Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 4Уншсан5,753

Танихгүй танилтайгаа хадаггүй золгохоос... Гүнгийн охин хулгайн мад өрчих адтай шулам бол яана. Одоо очиход өчүүхэн өө сэв гарвал дараа дахиж уулзана гэж молигодоод бодийг нь хөтлөх юм гэж өөртөө шивнээд ширээн дээрх чемоданаас хиймэл сахал авлаа.

Зохиолч Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" роман нь Монголын тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадвар алдар гавьяаг тод томруунаар харуулсан онц сонирхолтой ном билээ. Өнгөрсөн зууны сүүл, 70, 80, 90-ээд оны үед зохиолч Лха.Дарьсүрэнгийн ганц "Онцгой эрх" ч биш адал явдалт, онц сонирхолтой зохиол  бүтээлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан юм. Түүний бүтээлүүдээс "Танихгүй танилуудын золголт" хэмээх туужийг цувралаар хүргэж байна.

Өмнөх нь: Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 1

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 2

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 3


Хоргой тоорцог хажуулдуулсхийн тавьж, тэвхгэр энгэр рүүгээ ягаан цацаг унжуулсан, дөнгөж хорь шүргэж яваа нэг бүсгүй, мөргөлчдийн дундуур  орж алхсаар Гандангийн Дашчойпил дацангаас холдож, тэгчинлингийн хашааг чиглэв. Энэ бүсгүйг Жаргал гэнэ. Тэрээр дугуй хээтэй, урт хормойтой элгэн хүрэн тэрлэг өмссөн нь угийн гуалиг, тэгш биенд нэн зохиж, намба төрхийг төгс болгожээ.

Жаргалын эцэг гүн Цэрэн Автономитын Гадаад яамнаа дээгүүр алба хаадаг болохоор ганц охиноо хэнээс ч дутуугүй өсгөжээ. Харин Ардын засаг Хүрээнд ирснээс хойш гүнгийн сэтгэл санаа тогтворгүй болжээ. Тэгээд нэг өдөр охиндоо “Аав нь Барга руу явлаа. Энэ толгой мөрөн дээр байсан цагт Ардын засгаас хишиг горилохгүй. Чадвал өөрөө ирнэ. Эс ирвэл хүн явуулна” гээд ор сураггүй алга болжээ. Эх нь арваад жилийн өмнө зуурдаар өөд болсон боловч тансаг амьдралд дураар өссөн Жаргал, гэдэс өлсөж мөр улайхын зовлонг үзээгүй. Харин хань ижилгүй гуа бүсгүй эцгийгээ сураггүй болсон жил шахмын дотор их юм үзжээ. Жаргал уйдаж, ганцаардахын аюулыг сэтгэл зүрхээрээ мэдэрч шаналсан тэр үедээ Дархан вангийн хорооноо суудаг нэгэн баяны хүүтэй танилцав. Тэгээд ч Жаргал, хөнгөн хийсвэр сэтгэлийн увьдаснаа урхидуулж, Хүрээ хотын хөл үймээнтэй газрын босгыг алхан нэгэн хэсэгтээ наргиж цэнгэхээс өөр ухаан бодол сэтгэл санаанд төрсөнгүй. Тэгээд өнөө залуугийнхаа  уян зөөлөн ааш, уруул цорвойж гувшсан халуун үгэнд итгэж, хал үзээгүй Жаргалын зүрх сэтгэл уярч даслаа. Жаргал, тулаад авах ураг садан, түших эх эцэггүй болохоор амьдралд тулгамдсан үедээ хань ижлийн түшиг, хайр халамжийг үгүйлэн мөрөөддөг. Чухамхүү хань ижлээ олохын тэр хүслэнд захирагддаг эмэгтэй хүний хувь тавилан Жаргалын догшин, сэтгэлийг эзэмдэх болсноо ухаарах тусам Бандийг өөрийн эрхгүй санан мөрөөднө.

Жаргал өнгөрсөн Цагаан сараар, сэтгэлд хоногшсон Бандийг гэртээ урьсан билээ. Жаргал, Бандийг найрсаг дотно угтаж идээ барьж хоол хийж өгөөд ширээн дээр байсан жижгэвтэр мөнгөн аяганд лүүтэй хятад хар архинаас хийж дүүргээд барьтал тэрээр бас нэг аяганд архи дүүргэж Жаргалд өгөөд хөөр хөгжилтэй инээмсэглэсээр,

-Нэг нас нэмсний баяр гэлээ.

