Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Л.Түдэв: Хүн төрөлхтөн зохиомол зүйлд хууртагдахаа больж баримтат өгүүлэмжийг сонирхох эрин зуунтай золгожээУншсан5,934

Аав маань малчин, анчин, дараа нь гар үйлдвэрийн ажилчин болж мужааны мэргэжил эзэмшээд түүгээрээ бүх амьдралаа дүүргэсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лодонгийн Түдэв гуай Монгол оюун ухааны сор, оргил нь болсон хүмүүн билээ. Тэрээр хэвлэлд ч ярилцлага өгөхөө болиод удаж байгаа. 2015 онд "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн бөгөөд 2017 онд Зиндаа сэтгүүл эрхэм хүнээс ярилцлага авах хүсэлтээ шуудангаар хүргүүлэхэд 56 асуултаас зөвхөн 1-ийг нь сонгож 9 зүйлээр задлан хариулахыг зөвшөөрсөн байдаг.

Дөрвөн жилийн өмнө "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн Л.Түдэв гуайн ярилцлагыг хүргэж байна. Их хүмүүнтэй ярилцахдаа сэтгүүлч Намсангийн Пагма ч ур ухаан гаргаж, мэргэжлийн бяраа харуулж ярилцсаныг энд онцлоё.


“Бүтээл гаргах” насандаа “дүн авах” мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихжээ
 

-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан тэр үйл явц одоо ч сонирхол татдаг. Тухайн үед та олон түмний итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал маш өндөр байсан. Таны бодлоор ялагдлын гол шалтгаан юу байсан бэ. Сурталчилгааны үеийн тактикийн алдаа байв уу, эсвэл намын нэр хүндээс болсон уу?

-Улсын Ерөнхийлөгч болохсон гэж огтхон ч мөрөөдөж байсангүй. Учир нь тэр бол мөрөөдөл биш харин ноцтой хүнд алба. Гэвч шинэ Үндсэн хууль, бусад хуулиар сонгуульд намаас нэр дэвшүүлэх шинэ журам тогтсоныг баримтлан МАХН-аас хэд хэдэн хүний нэр дэвшүүлсэн дотор миний нэр орсон юм. Тэрхүү Бүгд хурал дээр хүмүүс нэрээ татсаар байгаад миний нэр үлдсэнд намын хамт олны итгэлийг бодож нэрээ үлдээхийг зөвшөөрсөн. Тэгээд л компанит ажил өрнөж ид дундаа орох үед ажиглаж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан нэрээ татаж авахыг намын удирдлагад хүссэн чинь зөв¬шөөрөөгүй. Хуулийн дагуу би “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээсээ чөлөөлөгдөж сул нэр дэвшигч болоод ажиллаж байсан. Миний өрсөлөгч бөгөөд өчигдөр нь МАХН-ын гишүүн асан хүн Ардчилсан намд орж нэрээ дэвшүүлээд тухайн үед хашиж байсан албаа хашсаар л байсан. Уул нь чөлөөлөгдөөд орлогчдоо юм уу Бага хурлын даргад орлуулах байсан. Хууль ч тийм заалттай. Гэвч тэгээгүй. Иргэд бол хэргэм зэргийг дээдлэх зуршилтайгаа хэвээр байсан. Тэгээд л ойлгомжтой шүү дээ.

-Залуучуудын Эвлэлийг олон жил удирдаж байсан учраас таныг улс төрийн зүтгэлтэн гэж боддог. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахдаа та чухам ямар байр сууринаас хандсан бэ. Улс орноо өөрчилье гэсэн байр сууринаас хандсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Залуучуудын Эвлэл бол олон нийтийн байгууллага юм. Тэгэхээр миний ажил олон нийтийн хандлагатай байсан. Харин намын бодлогыг дэмжих үүрэгтэй, дайчин туслагч, залуу халаа нь байх тангарагтай байгууллага л даа. Гэхдээ төрд нэг их хамааралтай бус. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрийг би биш нам маань гаргасан тул би хүлээн зөвшөөрсөн. Харин сонгуульд оролцох хөтөлбөрөө би өөрөө боловсруулан дэвшүүлсэн юм. “Монголоо Монголын ард түмэн аварна” гэдэг үзлийг л баримталж байсан. Тэр үед Монголыг хэн аврах вэ гэдэгт хүмүүс санаа зовж, “Монголыг газар л аварна”(С.Энхбаяр), “Монголыг пантейзм л аварна” (С.Эрдэнэ), “Монголыг монгол ухаан аварна”(С.Баттогтох), “Монголыг хүүхэд л аварна” (П.Батнайрамдал), “Монголыг библи судар л аварна”(Р.Баттөмөр), “Монголыг куран судар л аварна”(Рахмет Шынай) гэх мэтээр гол төлөв “Ил товчоо” сонинд бичицгээж байсан цаг билээ. Миний баримтлал бол “Монголоо Монголын ард түмэн л аварна” гэсэн санаа бөгөөд түүнээ хэрэгжүүлэхэд “өрх бүр үйлдвэр”, “хүн бүр үйлдвэрлэгч” болох ёстой л гэсэн төсөөллөөс өөр зүйл байгаагүй. Тэгэхдээ “дэвшил гаргахын тулд дэглэм хэрэгтэй” гэж үзээд “ДД” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэчихсэн чинь “диктатур тогтоох юм гэнэ” гэж цуурхуулаад миний эсрэг “муна” болгон ашиглацгаасан. Өөр ч бас олон төрлийн явуулга байсан. Тэр тухайд нуршихаа түр түдгэлзэхгүй бол их цаг авчих байх аа.

