Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аварга бяртай байна, саадгүй сайн барилдаарай"Уншсан14,232

Хүмүүс бөхчүүдийн зураг үзэж байна гэнэ. Баянаагийн засуул дээрээ баруун гар, баруун хөлөө нэг эвгүйхэн өргөөд дэвж буй зураг.

Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

ДЭРС РҮҮ САРЬЖ БАЙГАА НОХОЙ ШИГ . . .

Баянаа аваргын хууч:

Хүмүүс бөхчүүдийн зураг үзэж байна гэнэ. Баянаагийн засуул дээрээ баруун гар, баруун хөлөө нэг эвгүйхэн өргөөд дэвж буй зураг. Хүмүүс гайхаад л “Үгүй энэ гуяыг нь хараач, мөн ч лутаа” гэцгээгээд байж. Мөөеө аварга тун дургүй бололтой, нүд нь алаглаад л сууж. Тэгж тэгж “Манай муу хар ч лут л даа. Гэхдээ наадахь чинь дэрс рүү сарьж байгаа нохой шиг гарсан зураг байна” гэсэн аж.

Баянаа аварга сүүлд нь “Нээрээ ч Мөөеө намайг олон жил тогтоосон шүү. Хоолой руу мөргөөд зогсчихно. Эс тэгвэл би ганцхан олиод аваад явчих гээд байгаа юм”, мань эрийн хүзүү ч бүдүүн гэж нөхцөлгүй. Ийш нь болгох гэхээр тийш нь болгочихно. Тийш нь болгох гэхээр ийш нь болгочихно. Нэг удаа бид хоёр үзэж үзэж би давлаа. Маргааш нь босоод цээжээ угаатал хоёр үс нь шигдээд наалдчихаж. Аваад үзтэл Мөнхбатын үс мөөн” хэмээн хуучилсан юм.

 

 ЦОЧИХ МЭДРЭМЖГҮЙ ЗААН

Цугларалтад гарсан бөхчүүд амарч байж. Тэр үеийн начин одоогийн заан Д.Мягмар нэг бөхтэй шатар тоглоод ухаангүй. Өмнө нь түүнд олон удаа чадуулж байсан З.Ойдов, Ш.Чанрав хоёр начинг нэг сайн чадъя гэж бодоод хажуудаа тавьсан малгайны дор нь хаанаас ч олж ирсэн юм нэг хохимой толгой хийгээд тавьчихаж. Малгайгаа авахдаа цочиж, хашгирч, босон харайж нэг ёсондоо үнхэлцгээ хагартал айна гэж бодож л дээ.

Гэтэл начин шатраа дуусаад малгайгаа авахдаа хохимой толгойг хамтад нь авснаа нөгөөхийг зүв зүгээр цааш нь тавьчихаад малгайгаа өмсөөд явчихаж. Хүний урманд цочоогүйгээр барахгүй малгайгаа ч сэгсрэлгүй өөрөөр хэлбэл огт сэжиглээгүй гэдэг. Хожмын дэлхийн хоёр аварга мэл гайхаад хоцорчээ. Харин тэр толгойг, малгай дор нь хэн хийснийг заан 20 жилийн дараа мэдсэн гэх бөгөөд “та хоёроос хариугаа нэг л авна даа” гэж одоо хэр нь “заналхийлдэг” гэнэ.

Аварга бяртай байна, саадгүй сайн барилдаарай

Зүүнээс Их Монгол хэмээх Шаравжамц аварга, Буур Жамьян аварга, Гулзгай хэмээх Дамчаа арслан нар

Нэгэнтээ улсын наадамд буур хэмээх Жамъян аварга тавын даваанд, Дорнод аймгийн бөх улсын арслан "Гулзгай" Дамчааг амлаад унажээ. Дараа жил нь амлачихаар бөхчүүд байсан болохоор ч тэр үү, арслан цолтой, ам хатуу гэж бодоод ч юм уу, Дамчааг амлахгүй гэж шийдээд иртэл, бөхчүүд ам амандаа, "...Аварга ч гулзгайгаа авна биз дээ" гээд байхаар нь нэрэлхээд ч юм уу, нэхээд үзчихэе ч гэсэн үү амлачихжээ.

Аварга, арслан хоёр элин халин дэвсээр гарч, ээрэнцэн шавж, хэрсэн бух шиг өртөл, Жамъян гуай эгэм түлхэн тахимдан харватал Дамчаа гэдийн нумраад, унахын даваан дээр уяран холбирч, эргэн зайлж татаад, аваргыг хөвөрчихдөг уян хатан мэхэндээ дахин оруулаад, өргөөд гэдийнгүүтээ л орхичихоод эргэн дэвжээ. Жамъян аварга "Арай ч унаагүй шүү дээ, тахимаа өгөхгүй л гэж зүтгэе" гэж бодсоор буцаж очтол, Дамчаа арслан элэг бүсээ тайлчихсан, адууных шиг том цагаан шүдээ яралзуулан инээн угтаж, тахимаа өгөхдөө "Аварга бяртай байна, саадгүй сайн барилдаарай" гэж ерөөжээ. Уг нь би сайн унагаагүй, нохойтсон юмсан. Гудиггүй сайхан эр байсан юм, хөөрхий. Өндөр гоолиг, урт хүзүү, гартай цэвэрхэн төрсөн, ховорхон эр Дамчаа минь идэрхнээрээ тэнгэрт хальсан юм" гэж Жамъян аварга хуучилж байжээ.

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]