 

-Багадаа нас нэмлээ гэж их хөөрч омоотдогсон. Харин хүн, нэг насаар хөгширлөө гэж баярлах уу даа гээд мөнгөн аягатай архиа тулгаж, амсаад тавих гэтэл Банди аргадангуй зөөлөн аашаар Жаргалыг шахлаа. Жаргал, онгон сэтгэлийн хайрын очийг цогшуулсан Бандийнхаа сэтгэлийг бодож, бэлэгшээн баярласандаа мөнгөн аягантай архийг гудиггүй залгилаад хэсэг дуугүй сууснаа орны толгойд тавьсан шанзаа авч дуу аяллаа. Чингэж эхэлсэн зочлолт үргэлжлэх тусам Жаргалын улалзсан янаг амрагийн оч дөлшсөөр хайр сэтгэлийн эрчээр зүрх сэтгэлийг догдлуулж байлаа.

Жаргал хөөрч баярласан сэтгэлийн эрхээр Бандид ойртон суугаад хааяа мөнгөн аягатай архинаас залгилж Бандитай дарвиад гуниг, уйтгаргүй цээл хоолойгоор эвлэгхэн дуулж суухдаа шанзныхаа цохиурыг газар унагаад савх шиг нарийн хуруугаар хивсэн дэвсгэрээ тэмтчихдээ явган сандал дээр үл мэдэг займчлаа. Банди шанзны цохиурыг авч өгөөд  Жаргалын мөрнөөс хоёр гараараа тэвэрч өөртөө ойртуулаад чихэнд,

-Жаргал аа! Оройтож орхилоо. Би явах уу даа гэж шивнэтэл эр хүний халуун амьсгал Жаргалын хацрыг төөнөх шиг болж сэтгэл уяран эвтэйхэн санагдах ажээ.

-Хоноод яв! Би алийн болгон ханхай гэрт ганцаараа хонох вэ? Бүүр залхаж гүйцлээ гэж хэлээд ганцаардахын зовлонг илэрхийлэх гэсэн шиг халамцхан нүдээ жоотийлгон инээмсэглээд  суудлаас өндийж гэрийн баруун хаяанд байгаа эцгийнхээ орыг заслаа. Банди Жаргалын зассан орон дээр хажуултал Жаргал бурхандаа мөргөөд, зулынхаа тосыг сэлбэж бадраагаад, шалны өрөн дээр байгаа асаалттай лааг унтраалаа. Жаргал үл мэдэг гуйвсаар зүүн талын орыг засаж хучлагандаа орохыг зулын сүүмгэр гэрэлд ажиж хэвтсэн Банди бие сэтгэлийг эзэмдсэн далдын нэгэн бодолд захирагдсанаа ухаарч шүүрс алдана.

-Бандь аа! Чи унтчихав уу? гэж асуусан Жаргалын дууг сонсоод далдын эмзэгтэйхэн хүсэлд умбасан Бандь доглдолсон сэтгэлээ барьж нэрэлхүү зангаар өөрийгөө тайвшруулахыг хичээгээд,

-Унтаагүй. Юу гээ вэ? гэж асуулаа.

-Зүгээр, миний нойр хүрэхгүйнэ. Ядаж манайх сайн давхарлаагүй болохоор гэр маань зэвийгээд хүйтэн хонохно. Манайх ер нь хүйтэн байгаа биз.

-Нэлээн зэврүүн байна шүү.

-Чи бид хоёр яриандаа болоод пийшингээ хөргөчихлөө. Даарч байгаа бол наашаа ирэхгүй юу гэж хэлсэн Жаргал хэвтрээсээ өндийж байгаа Бандийн барааг зулын бүүдгэр гэрэлд хараад «Пөөх яана аа! Өнөөх чинь босоод ирлээ. Яасан ичдэггүй юм бэ? Би ёстой маанаг байх аа! Яах гэж дуудав аа. Согтуугийн хар гай» гэж бодохдоо хажуугаараа орж хэвтсэн Бандид зай тавьж өгснөө ухаарсангүй. Жаргал зүрхээ түргэн цохилохыг мэдээд «Дэмий юм боллоо шүү. Орноосоо түлхээд босгочих уу» гэж бодсон боловч сэтгэлийн чанадад үл ойлгогдох хий юм түүнийг далдаас тухирч байгааг гадарлав. Чингэтэл Бандийн халуун амьсгал, нимгэн уруулын зөөлөн хөрсийг төөнөн чимчигнүүлэх шиг болж, хамаг бие нь халуу шатах шиг санагдана. Жаргал бие сэтгэлийг түгшээж, цочроосон тэр үл мэдэгдэх сэрлийг номхруулахыг хичээхдээ арайхийн

-Бандиа! Чи намайг зовоолгүй унтаарай гэж хэлээд Бандийг түлхчихмээр санагдаж бүх бие нь арзганах шиг болжээ.

