Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Шадар вангийн амьдрал, тэмцэлтэй холбоотой уул ус, домог, ардын дуу Хөвсгөл нутагт цөөнгүй бийУншсан9,579

Хотгойдын шадар ван Чингүнжавын амьдрал, тэмцлийг олон жил уйгагүй судалж, эрдмийн зэрэг хамгаалсан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуунтай ярилцлаа.

Есөн цагаан тугны сүлдэн дор нэгдэж, эх орон, эгэл түмэн, газар шороогоо хамгаалан Манжийн хааны өмнө бөхөлзөлгүй тэмцсэн чин зоригт баатруудын нэг Хотгойдын шадар ван Чингүнжав байлаа. Түүний амьдрал, тэмцлийг олон жил уйгагүй судалж, эрдмийн зэрэг хамгаалсан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуунтай ярилцлаа.

-Та өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын архивт ажиллахдаа Хотгойдын шадар ван Чингүнжавын амьдрал, тэмцэлтэй холбоотой шинэ баримт, мэдээлэлтэй ирсэн үү?

-2009 оны эцсээр Монголын хэсэг судлаачид БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр ОХУ-ын архивт ажиллах сайхан боломж гарсан юм. Миний хувьд ОХУ-ын Эртний Улсын түүхийн архивт ажилласан. Тэнд Монголын XIII-XVIII зууны төгсгөл хүртэлх үеийн олон сурвалж бичиг хадгалагддаг. Бид XVII зууны Монгол-Оросын харилцаа, Халхын ноёд болоод Алтан хаадын намтар түүх, Хотгойдын Чингүнжавын үйл ажиллагаатай холбоотой материал үзэж, нэлээдгүй шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинээр хайж олсон. Тухайлбал, алтан ургийн хаадын өөр хоорондоо Монгол бичгээр бичсэн эх захидал, тухайн үед Монголд зочилсон оросын элчийн тэмдэглэл, нааш цааш харилцсан захидлууд нэлээн бий. Сонирхолтой нь тэнд 1672 оны үед зурагдсан Лувсанрэнчин хун тайжийн хөрөг  хадгалагдаж байна. Уг хөрөг XVII зууны үеийн Монголын үндэсний хувцас, эд хэрэглэл, зэрэг зиндааг илэрхийлэх төдийгүй тухайн үеийн түүх, соёлын чухал баримт болно. Энэ ноён Чингүнжавын элэнц эцэг. Хөвсгөлчүүд ирэх долдугаар сарын сүүлчээр Шадар ван Чингүнжавын  300 жилийн түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Түүхэн цаг үед түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлийг тодруулахад эл зурмал хөрөг чухал баримт болох юм.

 

-Та Чингүнжавын амьдрал, тэмцлийн түүхийн талаар олон жил судалгаа хийлээ. Түүний талаар шинэ соргог баримт хэр цугларч байна?

-Сүүлийн 12 жил Хотгойд түмний зан заншил, түүх соёлоос гадна Чингүнжавын удам, угсаа гарал, намтар, улс төрийн үйл ажиллагааг сонирхож судаллаа. Хотгойдууд өөрийн гэсэн өвөрмөц соёл, зан заншил, баялаг түүхтэй. Халх, Ойрадын аль алиных нь хэв шинжийг түүх, соёлдоо хадгалж иржээ. Чингүнжавын амьдрал, тэмцэл дардан байгаагүй, адармаатай замыг туулсан. Тэрбээр хотгойдуудыг захирсан Чингис хааны угсааны боржигон овогтой, хиад ястай язгууртан байсан. Түүний зан байдлыг Оросын дипломатич Бантыш Каменский тэмдэглэхдээ "Олны сэтгэл, хүсэл, мөрөөдлийг өөртөө татсан шийдэмгий зоригтой, дөлгөөн хүн байсан" хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингүнжавын түүхэнд холбогдох баримтыг Монгол улсад 1950-аад оноос эрчимтэй судалж эхэлсэн. "Чингүнжав судлал"-д онцгой хувь нэмэр оруулсан хүн бол Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат, академич Н.Ишжамц гуай. "Чингүнжав судлал" гадаад орнуудад аль эрт 1870-аад оны үеийн Оросын жуулчдын тэмдэглэлээс аваад түүний тухай домог, яриа эхэлсэн гэж ойлгож болно. Манж, Орос, Монгол хэл дээрх архивын эх баримтууд уг судлалын гол хэрэглэгдэхүүн болдог.

