Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол Улсад зэвсэгт хүчин хэрэгтэй юу?Уншсан8,138

Хятад улс гэж тарсан, бутарсан баахан warlord-ын эзэмшилд хуваагдсан олон хэсэг байсан бөгөөд дахиад тийм үе ирэхгүй гэх баталгаа үгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Баруун Европын зарим улс орнуудад газар зүйн өвөрмөц байршлаасаа шалтгаалан арми,цэрэгжсэн байгууллага байх хэрэгтэй эсэх, байвал чухам ямар хэлбэртэй байх нь зөв тухай эрт аль дундад зуунаас хойш их ярьдаг, маргадаг нь хүйтэн дайнаас хойш улам их болж. Одоогоор армигүй, зэвсэгт хүчин үгүй хэмээгдэх 10 гаруй улс байдаг гэнэ.

Тэр хаа холын улс орнуудыг бодвол харин ч ёстой өвөрмөц байрлал бүхий Монгол улсад зэвсэгт хүчин, арми байх нь зөв эсэх талаарх зарим нэг үзэл бодол бий.

Зэвсэгт хүчин ер нь ямар зорилготой байдаг талаар мундаг том сайхан үгтэй, зүрх хөөргөсөн лоозонг хаанаас ч, ямраар ч олж болно.  Харин ихээхэн хялбарчилж, энгийн үгээр хэлэхэд зэвсэгт хүчин, арми гэдэг бол улсаа гадны халдлагаас хамгаалах зорилготой цэрэгжсэн байгууллага.

Монгол Улсын Зэвсэгт Хүчин тэгэхээр улс орноо гадны халдлагаас хамгаалдаг байх нь. Харин хэнээс? БНХАУ-аас уу? ОХУ-аас уу? Монгол улс энэ хоёр их гүрний дунд оршиж байгаа учир тэдний хилийг даваад өөр улс ороод ирэх боломжийн тухай яриад яахав.

Зэвсэгт хүчин байх хэрэггүй... учир нь

Хятад болон Орос улстай дайтах тухай зүгээр төсөөлөх ч... Яахав үзээд алдая. Хятад улсын эдийн засгийн хөгжил болон хүн амын тооны тухай ярихаа болиод зөвхөн цэргийн зардлыг нь харъя. Энэ онд тэд цэргийн зардалд 170 (бүр 250 тэрбум гэх нь ч бий) орчим тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төсвөлсөн байна. Энэ бол дэлхийд 2-рт орох үзүүлэлт. (АНУ-650 тэрбум буюу 1-рт) ОХУ-ын хувьд сүүлийн хэдэн жилд цэргийн зардлаа нэлээд буулгаж байгаа ба 2019 онд энэ тоо нь 62 тэрбум доллар. Хэдхэн жилийн өмнө цэргийн зардлын хэмжээгээр 3-5 –рт бичигдэж байсан энэ улс  одоо 6-рт бичигдэж байна. 

Монгол улсын хувьд иймэрхүү төсөв нь 350 тэрбум орчим төгрөг. Долларт шилжүүлэх бол ойролцоогоор ...өнөө хоёртой харьцуулахад жаахан зовмоор тоо гараад байх. Цэрэг зэвсгийн тооны талаар янз бүрийн хоорондоо зөрөөтэй тоо хэмжээнүүдийг энд тэндхийн баахан агентлагууд гаргадаг. Яахав сонирхоод Орос болон Хятад улсын талаар харцгаая. 

Хятад улс бараг 7000 танктайгаас хуучирсан нь 1600, 3000 гаруй байлдааны онгоц (үүнд тээврийн, тагнуулын гээд бүх л төрөл орно), 100-600 цөмийн хошуутай (зарим тооцоогоор тактикийн цөмийн хошууг оруулаад бүр 10 000 хүрэх юм байх) ... тив алгасах баллистик пуужин болон тэдний асар том флотын тухай, дэд бүтэц,цэргийн албан хаагчийн тооны тухай  яриад ч яахав. Дунд болон ойрын тусгалын далавчит болон баллистик пуужингийн тоо нь лав ганц нэг мянгаар тогтохгүй байж таарна.

Орос улс. Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн байлдах чадвартай армийн нэг болох энэ армийн тухай олон үг хэлэх хэрэг огт үгүй. Хамгийн орчин үеийн зэвсэглэл нь нийт зэвсэглэлийн 70%-д хүрч байгаа, хамгийн хүчтэй, хамгийн их хөнөөлтэй, хамгийн шинэ гээд бүх л төрлийн зэвсэг энэ улсад (цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч л байхгүй) байгаа... гээд үргэлжлүүлбэл дуусахгүй биз.