-За за. Харин нойрондоо хучлагыг чинь булаачивал чимхэж болохгүй шүү гэж Бандийг хэлэхэд үгний цаад учрыг үл гадарласан Жаргалын сэтгэлийн болгоомжлол сарнин тайвшрах тийшээ хандсан байлаа. Тэгээд Жаргал,

-Бандиа! Чи гараа эвтэйхэн болгооч. Наад тохой чинь яасан хатуу юм бэ? гээд өөрийнхөө цээжинд зөрүүлсэн Бандийн гарыг тохойгоороо ёвроод жинтүүнээс толгойгоо хөндийрүүлэв. Бандь, Жаргалын хүзүүн доогуур гараа оруулж тавьтал тэрээр хацраа цээжинд нь нааж, биеэ үл мэдэг займчуулаад сэтгэлд үл ойлгогдох далдын хүсэлд хөтлөгдсөний тэмдэг болгох гэсэн уруулаа Бандийн хацарт хүргэжээ. Чингээд хоёр биений халуун илчинд хүйтэн гэрийн жихүүн жаврыг анзааралгүй унтсан Жаргал өглөө орноос өндийж, орны хөлд байгаа дээлээ авахдаа мунаар цохиулж ухаан балартсан сарлагийн хайнаг шиг хөдөлгөөнгүй хэвтээ Бандийг хараад «Яаж нүүрийг нь харна аа! Ингээд хүний эхнэр болчих хэрэг үү» гэж бодоод гайхсандаа хэсэг зуур хөдөлгөөнгүй суулаа. Харин тэр өглөөнөөс хойш Жаргал, Бандийн барааг харалгүй сар болоход садар самуун хүслийг жаргал болгож явдаг шалиг эрсийн хөл алдан гүйж, хөрөнгө чинээгээр найр тавин нялганаж, үнэг шиг шарвалздаг шидийг бүрэн ойлгожээ. Чингээд хайр дурлал, зуурдын сэтгэл хоёр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай байдаг мөн чанарыг ухаарлаа. Зуурдын сэтгэлийг амархан илчилдэг тэр нэг эгзэгтэй онцлог, хань ижлээ мөрөөдсөн бүсгүй хүнд хайр дурлал мэтээр ойлгогддог жам мөртэй атлаа эцсийн эцэст үзэн ядахын жигшил болдог тавилантай ажээ. Өөртөө мэдэгдэлгүй явсан онгон хайр сэтгэлээ, бие сэтгэлийнхээ хүслийн дөлөнд төөнүүлсэн эмзэг мөрөөдлөөс ялгахыг умартвал эцэстээ амьдралд хар толбо болон үлддэг учир утгыг гадарласан Жаргал, сэтгэл санааны гутралд умбан нэг хэсэгтээ гэрийн мухраас толгой цухуйлгасангүй. Тэгээд ойрын үед гандан хүрээ эргэж хийморийн сан тавиулж, хойтын буян заяаг бурханд даатгах болжээ.

Жаргал, сэтгэлийн шаналгааг мэдрэх тусмаа түүнийг хүний нүдэнд илчлэхгүйг хичээж, зориуд инээж явдаг. Энэ учрыг таван хуруу шигээ мэддэг Дорлиг, гандантэгчилэнгийн хашааны явган хаалгаар орж яваа жаргалын араас ширтэн зогссоноо шавиа дуудаад,

-Зурагчин ирвэл тэр эгчийгээ зааж өгөөрэй гээд гудамж уруудан гэлдэрсээр зоогойн ламын хашааг тойрч хойшлоод хашаагаа чиглэхэд арван гурав орчим насны бандь гандантэгчилэнгийн хашааг чиглэн чавхдан гүйлээ.

Дорлиг хашааны хаалга хүрч түгжээний сурыг татах зуур гудамж хянамгайлан харлаа. Нэлээн зайдуухан буй нэг хаалганы вандан дээр суусан нэг бандь наранд биеэ ээсэн янзтай нүд анин уруулаа өмөлзүүлж маань унших ажээ. Дорлиг хашаандаа орж газар шигтгэсэн чулуун зам даган сажлахдаа «Дашчойпилийн ламынд юун бандь ирсэн юм бол! Дүүгийн нь хүү, зүүн хүрээнд шавилдаг гэсэн тэр нь юм байхдаа» гэж бодсоор зуныхаа байшинд оржээ.