-Хотгойдуудын дунд шадар вангийн тухай уламжлагдаж ирсэн домог яриа их бий. Тэр бүхэн Таны судалгааны гол эх хэрэглэгдэхүүн болсон байх аа?

-Архивын хэрэглэгдэхүүнээс гадна  200, 300 жил ам дамжиж ирсэн нутгийн ард олны аман яриа чухал ач холбогдолтой. Энэ нь түүнийг илүү бодитойгоор хүлээж авч, ойлгох, түүхийн сурвалжид байхгүй мэдээг олоход ихээхэн дөхөм болдог. Хотгойдын ард түмэн шадар вангийнхаа түүхэн бодит амьдрал, тэмцлийн тухай дурсамжийг гайхалтайгаар хадгалж үлдсэн. Манжийн эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн алдар гавьяаг нь дурсахын тулд  шүтээн, уул овоо, түүхийн соёлын өөр бусад дурсгалд нааж, түүгээрээ дамжуулан, үйл хэргийг нь домог болгон өнөөг хүртэл уламжилж иржээ. Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэхэд "Хотгойд Чингүнжав" сан, "Хотгойд Монгол" сонин, "Хотгойд судлал" төв болон Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нар онцгойлон анхаарч, энэ асуудлыг улс орны хэмжээнд тэмдэглэх ажлыг зохион байгуулсан. Энэ нь Монгол түмэн, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тэмцсэн түүхэн бодит хүмүүний дурсгалыг хүндэтгэсэн онцгой үйл явдал, эх түүхэндээ элэгтэй хандсан буянтай үйлс юм.

-Түүний үйл хэрэг, тэмцэл түүхэнд томоохон байр суурь эзэлж чаддаг болов уу?

-Чингүнжавын  тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэмцэл Монголын түүхэнд томоохон үүрэгтэй. Чин улсын эзэн хааны өөдөөс сөрж, зоригтой тэмцсэн нь тухайн үед  санаанд багтамгүй эр зориг шаардсан үйл явдал байв. Тухайн үед Манж чин улс Азийн ихэнх газар нутгийг эзэлсэн хүчирхэг гүрэн байсан. Чингүнжаваар удирдуулсан бослого халх даяар өрнөсөн нь манжийн  хааныг  цочоон балмагдуулж, сандралд оруулсан. Хаан арга буюу зарлиг буулгаж, хуучин шийтгэлээ уучлан,  түүнд жүн ван цол өргөмжлөн, хотгойд аймгийн тэргүүн болгон, цэргийн туслах жанжны тушаалыг хавсруулсан ч тэрсэлдсээр л байсан. Энэ нь түүний тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчтэй байсныг харуулдаг. Харамсалтай нь Чингүнжавын цэрэг зэвсгийн хүч илт бага, түүний санааг халхын ноёд ойлгож, дэмжээгүй, салан одсон. Энэ байдалд тэмцлийг хүчин мөхөсдөхөд хүргэсэн. Хэдийгээр боссон ч тэрбээр амжилтад хүрэхгүй байх шалтгаан байсан. Хаант Орос улс манж нартай шадар ванг хил даван, оросын нутаг руу ороход баривчилж, Бээжинд хүргэхээр хэдийн сэм тохиролцсон байна. Энэ тухай түүхэн баримт бий. Манж чин улсад Оросын мужийн захирагчаас "Хэрвээ түүнийг манай нутагт хөл тавибал бид даруй баривчилж, Бээжинд хүргэх болно" хэмээн амласан захидал илгээсэн байдаг.

-Шадар вангийн судар нуусан агуй, бууж үдэлсэн газар домог болсон гэдэг юм билээ.

-Түүний амьдрал, тэмцэлтэй холбогдолтой уул ус домог, ардын дуу Хөвсгөл нутагт цөөнгүй бий. Тухайлбал, Дэлгэр мөрний зүг хандсан нэгэн асга хад бүхий ууланд бяцхан агуй байдаг. Тэр агуйд шадар ван манжийн дарангуйлагчдаас Ганжуурын 108 ботийг нуун хадгалж байсан тул "Ганжууртын агуй", цахиур бууныхаа саадгийг гээсэн газрыг "Саадаг толгой", айраг уудаг цоохор шаазангаа орхисон газрыг "Шаазант" хэмээн нэрлэжээ. Түүний дурсгалд зориулж босгосон алдарт Цагаан чулуутын овоо бий. Оросын нутаг  дэвсгэр дэх томоохон түүхэн дурсгалын нэг юм.  Үүнээс улбаалсан ард түмний дунд их сонирхолтой домог бий. Нутгийн ард шадар вангийнхаа гэгээн дурсгалд зориулж, эмээлийн бүүрэг элтэртэл чулуу зөөж, босгосон. Манжийн хаанд  "Их гүрний эзэн хааны буян хишгийг  Оросын  нутаг  руу гаргахгүй гэж бодож босголоо" хэмээн хуурсан гэх яриа байдаг. 

