Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ковидоор халдварласан өвчтнүүд ярьж байнаУншсан2,127

Бид Ковид-19 вирусээр халдварласан өвчтнүүдэд зориулсан эмнэлэгт хамгаалалтын иж бүрэн хувцастай зогсож байна. Тасаг орчин үеийн дизайнтай, нарны гэрэл сайн тусахаар гэрэлтэй үзэгдэнэ.

"Би Би Си" агентлагийн анагаах ухааны эдитор Фергус Уолшийн нийтлэлийг хөрвүүлэн уншигчдадаа хүргэж байна.

Орчуулсан Б.Нямдолгор


Фергус Уолш

Бид Ковид-19 вирусээр халдварласан өвчтнүүдэд зориулсан эмнэлэгт хамгаалалтын иж бүрэн хувцастай зогсож байна. Тасаг орчин үеийн дизайнтай, нарны гэрэл сайн тусахаар гэрэлтэй үзэгдэнэ.

Тасгийн мухарт том хар хуванцар хаалт тавьжээ. Харин нөгөө үзүүрт эмчлүүлж байгаа хүмүүсийн дотор нэг ч ковид-19-тэй хүн байхгүй байлаа. Түр тавьсан хаалт нь дөнгөж саяхан тавьсан болохыг илтгэнэ. Энэ өвлөөс эхлэн Британийн эрүүл мэндийн салбарын байнга өсөн нэмэгдэж байдаг хэрэгцээ шаардлагыг коронавирусын одоогийн нөхцөл байдалтай нийцүүлэн ажиллаж эхлээд байгаа юм. Ковид өвчний тасагт хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ миний анхаарлыг эрхгүй татлаа.

Ковид-19 вирустэй тэмцэх эрчимт эмчилгээний тасгаас намайг дөрөвдүгээр сард дуудах үед миний харсан зүйл үнэхээр түгшээж орхисон билээ. Тасагт хэвтэж байсан цор ганц өвчтөнд хиймэл амьсгалын аппарат залгасан байсан. Түүний уушги руу нэгэн хэмээр агаар шахах аппаратнаас өөр ямар ч дуу чимээ өрөөнд үл сонсогдоно. Эмнэлгийн багууд өвчтөнүүдийн уушги, бусад эрхтэнүүдийг чимээгүй идэж байгаа энэ хэрцгий нөхцөл байдалтай яаж тэмцэх талаар учраа олохгүй байсан юм. Өвчтөнүүдийн амь нас ихэнхдээ хэдэн долоо хоногийн турш дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг.

Дөрөвдүгээр сарын эхээр хиймэл амьсгалын аппарат залгуулсан гурван өвчтөний хоёр нь насан эцэслэсэн. Өнөөдөр Ньюкасл апон Тайн хотын "Рояал Викториа Инфирмэри" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа таван хүний нэгэнд л хиймэл амьсгалын аппарат залгаастай байна. Үлдсэн дөрвийн нэг нь өрөөндөө хэвтэж байхад нөгөөх нь сувилагчид үзүүлж, үлдсэн хоёр нь ном уншиж, зурагт үзэж байв.

Брайн Клэмп

“Намайг Жеди гэж дуудаж болно оо” гэх Брайн Клэмп гуай. Өдгөө 62 настай тэрээр олон нийтийн клубт зохион байгуулагчаар ажилладаг. Түүний биеийн байдал дээрдэж байсан ч амьсгал доголдсоноос болж дахиад л эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болжээ. Хамарт нь хийсэн хүчилтөрөгч өөрт нь төвөгтэй байгааг эс тооцвол тэрээр урьдын адил хөгжилтэй, цовоо цолгиун хэвээр. Тэрээр коронавирусээр өвчилсөн талаараа ярихдаа “Үнэхээр аймаар байсан” гээд, “Эмч нар биднийг эдгээнэ гэдгийг мэдэж байгаа” хэмээн инээмсэглэн өгүүлсэн юм. Брайн гуай гэртээ харьж ач охинтойгоо хамт хөлбөмбөг тоглохыг хамгийн ихээр хүсч байгаа юм.