Дорлиг жижиг өрөөний хоймор залсан бурхан, тахилын хүрдийг эргүүлж, хажуугийн ханыг тогштол тэр алгуур нээгдэж Очир нууц өрөөнөөс гарч ирлээ. Тэрээр орос хийцтэй цамц өмсөж, хар өнгийн урт шалбуур өмд навсгануулсан ажээ. Дорлиг, Очирыг гайхсан төдий хараад,

-Өнөө хүүхэн тэгчилэнгийн дуганд байгаа. Одоо хурал гадаалах дөхөж байна гэж хэлэхэд Очир толгой дохисноо,

-Гудамжаар ямаршуухан байна гэж лавлана.

Нам жив шив дээ гэж Дорлигийг хариулахад Очир гүйлгээ ханаа татаж хаагаад ширээ рүүгээ эргэж толины өмнө очиж зогслоо. Очирын гол үүргийн нэг бол Яндагийг олж танилцаад шалгахад найдвартай бол Сүхбаатарыг хорлох даалгавар өгч хянах ёстой. Гэтэл Яндаг хувиа бодсон хулгайн шалихгүй хэргээр амиа алджээ. Очир үүнийг мэдээд Лихачевоор хянуулж, Дорлигийн гаргасан сураг ажгийн ул мөртэй тулгахад ямарч сэжиг гарсангүй. Харин хүрээнд гардаг орос сониныхон, есөн жорын хэрэг түвгийн өчүүхэн анир чимээгээр мэдээд гайхалтай шуугиан дэгдээдэг зуршилтай мөртлөө Яндагийн бүлэг хулгайн талаар ганц үггүй өнгөрсөн нь сэжигтэй. Яндагийг хэрхсэнг мэдэх ганц боломж байгаа боловч түүний дүү Зундуй цэргийн яамнаа бичээчээр ажилладаг тул мэргэжлийн тагнуулч хүнд, түүнтэй уулзах нь цээртэй.

Очир, Цэрэн гүнгийн охинг олж Зундуйн сүүдэр болгож тавих арга зам бодлоо. Очир, Жаргалтай яриа тохирохгүй тийшээ хандвал түүнийг устгах хоёр нүх гаргалаа. Жаргал Зундуйтай холбоо тогтоож чадвал хэрэг гүйцсэний дараа жаргалыг цааш харуулж гэрт нь хутгаа үлдээх ёстой. Чингээд Зундуйг өглөө ажилдаа очихоос өмнө Дорлигийн бандийг явуулж «хурдан ир. Яаралтай уулзах хэрэг гарлаа. Жаргал» гэсэн бичиг өгүүлэх юм. Зундуй тэр бичгийг аваад Жаргалынд ирж гэрт нь ороход Дорлигийн бэлдсэн лам, хар хүн араас нь орж Зундуйг хүн амины хэрэгт түлхэх ёстой. Тэр хоёр өчиг өгөхдөө «Эмэгтэй хүний тэвдэж бачимдсан дуу сонсогдохоор нь гэрт орсон гэж мэдүүлж гэрчлэх ёстой байлаа. Очир толинд царайгаа харж, шанаагаа илж ийнхүү бодсоор,

- Танихгүй танилтайгаа хадаггүй золгохоос... Гүнгийн охин хулгайн мад өрчих адтай шулам бол яана. Одоо очиход өчүүхэн өө сэв гарвал дараа дахиж уулзана гэж молигодоод бодийг нь хөтлөх юм гэж өөртөө шивнээд ширээн дээрх чемоданаас хиймэл сахал авлаа. Чингээд хоромхон зуур Улиастайн худалдаачингийн хүү Говориловын дүрд хувилж, хүзүүнээсээ зургийн аппарат санжигануулан, франц бүрх духуулсхийж тавиад Дорлигийг дагасаар хашаанаас гарлаа. Очир, гудамжинд сууж нүдээ анин маань уншсан нэг бандийн дэргэдүүр өнгөрч Жанрайзэгийг чиглэн алхлаа. Тэрээр жирийн сүсэгтний дундуур холхихдоо хэд хэдэн зураг дараад тэгчинлингийн хашаанд орж сангийн бойпор, чулуун арслангийн хийцийг сонирхоод зогсож байтал хурал гадаалж, дуганаас үерийн ус шиг цувсан мөргөлчдийн дундаас Жаргалын барааг олж харжээ.