-Одоогийн Үндсэн хууль танд хэр санагддаг вэ?

-Одоогийн Үндсэн хууль уг нь ардчиллын шалгуур үзүүлэлтэд олон талаар тэнцэхүйц сайн хууль болсон. Түүнийг “түүхий” байхаас нь эхлээд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бүтээлчээр оролцохыг эрмэлзэж “Их цааз” нэртэй эхлэлтээс нь аваад “Үндсэн хууль” гэдэг нэрээр батлалцах хүртэл санаа бодол, үг найруулгын хувь нэмэр оруулж, уг хууль батлах их хуралдаан дээр хэдэнтээ үг хэлж байсан хүний хувьд шинэ Үндсэн хуулийг нэлээд нарийн мэдэх билээ. Харин 2000 онд УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар Үндсэн хуульд үгсэн халдаж, “дордохын долоон” засвар оруулсны балаг арав дахь жилдээ үргэлжилж байна. Шинэ Үндсэн хуулийн хамгийн бүрхэг бүдэг хэсэг нь тавдугаар бүлэг буюу “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц”, мөн дөрөвдүгээр бүлгийн 62 дугаар хэсэг буюу “Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай” зүйл юм гэж би үздэг. “Цэц” гэдэг нэр зохиогүйгээс “цэцлэх” төдий газар буй болсон. Уул нь “Үндсэн хуулийн шүүх” гэж байх олон улсын жишигтэй юм. Бас “Орон нутгийн өөрөө удирдах байгууллага” хэмээх нь нэр төдий заалтаар бүрхэгдэн үлдсэн юм. Үндсэн хуулийн нэлээд заалт 18 жилийн турш хэрэгжээгүй учир “мөрөөдлийн хууль” гэмээр болсон гэх үндэстэй юм.

-Улс орныхоо амьдралд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд болон улс төр, эдийн засаг хоёр нийлэг байдлаар яваад байгаад та хэрхэн хандаж байна. Мөн олигархийн тухайд?

-Сүүлийн үеийн үйл явдал гэхээр маш олон хэрэг явдал, тэр тусмаа одоогоор тэмтрэгдэх төдий байгаа ч гэсэн мөдхөн тэнгэр ниргэхэд хүрэхээр үзэгдэл олон байна. Заримыг нь дүгнэж хэлэхэд эртдэхээр, зарим нь хэлээд хэлээд нэмэргүй болчихсон хэрэг явдлууд ч цөөнгүй. Ямарваа үйл явдалд хүнээс өөр эзэн байдаггүй. Хүн л гол хөдөлгүүр нь бас гол гэмтэн нь байдаг. Тэр тусмаа олон түмнээс тэднийг төлөөлөн ажиллах эрх мэдэлд сонгуулиар хүрсэн цөөнхийн үйл ажиллагаа, хэрэг явдал бол “муугийн хор олонд, могойн цус тэнгэрт” гэдэг монгол ардын мэргэн үгийг байнга баримталж явах ёстой, тийм үүрэгтэй. Гэтэл тэдний удаа дараагаар “боловсруулан баталсан” хуулиуд хийдэлтэй (цоорхойтой), давхардалтай, өөр хоорондоо зөрчилтэй байсны балгийг тэд өөрсдөө биш өнөөх л тэднийг “сонгосон” олон түмэн үүрсээр ирлээ. Тары нь таниад төлөөллөөс нь татгалзуулъя, эргүүлэн татъя гэхээр тэр эрхийг нь мөн л хуульд саармагжуулаад хаячихсан байдаг тул халаглахаас өөр хүртээл сонгогчдод байхгүй нөхцөлд бид аж төрж байна л даа. Сонгуулийн хууль, тэр ч байтугай Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах цаг нь аль хэдийнэ болжээ.

-Зохиолчийнхоо хувьд “Нүүдэл суудал” романдаа та нийгмийн шилжилт хүмүүсийн сэтгэ¬хүйг хэрхэн өөрчилж байгаа тухай бичсэн. Харин сүүлийн хорин жилийн шилжилт хүмүү¬сийн сэтгэхүйд ямар өөрчлөлт авчирсан тухай зохиол бичив үү. Үүнд таны уран бүтээлчийн хандлага ямархуу байгаа вэ?

-Сүүлийн хорин жилийн нийгмийн шилжилтийн сэдвээр “Төл” гэдэг роман зөгнөлт товчоо бичсэнийг 2000 онд “Адмон” хэвлэлийн газар тусгай ном болгон хэвлэн гаргасан. Энэ номын эхний бүлгүүд нь Монголын нийгмийн шилжих сэдлийн эхлэлийн тухай, дараахь бүлгүүд нь юунд хүрч мэдэхийг зөгнөн өгүүлсэн бичлэгтэй юм. Харамсалтай нь уншигчийн ой тойнд бүрэн бууж, бясалгалд хүрэхэд хол байгаа бололтой.

