Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүссэн бүхэндээ хүрсэн хамгийн азтай эрУншсан11,157

Тимоти ямар нэг далдын авьяастай, асар их ухаантай, юу л бол юуг ч бүтээж чадах хүн мэт санагдаж болзошгүй боловч үнэндээ энэ хүнд аз хиймориос өөр юм гэж огт үгүй байжээ.

Энэ хорвоо дэлхий дээр аз хийморь нь бадарсан олон хүмүүс байдаг тухай бид бараг өдөр болгон л сонсож байдаг. Зарим нь ямар нэг хонжвор сугалаанаас санаанд багтамгүй их мөнгө авахад нөгөө нэг нь казинод “ялан дийлж” их хэмжээний мөнгө хождог гэх мэт. Энэ удаа жинхэнэ аз хийморь гэж юу байдгийг ихээхэн өөрөөр, олон дахин үзүүлсэн нэгэн эрийн тухай сонирхуулъя.

АНУ-ын иргэн Тимоти Декстер 1748 онд Массачуссетс мужийн Молден хэмээх хотын ойролцоо хөдөө газар төржээ. Өсөж том болон сургуульд орсон ч хоёр жил сурсан болоод аавынхаа фермд тусална хэмээн сургуулиас гарсан байна. Аав ээж нь ч хүүгээ хэрэгтэй хэрэггүй цаас цоохорлож суухаар амьдралд нэмэр болох зүйл сур гэж нэгэн арьс боловсруулах газарт оруулж, сургаж эхэлсэн боловч тэвчээргүй Тимоти нэг л өдөр ажлаа хаяж Бостон руу азаа үзэхээр явсан байна. Сурсан мэдсэн юмгүй, хөдөөний жаахан залуу өлөн хоосон хэсүүчлэн олон жил явж байхдаа таарсан ажил болгоныг хийж яваад санаандгүй байдлаар шилний үйлдвэрийн эзэн Элизабет Фротингем хэмээх өөрөөсөө нэлээд эгчмэд бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон байна. Дөрвөн хүүхэдтэй, ахимаг насны эмэгтэйтэй нэг гэрт орж байгааг нь олон хүмүүс мөнгөний төлөө хийж байгаа ажил гэж үзэж байсан ч Тимоти харин энэ яриаг ер хүлээн зөвшөөрсөнгүй.

Удалгүй Тимоти эхнэрээсээ мөнгө зээлж хотын баячууд, бизнесменүүдийн амьдардаг хэсэгт газар худалдан авч томрох гэж үзлээ. Хэн ч түүнийг тоож үзсэнгүй. Аргаа барсан Тимоти төрийн албанд орвол хэн хүн түүнийг өөрөөр хардаг болно гэж үзэн түшмэл болох гэсэн боловч дөнгөж 2-р ангийн боловсролтой хүн ийм юм мөрөөдөөд ч хэрэггүй байв. Гэсэн ч Тимоти хөөцөлдсөөр нэгэн албан тушаал шинээр бий болгуулж авсан нь бугын тоо толгойг хянах ажил. Гэтэл энэ нутагт үзээд өгье гэсэн ч ганц буга огт байсангүй.

Ийм байдлаар амьдарсаар 1775 онтой золгожээ. Тусгаар тогтнолын төлөөх дайн болохын өмнөхөн 13 мужийн хамтарсан их чуулганаар Америкийн анхны валют болох эх газрын доллар гээчийг бий болгон гүйлгээнд гаргаж эхлэв. Шинэ мөнгийг хэт ихээр хэвлэн гаргаж байсан учраас удалгүй энэ мөнгөний ханш, нэр хүнд унаж эхэлсэн ба бүх л хүмүүс цалингаа энэ цаасаар аваад цэргүүдийн цалин болох зоосон мөнгөөр солих дуртай гэж жигтэйхэн болж. Тимоти энд ашиг олох боломж байгааг олж харжээ. Эхнэрийнхээ бүх хөрөнгийг барьцаанд тавьж байгаад хэнд ч хэрэггүй болж байгаа цаасан мөнгийг худалдан авав. Удалгүй дайн болж, улмаар дайны төгсгөл хаашаа эргэж байгаа нь тодорхой болох тусам өнөөх цаасан долларын ханш чангарсан учир мань эр анх зарсан хөрөнгөө 15 дахин нэмэгдүүлж чаджээ. Ямар ч мундаг бизнесмен, эдийн засагч нар ийм юм хэзээ ч хийхгүй байсан нь тодорхой. Ёстой тэнэгийн дотор уужуу гээч нь болсон байна.

