Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Би шатаж бэлтгэл хийхгүй л бол амжилтад хүрэхгүй”Уншсан5,937

Мэргэжлийн сүмогийн отгон аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн талаарх мэдээллийг хүргэе. Тэрбээр аварга цол хүртсэнээсээ хойш хоёр башёд дараалан түрүүлээд байгаа билээ.

Мэргэжлийн сүмогийн отгон аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн талаарх мэдээллийг хүргэе. Тэрбээр аварга цол хүртсэнээсээ хойш хоёр башёд дараалан түрүүлээд байгаа билээ. Энэ нь Ёкозүна цол хүртээд дараалан түрүүлсэн амжилтыг 61 жилийн дараа давтсан үйл явдал болжээ.

Айлын ганц хүү Батаа...

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах нь. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан тухай аав Д.Гантулга, Ж.Оюун-Эрдэнэ нар нь хуучилсан байдаг. Г.Ган-Эрдэнэ 1991 онд төрсөн, Улаанбаатар хотын унаган хүүхэд. Батаа гэж бичсэний учрыг уншигчид гайхаж байгаа байх. Энэ нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч энэхүү нэрийг хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэж. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон түүхтэй.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ багаасаа олон төрлийн авьяастай байжээ. Их гоё дуулдаг, бүжиглэдэг. Математикийн хичээлдээ ч сайн, онц сурдаг хүүхэд байж. Харин тэрбээр гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо, самбоор хичээллэсэн байна. Хүүхэд ахуй наснаасаа эхлэн бөхөд дурлаж, Хакүхогийн аав Хөдөлмөрийн баатар, дархан аварга, олимпийн мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Удалгүй түүнийг сүмогийн спортод амжилт гаргана хэмээн үзэж арлын Япон руу явуулж, Тоттори мужийн Жохокү ахлах сургуульд сурган, сүмогоор хичээллүүлж эхэлжээ.

Сумо

Г.Ган-Эрдэнэ “Исэгэхама” дэвжээнд албан ёсоор элсэж, мэргэжлийн сумочийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэрбээр 2014 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлжээ.

2015 оны тавдугаар сард дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн шинэхэн озэки 23 настай Г.Ган-Эрдэнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн ёкозүна болно гэж олон хүн харж байв. Гэвч 2016 оны нэгдүгээр сарын башёгийн  тав дахь өдөр мөрөндөө хүнд бэртэл аван барилдаанаа орхижээ. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй юм. 2017 онд  дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авахуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн билээ.

Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул  түүний цол  буурсаар жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилджээ. Энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй юм.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хүмүүс бэртэл гэмтлээс боллоо гэдэг юм л даа. Миний хувьд бол арай өөр л дөө. Озеки болсны дараахан Аварга болоход амархан юм байна гээд л ааг омог амтагдаж байтал удалгүй бэртэл гэмтэл авсны дараа тавин хувиа хийхтэй үгүйтэй болж эхлэхэд шантарч эхэлсэн л дээ. Тэгээд 2017 оны гуравдугаар сарын үзүүр түрүүнд үлдэж бас дараа башёод нь Хакухо аваргатай үзүүр түрүү булаалдаж байхдаа энэ бэртэл гэмтэл яах ч аргагүй байдалд оруулдгийг ойлгосон. Анх баруун өвдөгний чагтаган холбоо нь тасраад Озекигоос унаж болохгүй гэж гүрийж барилдсаар байгаад зүүн өвдөгний зөөлөн эд нь бяцраад, хагалгаанд гурван удаа орсон. Тэр үед башё өнжөөд эмчилгээгээ дорвитой хийе гэж бодож байтал багш маань тэгж амархан зөвшөөрдөггүй, их хатуу хүн шүү дээ. Нэг өвдөг бэртчихээд байхад л нөгөө өвдөг чинь байгаа биз дээ л гэдэг хүн. Хүмүүс бол намайг өөрийгөө хүчлээд барилдаад байна гэж боддог шүү дээ. Бэртлээ даваад, эмчлүүлээд гайгүй болтол элэгний “С” вирус хүндэрсэн. Бөөрний чулуужилт ихтэй, чихрийн шижинтэй байна гэж оношлогдсон” гэжээ.