“Шилжилт” гэдэг үг бол зээлдмэл ойлголт. Өнгөрдөг зууны эхээр монголчууд хөрөнгөт нийгмийг алгасан эв хамтын буюу социалист нийгэмд шилжих зорилтыг өөрснөө ч, өрөөл бусдын шивнээгээр ч сонгож авсан. Түүнд хүрэхэд үнэхээр “шилжилтийн үе” хэрэгтэй байсан. Учир нь мөрөөдлийн тэрхүү нийгмийг байгуулж байгаа гээд ихэд сурталдаж байсан Зөвлөлт Холбоот Улсад тэр нийгэм бүрэлдэн төлөвшөөгүй яваа тул “хуулах” загвар бараг байгаагүй. Зөвлөлт Орос улс өөрөө ч шилжилтийн гэхээсээ “туршилтын” шатандаа байсан. Түүний баримт нь “хамтрал”, “коммуны” хөдөлгөөн. Монголд тэр нь халдаж гучаад оны үед малчдыг яаж хүчээр нэгэн дээвэр дор оруулах гэж оролдож, хичнээн их хохирол үзсэнийг “Нүүдэл суудал” романы маань ахмад насны баатрууд мартаагүй явааг ч цухас дурдаж билээ.

Хамтралжуулах хөдөлгөөн Орост өрнөж их зохиолч Шолоховын “Атрыг хагалсан” романд хүртэл тусгалаа олсон. Гэвч дэлхийн дайн “социализм байгуулах” үйлст нь олон жилээр саад тотгор учруулсан. Дэлхийн дайны дараа цахилгаанжуулалт, атар эзэмшилт гэхчилэн нэлээд салбарт ахиц гарч, нэг хүнийг тахин шүтэх сэтгэлгээ хямарснаас гадна сансар эзэмших үйлст ихэд дэвшил гарч, дэлхийн дайнд ялсан Зөвлөлт Холбоот Улсын нэр хүнд ихээхэн өссөн. Дайны өмнөх жилүүдэд олсон амжилтандаа сэтгэл хөөрөх хандлага коммунистуудын дунд дэгдэхэд “комчваство” (комбардамнал) хэмээн шүүмжлэн дарж авсан нь дайны дараахь жилүүдэд өөр түвшинд өөр өндөрлөгт ахин гаарч “өнөөгийн Зөвлөлтийн хүмүүс коммунизмд амьдрах болно” гэж Зөвлөлтийн удирдагч зарлаад хамгийн түрүүнд талхыг үнэгүй болгосон.

Талх бол манайдаа махтай адил амь зогоох гол тэжээл тул баярласан орос иргэд ам мэдэн зооглосоор тун удалгүй Орос улсын талх тарианы нөөц дуусч, талхаа дахин үнэлсэн билээ. “Коммунист сайрхал” нь бодот ахуйгаас дээш хол тасарсан хий үзэгдэл байсан болохоор Зөвлөлт Холбоот Улс гэнэт “коммунизмд шилжих” бодлоосоо зуун хувь эргэж зүгээ өөрчлөхөд хүрэхэд манайхан ч дууриаж мориныхоо жолоог эргүүлсэн.

Гэхдээ хүн ард хөрөнгөжөөгүй, үр хүүхэддээ өвлүүлэх өв хөрөнгө гэх юмгүй, наймаа панзанд гавиа¬гүй, бэлэнчлэх муу зан сурсан хүмүүс гэв гэнэт америкийн ав¬хаалж, японы овсгоо, хятадын ажилсаг чанарт шууд шилжихэд амаргүйн дээр урьд цагт “социализм” гэж байгуулагдаагүй яваа юманд “шилжих” гэж бараг хагас зуун жил зарцуулсан болохоор одоо нэгэнт байгуулагдаад бараг хоёр зуун жил болсон хөрөнгөт нийгэмд шилжих нь уул нь амархан мэт боловч хөрөнгөгүй, овсгоогүй, санаачилгагүй хүмүүс хэлсэн төдий хийчихдэг ажил биш юмсанжээ. “Шилжилт” тэгээд монгол маягаар хорин жил үргэлжилсээр л.

“Шилжилтийн” гээд авгайлаад буй энэ жилүүдийн бэрхшээл, тулгамдсан асуудлуудаар олон тооны эссе бичиж “Дал” болон бусад сонинуудад нийтэлсээр ирсэн маань “Бүтээлийн чуулган” 33 ботийн минь 17, 18, 19, 26, 31, 32, 33 дугаар ботиудад орсон билээ. Хүн амын цөөнх биш дийлэнх олонхийг хөрөнгөжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрүүдийг газар сайгүй дэмжиж, “өрх бүр үйлдвэр”, “хүн бүр үйлдвэрлэгч” гэсэн уриаг хэрэгжүүлэхэд төр засаг идэвхтэй ажил хэрэгчээр туслах юм бол зах зээл ойрхон байнаа.

-Улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг дүгнэх гэдэг бол хэтэрхий мэдэмхийрсэн хэрэг болно. Тэр тусмаа ганц нэг хүн амны зоргоор хэлчихдэг зүйл биш. Нүүж байгаа айлыг гэрээ бариагүй яваа үед нь сайлаад ч, муулаад ч хэрэг байхгүй. Харин ачаа нь хазайж, чирэгдэж байгаа бол хэлэх л учиртай. Болж бүтэж байгаа юм их бий. Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Хог новш ухчихсан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээсээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваар осолд өртчихсөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авлигад амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ингээд бодоод, яриад байвал “түргэн тусламж” дуудахад хүрч мэдэх буй заа.

Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь асрамжтай, авлигачдыг нь хазаартай болгоход төр, засаг хүчин мөхөсдөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсан даа.

-Таны уран бүтээлийн тухай ярина гэвэл маш өргөн хүрээнд ярих болно. Гэхдээ энэ удаа “Хорвоотой танилцсан түүх” тууж, “Оройгүй сүм”, “Нүүдэл суудал” романы тухайд ярилцмаар байна?