-Тэр үед Манжийн хэн гэгч хаан төр барьж байсан юм бэ?

-Манжийн төрийн хаан ширээнд 59 жил заларсан Тэнгэр тэтгэсэн буюу Цяньлун хааны үед тэмцэл өрнөсөн. Чингүнжав 1756 оны зургадугаар сард манжийн цэргийн хуаранг орхин, төрөлх нутгийн зүг урианхай, хотгойд 800 орчим цэргээ авч эргэснээр бослого эхэлсэн. Тэрбээр манжийн өртөө, харуулын албыг хаяж, өөрийн дэргэд явсан манж түшмэлийг шахаж, захидлыг бичүүлэх гэсэн боловч энэ хэрхэвч айлтгаваас болохгүй хэрэг хэмээн татгалзсанд ихэд хилэгнэж, өөрийн хүнд тушаагаад Монгол үсгээр айлтгалаа бичүүлжээ. Уг айлтгалд тайж Дамбажавыг цаазаар авсан, Рэнчиндоржийг хилсээр цаазалсан, халхчуудаас дааж давшгүй алба гувчуур нэхэн гомдоож байна хэмээн хэдэн зүйлийн шалтгааныг өчсөн нь тэмцлийнх нь гол үндэслэл байв. Харин манжийн албан түүхэнд тэмдэглэгдсэн харуултай холбоотой асуудал нь түүний шалтаг нь байсан гэж үзэж байна. Шадар вангийн тэмцлийн гол сургамж нь Монголчууд эв зүйгээ олоогүй, нэг хэсэг нь бусдын төрд үйлчилсэн, нөгөө хэсэг нь үгүйрч ядуурсан, бас яахаа мэдэхгүй цагийг алдсанд учир оршино.  Чингүнжавын тэмцэл амжилтгүй болсон ч түүний энэ үйлсийн цаад утгыг ард олон хэдэн үеэрээ тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооны төлөөх үзэл санааны илэрхийлэмж болгон уламжилж ирсэнд утга бий. Чингүнжав хэзээ нэгэн цагт ирж,  биднийг аварна, тиймээс хар хаяавч хөх үүдтэй байх хэрэгтэй, түүний бүрээ, туг хоёр нийлсэн цагт тэрбээр эргэж ирнэ, түүний сүнс алаг унага болон эх нутагтаа ирсэн гэх зэрэг домог  хийсвэр сэтгэлгээний шинжтэй мэт боловч цаад агуулга нь гүн утгыг шингээсэн зүйл юм. Хотгойд түмний дунд шадар ванг 81 зоосны нүхээр сүвлэсэн учраас манжийн эзэн хааны хатнаас цоохор биетэй хүүхэд төрөхөд, ихэд зэвүүцэн хөнөөсөн гэх яриа ч бий. Өөрөөр хэлбэл ардууд энэ аман яриандаа  манжийн хааныг  жигшин, зэвүүцэх үзлээ шингээсэн нь илт байдаг. Шадар вангийн тэмцэл амжилтгүй болсны шалтгаан нь их хүчний эсрэг босохдоо  хэт яарсан. Халхын нөлөө бүхий ноёдод итгэж найдсан. Чингүнжав, Цэнгүнжав нар өөр хоорондоо үг хэлээ олж, ойлголцоогүй. Газар нутгийн хувьд хүрээнээс алслагдмал тул мэдээлэл авах боломж  хомс байсан. Дээр нь эсрэг талынхаа башир арга, заль мэх, байлдааны тактикийг нарийн мэдрээгүй. Энэ нь ч түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэж үлдсэнээс анзаарагддаг. Гэхдээ манжийн хааныг ихэд тэвдэн зарлигийн захидлуудыг удаа дараа илгээж байснаас үзвэл Чингүнжавын тэмцэл ихээхэн анхааралд өртөж, өргөн олныг хамарсан нь харагддаг. Чингүнжав Манжийн хаанд "Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй" хэмээн алдартай үгээ өчсөн байдаг.

