Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ямамотог устгасан ньУншсан6,609

Исороку Ямамото бол тэнгисийн цэргийн хамгийн шилдэг жанжны нэг бөгөөд Японы ард түмний дунд хамгийн ихээр хайрлагдсан цэргийн зүтгэлтэн нь билээ.

Исороку Ямамото бол тэнгисийн цэргийн хамгийн шилдэг жанжны нэг бөгөөд Японы ард түмний дунд хамгийн ихээр хайрлагдсан цэргийн зүтгэлтэн нь билээ. Тэрээр 1905 онд Цусимын их тулалдааны үед Ниссин хөлөг дээр дайтаж байсан, нэгэн тулалдааны үед Оросын их бууны сум бараг л хөл дор нь тэсэрсэн боловч ердөө гарын хоёр хурууг нь тас татсанаас өөр ямар нэг гэмтэл аваагүй, дараа нь буюу 36 жилийн дараа Перл Харборт гялалзсан амжилт гаргаж АНУ-ын том цэргийн флотыг устгасан, түүнээс жил хагасын дараа дайсныхаа маш нарийн зохион байгуулсан отолтод орж амь үрэгдсэн гээд жинхэнэ цэрэг хүний амьдралаар амьдарсаар дууссан хүн юм.

Ямамото нь Харвардад сурсан, АНУ дахь цэргийн атташе байсан хүн бөгөөд 1939 оноос Японы тэнгисийн цэргийн ерөнхий захирагч болж өөрийн улсын тэнгисийн цэргийн номлолыг шинэчлэн гаргаж ирсэн хүн билээ. Арми тэнгисийн цэргийн хоорондох зөрчил дээд цэгтээ хүрч байсан тэр үед энэ хүнийг армийнхан  нь алах гэж нэг бус удаа хүртэл оролдсон гэдэг.

Ямамото өөрийн флотын хүч чадлыг нэмэгдүүлэх гол нөхцөл бол эргийн болон нисэх онгоц тээгч хөлөг, түүний бүрэлдэхүүнд багтах нисэх онгоц, нисэх хүчний бие бүрэлдэхүүний чадварыг дээшлүүлэх явдал гэж үзэж байв. Тэрээр хэрвээ америкчуудтай дайн хийх бол түргэн зуурын хэд хэдэн маш чухал ялалт хийж байж америкчуудыг хэлэлцээний ширээний ард суулган тохиромжтой нөхцөлөөр дайныг дуусгаж болно гэж үзэж байсан ба ийм дайн нь хамгийн ихдээ нэг жил үргэлжлэх ёстой байж. Хэрвээ ийм байдалд хүрч чадалгүй дайн сунжирвал Японд дайнд ялах ямар ч боломж үлдэхгүй гэж цэргийн командлагчдын уулзалт зөвлөгөөн дээр олонтаа хэлж байжээ.

1941 оны 12 дугаар сарын 7-нд болсон Перл Харборын бөмбөгдөлт нь яах аргагүй Ямамотогийн дээр ярьсан маш хүчтэй, түргэн зуурын цохилтуудын анхных байлаа.  Японы 6 нисэх онгоц тээгчээс гарсан 350 онгоц хоёр ээлжээр Хавайн арал дахь Америкийн тэнгисийн цэргийн гол баазыг дайрсан бөгөөд нийт 18 хөлгийг живүүлж (7 линкор үүнд багтсан ч ганц ч нисэх онгоц тээгч энэ үед бааздаа байгаагүй учир Ямамотогийн гол зорилго үндсэндээ биелээгүй юм) АНУ-ын тэнгисийн цэргийн байлдах чадварыг ихээхэн сулруулсан байна. Одоо тэнгис далайд америкчууд нэг хэсэгтээ байлдах чадваргүй шахам болсон учир Япон улс Энэтхэг–Хятадын хойг, Индонез зэрэг улсуудыг халдан довтолж 150 сая хүнтэй, асар өргөн уудам нутагт эзэн сууж авчээ.

Одоо дараагийн хүчтэй, хурдтай том цохилт хийх цаг. Ямамото хэд хэдэн гялалзсан төлөвлөгөө бэлдсэн байсан бөгөөд энэ бүхний үр дүнд Америкийн флот тэр чигээрээ сүйрэн балрах ёстой байж. Перл Харборын дараагийн ялалтыг Мидуэйн арлын төлөөх дайн авчрах ёстой ба бүх л зүйлийг нарийн нягт бодож боловсруулж бэлдэж чадсан учир дараагийн нэг Перл Харбор нь Мидуэй болно гэдэгт Ямамото ямар ч эргэлзээгүй бүрэн итгэж байжээ. Харин Перл Харбороос нэг ялгаатай зүйл байсныг тэр анзаарсангүй. Тэр нь америкчууд Японы цэргийн холбооны нууц түлхүүрийг тайлан уншсан явдал байв. Гэтэл Мидуэйн төлөөх тулалдааны хамгийн гол зүйл нь бүх л юмыг нууц байлгаж байгаад гэнэтийн цохилтоор дайсныг сөхрүүлэх явдал байсан юм.

