Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэг тулаанаар дайсныхаа 22 танк устгасан ньУншсан6,948

Колобановын тухай алдар цууг та бүхэн олонтой л сонссон биз дээ.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

1941 оны 8-р сарын 19-ний өдөр Войсковскийн орчимд ахлах дэслэгч Колобановаар удирдуулсан танкийн рот дайсны давшилтыг тогтоох үүрэг хүлээжээ. Бүс нутагт танкуудаа тараан байрлуулсан ахлах дэслэгч Колобанов өөрийн КВ-1 танкийн экипажийн хамтаар Войсковиц болон Сесьелковогоос Мариенбург орох замын уулзвараас 300 метр зайтай, Мариенбургаас 150 метр зайтай танкийн нуувч ухан байрласан байна. Замын хоёр талаар намагтай тул дайсны танкууд гарч ирвэл "намайг буудаач" гэж байгаа юм шиг зам дээгүүр явж өнгөрөх байлаа. Колобановын ротын гол зорилго ч Мариенбург руу явж буй дайсны цувааг отож, устгах байлаа. Тэдний Ротын хамгаалж буй бусад хэсгүүдэд 20-ны өдөр тулаан эхэлж дайсны таван танк устгагдав.

Удалгүй Колобановын нуувчны дээгүүр Германы тагнуулын онгоц нисэж өнгөрөөд удаагүй байтал Германы тагнуулын мотоциклчид гарч ирлээ. Колобанов тэднийг чимээгүй өнгөрүүлээд ажиглаж байтал Германы хөнгөн танк LT vz.35-ийн 22 танк бүхий цуваа гарч ирэх нь тэр. Цувааг нилээд ойртуулж (байршил-1, зургаар хавсаргав) хоёр хусны харалдаа цувааны түрүүчийн танк ирэх үед Колобанов эхний танкны хас тэмдэгний доохон тал руу хуяг нэвтлэх сумаар галлаад хэмээн командаллаа. Цувааны эхний танк шатаж, цуваа ч зогслоо. Өмнө нь Польшийн дайн, Финийн дайнд орсон туршлагатай их бууч Усов шуурхай ажиллаж дахин хоёр танкийг буудав. Ингээд цувааны толгойн гурван танк устгагдаж, цуваа таг гацлаа.

Германчуудад Войсковиц руу эргэх эсвэл ухрах л зам байлаа. Энэ үед Колобанов цувааны голд (байршил-2) байгаа танк руу галлахыг даруй тушаав. Тэр даруйд Усовын сүрхий ажиллагааны ачаар цувааны голын танк шатаж эхэллээ. Ингээд Германы танкуудын Войсковиц орох зам ч хаагдав. Цувааны танкууд хариу гал нээсээр ухрах аргаа олж ядаж байх зуур Колобанов хамгийн арын танкийг устгалаа. Ингээд 17 танк зам дээр таг гацлаа. Тэд хариу гал нээж байсан ч сайтар бэлдсэн нуувчин дахь КВ-1-ийг устгана гэдэг хүнд асуудал болов. Эсрэгээрээ алган дээр мэт байнууд руу галах Колобановын экипаж дайсныг нэг нэгээр нь устгасаар л байлаа. Германчуудад ямар ч боломж гарсангүй. Нуувчинд байгаа КВ-1-ийг зам дээр бай болон зогсох хөнгөн танкаар устгана гэдэг бүтэшгүй асуудал. Гэвч тэд бууж өгөхийг хүссэнгүй хариу гал нээсээр л байлаа.

Бүтэн цаг нүдэлдэж 98 хуяг нэвтлэх сумаар буудсаны эцэст цувааны 22 танкийг устгаж дууслаа. Германы танкууд шатсаар, доторх галт хэрэслүүд нь дэлбэрч тэр хавийг бүхэлд нь хуйхалж байв. Гэхдээ тулаан дуусах болоогүй байв. Колобановт байрлалаа сольж дараагийн дайралтыг зогсоох тушаал ирлээ. Тэд дөнгөж байраа сольж дуусах үед Германы Панзер-4 танк, танк эсэргүүцэх их бууны дэмжлэгтэйгээр холоос Колобановын танк руу гал нээж эхэллээ. Германы танк Колобановыг хараалах боломж өгөлгүй хэд хэд буудаж, энэ завсар нь механикжуулсан анги нь шатаж буй цуваан дахь өөрийн цэргүүдээ автал галаар халхлахаар оролдов. Колобановын танкны цамхаг ч гэмтэж, эргүүлэх, шагайвраар харах ч боломжгүй боллоо.

Энэ үед Колобанов эрсдэлтэй алхам хийж танкаа нуувчнаас нь гаргаж эх биеэ эргүүлж дайсны танкийг хараалах тушаал өглөө. Германы танк мань эрийн зоригтой үйлдэлд хариу өгөхийн оронд эсрэгээрээ ухарлаа. Ингээд Колобановын танк өөрийн үүргээ биелүүлж нэг тулаанаар 22 танк устгасан амжилтын эзэн болж алдар цуугаа мандууллаа. Энэ өдөр түүний командалсан рот 43 танк устгасны 22-ыг түүний өөрийнх нь экипаж устгажээ. Тулааны дараа Колобановын танкийг шалгаж үзэхэд нийт 135 удаа дайсны их бууны суманд оногдсон байжээ. Уг тулалдааны дараа Зиновий Григорьевич Колобановт ЗХУ-ын Баатар цол олгожээ.

Колобановын тухай алдар цууг та бүхэн олонтаа сонссон биз. Түүний нэрэмжит медаль хүртэл байдаг аж. Мань эр дайн дуустал тулалдсан төдийгүй урт удаан амьдарч 1994 оны 8-р сард 83 насандаа өөд болжээ.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]