Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Та очиж, тэр чулууг зайлуулж өгч үзээч...Уншсан17,920

Тэрээр маш шударга, олон таван үггүй, аливаа бусармаг зүйлтэй тэмцдэг, хулгай хийх, бусдыг аль нэг зүйлээр егүүтгэхийг хэрхэвч тэвчдэггүй, гүндүүгүй төрийн хар хүн байсан аж.

Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

ЭР БЯРЫН ДОМОГ – ДАНШГИЙН БАЛДАН НАЧИН

Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат Дамирангийн Балдан начин нь Даншигийн наадамд нэг л удаа барилдаад начин цол хүртсэн бөгөөд тухайн үед гэнэт гарч ирсэн хүнийг хавчин хяхах төдийгүй хараал хийх гэмтээхээс авахуулаад муу юм заавал гардаг байсан тул нутгийн хамт ирсэн наадамчид тэр бүхнээс болгоомжилж 5 даваад олон хүний хараанд өртөнгүүт нь архиар согтоон майхандаа нууж, цааш барилдуулаагүй гэдэг.

Нутгийнхны яриагаар Балдан олон наадамд барилдаагүй, харин задгайдаа их тэнхээтэй хүн байсан гэцгээдэг.  Тэрээр маш шударга, олон таван үггүй, аливаа бусармаг зүйлтэй тэмцдэг, хулгай хийх, бусдыг аль нэг зүйлээр егүүтгэхийг хэрхэвч тэвчдэггүй, гүндүүгүй төрийн хар хүн байсан аж.

Балдан начингийн талаарх домог мэт ярианаас дурдвал:

-Арван хэдэн насандаа бөхөд хорхойсч, гайгүй ноцолдож, ойр хавийнхаа залуучуудтай өгөө аваатай хүч үзэж байснаа гэнэт бяр тэнхээний хувьд ч, бие бялдрын хувьд ч үеийнхнээсээ хол тасарч, сумандаа яггүй барилддаг бөхчүүд ч түүнтэй ээлжгүй болж, Балдантай бусад хүмүүсийн барилдах тухай ярих нь утгагүй зүйл болж, харин эмнэг догшин тэмээ, адуутай ноцолдон хорхойгоо дарж, гарынхаа загатнааг гаргадаг болж, Балдангийн хүч тэнхээ гаргасан тухай нүдээр үзээгүй хүн үнэмшихийн аргагүй яриа олны дунд түгэх болов. Тэрээр ид залуудаа нэгэн жижгэвтэр сорилгын үед хоёр гартаа нэг нэг хунз цай бариад дэвж байжээ.

-Балдан хар бор ажилд дүйтэйн дээр, хийж буй ажил бүрт нь хүч тамирын холбогдолтой хүний анхаарал татсан ямар нэгэн юм дуулдахгүй өнгөрөх нь ховор байв. Залуучуудад хүч чадлаа үзүүлж, хонины нойтон арьсны тагалцаг, шилбэ хоёрын хоорондуур арьс шөрмөсийг хутгаар тас огтолсон мэт мушгиж салгадаг байжээ.

-Олон хүн цугласан газар Балдангийн хүч тамирыг шалгасан их бага хэмжээний зүйл заавал гардаг, заримдаа түүний хүчийг үзэх гэж зориуд бэлтгэсэн зүйл ч байдаг байв. Гол төлөв Балданг басамжилсан зүйл байдаг ч тэдний санаснаас илүү гарч ялагдал хүлээж байсан нь үгүй гэнэ. Цай ховор үед нэг цайг хувааж зардаг байжээ. Нэг удаа цай хуваах ямар ч багаж байхгүй болохоор дугуй булантай орос цайг нэг гараараа хуга цохиж байжээ.

-Хатанбулаг сумын нутагт нүүж яваад буцах замд нэгэн өдөр умгар гэрээ ачиж, ачлагаа хөгшиндөө хөтөлгөж явуулчихаад өөрөө эмээлээ үүрээд чөдөртэй хоёр үрээ рүүгээ явж байтал нутгийн ааг омогтой хэсэг залуус начинг их чадалтай хүн гэдгийг сонсоод өдөж ам хэлээр доромжилж, чөдөртэй морин дээр нь хамт очжээ. Хоёр үрээний нэг нь номхон атлаа чөдөрт явамтгай, нөгөөтөх нь догшин, ороо боловч чөдөрт хол явдаггүй учир хоорондоо бараг саахалтын хэр зайтай байжээ. Эмээлээ үүрээтэй чигээрээ нөгөө догшин үрээгээ барих гэтэл баригдахгүй болохоор нь начин хэсэг хөөж байснаа ганц ухасхийгээд чөдрийн сумангаас нь ганц гараараа шүүрч, мөрөндөө өлгөөд саахалтын зайтай байгаа байгаа номхон үрээн дээрээ очоод үүрч очсон үрээгээ эхэлж оосорлоод, нөгөө үрээгээ барьж эмээллэчихээд залуучуудыг ажиглан тамхиа нэрж удаан суужээ. Залуучууд начинд ойртолгүй начны үрээ мөрлөж үүрсэн газарт суусаар байгаад буцацгаасан гэдэг.