-Шадар ванг өөрийнх нь захирч байсан хошууны ноёд хоорондоо сэм үгсэн ярилцаж, манжийн хаанд барьж өгсөн гэх яриаг өмнө нь сонсож байсан юм байна?

-Чингүнжавыг барьж өгсөн гэх хошууны ноёд хэдэн үеэрээ түүний барьсан хар тугийг тахидаг байсан. Туг, бүрээг нь түүний харьяат нар нандигнан хадгалж, 1930-аад он хүртэл шүтэж байсан тухай яриа ч бий. Шадар ван баригдах нь нэгэнт тодорхой болсон тул төрөл төрөгсөд, ах дүүсээ өөрөөсөө холдуулсан. Ноёдын хоорондын харилцаа, тэдний хагарал, урвалтыг баримтад тулгуурлаж, үндэслэлтэй судлах ёстой. Түүнээс биш шадар ванг хошуу нутгийнхан нь манжийн хааны зарлигаар барьж өгсөн гэж ойлгож болохгүй. Тэгэхээр тухайн түүхэн цаг үеийнх нь нөхцөлийг сайтар харж, дүгнэлт хийх хэрэгтэй. 

-Манжийн төр барьж байсан хаадаас Тэнгэр тэтгэсэн хамгийн хэрцгий нь байсан тухай түүхэн зохиолд өгүүлсэн л байдаг?

-Хаан ширээ залгамжилсан хаадаас Тэнгэр тэтгэсэн хамгийн удаан төр барьсан, Монголчуудыг ихээр тамлаж, хүйс тэмтэрсэн, хэрцгий гэдгээрээ алдартай. Тэрбээр ганц шадар вангийн тэмцлийг дараагүй. Зүүнгар буюу Ойрадын ард түмнийг, халх дахь бослого, Чимчигэдийн бослого, Амарсанаагийн тэмцлийг харгислан дарж, Рэ ван буюу Халхын Дархан түшээт вангийн хүүг цаазалсан. Чингүнжавыг  Бээжинд цаазлагдсаны дараа эрхий хурууг нь авчирч, Монгол газар шороонд нутаглуулсан гэж нутгийн ард өнөөг хүртэл домог болгон ярьсаар ирсэн. Хотгойдын ард түмний энэ бодол санаа Монголчуудын үзэл бодол байсан. Түүний тусгаар тогтнолын төлөөх домог Тувагийн нутгаас Хөлөн буйрийн нутаг хүртэл өргөн уудам газрыг тархсан. Түүхийн сурвалж мэдээнээс гадна ард түмний олны дунд өнө удаан жил дамжсан сэтгэлгээний түүхийг харах хэрэгтэй. Энэ хоёрыг  харьцуулж байж үнэн түүх гарна.          

-Шадар ван Чингүнжавын тэмцэлтэй Рэнчиндорж ван, Ойрадын Амарсанаа нар хэрхэн холбогдсон юм бэ?

-Рэнчиндорж ван, Амарсанаа нар Манжийн эзэн хаанд зүтгэсэн жанжин. Тухайн үед Монголын ноёд манжийн төрд 60 гаруй жил зүтгэсэн байсан.  Гурван жанжны үйл хэрэг, сэтгэл зориг нэгдэн, Манжийн цэргийн албыг хаяж, эсэргүүцэн хамтдаа тэмцсэн. Тэд манжийн хааны дуулгавартай зарц байхыг хүсээгүй. Халхын Жавзандамба хутагтын ах Рэнчиндорж ван шадар ван Чүнгүнжавтай  худ ургийн холбоотой. Рэнчиндорж вангийн эцэг Дондовдоржийн их хатан Цагаан дарь эх Хоёрдугаар Богдын ээж юм. Хоёрдугаар Богд эхэн үедээ шадар вангийн бослого, тэмцлийг дэмжсэн. Харин сүүлийн хэдэн жилд эсэргүүцсэнээ илэрхийлж захидал илгээсэн байдаг. Захидалд ямар утга учиртай зүйл  өгүүлснийг нарийн тунгааж үзэх хэрэгтэй. Түүний нэрийн өмнөөс Манж нар, эсвэл өөрөө бичсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Гэхдээ Хоёрдугаар Богд бичээгүй байх магадлал өндөр. Тухайн үед Чүнгүнжавыг ихэд дэмжиж, Манжийн төрийн бодлогыг буруушаасан байдаг. Тэнгэр тэтгэсэн хаан ихэд зэвүүцэн, Хоёрдугаар Богдыг 37 настай байхад нь Жанжаа хутагтаар хор өгүүлэн, амь насыг нь хөнөөсөн. Амарсанаагийн хувьд шадар вантай биечлэн уулзаад, үйл хэргийнхээ талаар ярилцаж байсан баримт хараахан олдоогүй. Гэхдээ хоёр жанжин тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ холбоотой гэдэг нь сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Манжийн хаан тэднийг ойр байлгаж, хүчээ нэгтгэх ямар ч бололцоо өгөөгүй.  Газар, нутаг усаар зааглан, аль болох хол байлгахыг хичээсэн.

