Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Солонгосын хойгт яагаад хоёр улс бий болсон бэ?Уншсан77,962

Хоёр Солонгосын удирдагч нар уулзалдан, инээлдэж хөхрөлдөн жигтэйхэн байгаа энэ үед өмнөх түүхийн зарим нэг явдлыг эргэн санах хэрэгтэй болов уу.

Хоёр Солонгосын тухай зарим нэг...

Хоёр Солонгосын удирдагч нар уулзалдан, инээлдэж хөхрөлдөн жигтэйхэн байгаа энэ үед өмнөх түүхийн зарим нэг явдлыг эргэн санах хэрэгтэй болов уу. Хэдийгээр хоёр Солонгос нөхөд бүр эргэн нэгдэх тухай яриа хөөрөө гаргаж болох хэмжээний юм ярьж байгаа ч аль алиных нь жинхэнэ эзэн, удирдагч болох далайн цаадах нөхөр юу хэлэхээс хамаг юм шалтгаалах учир эдгээр уулзалтад айхтар ач холбогдол өгөх нь яарсан хэрэг болох биз. “Аль алиных нь  эзэн” гэхээр чалчаа саарал солиорч гэж бодож магадгүй.

 Товчхоноор бол Ази дахь Америкийн хамгийн сайн, найдвартай эрх ашгийг хамгаалагч нь Хойд Солонгос улс бөгөөд чухам тэднийг жаахан өдөөж өгөөд хариу үйлдлээр нь  Хятад, Оросыг хянах түшиц газраа зовлонгүй хадгалж байгаа гэдэг утгаар энэ үгийг хэлсэн билээ.  Байдал эвгүйтээд, өөрөөр хэлбэл хоёр Солонгосын харилцаа хэт сайжраад ирвэл эдийн засгийн ямар нэг нэмэлт хориг арга хэмжээ аваад дээр нь хилийн ойролцоо хээрийн сургууль хийхэд л болоо. Өнөөх булцгар залуу орилоод босоод ирнэ. Харж байна уу ямар муухай дайнч нөхөр вэ? гэж барууны хэвлэл мэдээлэл, зурагт радио ам уралдаад л ...хариуд нь өнөөх нь цөмийн зэвсэг, баллистик пуужингаа туршаад... иймэрхүү л байлаа. Харин цаашид яах бол?

Өмнөх түүхийг харъя.

Дайн эхэлсэн нөхцөл байдлыг янз бүрээр тайлбарлаж ярьдаг ч гол шалтгаан нь энэ улсыг хэн нэг нь чөлөөлж авраагүй, Япончууд зүгээр л тэр хол хаа нэгтээ бууж өгөөд Солонгос эзэнгүй болсон явдал юм. Нэг л өдөр учраа мэдэхээ байсан Солонгосын өмнөд талд нь Америкчууд, хойд талд Оросууд орж ирээд энэ улсын дундуур шулуун шугам татаад өөрийн нөлөөллийн бүс гэж зарлаад хоёр хуваагдсан байдаг. Арай зальтай юм болохоороо Америкчууд газар нутгийн талыг боловч хүн амын 2/3-ыг өөрийн нөлөөллийн бүсэд багтааж чадсан гэж байгаа. Ингээд л бүх зүйл жин тан. Ганцхан гэм нь Солонгосчууд энэ талаар юу бодож байгааг тоож үзэх хүн байсангүй.

Дайн?

1950-1953 оны хооронд энэ нутагт болсон үйл явдал дайн байсан уу? Дайны оролцогч нар хэн байв?

Америкчуудын хувьд энэ бол дайн биш цагдаагийн нэг томоохон ажиллагаа төдий юм. Америкийн ерөнхийлөгч Харри Трумэн конгрессоос дайн эхлэх зөвшөөрөл аваагүй болохоор дайн биш.

Харин олон сая хүнээ алдсан Солонгос улсын хувьд энэ бол аймшигт дайн, түүнийг дагасан дажин байлаа. Гэхдээ хэн хэнтэй байлдсан хэрэг вэ? “Хойд Солонгос өмнөт Солонгостой юу?” Үгүй тэр үед эдгээр нөхдүүд нөгөөхөө биеэ даасан улс гэж үздэггүй байсан гэнэ. Тэгвэл “Хятад нь Хойд Солонгосын хүн амтай нийлж АНУ болон түүний холбоотнуудтай дайтсан хэрэг үү?” Яг таг түүхийн тодорхойлолтоор бас тийм биш.  Хамгийн үнэн байж болох тодорхойлолт нь  “Хойд Солонгос  НҮБ-ийн эсрэг” дайтсан гэнэ.