-Нэрлэгдэж буй гурван зохиол гурвуулаа баримтат уран сайхны аргаар бичигдсэн юм. “Хорвоотой танилцсан түүх” гэдэг тууж уул нь гурван дэвтэр юм. Гэвч эхний дэвтрийг нь л хүмүүс илүү яриад байдаг. Тэр дэвтэрт Хантайширын нуруу, Овоо нуруу, Ар, Өвөр голд өнгөрүүлсэн бага насандаа то-хиолдсон үнэн явдлуудыг л тэр хэвээр нь ой ухаанаасаа цаасан дээр буулгаад л хуулан биччихсэн юм. Өнгөрсөн зууны гучаад оны үед хөдөөгийн малчны хүүхдүүд гол, горхины усанд элэгдэж мөлийсөн өнгө өнгийн чулуугаар л “гэр барьж” тоглодог байлаа. Өөр тоглоом олддоггүй байсан цаг юм. Тэрнээс болоод чулуунд дуртай болж улмаар эх орондоо эх нутагтаа хайртай болдог юм билээ. Дэлхийн дайны жилүүдэд бага сургуульд сурагч байсан үед үзэг, бэх, цаас олддоггүй байсан цаг. Аав маань бэхний шилэн савыг дуурайлгаж, хаягдал бурхны эрхий хуруугаар зэсэн сав хийж өгсөн юм. Тэр зэс саванд хармагны жимсийг хандалж хар ногоон бэх “үйлдвэрлэн”, сонины захыг хайчлан авч үдсэн нарийхан “дэвтэр” дээр бичдэг байлаа. Дайны үеийн хүнд жилүүд хүүхэд биднийг багаасаа хэрсүүжиж, юмаар юм хийхэд сургаж, ариг гамтай, даруу энгийн амьдрахад бас нөлөөлсөн юм. Тэр тухайд болсон явдлыг уул туужид өгүүлсэн. Гэхдээ аль болох хөгжөөнтэй талаас нь харуулахыг зорьж билээ. Тэр нь зохиолч нөхдөд маань таалагдсан юм уу, П.Лувсанцэрэн “Борзооны явдал”, Ш.Гаадамба “Багын явдал”, Ц.Дамдинсүрэн гуай “Жомбоо хүүгийн намтар” гээд л бага насаа дурсацгаасан цуврал ар араасаа хөврүүлж билээ.

Харин “Оройгүй сүм” романыг маань хэн ч даган давтсангүй шиг санагддаг юм. Уул нь Хантайширын нурууны ар, өвөр хоёрт байсан хоёр хүрээ хийдийн Өврийн хүрээ буюу Буян Залбирахын хийдийг барьж байгуулаад оройг нь сайн гүйцээж чадалгүй орхисон түүхэн үйл явдлын тухай өгүүлсэн юм. Тэр үйл явдлыг намайг бага байхад манайд айлчилж хонон өнжин явдаг ахмадууд өөр хоорондоо ярьцгааж нэг бус удаа дурсан хүүрнэж байсныг би нэгд нэгэнгүй тогтоон цээжилж авснаа хожим роман болгон бичсэн билээ. Гарч буй үйл явдал, хүмүүс нь цөмөөрөө байсан, болсон хэрэг, гагцхүү цааснаа найруулан буулгах ажлыг нь л би хийсэн боловч тэр бүхнийг нүдээр үзэж, биеэр оролцож явсан этгээд юм уу гэж намайг сэжиглэхэд хүргэсэн бололтой.

– “Нүүдэл суудал” романы баатрууд бодит хүмүүс гэдэг байх аа?

– “Нүүдэл суудал” романы тухайд бол намайг хөдөө нутагт багшилж байх үед болсон үйл явдлыг  заримд нь оролцож байж бичсэн. Гурван гол баатар Доохүү (Лодойхүү), Сүрэн (Цээсүрэн), Магнай (Дүгэр) нар бол одоо ч байгаа, бодот, нэр цуутай хүмүүс юм. Тэр үед аймгийн орлогч дарга байсан Гомбын Лодойхүү гуай өөрөө саналаа өгч нэгдэл байгуулахаар хөдөө гарч Халиун сумын суурийг тавьж “Коммунизмын төлөө” нэгдэл (“Эв хамтын төлөө” гэж романд гардаг) байгуулан ажиллаж олон санаачилга гаргаж улмаар Хөдөлмөрийн баатар болсон юм. Нөгөөх Сүрэн дарга буюу Цээсүрэн гуай бол тус нэгдлийн тулгын гурван чулууны нэг байж, намын байгууллагыг удирдан удаа дараа гавьяа байгуулж, одон тэмдгүүдээр шагнагдаж явсан хүн. Тэр хүн одоо аймгийнхаа ахмадын байгууллагыг удирдаж байна. Гурав дахь баатар буюу сум-нэгдлийн Эвлэлийн үүрийн дарга Магнай нэрээр зохиолд гардаг хүн бол одоогийн ардын багш Ж.Дүгэр бөгөөд түмний үр хүүхдийг асран өсгөх гавьяат үйлсийг насан турш хийсээр яваа.

Сум нэгдэл байгуулагдсанд баяр хүргэж бичгийн машин, “Малчин” гэдэг бяцхан хүлээн авагчаа миний бие илгээхэд Эвлэлийн үүрийн дарга Дүгэр хүлээн авч ганзагалаад Хүн чулууны давааг давж одсон билээ. Тэр бичгийн машины “Ө”, “Ү” үсгийг монгол дархан гараар хийсэн бас “Харбин дахь Оросын консулын машин” гэсэн алтадмал үсэгтэй, өнөөгийн бичгийн машинаас их өөр, үсэг нь дээрээсээ доош бууж цаасан дээр гардаг сонин зүйл байж билээ.