-Манжийн хааны гар хөл бологсод шадар ванд тусалсан хүмүүсийг эрж хайн, араас нь нэхсээр хороосон тухай баримт байдаг юм билээ?

-Манжийн гар хөл бологсод шадар ванг  баригдсаны дараа Цэвээнжав, Цээсүрэндорж хэмээх хоёр хүүг нь Хоёрдугаар Богдоос амь гуйх тусламж эрэн, Их Хүрээний ойролцоо ирэхэд нь баривчилж, Бээжинд хүргүүлсэн. Чингүнжавыг хэрхэн цаазалсан баримт одоогоор олдоогүй. Гэхдээ түүхэн баримт заавал байх ёстой. Ван цолтой Монголын жанжинг Тэнгэр тэтгэсэн хааны зарлиггүйгээр цаазлана гэж үгүй.

-Хэдийгээр шадар вангийн тэмцэл дарагдсан ч энд тэндгүй бослого гарсаар байсан нь харийнхнаас эх орноо хамгаалах, тусгаар тогтнолын төлөөх үндэсний томоохон хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм биш үү?

-Шадар вангийн бослогыг дарж, Бээжинд хүргэсний дараа түүний эзэмшлийг задлан тарааж, шинэ хошуу нутаг болгох ажилд яаравчлан орсон. Манжийн эзэн хаан энэ үед эелдэг байдал гаргаж,  Хотгойдуудыг яс махнаас нь салгахгүй гэж мэдэгдсэн. Түүнээс хойш энд тэнд гарсан бослого нухчин дарагдсан ч эх орноо харийнхнаас хамгаалах үзэл санаа нь ард олны дунд хилэн төрүүлж ассаар байсан. Энэ нь манжийн төрийг донсолгож, дараа дараагийн тэмцэлд дуудан босох эхлэл байв. 160 гаруй жилийн дараа олны хүсэл биеллээ олж, Монголчууд тусгаар тогтнолоо 1911 онд тунхагласан. Үүний дараа 1921 онд сэргээн мандуулан баталгаажуулж, 1961 онд НҮБ-д элссэнээр Монгол Улсын тусгаар тогтнол бат бөх суурьтайгаар оршин тогтносон. Шадар вангийн үзэл санаа, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Монголчуудыг хүнд үед ч урам зориг төрүүлж байлаа. 1940-өөд оны дайны үед Чингүнжав, Амарсанаа нарын жүжиг тавигдаж, тэмцэгч үзэл санаагаар нь цэрэг, ардын сэтгэлийг сэргээж, эх орноо хамгаалах бодлыг төрүүлж байв. 1958 онд Шадар ван Чингүнжавын тэмцлийн 250 жилийн ойгоор, түүний хөргийг бүтээсэн нь одоо Үндэсний музейд хадгалагдаж байна. 

-Амарсанаа хил давж зугтаан, Оросын нутагт нас барсан тухай яриаг батлах баримт олдсон уу?

-Миний хувьд Амарсанаагийн түүхийг тусгайлан судлаагүй тул нарийн мэдээг хэлж чадахгүй. Товч хариулахад түүнтэй холбогдолтой баримт Оросын түүхийн архивт хадгалагдсан байдаг. 1919 онд Оросын нэрт Монголч Б.Я.Владимирцов "Оросын архив дахь Амарсанаа" гэсэн түүхийн судалгаа хийж байхдаа  олж, судалсан. Амарсанаа 40 орчим насандаа өвчний улмаас Тоболск хотод нас барсан, Шарилыг нь Манжийн хаанаас элч гарган мөн эсэхийг шалгуулаад авах гэсэн боловч оросууд өгөөгүй. Тэд  шарилыг авчран Галуут нуурын ойролцоо оршуулсан мэдээ бий. Нас барсан тухайг нь мэдээлсэн захидлууд баримт болж үлдсэн байдаг.  

-Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэдний тэмцэлд манжийн гар хөл болсон урвагчид ихээхэн саад болсон гэдэг?

-Ихэнх хүмүүсийг урвагч гэж харахаас илүү тухайн нөхцөл байдал нь ямар байв гэдгийг түрүүлж олж, харах хэрэгтэй. Гэхдээ урвагчид байгаагүй гэж хэлэхгүй ээ. Чингүнжавыг Оросын хил давуулахгүй яаравчлан баривчлах нь Манжийн хааны амин чухал зорилго байв. Түүнийг баривчлан, Бээжинд хүргэх гол үйл ажиллагаанд Монгол хүмүүс оролцсон байдаг. Манжийн эзэн хаанд түүний талаарх мэдээллийг Монголчууд өөрсдөө өдөр бүр мэдээлэл өгч байсан баримт бий. Миний үргэлжлүүлэн судалж буй судалгаанд энэ асуудал удахгүй тусгагдана. Монголчууд өнөөг хүртэл ярьсаар ирсэн нэг зүйл байдаг. 1757 оны нэгдүгээр сарын эхээр Чингүнжавыг Хороогийн голд түр буудаллаад байхад нь дархадын зайсан, урвагч Азар манж цэргүүдэд хэл хүргэн, зам зааж, баривчлуулсан гэх яриа бий. Дархад зон олон бүгд Азар шиг биш. Түүгээр дархадуудыг төсөөлж, Дархад, Хотгойдууд хоорондоо сөргөлдөж болохгүй. Азар амьд үлдэхийн тулд албан тушаал дэвшиж, манжийн эзэн хаанаас шагнал авсныхаа хариуд шадар ванг барьж өгөх даалгавар авсан байж болох юм. Түүний дэргэд манжийн итгэлт түшмэд сүүдэр мэт хараа салгалгүй дагаж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. 1920-ид оны Дархадуудын дунд түгсэн аман түүхийн яриаг судлахад харин ч тэд Чингүнжавыг дэмжсэн байдаг. Түүнийг унаа хөсөггүй болоход тусалж, Өлийн давааг давуулсан тухай баримт ч бий.

-Манжийн Тэнгэр тэтгэсэн хааны зарлигаар шадар вангийн гэр бүл, төрөл төрөгсөдийг Бээжинд цаазалж, нэг хүүг нь амьд үлдээсэн гэх баримт бий байх аа. Гэхдээ хүүгийн амьдрал цааш хэрхэн өрнөсөн тухайг ер дуулаагүй юм байна?

-Таван настай хүү Дариас бусдыг нь Бээжинд цаазалсан тухай тодорхой баримт бий. Манжийн эзэн хаан "Чингүнжавын өвөг эцгийн манжийн төрд зүтгэсэн ачийг бодож, таван настай хүүг нь амьд үлдээ" гэж зарлиг гаргасан. Хүү хоёр жилийн дараа учир битүүлгээр нас барсан. Манжийн эзэн хаан Чингүнжавын гэр бүлээс хойш нэлээд хүнд цаазын яг ийм аргыг хэрэглэсэн

-Манжийн Энх-Амгалан, Найралт төв хаан Монгол эхтэй байсан гэдэг. Энэ нь түүхийн хөдлөшгүй бас нэгэн баримт болж чадах уу?

-Манж, Монгол хөрш зэргэлдээ байсан тул ураг барилдах явдал их байв. Энэ нь Монголчуудыг өөртөө татах нэг гол арга байсан. Манжийн Энх-Амгалан, Найралт төв хаан Монгол эхтэй байсан. Зарим судлаачид тэд Монгол эхтэй байсан болохоор Монголчуудад эерэг ханддаг байсан байж болох гэх таамаг дэвшүүлдэг.

-Та аль нутаг усны хүн бэ. Хотгойдуудын түүх, соёл сонирхлыг тань яагаад татчихав?