Зуувандуу гонзгой царайндаа ширвээ сахал тавьж дэгжирхсэн орос зурагчин, Жаргалын урдуур хөндөлдөн зургийг нь авах гэхэд Жаргал хүмүүсээс ичингүүрч зайлсхийхийг мэрийтэл нэг жаахан бандь ирээд, Эгчээ хоёулаа патиардуулъя гээд хормойлдохоор нь яаж ч чадсангүй. Тэр зурагчин самбаачилж Жаргалын зургийг дарсандаа баярласан янзтай инээж, нүд ирмэн маасганахад Жаргал ширэв татан хялалзав. Тэгээд нүүр өгөлгүй цаашлахдаа «Нойтон хамуу шиг өгөр чинь салахгүйнэ ээ! Ямар гай вэ?» гэж бодоод зам буруулахыг хичээж гандангийн зүүн хүр рүү гэлдэрлээ. Орос зурагчин Жаргалыг бараадан хэдэн алхмын зайтай явсаар хятад өргөн чөлөө хүрлээ. Чингэтэл зүүнээсээ ирж яваа нэг тэрэгчинг харсан Жаргал баярлан түүнийг тосон очвол сахал самбаандаа дарагдсан бавгар орос байсанд гайхжээ. Жаргал зурагчингаас салахын эрхэнд жуузны хаалгаар орж суунгуут,

-Усны гудамж гэж хэлээд жуузны суудлын арын шилэн цонхоор гэдэргээ харвал зурагчин орос гараа сарвалзуулан үлдэхийг хараад «Мөн саваагүй амьтан аа! Би ер нь юу болчихоо вэ? Ёстой бандадын зайнд орж эрийн даллага авсан юм шиг савхийвэл шалиг эрсийн нүдэнд өртөөд байдаг боллоо. Тэгэхдээ заавал оросууд шүү. Уржигдар нэг худалдаачин байрын согтуу орос ээрч дагаад үйл тамыг минь барсан. Бас энэ тэрэгчин орос байдаг ч юу билээ. Лам нарын хараал хүрч бандадын зайнд өртсөн бүсгүй хүнээс долоон шидийн амьтан салдаггүй гэсэн. Маргааш хийморийн сан тавиулж, ойрноос жасаагаа уншуулж даллага авахуулъя» гэж бодсоор яваад хашааныхаа ойролцоо ирсэнг мэдээд жууз тэрэгний шилийг тогшиж,

-Тэрэгчин гуай! Зогсоорой. Энд бууна гэлээ. Жаргал гэртээ орж ирснээс хойш сэтгэл тавгүй. Өнгөрсөн элий балай бүхэн сэтгэлд бууж, айж гайхахын эрхэнд бүр алмайрч мухардаад орон дээрээ хажуулж таг унтжээ. Гэтэл нойрон дунд хаалга цохих чимээг сонсоод дэрэн дороос шүдэнзээ авч лаагаа асаагаад,

-Юун хүн бэ? гэж эв хавгүй асууснаа: -Хэн бэ? гэлээ.

-Цэрэн гүнгийнх мөн үү? гэж хаалганы цаанаас хэлэхийг сонсоод,

-Мөн. Юү гээ вэ? гэж лавлан асуулаа.

-Жаргалаа! Хаалгаа тайл. Аав чинь намайг уулзаад ир гэсэн юм гэхэд Жаргал үүдний дэргэд очиж оньсыг мулталтал гаднаас нэг хүн орж ирлээ.

-Яасан орой ирдэг хүн бэ? гэж амандаа шивнэсэн Жаргал лаагаа өөдлүүлж орж ирсэн хүнийг ажсанаа орос хувцасаар нь өдрийн зурагчин болохыг мэдээд гэрийн хоймор өөд ухарлаа.

Жаргалаа айх хэрэггүй. Цаг түгшүүртэй үед эцгийн чинь захиаг авчрах гэж хөглөж явна гэж халхаар хэллээ. Жаргал эцгийнхээ захиаг аваад ор өөдөө эргэтэл шөнийн айлчин баруун хаяаны орон дээр очиж суулаа. Жаргал захиаг задалж нуд гүйлгэн уншвал «...Охин минь удам угсаа нэр төрөөрөө доромжлуулсан хөгшин эцгээ бодож сэтгэлийн зөхрөл, гомдлыг ардын засгаас авахыг хичээгтүн. Тиймээс энэ хүнд бүх талаар тус болж үзээрэй. Чамайг хөх хотын зурагчинтай ирнэ гэж найдаад ирэх улирлын сайныг бодож охинтойгоо золгохын өлзий дэмбэрэлийг хүлээн ядсан эцэг чинь хичээнгүйлэн илгээлээ. Цэрэн гэж зурсан гарын үсгийг үзээд эцгийнхээ бичгийн хэлбэр, галбирыг танилаа.

-Аавын чинь бичиг мөн байгаа биз гэж зурагчин асуухад Жаргал,

-Та хүрээнд удах уу гэж асуулаа.

-Их удахгүй санаатай. Харин чамаас нэг хүний сураг лавламаар байна.

-За бололгүй дээ. Харин таних юм болов уу?

-За яамай даа. Бид хоёр үг хэлээ ойлгохно бололтой.