Одоо мань эр мундаг том орд харш бариулж олон тооны худалдааны усан онгоц худалдан авлаа. Угаасаа жаахан ааш муутай, дээр нь тэнэгдүү боловч хага баяжсан энэ эрд нутгийн баячууд, ардууд нэг их дуртай биш бөгөөд мань эрийн араас янз бүрээр шоглох, элдвээр хэлэх явдал тасардаггүй байж. Нэгэн удаа худалдаачин эр мань Тимотид нүүрсээр халаадаг индүү зарвал бас баахан мөнгө олж болно гэж “явуулж“ өгч. Ийм индүүтэй хүн хүйтэн өвөл ороо нэг индүүдэн дулаацуулаад хэвтэхэд ёстой сайхан унтах учир ашигтай талыг нь сайн сурталчлаад өгвөл мөнгийг боодол боодлоор олно шүү, бушуухан Баруун Энэтхэг  яв гэж тэр нөхөр ухуулан сэнхрүүлж эхлэхэд Тимоти ч дахин их мөнгө олох нь гэж баярлан тэр даруй 42 000 индүү худалдан авч өвөл байдаггүй халуун нутаг руу явлаа.

Явдал төвөг болж байж очсон ч өнөөх индүүг нь тоох хүн байсангүй. Ор дулаацуулах байтугай яавал сэрүүн байх вэ гэдэг мөнхийн мөрөөдөлтэй нутагт тэр индүү ямар ч хэрэггүй хог болсон мэт байв. Гэсэн ч Тимоти ямар шантрах биш индүүгээ сурталчлан зарах гэж зүтгэсээр. Ядаж үнээ буулгаж болох ч мань эр ийм жижиг сажиг зүйл огт бодсонгүй. Ор сайн дулаахан болгодог индүүгээ аваарай...!

Нэгэн удаа чихрийн нишингэ тариалдаг нөхөр тэнэж яваад Тимотигийн индүүг олж харжээ. Энэ индүүг ашиглан ургацаа хураавал их л амархан, хурдан болох юм байна гэж ойлгосон эр олон тооны индүү худалдан аван, бага зэрэг өөрчлөн туршиж үзэхэд үр дүн гэж янзтай. Нутгийн олон залхуу эр хөлсөлж байснаас ганц хоёр хүнд ийм индүү өгөөд хамаад байхад эдийн засгийн хувьд хамаагүй давуутай эд байв. Дараа нь түүний өрсөлдөгч нар нь ч бас ийм индүүтэй болохоор өрсөлдөж Тимотигийн авч ирсэн 42 000 индүү гэнэт бүгд зарагдан дуусч азтай эр маань 80 хувийн ашигтай, нутагтаа буцаж ирсэн гэдэг.