Ийнхүү “Нүүдэл суудал” романы бусад баатрууд зоотехникч Чавчиг (уг нэр нь Чавчигбазар) болон бусад бараг бүх хүний дүр нь цаанаа эзэнтэй, тэр ч байтугай Ардын их хурлын дарга Ж.Самбуу гуайд өргөсөн заргын бичиг хүртэл байдаг их зөрчилтэй  үеийг харуулсан тул зарим баатар нь агсам тавьж байсан ч удаатай. Түүхэн романуудыгаа ч гэсэн яг л бодот баримт, болсон явдлыг харуулахыг би эрмэлзсээр ирлээ.

-“Оройгүй сүм” романыг буддын гүн ухааны хамгийн нарийн ёс жаягаас авахуулаад гүн ухааных нь дотоод мөн чанарыг гаргаж бичсэн зохиол гэж хүлээж авах хэсэг уншигч байхад нөгөө хэсэг нь шашныг хий хоосон, хэрэггүй зүйл гэж харуулахыг зорьсон зохиол гэцгээдэг. Тухайн үед та буддизмыг тийм гүнзгий судалсан байсан уу?

-Буддагийн сургаал бол энэ дэлхийн зонхилох гурван том шашны ах буюу анхдагч нь юм. Гэхдээ монголчууд үүнээс бүүр өмнө өөрийн гэсэн шүтлэгтэй байсан. Бас өөрийн гэсэн шүтээн бурхантай түүнээ тэнгэр гэж нэрлэдэг нь өнөө хүртэл хэвээрээ байгаа болохоор өмсдөг дээл хувцаснаасаа эхлээд л бурхны буюу хожмын нэрээр ламын шашин нь мөн л “өргөмөл” үзэгдэл гэдгээ өөрөө хэлээд байгаагаар барахгүй номлол нь бүрэн монголчлогдоогүй, бас монголоор уншлага үйлдэхгүй шахам явсаар шинэ зууны босго алхжээ.

Ойлгохгүй байгаа юмандаа хүн хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн биширдэг. Аль алин нь буруутгах аргагүй үзэгдэл. “Бүх юм хоосон” гэсэн номлолыг бурхны шашин барьдгаас “хоосон чанарын номлол” гэгдсэн байдаг. Эцсийн дүнгээр яривал үнэн үг. Ойрын дүнгээр яривал үнэн бус үг юм. “Эрдэмд оройгүй” гэдэг санааг л “Оройгүй сүм” романаар хэлэхийг зорьсноос өөр бодол агуулаагүй бичсэн тэр номыг уншигч бүр өөрийнхөөрөө цэгнэдэг бололтой юм.

-“Хорвоотой танилцсан түүх”-ийг гадаадын олон хэл дээр орчуулсан. Гадаад уншигчдын талаар танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ?

-Хорвоотой танилцах үйл явц нь хүн болгоныг насан туршид нь дагалддаг. Учир нь хорвоо гэдэг бүрэн танихуяа хэцүү, асар өргөн ойлголтын нэр. Гэхдээ бага насанд анх танилцсан “хорвоо” шиг мартагддаггүй юм байдаггүй. Хүн өндөр насандаа туулсан замаа эргэн дурсахад бага залуу насных нь явдал маш тод хурц бас гэрэл гэгээтэй үлдсэн байдаг атлаа сүүлийн үеийнх нь бүдэгхэн санагддаг ажээ. Миний номнуудын дотроос бараг хориод гадаад хэлээр орчуулагдан гарсан зохиол юм болохоор гадныханд сонирхогддог биз ээ л гэж бодох юм.

-Романыг та анх хорин гуравтайдаа бичиж эхэлсэн байх юм. Хорин гуравтай залууд роман бичих ямар байсан бэ. Тухайн үеийн сэтгэгдэл болон одоо тэр үеэ эргэн бодоход ямар бодол төрдөг вэ?

-Хорин гурван нас гэдэг бол нэг их залуу нас биш. Өрнөдийн том эрдэмтэд хорь гаруй насандаа л том том нээлтээ хийсэн байдаг. Хөгжмийн зохиолчид бол түүнээс ч эрт нэрд гардаг. Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө “номхон” суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр “тотьчилсон” ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул “нээлт хийх”, “бүтээл гаргах” насандаа “дүн авах” мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон.

Одоо бүр чамлаад “12” жилийн сургалт буй болгожээ. Тэрнээс өмнөх үед бага, дунд, багшийн сургууль төгсөж 12 жил хожсондоо л олзуурхаж явдаг даа. Тэгээгүй бол юун роман  бичих. Цээж бичигт дарамтлуулаад өнгөрөх байсан хугацаа шүү дээ.

-Таны удирдаж байсан “Хаадын сан” цуврал одоо юу болж байгаа вэ. Тэр хөтөлбөр хэрэгжээд дуусчихсан уу?