Одоо хүртэл хоёр улс энхийн хэлэлцээр байгуулаагүй нь дээрх явдалтай, энэ тодорхойлолттой  ихээхэн хэмжээгээр  холбоотой бөгөөд учир нь энэ дайнаас хойш Хойд Солонгос нь өөрөө НҮБ-ийн гишүүн болсон байдаг. Тэгээд өөрөө өөртэйгөө байлдсан ч юм шиг... орооцолдсон будлиан.

Дайныг хэн эхлүүлсэн юм бэ?

Өмнөд болон Хойдууд хэн нь ч нэгнийгээ улс гэж үздэггүй байсан учир улс орноо нэгтгэх гэж аль аль тал нь л бэлдэж байлаа. Өмнөдийн Ли Син Маны төлөвлөгөөгөөр бол Америкчуудын тусламжтайгаар Пхеньяныг эзэлж аваад Ким Ир Сенийг цааш нь харуулж, чаддаггүй юмаа гэхэд ууланд шахаж хаях зорилготой байсан бол Хойдууд нь  Өмнөд нутагт байх зүүний үзэлт хүмүүсийн партизаны үйл ажиллагаа, бослого хөдөлгөөнд найдаж, хоёр Солонгосын анхны тулалдааны дараа өмнөд нутгийг ард түмэн нь өөрөө Америк болон Ли Син Маны гар хөлөөс салган Ким Ир Сений гарт өгөх ойлголттой ,бодолтой байсан байна.  Гэхдээ энэ хоёр “орон нутгийн хэмжээний томчууд “ маань дэлхийн томчууд болох Хятад, Америк дайнд орж болно оо гэдгийг харилцан тооцоолоогүй байсан гэж байдаг. Сүрхий стратегичид шүү. 

Хойдууд 1950 оны 6-р сарын 25 нд Өмнөд нутаг руу дайран орсон ба хойдууд хүнд зэвсэгээр илүү боловч 38 000 цэрэгтэй, Өмнөдийнхөн  50 000 цэрэгтэй угтсан байна. Дайны үед олон янзын юм болж, эзэлж эзлэгдэж, дахиад л... тэр болгоныг дурдалгүй зарим нэг хачирхалтай зүйлийг нь сонирхуулъя.

Хойдуудын маш эрчимтэй довтолгоо ид явж байх үед Өмнөд нутагт “ манай алдарт арми хойдын коммунистуудыг хэмх цохин ойрын үед Пхеньяныг эзлэн авахаар байна” гэж одоогийн хойд Солонгосын нэвтрүүлэгч шиг агуу их урам зоригтойгоор зурагтаар мэдээлж байсан гэдэг бөгөөд Ли Син Ман тэргүүтэй засаг төр нь зугтаж алга болох үед энэ үг арай зөөлөрч “ бид сөрөг довтолгоон хийж дайсныг нутгаасаа гаргаж байна...” гэх мэтээр ярьсаар байтал нэг л мэдэхэд хойдууд ороод ирсэн гэдэг. Нэмээд хэлэхэд дайн эхлүүлсэн тухай маргаанд хойдууд өмнөдийн эдгээр нэвтрүүлгийг өмнөдүүд эхэлж халдсан гэдэг том нотлох баримт хэмээн тайлбарладаг билээ.

Америкчууд яасан?

Тэд яахав сурснаараа НҮБ-ийн шийдвэрээр биш тэр шийдвэр гарахаас өмнө дайнд орсон бөгөөд шийдвэрийг тэртээ тэргүй өөрийн хүссэнээр гаргуулах болно. Дайн эхэлсний маргааш өдөр гэхэд л АНУ нисэх хүчин хойдуудын цэргийн янз бүрийн байрлал, хангамжийн цэгүүдийг бөмбөгдөж эхэлсэн байна.

Удалгүй НҮБ шийдвэрээ гаргасан ба Нэгдсэн Хүчний цэргийн удирдлага дор буюу генерал Макартурын удирдлагад өмнөд Солонгосын цэргийг захируулжээ. Энэ тушаал одоо ч хүчинтэй хэвээр бөгөөд нэг гэм нь нэгдсэн үндэстний гэсэн үг үсэг нь алга болж АНУ гэсэн үг үлдсэн байдалтай байдаг гэсэн. Тиймээс ямарваа нэг юм болоход өмнөд Солонгосын армийн ерөнхий командлагч нь ?... ойлгомжтой.

Хятадууд яасан?