Тимоти нутагтаа эргэн ирэхэд түүний аз хийморийг гайхахаас илүүгээр дооглож, доромжилж байсан атаархагч нар нь мань эрээр тоглоом хийн шившиг болгохоор шийдсэн байна. Тэдний нэг болох хоржоонтой нөхөр Тимотид их хэмжээний нүүрс худалдаж аваад Ньюкасл хотод аваачиж зарвал ашиг хонжоо ихийг олно гэж ойлгуулжээ. Манай хүн ч баахан нүүрс аваад Ньюкасл хүргэв. Гэтэл энэ хот нь өөрөө нүүрс олборлодог хамгийн том газрын нэг байжээ. Өөр бусад хүн байсан бол хоосорч дампуурлаа гээд зарим нэг нь амиа хорлох байсан биз. Тимоти л лав тийм хүн биш, зарна гэсэн бол зарна гээд нутгийн хямд нүүрснээс хэд дахин үнэтэй нүүрсээ энд тэнд сурталчилсаар. Гай газар доороос гэгчээр гэнэт нутгийн уурхайчид цалин мөнгөө голон ажил хаяж, энэ нь удаан хугацаагаар үргэлжилснээр нүүрсний үнэ тэнгэрт хадаж Тимоти дахиад л элбэг арвин ашиг орлого олжээ.

Тимоти ямар нэг далдын авьяастай, асар их ухаантай, юу л бол юуг ч бүтээж чадах хүн мэт санагдаж болзошгүй боловч үнэндээ энэ хүнд аз хиймориос өөр юм гэж огт үгүй байжээ. Тэнэгдүү, дээр нь өөрийгөө бүх зүйлийг мэддэг гэж үздэг, дээрэнгүй тийм л эр байсан бөгөөд баяжаад энэ зан нь бүр ч дийлдэхгүй болж.

Тэрээр өөрийг нь магтан дуулагч, аялдаг дагагч хачин хачин нөхдүүдийг дагуулж явах бөгөөд тэдний нэг болох Жонатан Пальмер гээч Тимотигийн хувийн яруу найрагч болжээ. Жонатан ч эзнийгээ ёстой нэг магтан дуулсан найргийг өдөр болгон туурвисаар. Харамсалтай нь энэ хүнд ямар ч яруу найрагч, зохиолчийн авьяас байхгүй, загасчилж амиа тэжээдэг хүн байжээ.

Нас явж, Тимоти ч өнгөрсөн амьдралынхаа тухай, амьдралын утга учир гэж ямар зүйл байдаг талаар “гүн ухаан” ярих нь их болсон ч харамсалтай нь түүнийг сонсох хүн байсангүй. Үүнээс гарах арга зам нь амьдралынхаа замналыг бичсэн томоохон дурсамж хэвлүүлэх явдал гэж тэр үзлээ. “Ухаантнуудын хувьд утгагүй зүйл буюу бодит үнэн цэнхэр хувцастайгаар” хэмээх (олон газар олон янзын нэрээр гарсан гэнэ) дурсамж нь 20 гаруй хуудас бөгөөд улс төр, шашин, хувийн амьдрал, эхнэр хүүхэд гээд дурдагдаагүй сэдэв гэж бараг огт үгүй юм гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр олон мянган үг, дүрсүүд нь хоорондоо ямарваа нэг утга авцалдаа үгүй, алдаагүй үг ч байхгүй шахам, ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл байжээ.

Тимотигийн хийсэн ажил хойно энэ эрүүл хүн унших боломжгүй хачин дурсамж гэсэн юм нь бас л асар олон тоогоор зарагдан, тухайн үеийн бестселлерүүдийн нэг болж байсан гэдэг. Дэлхийн түүхэн дэх хамгийн азтай эрийн түүх нэг иймэрхүү...

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 26. 7:49
Зочин

Гэхдээ энэ хүн зорилгоосоо ухраагүй юу ч болоогүй юм шиг зүтгэсэн нь түүнд аз авчирсан юм биш үү!

8 сар 20. 13:31
Зочин

ёооё пяз юмаа тэгхэд мань мэт нь ибаримтаас 1ч зоос хожддоггүй шаас

8 сар 5. 13:24
Зочин

Азтай муу туучий вэ.

8 сар 6. 11:53
ЗочинM

harin tiim

8 сар 19. 15:15
Зочин

zgrl ymarch ersdlees aidaggv hiideg bsn ym bishvv aztai geheesee ilvv vzeed alddag zantai kk

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]