-Би Төв аймгийн Баянцагаан сумын харьяат. Тал нутагт өссөн. Би өөрийгөө судлахаас илүү өвөрмөц соёл, түүхтэй өөр бүс нутгийн түүхийг судлахыг ихэд хичээдэг. Миний сонирхлыг татсан гурван зүйл бий. Монголын умард бүс нутаг ихээхэн сонирхолтой санагдсан. Учир нь Оростой хил залгаа, түүхийн  олон ээдрээтэй асуудал тэнд өрнөсөн байдаг. Удаад нь ХХ зууны туршид Монголын угсаатны зүй, түүхийн судалгаа хотгойдуудад бараг хийгдээгүй. Тийм учраас түүх, соёлыг цогцоор нь судлах нь сонирхолтой санагдсан. Гуравдугаарт, Монгол улсын гадаад харилцааны түүхийг судлахад Хотгойдуудын түүх их сонин байсан. Тухайлбал, Монгол Орос улсын харилцааг Хотгойдын хаад эхлүүлсэн. Орост  цай  хүргэж, тэдэнд цай  хэмээх  идээг анх уулгасан ард түмэн. Энэ мэт олон асуудал сонирхлыг минь татсан.              

-Шадар вангийн амьдрал, тэмцлийг судалсан Монголч эрдэмтэн хэр олон байдаг бол?

-Бий, бий. Шадар ван Чингүнжавын түүх олон орны эрдэмтдийн сонирхлыг их татсан. Түүнийг  судлах судалгааны ажил 1940 оноос эхэлсэн. Английн нэртэй Монголч эрдэмтэн, судлаач Чарльз Бауден түүний тухай томоохон өгүүлэл 1958 онд бичсэн. Оросын нэртэй эрдэмтэн Н.Л.Жуковская, японы эрдэмтэн Морикава Тэцүо нар судалсан. 1990-ээд оноос хойш ӨвөрМонголын эрдэмтэн Хасдалай амьдрал, тэмцлийнх нь талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Эдгээр эрдэмтний судалгаанд Чингүнжавын үйл хэрэг, тэмцэл янз бүрээр тусгагдсан. Судалгааны ихэнх нь бичгийн сурвалжид тулгуурласан. Гэхдээ тэр үеийн албан бичгийн сурвалж нь Манж чин, хаант Орос улсын төрийн бодлого, эрх ашгийг хамгаалсан байдаг. Яг тэр үеийн түүхээр Чингүнжавын амьдрал, тэмцлийг харах их адармаатай. Түүний тухай домог яриа, түүх, соёлын дурсгал, тэмцлийн түүхийг ард түмэн өнөөг хүртэл дээдэлсээр ирсний гол утга учир бол эх орон, тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалах гэсэн үзэл санаанд шүтэлцүүлэн уламжилж ирсэн юм. Бичгийн болон аман түүхийн мэдээ таарах зүйл байхад тэс өөр зүйл ч бий. Тэгэхээр дан ганц бичгийн манжийн төрийн албаны сурвалжид хөтлөгдөх нь өрөөсгөл, ядаж түүний тухай ард олны дотор хэдэн үеэрээ уламжлан ирсэн түүхийг нь сонсож, домогт газар нутгаар нь явж үзвэл өөр санаа, дүгнэлт гарна. Ингэж эс чадваас хуурай түүх төрнө. Гадаадын болон Монголын түүх судлаачид Монгол төрийн олон зүтгэлтний түүхийг цогцоор нь харж, судалж чадахгүй байна.

-Таны эрдмийн зэрэг горилж, хамгаалсан сэдэв ямар нэртэй вэ?

-Би 2004 онд Москвад "XVII-XX зууны эхэн хагасын Хотгойдуудын нийгэм-эдийн засаг, угсаа гарвалын түүхийн асуудал" нэртэй сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.  

-Хотгойдуудаас шадар вангийнхаа амьдрал, тэмцэл үйл хэргийг баримт материалд тулгуурлан дорвитой бүтээл гаргах байх гэж найддаг. Таны үргэлжлүүлэн судлах ажилд хөвсгөлчүүд таатай хандан, баярлан хүлээж авах нь лавтай?

-Би Хөвсгөл аймагт 30 орчим удаа очиж, ажилласан. Хотгойдууд түүх соёлдоо элэгтэй. Миний судалгааны ажлыг ихэд сонирхон, ойлгож, дэмждэг. Чингүнжавын тухай сонирхолтой мэдээлэл, баримтуудыг олж  өгдөг юм. Ямарваа түүх мэдээллээр  баяждаг. Бүтээлд минь нэмэр болж, өмнө нь сонсож дуулаагүй зүйл сонордуулж, баяжуулдагт талархаж явдаг. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нэгэн ахмад буурал шадар вангийн түүхтэй холбоотой сонирхолтой мэдээтэй захидал илгээснийг хүлээж авлаа. Чадахаараа л хариуг бичиж сууна. 