-Чи танина. Цэргийн яамны Зундуй. Түүний ах Яндаг яаж өөд болсон бэ?

-Аа мэдэхгүй. Нэг хэсэг нь цагдаад буудуулсан гэдэг. Гэтэл зарим нь зүүн хүрээний сангаа жасын Сатарт бүлүүлсэн гэдэг юм.

-Ойрын үед Зундуйтай ойртож, Яндаг, Сатарт алуулсан эсэхийг сураглаж өгвөл зүгээр байна гэж зурагчинг хэлэхэд Жаргал битүү үгний далд санааг гадарлаад, ганц бие амьдарч байгааг нь далимдуулах гэсэн бодлыг мэдээд сэтгэлийн эмзэг шарх хөндөгдөн уур омогтоо шатаж,

-Багашигхан даажигнаарай. Би эр татаж чангааж үзээгүй хүн гэж шазруухан хэлтэл зурагчин, мөчөөгөө алдахгүйг мэрийж,

-Та нар хуучны танилууд шүү гэлээ.

-Яндаг аав хоёр хүзүү сээрээ холбож байснаас би Зундуйтай бөгс бөөрөө нийлүүлж яваагүй.

-Жаргал аа! Хэгжүүн зан хэнд хэрэгтэй вэ? Үүнийг бодоорой. Яндаг, гүнтэн хоёр Бароны нууц туршуул! Үнэндээ ардын засаг үүнийг мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй.

Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг гэдэг.

-Ямарч гэсэн тэр Зундуйтай чинь навсагнанахгүй. Тэгж ч сураагүй.

-Жаргал аа! Эцэг чинь манайд барьцаанд бий. Миний хэлснээр Зундуйтай ойрын хугацаанд танилцаж, биедээ дасгаад надтай уулзуулахгүй бол эцгийн чинь амь насанд халтай гэдгийг мэдээрэй. Зундуйг надтай уулзуулна гэдэг тийм ч хэцүү биш. Тиймээс сураагүй юмаа сурах хэрэгтэй цаг тохиолдож болно гэж тулгахад Жаргал хэсэг бодлогоширч дуугүй сууна.

Очир, Зундуйтай уулзаж түүнийг айлган сүдүүлж Яндагт холбогдох баримтаар урхидаж авах боломжтой гэж тооцоолжээ. Тэгээд ч зогсохгүй хүрээний хамгаалалтын талаар холбогдох зүйлийг түвэггүй гаргуулж гартаа оруулж чадвал Сүхбаатарыг хорлох даалгавар өгч болох найдвартай гэж үзжээ. Гэтэл энэ бүхний уулзвар дээр Жаргал зангилагдаж, түүнийг айлган далайлгах Очирын сүрдүүлгээр хэрэг явдлын амжилт шалтгаалах байлаа. Очир хөмсөг зангидан хүйтэн харцаар Жаргалыг ширтэн хөмхийгөө хэмлэн зогсохдоо,

-За одоо яая гэж бодож байна гэж заналтайгаар асуулаа. Жаргал гийчнийхээ царай зүсээр хэрэг бишдэж амиа алдаж магадгүйг ойлгоод бүх биений хүйтэн хөлс чийхарч, хүйт оргихыг мэдлээ. Тэгээд өөрийн эрхгүй,

-За гэж сулхан хэлэхэд эрүү нь дагжиж, шүд нь харшин хяхтнана.

-Намайг мэхлэх гэж оролдсоны хэрэггүй. Би ганцаараа биш. Худалдаачин, тэрэгчин хоёрыг танина биз. Нөгөө талаар энэ бичиг баримтууд Сүхбаатарын гарт орвол бүр өршөөлгүй болно гээд Жаргалын дэрэн дээрээс эцгий нь захиаг шүүрэн авлаа.

-За заа... Би энэ тухай хэнд ч ам ангайхгүй. Над итгээрэй гэж Жаргалыг хэлэхэд үзүүрээрээ үл мэдэг монхордуу хамрын самсаанаа хүйтэн хөлс чийхарч, төрөлхийн цочимтгой төрсөн бүсгүй хүний адил айж сүрдсэнээсээ болоод хамаг бие нь салганан чичирч, бороонд шалав цохиулсан төлөг шиг бөмбөгнөхийг мэдсэн Очир «Эмэгтэй хүн,гэж олхиогүй юм даа гэж бодоод гэрээс гарчээ.