Америкчууд байдал ямар болж байгааг, япончууд юу хийх гэж байгааг сайн мэдэж байсны хувьд зохих арга хэмжээг дор нь авч үүнийгээ ч сайн нууцалж  чаджээ. Үр дүнд нь 1942 онд Японы тэнгисийн флотын гялалзсан ялалт байгуулах гэж эхэлсэн том ажиллагаа нь балран унаж, ёстой хэмх цохиулж дайнд маш том эргэлт гарлаа.

Ер нь Ямамотогийн хувьд тэрхүү цэргийн нууц холбоо ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Мидуэйн ялагдлаас гадна түүний амь нас хохирсон шалтгаан нь мөн л энэ нууц түлхүүр тайлагдсан холбоо байжээ. Америкчууд өөрийн заналт дайсан болсон Ямамотог хэд хэдэн арал дахь Японы тэнгисийн цэргийн баазуудад ажиллах тухай цаг минуттай мэдээлэл олж авсны дараа ерөнхийлөгч Д. Рузвельт “Ямамотог дуусгах боломжтой болсон юм биш үү” гэж зохих нөхдүүдэд дуулгаж адмирал Нимиц ч өрсөлдөгчөө нэг мөсөн дуусгах арга олсон нь Ямамотог буцаж нисэх үед нь сөнөөгч онгоцоор тосож устгах төлөвлөгөө гаргажээ. Уг төлөвлөгөөгөөр Гуадалканал дахь баазад байгаа Америкийн сөнөөгч Р-38 Лайтнинг нь Японы мэдлийн арлуудын ойролцоо хэсэгт хүрч очин Ямамотогийн онгоцыг хүлээн жижүүрлэж байгаад устгах ёстой байв. Гэтэл америкчуудын хувьд хамгийн хол замыг туулж чадах энэ сөнөөгчид хэчнээн ч нэмэлт бак зүүгээд уг онгоц нь дээрх арлуудын орчимд жижүүрлэх байтугай, дайсны онгоцтой азтай тохиолдлоор л таарахгүй юм бол агаарын тулалдаан хийх хэмжээний шатахуун хүрэхгүй нь тодорхой болжээ. Тэгэхээр яг таг цагтаа, яг л чиглэлээ барин очно гэсэн үг. Өчүүхэн чиг алдах юм уу, 5-10-хан минут хоцрох, түрүүлбэл тэгээд л хамаг хэрэг өнгөрнө. Гэтэл энэ хол зайд энэ бүхнийг яг таг барих боломж бараг байхгүйтэй адил.

4-р сарын 18-ны өдөр 18 "Лайтнинг"-ууд агаарт хөөрч Ямамотогийн нисэх цувааг тосохоор гарчээ. 700 гаруй км газар туулахдаа ямар ч холбоо барихгүй, нам өндрөөр явах ёстой (дайсанд өөрсдийгөө илрүүлэхгүйн тулд) гэсэн хүнд нислэгийг хийж байсан бөгөөд очих ёстой газраа 14 онгоц л хүрч чадлаа (хоёр онгоц далайд унаж, бас хоёр онгоц гэмтлийн улмаас замаасаа буцсан). Хүрэх газраа хүрсэн онгоцнуудад дайснаа олж авах, дайрах зэрэгт ердөө 10-хан минут үлдсэн ба Ямамото агаарт багахан хоцрох юмуу түрүүлж гарсан байвал бүх зүйл утгагүй болох байж. Гэсэн ч цаг нарийн барьдаг Ямамото яг л цагтаа гарсан учир Америкийн тусгай сөнөөгч нар тун удалгүй түүний онгоцыг илрүүлж чадлаа. Дайралт хийх цаг бараг байгаагүй боловч Лайтнингууд наран талд гарч өндөр авах хүртэл япончууд юу ч мэдсэнгүй буюу хаа хамаагүй холын энэ районд америкчууд байж байх юм гэж тэдний толгойд буугаагүй нь лавтай. Америкчууд хэд хэдэн хэсэг болон дайралтаа эхлүүлэхэд Ямамотогийн онгоцыг хамгаалах 6 сөнөөгч Зеро хоцорсон ч гэсэн өөдөөс нь хариу дайрч эхэллээ. Америкийн 14 онгоцны хоёр нь нэмэлт бак-аа хаяж чадаагүйгээс тулалдах аргагүй болсон бол өөр хоёр онгоц нь дайсны нэмэлт хүч ирэхэд туслах, агаарын нөхцөл байдлыг хянаж байх үүрэгтэй тулалдаанд ороогүй үлдсэн учир хүчний хувьд хоёр тал тэнцвэртэй боловч америкчууд гэнэт наран талаас дайрч чадсан гэсэн нэг том давуу талтай байв.