Макартур Оросууд болон Хятадууд энэ дайнд оролцохгүй, орвол агуу хядаан болно гэж байсан ч Хятадууд дайнд орсон билээ. Гэхдээ Хятадын Ардын чөлөөлөх арми биш харин “сайн дурынхан”. Энэ “сайн дурынханд” хүнд артиллери байтугай хүнд пулемёт ч байгаагүй гэдэг бөгөөд тэд энгийн ард шиг хаа сайгүй газраар нэвтэрч тогтсон цагт, цэгт гэнэт цохилт өгөх замаар ялалт байгуулж байсан байна. Хамгийн гол нь кино ном дээр гардаг шиг хүний олноор, хүүрээр дарж алсан биш харин артиллер хэрэглэх боломжгүй газар, цаг үед маш эрчтэй довтлон орж ихэнхдээ гар тулалдаанаар  дайснаа дуусгадаг байсан гэдэг. Ингэж хятадын тусламжтайгаар Хойдууд Сеулийг дахин эзэлсэн ба 1951 оны 1-р сараас 1952 оны 3-р сар хүртэл эзэн суусан байна. Балбуулж, баларсан Макартур цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа хөрөө гаргаж эхэллээ.

Оросууд яав?

Америкчууд Хойдуудыг бөмбөгдөхийн тулд Хятадын хилээр ганц нэгхэн минут орж маневр хийн байлдааны чиг авах хэрэгтэй гэсэн шалтгаанаар Хятадын нутагт орж хил хавийн хангамжийн баазуудыг нь бөмбөгдөж эхэлсэн байдаг бөгөөд бүр Зөвлөлтийн Сухая Речка хэмээх баазыг ч бөмбөгдсөн байдаг. (энэ явдлын тухай хараад байхад Америкчууд үнэхээр санаандгүй төөрч , будлиж бөмбөгдсөн нь үнэн болов уу гэж бодогддог) Энэ мэт байдлыг гаргуулахгүйн тулд, бас холбоотон Хойдуудын зарим нэг хилийн ойролцоох стратегийн чухал газрыг агаараас хамгаалахын тулд Зөвлөлүүд  бас л “сайн дурынхныг” явуулсан билээ. Кожедуб тэргүүтэй “сайн дурынхан” болох нисгэгчид нэлээд амжилттай тулалдсан боловч эдгээр нь дайны үйл явдалд нөлөөлөх том зүйл биш байсан гэж үздэг байна.

Өнгөрсөн дайны тухай зарим нэг олны танил биш ганц нэг баримт танилцууллаа. Өнөөдрийн үйл явдлыг ойлгоход зарим талаар тус болох болов уу гэж найдан бичсэн билээ.

P.S.

Өмнөд Солонгосын удирдагч нар

  1. Ли Син Ман- 1948-1960 онд эрх барьж байсан, огцорч, улсаасаа зугтсан.
  2. Юн Босон- 1960-1962-огцорсон
  3. Пак Чонхи- 1962-1979-алуулсан
  4. Чхве Гю Ха- 1979-1980 цэргийн эргэлтээр зайлуулагдсан
  5. Чон Ду хван -1981-1988 ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа цаазаар авахуулах ял сонссон, амьд.
  6. Ро Дэ У- 1988-1993 ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа 22 жилийн ял авсан

7.Ким Ёнсам 1993-1998 3-р ерөнхийлөгчийн үед шоронд сууж байсан, өмнөх хоёр ерөнхийлөгчөө шоронд суулгаж чадсан

  1. Ким Дэ Жун- 1998-2003 3-р ерөнхийлөгчийн үед шоронд сууж байсан, 5-р ерөнхийлөгчийн үед цаазын ял сонссон боловч дараа нь өршөөгдсөн. Нобелийн энх тайвны шагналтай.
  2. Но Му Хён-2003-2008 Импичмент. Дараа нь үндсэн хуулийн цэц үүнийг нь хүчингүй болгосон. Ерөнхийлөгчийн хугацаа дуусаад авилгын хэргээр шалгагдаж байх үедээ амиа хорлосон.
  3. Ли Мён Баг- 2008-2013 Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа авилгын хэргээр баривчлагдан шалгагдаж байгаа.
  4. Пак Кын Хе 2013-2016. Импичмент. Авилгын хэргээр 24 жилийн ял авсан. 3-р ерөнхийлөгчийн охин.
  5. Мун Жэ Ин-одоогийн ерөнхийлөгч. Хойд Солонгостой харилцаа сайжруулах гэж их зүтгэж байгаа, одоогоор ямар нэг ял эдэлж шалгагдаж байгаа зүйл үгүй. .

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]