-“Хаадын сан” гэдэг олон нийтийн санаачилгын нэгэн хэлбэр үүссэнээс хойш 14 дэх жилийнхээ нүүр үзэж байна. Энэ бол ашгийн бус ер нь соён гэгээрүүлэх чиглэлийн төрийн бус үүсгэл санаачилга юм. Монголчуудын өнөө үеийнхэн ганцхан Чингис хаанаа(тэрийгээ ч нарийн сайн мэддэггүй) өмнөө барин бардамнах дуртай болсон боловч зөвхөн Хүннү гэгдсэн Хүн улсын их эзэнт төр байгуулагдаад даруй 2220 жилийн ой болох гэж байхад энэ хооронд төр барьсан хаадаа сайндаа л нэрнээс цааш мэдэхгүй байна. Үүнд хариу өгөхөөр “Хаадын сан” Монголын 100 хаан, найман богдын товч намтар цуврал гаргахаар санаа шулуудаж одоо найман богд, тавиад хаадын товч намтрыг нэрт эрдэмтдээр бичүүлэн гоёлын чулуун шигтгээ, гэргээ чимэгтэйгээр хэвлүүлэн гаргаад байна.

Нэг ном гаргаад түүний орлогоор дараахь номоо хэвлүүлж “хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж” явна. Төр засаг үүнд бараг анхаардаггүй гэхэд хилсдэхгүй. Харин уул сангийн гүйцэтгэх захирал соёлын гавьяат зүтгэлтэн Дугарсүрэн гэдэг ганц “зүтгүүртэй” гапий улаан мөнгөгүй айл. Бүтээлийн зөвлөлийн Ерөнхий эрхлэгч нь би юм л даа. Одоо цаана нь тавиад хааны намтар дутуу байгаа юм.

-Таныг цагаа маш нарийн хуваарилж ажилладаг байсан тухай цөөнгүй сонсч байсан. Тэр тухайгаа ярьж өгөхгүй юу. Одоо өөрчлөгдсөн үү?

-Өдөр, шөнө, өглөө, үдэш ээлжилсээр байх тул цагийн хуваарийг өөрчлөх аргагүй. Гэхдээ өдрийн найман цаг ажиллах хөдөлмөрийн хуультай. Гэвч одоо би сул иргэн тул элдэв хурал, цуглаан, шоу зэрэг цаг идэгчийн эрхшээлээс гарсан. Одоо миний цагийг “улс төр биш уран бүтээл” эрхшээж байгаа. Харин “Дал” сонин л цагаас минь уншигчдын эрхшээлээр нэлээн авдаг. Миний цагийн хуваарь өмнө нь улсаас тогтоосон хөдөлмөрийн цагт л захирагддаг байсан. Ажилдаа цагтаа ирж, цагтаа явах хуулийг биелүүлдгээс өөр онцгой юм байхгүй асан. Одоо бол анд нөхөд, таних танихгүй хүмүүс л цагаас маань үе үе хумсалчих гээд байдаг. Нөгөөтэйгүүр, нас ахих тусам цаг үнэтэй бас бага болоод байгааг тоохгүй явж  болохгүй биз дээ.

-Хүмүүсийн харж байгаагаар та маш нарийн дэг, хуваарийн дагуу амьдарч ирлээ. Энэ нь танд уйтгартай биш байх л даа. Ийм дэглэмд та хэрхэн суралцсан бэ?

-Цаг хугацаа гэдэг бол энэ хорвоогийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгшрүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой. Нүүдэлчин овгийн өв уламжлалаар амьдарч ирсэн өнөөгийн бидэнд цагийн тухай ойлголт их өөр байсан.

Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь “богино хугацаанд их юм хийх” арга. Суурин соёл иргэншлийнхэн бол “автоматжуулах” аргаар бага цагт их юм хийдэг болсон. Монголчууд бидэнд бол “автоматжуулах” арга саяхнаас л харагдах болсон.

Тэгэхээр бага цагт их юм хийх миний бодож олсон арга бол давхар мэргэжил эзэмших асуудал байв. Тэгээд би нэгд, багш, хоёрт, зохиолч, гуравт, сэтгүүлч, дөрөвт, олон нийтийн зүтгэлтэн гэсэн давхар ажилд зүтгэж эхэлсэн. “Цөөхөн монголчууд бид нэг хүн гурван хүний ажил хиймээр байна” гэдэг саналыг дээр үед дэвшүүлсэн. Гэхдээ тэрнээ өөрөө нотлохыг зорьсон. Одоо бол би зохиолч, сэтгүүлч, судлаач гэсэн гурван “чөдөртэй” байгаа. Тэр маань дэмий тэнүүлдэггүй юм. Бүтээлийн маань чуулган тус бүр нь 400-500 хуудастай 33 боть болон хэвлэгдлээ. Саяхан сүүлчийн боть “Цагийн царай” нэртэй 574 хуудас ном гарлаа. Харин багшлах, улс төрд зүтгэх, олон нийтийн зүтгэлтний албаа насны эрхээр орхиж байна даа. Хоёр гартай мөртлөө гурван төрлийн ажил хийхээр ер нь уйдах байтугай сул зогсох зав гардаггүй юм билээ.

-Сэтгүүлзүйд оруулсан таны хувь нэмрийн талаар яриад яах вэ. Харин сэтгүүлзүйн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тавин жилийн тэртээд сэтгүүлчийн сүрэгт нэгдэн орсон цагаас хойш энэ ажилд зүтгэж явна. Өнөөгийн сэтгүүлзүйн тухайд бол Үндсэн хуулиар олгогдсон “олон ургальч үзлийн” шилжилтийн үеийг сэтгүүлзүй, сэтгүүлчид үзэж байх шиг вэ дээ. “Олон санаат оргож чаддаггүй” гэж дээр үеийн мэргэн үгийг санууштай.