-Балдан гуайг нэлээн нас ахисан үед нь нутагт нь ган болж, нутгийн айлууд хол нүүцгээж харин мань хүн “баян тоорой” гэдэг газар ганц гэрээрээ малгүй өвөлжиж, хаваржжээ. Цагаан сарын дараа начин ус авахаар худаг руу явж байтал урдаас нь урт дэлтэй ухаа морь усанд иржээ. Их л холоос гүйсэн болов уу гэмээр цангаж ядарсан морь ирэхээр нь онгоцонд ус дүүргэж орхиод хартал уугаад урагшаа гарчээ. Моринд хорхойтой, өвөлжин малын бараа хараагүй начны сэтгэл сэргэж, ухаа морь усанд ирэхийг тэсч ядан хүлээдэг болжээ. Сар гаруйн дараа цаг дулаарч, морины өнгө зүс засарч, чадал тэвээрэг орж онгоцтой ус руу хошуугаа дүрээд залгилдаг байснаа больж, алсаас ажиглан их болгоомжтой үргэсээр ойртдог болжээ. Балдан гуай түүнийг барихаар шийдэж, онгоцонд ус дүүргэж орхихоо болиод хоёроос гурав өнжиж усладаг байснаа нэг өдөр онгоцондоо ус хийгээд зогсож байтал морь алгуурхан ойртсоор онгоцонд хошуу хүргэх агшинд үсрэн дэлэн дээрээс нь атгаад авчээ. Морь зуларч, бас начингийн өмд шувтарч, атгандаа хэдхэн хялгастай үлдэхэд хүрч, сандрахдаа морины цавин дээрээс атгаад автал морь шээс алдаж, дороо зогсжээ. Начин цавинаас атгасан гараа чангалж, нөгөө гараараа өмдөө татаж, морио ногтолж аваад сайн усалж, тайвшруулаад биедээ дасган хөтөлж харихаар хэд алхсан боловч унаж үзмээр хорхойсоод ногттой нь зайдам мордтол учир зүггүй булгиж, хариугүй унахын даваан дээр хоёр хөлөө хавчаад зогсжээ. Нэг бол учиргүй булгиад, нэг бол хөдлөхгүй зогсоод байдаг хачин адгуус вэ гэж бодоод өвдгөө аажмаар суллатал морь нь амьсгаа авснаа урагш алхаж эхэлжээ. Хаврын сар дуусах дөхөж, уулын нөмөр газар, жалга судагт ногоо цухуйж, начин ч унаатай болж, сэтгэл санаа нь тайвширчээ.

-Жалга судагтай газар чөдөртэй мориндоо явж байтал нарийхан давчуу жалганд том чонотой халз тулжээ. Чоно ганц харайгаад начны гарыг үмхэж, тэрхэн агшинд нөгөө гараараа багалзуурдаж, чоно гэдрэгээ оцойн сууж, начин сөхрөөд суужээ. Чоно аажмаар муужран начны гарыг сэнжилсэн чигээрээ үхжээ. Багалзуурдсан гараа аажмаар суллан, авч явсан ногтныхоо үзүүрийг чонын завьжаар оруулж, тахимандаа уяад нөгөө гараараа чонын амыг ангайлгаж, соёоноос нь гараа салгаж авчээ. Цус их алдсан учир түүнээс болж, баруун гарын чадал саарсан гэж тэр ярьдаг байсан аж.

-Мандах сумын нэртэй баян айл өвлийнхөө идшийг төхөөрүүлэхээр Балдан начинг залжээ. Тэр айл том гэртэй, олон үхэртэй, гэрийн эзэн нь баярхаж бардамнах зангаараа алдаршсан хүн байжээ. Этгээдийн хүйтэн өдөр нас гүйцсэн гуна идшинд муулж, хүйтэн болохоор муухан хувцастай Балдан гуай байтугай, шинэ үстэй дээлтэй гэрийн эзэн даарч, даадаг сан бол энэ үхрийг оруулаад янзалчихсан, манай гэрт ямар багтахгүй гэхийн зовлон байх биш гэж баярхан, бас начинг басамжилжээ. Начин үхрийг зээр шиг дөрвөн хөлийг нь мөчлөөд өрөөсөн тохойгоо углаж оруулан нөгөө гараараа эсгий үүдийг сөхөж, гэрийн нь хаалга хатавч түүнд шүргэгдэн эвдэрчээ.