Америкийн тэнгисийн цэргийн сөнөөгч, дэслэгч Рекс Т.Барбер бусад сөнөөгчийн хаалтын дор шууд л тээврийн онгоц болгон өөрчилсөн бөмбөгдөгч рүү дайрсан бөгөөд энэ онгоцонд Ямамото байгаа гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Өөрийн бүх л буугаар “Бетти” (Мицубиши G4M) бөмбөгдөгчийг буудсаны дараа онгоцны зүүн (?) мотор шатаж, аажмаар унаж эхэлсэн байна (энэ үйл явдалтай холбоотой олон кино байдаг ч Ямамотогийн энэ онгоцны баруун мотор л шатаж харагддаг). Ямамотогийн онгоц нэгэн жижиг арал дээр унан дэлбэрч байгааг харсан Рекс дараагийн онгоц руу дайрсан боловч одоо ганцаараа биш олуулаа зэрэг дайрч, Бетти мөн л унаж эхэлжээ. Гэхдээ энэ онгоц усанд ослын буулт хийж чадсан ба Ямомотогийн штабын олон офицер явсан энэ онгоцноос дэд адмирал-Угаки болон өөр хоёр хүнээс бусад нь бүгд үхсэн байна.

Сонирхолтой нь энэ явдлын дараа ахмад Томас Жорж Ланфье.Жр хэмээх уг тулалдаанд оролцсон эр нь Ямамотогийн онгоцыг би буудаж унагасан гэж хэл ам таталж, үүнээс эхэлсэн хэрүүл хэдэн арван жил үргэлжилж байж тусгай группийн судалгаагаар Барберыг Ямамотогийн онгоцыг унагасан хүн мөн гэж тогтоосон байна.

Японы тусгай бүлэг маргааш өдөр нь Ямамотогийн унасан арал дээр ирж эрэл хайгуул хийсээр хайж байсан хүнээ суудлын даруулгатайгаа, суудал дээрээ, катана сэлмээ тас атгасан, ихээхэн гүн бодолд орсон мэт сууж байхыг нь олжээ. Яг л модны сүүдэрт сууж байгаа мэт. Гэсэн ч тэрээр үхсэн байсан ба онгоц унах үед сандалтайгаа шидэгдсэн, онгоц нь буудуулж байх үед хоёр суманд оногдсон байсан нь түүний үхлийн шалтгаан болсон байна (нэг сум араас нь зүүн дал хавиар нь онож нэвт гарсан бол өөр нэг сум зүүн шанаагаар нь орж баруун нүдний орчмоор гарсан байдаг).

Амь үрэгдэхээс хэдэн цагийн өмнө

Япончууд энэ чухал хүнээ алдсан тухай мэдээллийг зөвхөн 5-р сарын 21-нд улс орондоо зарласан бол америкчууд Японы холбооны нууц түлхүүрийг мэдсэн гэдгээ илрүүлэхгүйн тулд адмирал Ямамотог "Соломоны арлуудаар аялан Японы тэнгисийн баазуудад шалгалт хийж байгаа тухай энгийн хүмүүсээс авсан мэдээллийг ашиглан уг адмиралыг устгасан" гэсэн цуу тарааж үүнийгээ ч хэвлэл мэдээллээр сайн тараасан байна. Дээр нь уг ажиллагаанд оролцсон нисгэгч нарын нэрийг бүрэн нууцалсан нь тэдгээр нисгэгч нарын нэгнийх нь ах нь Япончуудад олзлогдоод байсантай холбоотой юм билээ.

Ямамотог дээд зэргийн хүндлэлтэйгээр оршуулж, олон том шагналаар нэхэн шагнасан төдийгүй Германы эрх баригчид бас адмиралыг царс модны навч, илд бүхий төмөр загалмай одонгоор (Гитлерийн Германы хамгийн том шагналын нэг) нэхэн шагнасан байна.

Vengeance буюу "Цусан өшөө" хэмээх нууц ажиллагааны багийнхан

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]