Жаргал гэнэтийн айлчинг гарсан хойно хэсэг зуур чулуун хөшөө шиг хөдөлгөөнгүй зогссоноо өөрийн эрхгүй цийлэгнээд яах ийхийн зуургүй, хацрыг нь даган үерийн ус шиг мэлтэгнэсэн нулимсаа гарын араар арчаад, мэгшив. Жаргалын айж имээсэн сэтгэл нүд ирмэхийн зуургүй, хэмжээгүй багтарлаар солигдож уур омогтоо шатсан тэрээр ор руугаа үсэрч унангуут уйлж, сэтгэлдээ бодогсон бүхнийг үглэж байгаагаа анзаарах сөхөө байсангүй.

... Хорвоо яасан хатуу, энэрэлгүй юм бэ? Ингэж бие, сэтгэл, нэр алдраараар бузарлуулж, айж мэгдэж явахаар үхсэн дээр. Нэг лайнаас салж амжаагүй байхад нөгөө гай дайрдаг байхна. Нэг бүдэрэхээр ертөнцийн бузар булай бүхэнд ороолдох юм. Эцэстээ хүний гарт өртөж Яндаг шиг амь алдахаас хойш, тэр нүглийн хавханд оролгүй учраа олбол хойтын насанд буян болж, гай түйтгэргүй явах байх! гэж үглэсээр орноосоо босож авдрынхаа өмнө очиж, сөхөрч суугаад юмаа онгочлоо. Жаргал чингэж багтарсандаа аавынхаа ангийн хэрэгслэлийг гаргаж, чононд хэрэглэдэг хорыг олтол хаалга сэвхийн онгойлоо. Жаргал хороо атгасаар босож, орж ирж байгаа хүний зүг ширтвэл хажуу хашааны өвгөн Жигжид байлаа. Жигжид, Жаргалыг тайвшруулахыг хичээн ятгаж,

-Охин минь битгий уйл! Ганцаараа айгаад байгаа бол манайд орж унт! Манай хөгшин чамайг ойрдоо үзэгдсэнгүй гээд байсан. Хоёулаа манайд оръё гээд гэрээс дагуулж гарлаа. Тэгээд хамар хашааны сургааганд гаргасан явган хаалгаар Жигжид өвгөн түрүүлэн гарч гэрээ чиглэхэд Жаргал хойноос нь дагалаа. Гүн Цэрэн барга явахдаа нэг нутгийн эмээлч өвгөн Жигжидийг илүү хашаандаа буул гаад охиноо харж хандаж байхыг захижээ. Жаргал өвгөнийд орж иртэл самган  нь босчихсон цай чанаж байхыг ажвал энэ шөнө эдний хэн нь ч унтсан шинжгүй. Хүрэн одончуу тэрлэгийн ханцуйг сургалдаргалсан хот байран нэгэн залуу гэрийн хоймор сууна. Жаргал хааяа нүдний булангаар өөрийг нь нэвт ширтэх шахан харж буй залуугаас нэрэлхэн буруу харсаар гэрийн зүүн орон дээр суугаад тэргүүн бөхийлгөн газар ширтэв. Мэдэгдэх төдий мэгшин буй Жаргалаас хэрэг учрыг тодотгох үүрэгтэй Нацагт, Жигжидийн самган цай аягалж барих зуур,

—Жаргал аа! Охин минь дээшээ сууж цай уу гэхэд Нацаг өөртөө далим гарсанд сэтгэлдээ баярлан асуух лавлах зүйлээ дэс дараалан боловсруулна.

...Дашчойпил дапангийн нэгэн ламын дүүгийн хүү бандийг орлосон Авир, дэргэдүүрээ өнгөрсөн Очирыг дутуу аньсан нүдээр ажиглан, хашааны үүдний вандан дээр сууж байгаад Дорлиг ламтныг хашаандаа орсны дараа, гудамжны нөгөө үзүүрээр тойрч, Бадамёго дацангийн үүдэнд хүлээж байсан Нацагтай уулзаж, зурагчин гийчнийг зааж өгчээ. Нацаг, зурагчны гадаад байдал төрхийг холоос ажин зогсохдоо «Гакомоку» гэдэг үгийг санаад «Пүрэв гаригт уулзах ёстой зураач гэдэг нь уран зураг зурдаг хүн биш. Харин гэрэл зураг авдаг зурагчин байхна аа» гэж бодсоор,

— Авир аа! Одоохон хувцсаа солиод тэгчинлин хийдийн хашаанд байгаа Богдын шарилын сүмийн үүдний хүрэл бойпорын дэргэд хүлээж бай гээд зурагчинг холоос бараадав.

Нацаг, зурагчны хөдөлгөөн, алхаа гишгээ бүрийг нарийвчлан ажиглахад тэрээр донгонцох байдал гаргасангүй. Чингээд шарилын сүүлийн хүрэл бойпороос адис авах дүр гаргах зуур

Авир аа! Чи, Жаргалыг дагаарай. Хоёулаа улаан са халт орос худалдаачны пүүсэнд уулзана шүү гээд салжээ.