Энэхүү цар тахлаар өвчлөөд эдгэсэн хүний коронавирусийн эсрэг биет агуулсан цусны сийвэнгийн эмчилгээг Брайн гуайд хийж өгчээ. Цусны сийвэн Ковид-19 өвчинд үнэхээр үр дүнтэй эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба туршилт өдгөө ч үргэлжилсээр байгаа юм.

Бид цааш жаахан яваад дөнгөж л амтлах мэдрэмж нь сэргээд байгаа Эдмунд Дерриктэй уулзсан юм. Тэр өндөгтэй сэндвичийг амтархан идэж байлаа. Тэрээр “Хэд хоног гашуун, түлэгдсэн амт аманд амтагдаад хамаг юм муухай болчихсон юм шиг санагдаж байлаа. Би коронагийн хоёр дахь давалгааны үеэр өвддөг азтай хүн юм. Эмч нар одоо илүү их туршлагатай болсон байна” гэсэн. Үүнээс гадна түүний биеийн температур гэнэтхэн өөрчлөгдөх шинж тэмдэг ажиглагдаж байсан гэнэ. Орон нутгийн захиргаанд ажилладаг байсан 71 настай Эдмунд гуай эмнэлэгт байгаа бүх хүний адилаар гэр рүүгээ яарч байлаа. Эхнэр нь коронавирусээр өвчилсөн ч биеийн байдал нь тийм ч муу биш байгаа гэнэ.

Эдмунд Деррик

Эрэгтэй хүн ковидоор өвчилж эрчимт эмчилгээний тасагт орох магадлал эмэгтэй хүнийхээс хоёр дахин их байдаг. Тодорхой тоо гаргаж өгөхөд хэтэрхий эрт байгаа ч гэсэн ковид-19 өвчнөөс илүү олон хүн амьд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Хиймэл амьсгалын аппаратыг голчлон ашиглаж байгаа ч хүчилтөрөгчөөр хангах өөр бусад хэрэгслүүдийг ч мөн зэрэгцүүлэн ашиглаж байна. Англид өдөрт 1000 орчим хүн ковид-19 өвчний халдвартай нь батилагдаж эмнэлэгт хэвтэж байгаа нь оргил үед бүртгэгдсэн хэмжээнээс даруй гурав дахин бага. Тус эмнэлэгт өвчтнүүдтэй гардан ажиллаж байгаа доктор Левис Грей “Ковид-19 бол жинхэнэ араатан гэдгийг бид одоо мэддэг болсон. Энэ вирус яаж хөгжиж, яаж үхэж, хүмүүс хэрхэн эдгэрдгийг бид одоо мэдэхтэйгээ болсон” гэж ярьсан юм. Өвчтөнүүдэд үхэх магалдлалыг гурав дахин бууруулдаг нь батлагдсан дексаметазон хэмээх хямд үнэтэй стеройдыг өгч байгаа. Бас АНУ-д зөвшөөрөгдсөн вирусын эсрэг үйлчилгээтэй ремдесивир эмийг уулгаж байгаа билээ. Ковид-19–өөр өвдсөн өвчтөний биеийн байдлыг тун ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлэн өтгөрлийн эсрэг үйлдэлтэй эмийг өндөрсгөсөн тунгаар уулгаж байгаа. Эрчимт эмчилгээний тасагт хэр олон ковидоор өвчилсөн хүн байна, төдий чинээ их сөрөг үр дагаврыг яаралтай бус өвчтний тасгийнхан амссаар байгаа юм. Учир нь түнхний үе орлуулалт, нүдний мэс засал гээд эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай хүмүүс эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг авч чадахгүй хүлээсээр л...

 Гуравдугаар сард эмнэлгүүд дүүрэн байна байх гэж бодож байсан учраас яаралтай бус мэс заслуудыг бүгдийг цуцалсан юм. Энэ удаад ковидоос бусад өвчнөөр өвдсөн хүмүүсийн эрхийг ч гэсэн хамгаалахыг эмнэлгийнхэн зорьж ажиллаж байна. Ковид туссан өвчтнүүдэд нарийн мэргэжлийн сувилагч нар шаардлагатай байдаг. "Роял Викториа Инфирмэри" эмнэлэг эрчимт эмчилгээний тасгуудад сувилагч нарыг  ажиллуулахын тулд мэс заслын 50 өрөөнийхөө дөрвийг хаахаас өөр сонголтгүй болжээ.