Ийм хоёр армийн өөдөөс бид юу сөргүүлж чадах вэ?

Аль болох улсын нууц задалсан хэрэгт орохгүйгээр (угаасаа ч мэдэх ч биш)зарим нэг олон нийтэд ил тоо баримт харахад ихээхэн хэцүү дүр байдал харагдана.

Вики-д бичсэнээр бол "ишлэл":

“Хуурай замын хүчин нь нийт 550 гаруй танк, хуягт тээвэрлэгч 700 гаруй, 600 гаруй их буу, 650 гаруй агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй юм”

Т-72 А танк хүлээн авч байгаа үе

Энэ олон танк дотор ОХУ-аас ирсэн 100 гаруй Т-72 орж байгаа эсэхийг мэдэхгүй . Угаасаа Монгол улс нэг хүнд оногдох танкны тоогоор нэгэн цагт дэлхийд 3-т жагсаж байсан үе байсан юм гэнэ дээ. Дээрх 100 гаруй Т-72-ыг тооцохгүй бол бусдыг нь орчин үеийн дайнд хэрэглэж болох эсэх талаар хичээгээд ч сайн юм хэлж чадахгүй нь. Тэгээд тэр олон танкны хэдэн хувь нь түгшүүрээр асаагаад байлдааны үүрэг гүйцэтгэж чадах бол гэдэг их сонин. Ер нь бол манайдаа шинэ Т-72 А танкнууд нь ямар нэг “динамик” болон бусад хамгаалалтгүй, нүцгэн хуягаараа байгаа бололтой бөгөөд ийм танк гэдэг бол орчин үеийн мөргөлдөөнд  зүгээр л авс, шатаах зуух...

Агаарын хүчний тухайд Вики-д бүр ямар ч утга учиргүй гэмээр, хэн нэгний луйвар хулгайн тухай бичээд орхичихсон байгаа.

Оросын хэвлэлд бичсэнээр бол хэдэн жилийн өмнө манайх 2-4 Су-27-той болсон бололтой...

Ингээд цааш бичих гэхээр ер нь ямар ч утгагүй нь тодорхой харагдаж байгаа учир хоёр хөрштэй “хүчээ үзэх” тухай яриаг орхиё.

Монгол улс хэн нэгэн рүү довтлох гээгүй, харин бидэн рүү гаднаас хөршүүд маань довтлох бол бид яаж ч чадахгүй гэдэг үнэн. Орос болон Хятад улстай “муудалцах” болбол цэрэг зэвсэг биш гадаад бодлого, дипломатч нарын маань үйл ажиллагаа л гол зэвсэг маань болно.

Зэвсэгт хүчин байх хэрэгтэй эсэх талаар ярианд нөлөөлөх бас нэг хүчин зүйл бол зардал юм.

Мөнгө идээд л байдаг, эргэж орох ашиг гэж юу ч үгүй. Залуухан хүүхдүүдэд хэдийгээр хамгийн хямдхан материалаар цэргийн хувцас оёж өгч байгаа боловч  зөвхөн энэ нь л ямар их мөнгө иддэг бол? Дээр нь тэднийг хооллох, байрлуулах орон байр бэлдэх (түр зуурын биш ихээхэн өндөр шаардлага бүхий орон байр байх ёстой), эмнэлгийн тусламж, зэвсэг техникээр хангах...

Энгийн нэг хуягт тээврийн хэрэгсэл л гэхэд уурхайн том машин техниктэй л адил зардал гаргах бөгөөд энгийн ардын машин, автобустай харьцуулшгүй. Тэдгээр машиныг  унаж, удирдах хүнийг сургах хэрэгтэй бөгөөд үүний тулд уг техникийг ажиллуулж таарна. Зөвхөн шатахуун түлш нь гэхэд ямар аймаар тоо гарах бол...үйлчилгээ арчилгаа, сэлбэг хангамжийн тухай бүр мартая.

Агаараас эсэргүүцэн хамгаалах С-125 систем. Байгаа хоёр систем маань хээрийн сургуулийн үеэр нэг газар зэрэгцэн байгаа нь

Нисэх хүчин... Нисэх хүчин гэдэг нь хөрөнгө мөнгийг зүгээр салхинд хийсгэдэг газар гэж ойлгож болно.  Ерөөсөө арми бол мөнгийг шатаадаг, үгүй болгодог машин юм.

Монгол улс маань мөнгөө багтааж ядсан баян улс биш. Бүр огтоос биш. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам... гээд хамгийн түрүүнд шийдэх ёстой олон зүйлд зарах мөнгө байдаггүй, гадаадын улс орон, санхүүгийн байгууллагаас тусламж, зээл нэртэй гуйлга гуйдаг улс .