-Нэг жил нутагт нь ган болж, хойшоо нүүдэллэн өвс малын идэштэй элбэг устай нутагт нүүн очжээ. Тэгтэл начингийн нутгийн нүүдэлчдийн малыг услуулахгүй, зөвхөн тэр нутгийн айлын малыг усалж, гадуурхан хавчих явдал гарч л дээ. Начин малаа усалж байтал тэр нутгийн ааг омогтой залуучууд малыг нь хөөж гаргаад, ховоог нь булааж аваад Балданг ташуурдаж малаа туугаад бушуухан далд ор, дахин энд бүү ир гэж хөөжээ. Начин тэдэнтэй олон таван үг ярилгүй худгаас нэлээн зайд байсан, хэвтэж байгаа торомны хэртэй том хар чулууг өргөж ирээд худгийн амыг таглаад “Халуун хошуутай хэний ч мал ямар ялгаа байх вэ, бүгд л адилхан ус уухгүй байхаас” гэж хэлээд яваад өгсөн гэнэ. Тэр нутгийн чадал бүлтэй залуучууд цуглаад худгийн ам тагласан чулууг зайлуулах гэж дээс сураар зайгүй хүлж, үхэр тэмээгээр татуулж, хоёр хоног ноцолдоод дийлээгүй аж. Цангасан олон мал худаг дээр өдөр шөнөгүй шавааралдаад, ойр хавь өөр худаг ус байхгүй бүр арга ядаад Балдан начин дээр очиж далан таваар бууж өгч, өршөөл гуйж “Та очиж, тэр чулууг зайлуулж өгч үзээч, тэгээд танай нутгийнхан эхлээд малаа усалж бай, дараа нь бид малаа усалж байя. Танай нутгийнхныг хавчин гадуурхах байдлыг дахин гаргахгүй гэцгээжээ. Балдан гуай нутгийн хүмүүсийн гуйлтаар худаг дээр очиж, тагласан чулууг зайлуулжээ. Чулуу зайлуулах гэж тэр худаг дээр байсан хүн болгоны сэтгэлд баяр бахархал төрж байсан төдийгүй гартай бүлтэй гэгдэх омголон залуусын хулхи нь бууж, хөгшид эмгэдийн нулимс нь дусалж, нутгийн өгөөмөр сэтгэлтэй нэгэн эр Балдан гуайд сувай гүү өгснөөр нутгийнхан болоод нүүдэлчдийн харьцааны өө сэв арилж, тэр нутаг усанд эвтэй найртай зусацгаажээ.

-Нэгэн өдөр гэртээ хэвтэж байтал хэсэг залуус ирж, ”Та манайхны сайн морийг хулгайлсан байна. Таны гар хөлийг чинь хүлээд шүүхэд хүргэж өгнө” гэж элдвээр дайрч давшлан доромжилжээ. Балдан гуай ялаа суусан чинээ ч анхаарсан янзгүй хэвтээд байж, зарим нь бүр зодож өшиглөж, янз бүрээр л авирлаж байх юм гэнэ. Өвгөн огт мэдэрсэн янзгүй огт тоохгүй хэвтэж байтал тэдний дотор арай гартай бүлтэй барилддаг бололтой, толгойлоод байгаа бүдүүн залууг анаж байгаад ойртоод ирэхэд нь барьж аваад салтаандаа хавчуулаад хэвтээд байж гэнэ. Тэр залуу хэсэг тийчилснээ орилж, ёолж, бүр сүүлдээ үхлээ гэж хашгиран цаадуулдаа намайг түргэн салгаж аваач гэж хашгиржээ. Өвгөний хоёр хөлийг хоёр залуу хоёр тийш нь татаад дийлэхгүй дээс сураар оосорлож чангаагаад ч хүчрэхгүй байхад салтаан дахь залуу орь дуу тавин амь авраач гэж хашгиран бүр енгэнэтэл уйлж байснаа ам өгч, таны алдар хэн бэ? Сайн ах дүү нөхөд больё хэмээн гуйжээ.

-Морьтой явж байтал хэдэн тахар араас нь хөөж ирэхэд нь Балдан жалга өгсөн зугатаж явтал мориор арай харайгаад гарчихааргүй гүнзгий жалганд тулгарав. Тэгэхээр нь мориноосоо буугаад морио өргөж жалганы нөгөө талд гаргаад цаашаа өгстөл нөгөө хэд арга буюу буцаж яваа харагджээ.

-Нэг өдөр гэртээ хэвтэж байтал хоёр тахар ирж, таныг баривчлахаар ирлээ гэж сүржигнэхэд нь огт тоолгүй хэвтэж, өөр юм ярьсаар байжээ. Тэд босч ирээд хүлж авч явах юм болж, хөл талынх нь хоёр хөлийг шилбээр нь боох гэхээр нь нэгийг нь цээжин талаар нь салтаандаа хавчуулж байгаад тавьчихсан чинь тэр хоёр арга буюу гараад явчихсан аж. Түүний эхнэр Сүрэн цай чанах зуураа өвгөнтэйгөө ярьж тэр хоёрыг огт тоохгүй тийм юм олон удаа үзсэн хүн шиг харагджээ.

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 7. 12:39
Зочин

Хүн сайн явж болдоггүй үзээрийн үхрүүд шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]