Тэрбээр бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо давж, энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлжээ. Эргэн макүүчи дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан байна. Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо ийнхүү түрүүлэн сүмогийн ертөнцийн бахархал болжээ. Учир нь Тэрүнофүжи 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояама түрүүлж байснаас хойших анхны, жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гурав дахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.

Г.Ган-Эрдэнэ “Сэтгэлийн тэнхээтэй байж л амжилтад хүрнэ. Би шатаж бэлтгэл хийхгүй л бол амжилтад хүрэхгүй. Бас анх жүдод хөтөлж оруулсан Ц.Шийрэв багштайгаа утсаар ярьж,байн байн зөвлөгөө авдаг байсан” гэсэн байдаг.

Цар тахлын улмаас өнгөрсөн жил Фүкүокад зохион байгуулагдаагүй Кюүшү энэ удаад олон сонирхолтой зүйлстэй эргэн ирсэн. Өдгөө 30 настай тэрбээр нэг ч унаагүй түрүүлж, хоёр башё дараалан эзэн хааны цомыг хүртсэн түүхэн амжилтын эзэн болжээ. Мөн аварга энэ оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлэв. Г.Ган-Эрдэнэ “Удаан хугацааны дараа Кюүшү башё энэ газар зохион байгуулагдсанд баяртай байна. Та бүхний дэмжлэг намайг өөртөө итгэлтэй барилдахад тусаллаа. Өмнө нь нэг ч унаагүй түрүүлж байгаагүй учир үнэхээр баяртай байна. Ирэх жил түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэмээр байна” гэжээ.

“Ганц түшиг тулгуур нь эхнэр минь л болсон доо”

Тэрбээр бэртэл авч, хүнд цаг үеийг туулахад эхнэр минь л түшиг тулгуур болсон хэмээн хуучилсан байдаг. Түүний ханийг Ц.Доржханд гэдэг бөгөөд банк, санхүүгийн мэргэжилтэй. Тэрбээр эхнэрээ Японд сурч байхад нь танилцжээ. Г.Ган-Эрдэнэ “Гурван удаа өвдөгний хагалгаанд орчихсон, босч чадахгүй болчихсон байсан болохоор дахиж барилдах худлаа юм байна гэж бодсон. Би Озеки байсан хүн шүү дээ гэж бодохоор л жаахан ч юманд санаа зовоод л. Ганц түшиг тулгуур нь эхнэр минь л болсон доо.Үргэлж хамт байсан. Хамт спорт клуб явж, бэлтгэл хийнэ. Дагаад л явна. Гэрт дандаа монгол хоол хийж өгнө” гэсэн байдаг. Тэд 2015 онд Тэрүнофүжиг озэки болж байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ. Харин 2021 оны 2-р сарын 11-нд Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийсэн байна.

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ оны наймдугаар сард Япон улсын иргэншил авсан юм. Энэ талаар түүний анхны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв цахим хуудаснаа ийнхүү бичсэн байдаг.

Тэрбээр “Ёкозүна Г.Ган-Эрдэнэ маань өнөөдөр Японы иргэншлээ авлаа. Озэки цолтой барилдаж байхдаа энэ тухай юу ч ярьдаггүй байсан. Хүнд хэцүү бэртэл гэмтэл, бэрхээс бэрхийг даван туулж өнөөдрийн энэ их алдар хүндэд хүрэхэд дэвжээний багшийнх нь итгэл сэтгэл их дэм өгсөн. Багш нь хавраас энэ саналыг тавьж эхэлсэн. Дэвжээнээсээ хоёр Монгол аварга төрүүлсэн. Багшийнхаа ачийг хариулж "Би Япон Монголдоо биш их аваргадаа дэвжээгээ өвлүүлмээр байна" гэсэн саналыг хүлээн авч ачийг нь хариулж иргэншлээ авчээ. Эрэмгий Монгол хөвгүүдээс дэвжээндээ авч ирээдүйн их аварга төрүүлээрэй гэж эрхэм шавьдаа хүсэн ерөөе” хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]