Тэгээд ямар ч зэвсэгт хүчингүй байх хэрэг үү?

Монгол хүний хувьд, үндэсний бахархлаа бодсоны хувьд ч армигүй улс гэж байж боломгүй мэт санагдана. Үгүй дээ л наадмаар болон бусад янз бүрийн баяр наадамд есөн хөлт тугаа өргөн жагсах сүрлэг эрсгүй байна гэж үү? Магадгүй зөвхөн тийм билэгдлийн цэрэг үлдээж хэмнэсэн мөнгөө ...

Гэхдээ нэг л биш.

Зэвсэгт хүчин байх хэрэгтэй... учир нь

Зардлын хувьд : Монгол улс ДНБ-ийн 0,9%-ийг цэрэг армидаа зардаг (бас л Википедиа)гэдэг ба  ДНБ-тэй биш улсын төсөвтэй харьцуулсан тоо гаргахад бас арай өөр зүйл харагдана. Ер нь нэг үгээр хэлэхэд тийм айхтар тоо биш  мэт. Ялангуяа ууж идсэн, авилга хээл хахуулийн тухай элдэв тоотой харьцуулахад .

Дэлхийн улс орнууд ихэвчлэн ДНБ-ний 2-4 хувийг батлан хамгаалахад зарцуулдаг бөгөөд Саудын Араб, Хойд Солонгос улс энэ талаар тэргүүлдэг бололтой. (8.5% болон 5 %) Энэ тоотой харьцуулахад манай 0,9 %бол тун ч бага тоо. Тусгаар тогтносон улс байна даа иймэрхүү хэмжээний зардал гаргаад улс шиг улс байж болмоор.

Батлан хамгаалах чадавхын хувьд: Монгол улсын зэвсэгт хүчин нь болзошгүй “дайсантайгаа “ тулах ямар ч боломжгүй талаар түрүүн дээр хэлсэн. Гэтэл энэ нь бас л харьцангуй ойлголт. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж нэг үг бий. Монгол улсын түүхэнд юу эс болж байлаа даа...

1920-иод он. Хятад улс гэж тарсан, бутарсан баахан warlord-ын эзэмшилд хуваагдсан олон хэсэг байсан бөгөөд дахиад тийм үе ирэхгүй гэх баталгаа үгүй. Одоо хөгжин, хүчирхэгжиж байгаа ч Хятад улсад бутран задрах аюул үргэлж байсаар ирсэн, байх ч бололтой. Эсвэл ЗХУ улс задарсан шиг ОХУ задарвал ... Тийм нөхцөлд олон жижиг хөрштэй болж магадгүй нь ээ? Тэр олон жижиг хөршүүд, эсвэл том толгойлсон хөөрсөн нэг жижиг warlord түрэмгий бодлого явуулаад эхэлбэл... Хоосон сууж байж болохгүй л байх.

Дээрх эсрэг тэсрэг байр суурийг харахад хэрвээ Монгол улс зэвсэгт хүчинтэй байх хэрэгтэй юм бол лав л одоогийнхоос арай өөр зохион байгуулалттай байвал... гэж бодогдох юм. Магадгүй онцгой байдал-цэрэгжсэн алба байдлаар байгалийн аюул гамшиг, жижиг мөргөлдөөний үед  аврах, хамгаалах үйл ажиллагаа явуулж , хилийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хянаж байх чадвартай, өндөр бэлтгэлтэй албан хаагчтай, орчин үеийн техниктэй, цомхон, шуурхай алба байдлаар гэх зэрэг санаа бодол нь орчин цагийн нөхцөлд хамгийн тохирсон байж болох юм. Баахан залуучуудыг цаг завыг нь алдагдуулж бүтэн жил сургасан мэдүүлсэн юмгүй бөөнөөр хорьж байхаар сурсан шиг сурсан, хэрэг гарвал үүргээ жинхэнээр гүйцэтгэж чадах, нийгмийн өндөр хамгаалалт бүхий цөөхөн боловч нэр хүндтэй мэргэжлийн цэрэг офицертой бол...

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 13. 7:20
Зочин

Ийм нэг яриа хэдэн жил болоод л гарч ирж байдаг юм. Монгол улсад төр гэж байгаа цагт арми цэрэг байж л таарана..Монгол цэрэгийг гадны улс орнууд үнэлээд мэдрээд байхад. Орчин үед бүрэн бүрэлдхүүнээрээ дайтаж байгаа арми байна уу? ер нь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]