Чингээд Авир, Жаргалыг суусан морин тэргийг холоос бараадан гудамжны нөгөө талыг барин гүйсээр Жаргалын хашааны баруун гудамж хүрээд буцсан юм. Чухам тэр үед Жаргалын хамар хашаанд суудаг Өвгөн Жигжидынд байсан Дорж, тэргэний хонхны чимээгээр гэрээс гарч, хашааны завсраар ажиглахдаа, тэрэгчин оросыг таньжээ. Оройн нар жаргаж, холын бараа танигдахгүй болж, харуй бүрий харанхуйгаар солигдоод нэлээн удсан хойно, Жигжидын хашаанд гурван залуу цуварч ирснийг хэн ч анзаараагүй. Ийнхүү Цэрэн гүнгийн гэрт болж буй зүйлийг арван хуруу шигээ мэдэж байсан гурван залуугийн хоёр нь «шөнийн гийчнийг» дагаж, Нацаг Жаргалтай уулзахаар Жигжид өвгөнийд үлдсэн ажээ.

Нацаг, Жаргалд тохиолдсон учир явдлыг нарийн мэдэж байгаагаа аятайхан, эвийг нь олж хэлтэл гэрийн эзэн, хоёр хөгшин тэр хоёрын ярианд саад болохгүйг хичээн, зуныхаа байшинд орохоор гэрээс гарлаа. Чингэж Жаргал, Нацаг хоёрыг жинхэнэ яриандаа орж, хэрэг явдлын гогцоог нарийвчилж байтал гаднаас Авир, Рагчаа хоёр орж ирлээ.

Жаргалын цээжинд тээглэж, бөглөчих шахсан аймшиг  алгуур саринаж, сэтгэл уужирсан болохоор өөртэй нь дайралдсан, худалдаачин орос, тэрэгчин өвгөн, зурагчин нарын талаар тодорхой ярив.

—Жаргал аа. Эдний гадаад байдал, хөдөлгөөн, нуруу, нүүр царайнд ажиглагдахуйц гоц тэмдэг бий юу? Чи ажигласан уу? гэж Рагчааг асуухад Жаргал нэлээн бодолхийлсноо,

—Бодоод байхад худалдаачин орос, зурагчин хоёр нуруу, хөдөлгөөнөөрөө адилхан юм шиг байна. Худалдаачин орос зүүн гарын эрхий долоовор хурууны өндөгөөр дээд уруулынхаа сахлыг дандаа эмэрч сурчихсан хүн байсан.

Харин зурагчин миний зургийг авчихаад баярласан янзтай инээж зогсохдоо дээд уруулынхаа шиврээ сахлыг зүүн гарынхаа долоовор, эрхий хурууны өндөгөөр эмэрч байсан гэж ярилаа!

Рагчаа, Жаргалтай ярилцаад үүр хаяарах үед Нацагтай буцаж, Авирыг Жигжид гуайн хашаанд үлдээлээ. Хүрээ харчуулын нарийн тахир гудамжийг өгсөн, Цэргийн яамнаас чиглэсэн Рагчаа

—Нацаг аа! Хүрээний нууц хүн—Гакамоку (зурагчин Пүрэв) Яндагийг нас барсныг мэдсэн атлаа Зундуйг сурагладаг нь ямар зорилготой вэ? мэргэжлийн хүн тодорхой зорилгогүй бол Яндагийн дүүтэй уулзах гэж зүтгэмээргүй юм.

— Яндагаар гүйцэтгүүлэх ямар нэг тодорхой зорилт байсан учраас түүнийг дүүгээр нь орлуулах боломж байгаа эсэхийг сорих санаатай байх шиг байна.

-Хүрээний архаг архичнийг ашиглах бодит боломжуудын нэг бол галдан шатаах, алан хядах ажиллагаа юм.

Тэгэхээр хэнийг, юуг вэ? гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй гэж Рагчааг хэлэхэд Нацаг даргынхаа саналыг зөвшөөрч толгой дохисноос цаашгүй.

Рагчаа цэргийн яамны хашааны хаалгаар орохын өмнө

— Жаргалыг сөрөх ажиллагаанд оролцуулбал ямар вэ гэж лавлав.

-Энэ талаар санал боловсруулсан. Орж байгаад танилцуулъя гэхэд Рагчаа толгой дохин зөвшөөрөв.

 

<p style=

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 7 сар 28. 18:53
Зочин

Маргааш чинь 3 хоногоор хэтэрчих лээ.

2019, 7 сар 25. 18:52
Haltar Batsaikhan

5 дугаар хэсгийн уншяа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]