2010 он.

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 22. 11:59
Зочин

Ард түмэнд бодит түүхийг энэ мэт баримттай өгч баймаар бна. Тэгэхгүй бол манай түүх хоёр намын түүх болж эцэстээ энэ намууд түүхээ булаацалддаг боллоо.

2016, 11 сар 22. 11:44
Зочин

Өөрөө УВС хүн шиг санагдах юм

2016, 11 сар 22. 12:47
Б

УВС ХҮН ГЖ ЯМАР ХҮН БДАГ ЮМ БЭ, ИЙМ ТЭНЭГ БАЙЖ ӨӨРӨӨ ДУУГҮЙ БЖ СУРААЧ.

2016, 11 сар 22. 17:24
gALDAN

чи ТӨВ АЙМГИЙН ТӨМПӨН ШАГАНАНЫ БАНДИ уу

2016, 11 сар 22. 12:21
манж

Увсынх байхаар ер нь яадаг юм бэ хэлээд өгөөч

2 сар 13. 3:01
Зочин mgl

xyn myytai ashigch xymyys shig sanagddag. bygd bish bxoo taarsan l tegj sanagdsan

2017, 3 сар 10. 9:15
Халх

Еврэй шиг л байдаг юм даа

2016, 11 сар 25. 21:16
Зочин

Занабазарын зөв байсан байх. Зүүнгарын улс шиг геноцид хийнэ гэдгийг мэдэж байсан. Тэгээд тэнгэрийн лууны өөдөөс өчүүхэн хав хуцаад хуцаад юу болох вэ дээ. Хий л олон хүний амь гарздана биз. Хүчний харьцааг зөв тооцоолж Харин Монголд хятадуудыг оруулахгүй байсан нь үнэхээр ухаалаг харьцсаных байх. Тийм байхад хүмүүсээ хядуулах нь илүүц байсан биз.

2018, 12 сар 30. 12:04
Зочин

Mongol hyataduudiig oruulaagui baisan bol onoodor chinii tsus tsever uldej tolgoi chini ingej bodoh hurtlee hamuurahgui baisan. Urvagch neriig nasaaraa zuuj yavah bolomj olgoson gegeen lamdaa talarh!

2018, 1 сар 1. 1:33
Сэмбээ

Занабазар бол зүгээр л нэг гарын дүйтэй лам жоохон авяъастай л бсан юм бгаа биз гэгээн мэгээн гэж шаахаа болимоор юм

2018, 1 сар 1. 1:39
Сэмбээ

Өчүүхэн хав гэнэ шүү. Чи л тиим өчүүхэн хав шиг сэтгэлгээтэй нөхөр бна. Могойг 3 хуваасан ч гүрвэлийн дайтай гэдэг бхаа. Тэр үеийн ноёд өөрсдийн өчүүхэг эрх ашгаа хойш тавьж чадаагүйд л хамаг буруу байгаам даа.

2018, 10 сар 8. 8:42
Зочин

mongoliig 3 huvaasan ch gurenii daitai gej baidag ter havtai zuirledeg nuhur uuruu hav bizee

2016, 11 сар 25. 21:22
Зочин

Бид ер нь 8 зууны тэртээх Чингис хаан, 3 зуу гаруй жилийн өмнөх Галданбошигт хааны үйл явдлыг түүхч хүн шиг маргах хэрэг байна уу.Одоо байгаа улсаа олигтой төвхнүүлж чадахгүй улс төрч гэгддэг луйварчдыг толгой дээрээ залчихаад тэргүүн дээрээ баалгаад шээлгээд байж байдаг бид ер нь хэн юм бэ. Энэ нь манжаас болсон юмуу,хятадаас болсон юм уу. Хүний нүднээс далд бол сүрхий бичих юмаа. Гэвч эвлээд тэдгээр тэмцэх юм байхгүй юм. Болж өгвөл энэ ажлыг гаднын хүнээр бас хийлгэчих санаатай гээч

2018, 6 сар 23. 14:29
Зочин

Яаг зөв өвөг дээдсийн түүхээсээ сургамж авч эвтэй байж нэгнээ хүндэлж хөдөлмөрлөж нэгнээ дэмжиж чадвал манай улс хөгжих амархан байна да

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]