-Нийгэм таныг бүхэлдээ соён гэгээрүүлэгч гэж хүлээж авдаг. Гэхдээ та нэг бол нийгмийн зүтгэлтэн ч юм шиг, улс төрийн зүтгэлтэн ч юм шиг харагддаг. Чухам аль талаас нь өөрийгөө хардаг вэ?

-Соён гэгээрүүлэгч гэдэг үг бол уул нь зээлдмэл нэр томъёо. “Просветитель” гэдэг үгийг шууд аваад л “духан дээр” наачихсан гэсэн үг л дээ. Нийгмийн зүтгэлтэн, улс төрийн зүтгэлтэн гэсэн үгнүүд ч бас зээлдмэл шинжтэйгээс гадна урсан өнгөрөх үзэгдлийн нэр. Яагаад гэвэл нийгэм нэг байрандаа тогтчихсон цөөрөм биш. Нийгэм гэдэг хүмүүсээс бүрддэг. Тэгэхээр хөгжил, хөдөлгөөнтэй үзэгдэл. Тогтонги байгаад байвал аливаа юм чанараан алдаж, өгөршиж, мууддаг. Нийгмийн зүтгэлтэн бол мөн л тийм шинжтэй бөгөөд нийгмийн хөдөлгөөнд хэр зэрэг оролцдогоороо л ялгардаг. Гэхдээ урт настай биш. Нийгмийн зүтгэлтний урт нас бол ердөө л 12 жил байх нь олонтаа.

Ер нь ч аливаа нийгэм арван хоёр жилийн дотор шинэчлэгдэж дуусаад дараачийн шинэчлэгч юм уу, шинэчлэлийг шаарддаг. Манайх 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан түүнийхээ дагуу шинэчлэл хийж эхлээд байтал гадны нөлөө их тусч, нийгэм үймэрч 16 жилийн дараа Үндсэн хуулиа шинэчлэхэд хүрсэн. Шинэ зүтгэлтнүүд ч төрж гарсан. Гэтэл ахиад 12 жил өнгөрөхөд мөн л нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж ши¬нээр сэтгэгчид гарч ирээд “сэхээтний төөрөгдөл” гэгдэж бас сонгуулийн шинэчлэл хийхээс аргагүй болсон. Тэр бүхний дунд шинэ уур амьсгал нэвтэрч эхэлснээр нэг хэсэгтээ “тайвширсан” боловч гурав дахь Үндсэн хууль хэрэгтэй болсон. 1960 онд гурав дахь үндсэн хуулиа боловсруулан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн” гэж заасан юм. Гэвч энэ Үндсэн хуульд гурван жилийн дараа анхны өөрчлөлт оруулж ахиад гурван жилийн дараа хоёр дахь, ахиад гурван жилийн дараа гурав дахь, дөрөв дэх, нэг жилийн дараа тав дахь, зургаа дахь, жилийн дараа долоо дахь, жилийн дараа найм дахь, жилийн дараа ес дэх, таван жилийн дараа арав дахь, хоёр жилийн дараа арван нэг дэх, жи¬лийн дараа 12 дахь, хоёр жилийн дараа 13 дахь, зургаан жилийн дараа 14 дэх, жилийн дараа 15 дахь, хоёр сарын дараа 16 дахь, дөрвөн сарын дараа 17 дахь засвар, нэмэлт өөрчлөлт хийхэд 1990 оны есдү-гээр сар гарчихсан байлаа.

Ийнхүү гурав дахь Үндсэн хууль 17 удаа их бага засварт орсноороо манай улсын үндсэн хуулиудын дотроос хамгийн олон “нөхөөс” тавиулсан нь 1992 оны дөрөв дэх Үндсэн хууль шаардлагатай болсны “түүхэн гэрчээр” үлджээ. Зайлшгүй шинэ Үндсэн хууль шаардагдсан хэрэг. Тэгээд л одоогийн мөрдөж буй дөрөв дэх Үндсэн хууль төрж, өнөөг хүртэл 18 нас наслаад байна. Гэвч найман нас хүрэв үү, үгүй юу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд түүнд дахин өөрчлөлт оруулж “долоон” нөхөөс тавьсан билээ. Нийгмийн зүтгэлтэн, улстөрч нар Үндсэн хуулийг даган мөрдөх ёстой учир тэд “журамлагдсан” сэтгэлгээтэй байдаг. Тэрнээс гажвал “тэрс үзэлтэн” цол хүртдэг нь түүхэн турш илэрхий болсон зүйл юм. Харин эрдэмтэн гэдэг бол баталгаатай зөвшөөрөх үнэний эрэлчин байх тавилантай. Дэвшүүлсэн онолоо нотолж чадахгүй бол тэр эрдэмтэн биш. Зохиолч хүн бол эрдэмтнээс үүгээрээ өөр сэтгэлгээтэн учир зохион бичдэг, тэгээд л зохиолч гэгддэг юм.

Гэхдээ хүн төрөлхтөн зохиомол зүйлд хууртагдахаа больж баримтат уран өгүүлэмжийг сонирхох эрин зуунтай нэгэнт золгожээ. Тэрнээс үүдээд сэтгүүлч нарын ханш өслөө. Сэтгүүлч бол “сэтгэгч” гэдгээс гаралтай үг. Сэтгүүлч хүн бодот байдлыг яг байгаагаар нь уран сайхны хэл найруулгаар дүрслэн бичих болсноос уран зохиолыг баримтат уран зохиол шахан “жийдэг” болоод байна. Тэр тухайд өнгөрсөн XX зууны дунд үед зохиолчдын хурал уулзалтууд дээр би хэлж ярьж л байсан. Харин уран бүтээлдээ бол тэр зарчмаа барьсаар ирлээ.