Дэйм Жэки Дэниел

Ньюкасл хотын Эмнэлгүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, сувилагч асан Дэйм Жэки Дэниел “Эмнэлгийн нөхцөл байдал гайгүй тогтворжсон. Одоо бид нар эмчлээд болоод байгаа ч ирээдүйд нөхцөл байдал илүү төвөгтэй болох учраас санаа зовж байна. Ташаанаас авахуулаад эвэрхий хүртэл амь насанд төдийлөн халгүй бүхий л мэс заслыг хийлгэхээр хүлээж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна. Манай холбоо хорт хавдрын үйлчилгээ үзүүлж байгаа ч олон мянган өвчтөн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй хүндхэн нөхцөл байдалд байна. Харьцангуй амархан мэс ажилбарт тооцогддог нүдний болор нь цайсан бие муутай, настай хүмүүсийг бид нар айдастай нөхцөл байдал руу түлхэж байна” гэсэн юм.

Дурхамаас ирсэн Кэтлийн Лосон уг нь аль гуравдугаар сард бамбай булчирхайн мэс засалд орох ёстой байжээ. Өнөөдрийн байдлаар 67 настай нэг хүн л ковид дэгдсэнээс хойш энэ төрлийн мэс засалд ороод байгаа юм. Тэрээр мэс засалд орж чадсандаа баяртай байгаа талаараа бидэнтэй хуваалцсан. Биднийг өөр тасаг руу ороход хэд хэдэн хүн ковид өвчнөөс салсан хэмээн сууж байлаа.

Эпифаниа Гарсиа

66 настай, асрамжийн газарт ажилладаг Эпифаниа Гарсиа болон түүний нөхөр өөр өөр тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эпи хурдан эдгэрээд гарна гэдэгтээ итгэлтэй байгаа хэдий ч том болсон охиддоо санаа нь зовж байгаагаа бидэнд ярьсан юм. Хоёр охин нь хоёулаа сувилагч хийдэг юм байна.

“Тэдэнтэйгээ уулзаж чадахгүй байгаа болохоор сэтгэл санаа хүндхэн байна. Хүүхдүүдтэйгээ ийм удаан уулзаагүй тохиолдол өмнө нь ер гарч байгаагүй” хэмээн тэр санаа алдана.

Түүний зэргэлдээх орон дээр залуу насандаа тээврийн машины жолоо мушгиж, үйлдвэрт ажиллаж байсан Мухаммед Сиббидик эмчлүүлж байна. 87 нас сүүдрийг зооглож байгаа тэрээр ухаан санаа нь самуурдаг болсон учраас эмнэлгийн захиргаанаас охиныг нь харж асрахыг зөвшөөрчээ. Охин нь аавынхаа орны дэргэд суугаад гарыг нь зөөлөн атгах аж. Аавынхаа хажуугийн гудамжинд гэр бүлийнхээ хамт амьдардаг тэрээр “Аав маань нас барахад тун ойрхон байсан болохоор би үнэхээр их айж байсан. Манай нөхөр ч мөн адил ковидын халдвар авч хоёр долоо хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Бүр эрчимт эмчилгээнд хүртэл орсон” гэсэн юм. Энэ өвчин Мухаммед гуай болон түүний охины гэр бүлийнхэнд ч хор уршгаа амсуулжээ.

67 настай Алберт Браун Турк улсад амраад буцаж ирдэг өдрөө  үдшийг гадуур өнгөрүүлж байхдаа ковидын халдвар авсан гэж бодож байгаагаа бидэнд хэлсэн юм. Ингээд хоёр долоо хоногийн дараа нэг орой гэртээ байж байхдаа ухаан алдан унажээ. "Рояал Викториа Инфирмэри" эмнэлэгт байхдаа Алберт нэлээн хэдэн залуусыг ковид-19-ийн улмаас эмнэлэгт хүргэгдэн ирж байгааг өөрийн нүдээрээ харжээ. Тэрээр “Тэр үед би маш их айсан. Ковид-19 хэнийг ч ялгахгүй учраас болгоомжтой байж, аливаад ухаалаг хандаарай” хэмээн хүмүүст захисан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]