үүнээс цааш түүнд албан тушаал ахих нөхцөл үнэхээр байсангүй. Яагаад гэвэл ДЯЯ-ны сайдын албан тушаалд Брежневийн дотны найз Шелоков сууж байсан тул Чурбанов энэ хүрээд л зогссон ажээ.

Гэтэл энэ бүхэн Брежневийн гэр бүлийн хувьд утга учиргүй явдал байлаа. Учир нь Галина Брежнев, Чурбанов хоёрын амьдрал огтхон ч таарч тохирсонгүй. Галина Брежнева журамт эхнэр байхыг хүссэнгүй, урьдын адил жүжигчдээ сонирхох болж, цыган гаралтай дуучин Борис Буряцетай хопбогдоод авлаа.

 

Дуулиант дээрмийн хэрэг

Мөн Галинагийн хувьд энэ бүхнийг эр нөхрөөсөө нуух гэж аргаа бардаггүй нэгэн байсан юм. Яагаад гэвэл албан тушаалаа алдана гэхээс ухаан алдталаа айх Чурбанов хэзээ ч удирдагчийн охиныг хардаж хэрүүл маргаан дэгдээхгүй гэдгээ тун сайн мэднэ.

Гэвч цыган залуу нэг хэсэгтээ л харуул хамгаалттай явах боллоо. Учир нь Чурбановын илгээсэн хүмүүс нэлээд хэдэн удаа түүнийг нэвширтэл нь г ө в ш ж э э.

Борис Буряце

Галинаг амьдралд харчуудаас гадна очир алмаз соронздон татна. Ёстой л "Кремлийн эрх гүнж" нэрэндээ тохирсон мэт Галина нийслэлийн дэлгүүрүүдэд шинэхэн очир алмаз ирэхэд бусдаас түрүүнд мэддэг байв. Тэр Москва хотын Лавочкины гудамж дахь алт мөнгөн эдлэлийн үйлдвэрт өөртөө зориулан шилдэг загвараар гоёл чимгийн зүйлс захиалгаар хийлгэнэ. Мөнгө дутагдвал Галина гарын үсгээ л үлдээдэг байв. Гадны нэг баян хүн алт мөнгөн эдлэлийн дэлгүүрээс хүзүүний очир алмазан зүүлт худалдаж авах гэхэд энэ зүүлтийг худалддаггүй гэж түүнд хариулсан гэдэг. Гэтэл хэдэн өдрийн дараа нөгөө худалддаггүй зүүлт лангуунаас алга болж “Тэр зүүлтийг Брежневийн охин худалдаж авна гэсэн болохоор бид яаж ч чадаагүй” гэж дэлгүүрийнхэн хэлсэн гэдэг.

Удалгүй Галина очир алмазнаас болж бүр ч буруу замаар оров. Москвагийн дэлгүүрүүдээс хамгийн сайн боловсруулж, засч янзалсан очир алмазуудыг авч, улмаар дамлан зардаг болоход нь түүний нууц амраг, Москвагийн эрүүгийн ертөнцөд танил талын холбоо сүлжээ бүхий Борис Буряце тун их үүрэг гүйцэтгэж байжээ.

Циркийн жүжигчин Бугримовагийн гэр бүлийн цуглуулгад байсан алмаз эрдэнийг д э э р э м д  с э н хэрэг мандсанаар л сая Ерөнхий нарийн бичгийн даргын охин, цыган дуучин хоёрын “дурлал"-д цэг тавьжээ.

Аав охин хоёр

1981 оны шинэ жилийн өмнөх өдөр гартаа гацуур мод барьсан хэдэн залуус тансаг байранд орлоо. Уг байранд амьтан сургагч Бугримова амьдардаг аж. Тэд тансаг байрны жижүүрт өөрсдийгөө зүгээр л Ирина Николаевна Бугримовагийн үүдэнд бэлэг үлдээхийг хүссэн шүтэн бишрэгчид нь гэж тайвшруулав. Орсон зочид нэлээд хугацаа өнгөрсөн ч гарч ирсэнгүй. Үйлчлэгч дээшээ гарсан ч оройтсон байлаа.

Бугримовагийн гэрийг т о н о ж гэмтнүүд арын нууц хаалгаар гараад арилж өгчээ. Д э э р э м ч и д тухайн үед ЗХУ-д хамгийн үнэтэйд тооцогдож байсан очир алмазан цуглуулга, үнэт эдлэлийг хамаад явсан байв. Дуулиант хэргийн мөрөөр сэргийлэхийнхэн хүч тавин ажилласны хүчинд мөрдөгчид хэргийн ул мөрөөр орж, удалгүй сэжигтнийг илрүүлсэн аж. Тэр нь мөнөөх Борис Буряце байх нь тэр. Буряцегийн хэрэгт Брежневагийн нөхөр, нэгдүгээр орлогч сайд Юрий Чурбанов онцгойлон "санаа тавьсан" ч гэдэг. Ямартай ч Буряце шоронгийн хаалга татлаа.

Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа ДХЯ-ны сайд нар болох Шелоков, Чурбанов нарын хэрэг мандаж, Галинагийн нөхөр мөн л эхнэрийнхээ нууц амрагийн хувь заяаг хуваалцаж эхэлсэн юм. Харин Галина ганцаар үлдэж, зуслангийн байранд архидсаар л байлаа.

Эцэст нь охин нь түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэхэд ч хүрэв.

Галина Брежнева

Брежневагийн сүүлд байсан газар нь Добрыниха тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэг байв. Түүнийг гурван cap болгоод эмнэлгээс гаргана гэж эмч нар амласан ч түүний араас хэн ч ирсэнгүй. Нэг мэдэхэд Галинагийн Москвагийн төв дэх орон сууц, зуслангийн байшин хэн ч юм зарж үрж байхгүй болгоод улсаас мөнөөх их очир алмазан цуглуулга нь улсаас хурааж авсан нэртэйгээр хэсэг бусаг хүмүүсийн халаасанд орж алга болжээ.

Брежнева сүүлийн жилүүдэд Добрынихт гав ганцаараа тосгоны эмэгтэйн амьдралаар аж төрж байв, тэгэхдээ ухаан нь саруул байсан төдийгүй өөрийгөө хэн болохыг зарлахыг хүсдэггүй, элдэв хэвлэлийнхнээс нуугдаж, зугтаж байсан гэдэг. Байсгээд л сэтгэцийн эмнэлэгт нь буцаагаад хэвтүүлчихдэг байсныг нь заримдаа өөрөө энэ бүхнээс зугтаж сайн дураараа эмнэлэгт нуугдах болсных ч гэдэг. Мэдээж 90-ээд онуудын шар хэвлэлийнхний ертөнцөд "Кремлийн гүнж" хаана яаж амьдарч байгаа нь гайхалтай өндөр борлуулалт авчрах сэдэв байсан биз. Түүнийг эргэдэг ганц хүн нь найз эмэгтэй Москалаева нь байв. Галина заримдаа Москвад очихыг хүсдэг байсан ч найз нь түүний зуслангийн байшин ч, байр ч байхгүй болсныг өөрт нь хэлэхээс нуудаг байжээ. Кремлийн гүнж 1998 онд 69 настайдаа нөгөө ертөнцөд оджээ.

Брежневийн гэр бүл хүү охин хоёрын хамт
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]