-Аав, ээж, өөрийн өвөг дээдсийнхээ тухай та нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Аав маань малчин, анчин, дараа нь гар үйлдвэрийн ажилчин болж мужааны мэргэжил эзэмшээд түүгээрээ бүх амьдралаа дүүргэсэн. Ээж маань мөн адил зам туулсан. Гэхдээ мужаан биш, ээж байсан. Харин гүн угсаатай хүн байсан юм билээ.

-Таны номын их ажилд гэр бүл, үр хүүхдүүд тань тусалдаг уу. Ямар хэлбэрээр?

-Номын ажлаас өөр өөр мэргэжил эзэмшсэн учраас хүүхдүүд нэг их оролцдоггүй. Харин номын санчийн хувьд авгай маань миний “менежир” болдог. Бас ном хэвлэл, мэдээлэл олоход тусалж, бүтээлийн чуулганыг эмхэтгэн бүрдүүлэхэд тусалдаг.

-Хэвлэл мэдээллийнхэн болон залуу зохиолчид ч юмуу ер нь залуус тантай уулзаж ярилцахыг хүсдэг ч та үүнд цаг гаргадаггүй. Хүмүүстэй та яагаад уулздаггүй юм бэ?

-Залуус надтай уулзах гэж биечлэн санал тавих нь ховор. Уулзалт гэдэг бол цаг идэх боловсон хэлбэр. Уулзсан хүний үрсэн цаг дээр уулзалтад оролцсон олон хүний зарцуулсан цагийг нэмбэл нэг уулзалт их үнэтэй. Гэтэл тэр гарзыг нөхөхөөр юм ярьж өгөхгүй бол бүүр ч хохиролтой. Бас хүний яриаг нэг чихээр сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг хүмүүст бол цаг улам ч хайран болдог юм.

-Та ихэнхдээ багш, дарга гэх мэт конторын ажил хийж байсан. Гэсэн хэрнээ, өргөн хүрээтэй уран бүтээлийн сан хөмрөгөө яаж бүтээгээ вэ?

-Багш байхад хүүхдүүдийн дунд цаг өнгөрөхийг мэддэггүй явлаа. Тэдэнд Марк Твений зохиолуудыг ярьж өгдөг байлаа. Тэр үед монголчлогдоогүй байсан романуудыг бүлэг бүлгээр нь ярьж өгдөгсөн. Тэдгээр шавь нарын маань дотроос С.Лочин, С.Пүрэв, Д.Цахилгаан, Т.Юмсүрэн, Ж.Гал, Б.Дорж, Ш.Шажинбат, гэхчилэн арваад зохиолч хожим төрж гарсан байдаг. Залуучуудын байгууллагыг удирдаж байх цагт залуус, хүүхдийн дунд голдуу ажилласнаас биш конторт суух нь гол биш байсан билээ. Хүмүүс хаана ч байдаг тул тэдэнтэй уулзах нөхцөл бүрэн хангалттай. Гагцхүү хүний ярианд анхааралтай хандаж, авах гээх юмаа олох нь чухал.

-Сүүлийн үед уран бүтээлд тань ямар өөрчлөлт хийгдэж байгаа вэ?

-Сүүлийн үед зүсээ хувилгах хэрэгцээгүй тул хуучнаараа л өгүүллэг, тууж, нийтлэл бичиж байна. Харин баримтат, асуудалт нийтлэлд л гол үгээ зориулж байна даа.

-Таныг нарийн бичгийн даргаараа хэзээ ч эмэгтэй хүнийг сонгож ажиллуулж байгаагүй гэж сонсч байсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ?

-“Нарийн бичгийн дарга” гэдэг нэр томъёо бас л зээлдмэл хуулбар юм. Томоохон дарга нар энэ албанд хүүхнүүдийг голчлон ажиллуулдаг нь бүүр зуршил, бас орос өвчин юм. Би ердөө л хоёр тохиолдолд “нарийн бичгийн дарга” гэдэг туслагчтай байлаа. Нэгд, Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхад (өөрөө нэгдүгээр нарийн бичгийн дарга, үүдэнд суудаг нь бас “нарийн бичгийн дарга” шүү), мөн “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч байхад тус тус үүдэндээ “нарийн бичгийн даргатай” байв. Хоёулаа л залуухан хархүү байсан. Тэд үнэн хэрэгтээ “туслагч нар” юм л даа. Ер нь ч тэгээд үүдэндээ эмэгтэй хүн суулгачихаад түүнийг зарц, шивэгчин шиг ажиллуулж байх нь ёс суртахууны нэгэн төрлийн гажиг юм. Өөр шалтгаан байхгүй л дээ.

-Та зохиолч нөхдийнхөө тухай дурсахгүй юу. М.Цэдэндорж гуай, С.Дашдооров гуай та гурав багын найзууд бил үү?

-М.Цэдэндорж ч  С.Дашдооров ч ялгаагүй бид бага ангийн багш бэлтгэдэг “их сургууль” болсон багш нарыг бэлтгэх сургуулийн сурагчид байлаа. Их сургуульд багшлах чадвартай, өв тэгш хүмүүжилтэй бага ангийн багш бэлтгэдэг үеийнх нь сүүлчийн сурагчид бид байсан гэж болно. Зураач, дуучин, тамирчнаар алдаршиж болох ч бид хэд зохиолч болохоор сонгосон юм. Тэр сонголт ч зөв байсан бололтой.

2015 он.

Н.ПАГМА /Өдрийн сонин/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]