Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ Хойд туйлд хамгийн сүүлийн үеийн зэвсэглэлээ бөөгнөрүүлж байнаУншсан25,775

ОХУ хойт эргийнхээ аюулгүй байдлыг хангаж, Азиас Европ хүртэлх тээвэрлэлтийн үндсэн замыг бий болгохын тулд Хойд туйлд урьд хожид байгаагүй асар том цэргийн хүчийг төвлөрүүлж, хамгийн сүүлийн үеийн зэвсэгүүдээ туршсаар байгаа юм.

ОХУ хойд эргийнхээ аюулгүй байдлыг хангаж, Азиас Европ хүртэлх тээвэрлэлтийн үндсэн замыг бий болгохын тулд Хойд туйлд урьд хожид байгаагүй асар том цэргийн хүчийг төвлөрүүлж, хамгийн сүүлийн үеийн  зэвсгүүдээ туршсаар байгаа юм. Зэвсгийн шинжээчид болон Барууны албаны хүмүүс Оросын "Посейдон 2М39" торпедо хэмээх “супер зэвсэг”-т санаа зовниж байгаагаа илэрхийлээд байгаа. Торпедог хөгжүүлэх ажиллагаа хурдацтай явагдаж байгаа төдийгүй Ерөнхийлөгч Владимир Путин 2-р сард Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаас туршилтын чухал үе шатыг улам боловсронгуй болгохыг хүсч, энэ ондоо багтаан цааш цаашдын туршилт явуулахыг даалгасан талаар мэдээлж байв.

Цөмийн реактороор ажилладаг энэхүү автомат жолоодлоготой торпедог Оросын зохион бүтээгчид далайн ёроолыг ч хянаж чаддаг эргийн хамгаалалтын локаторт баригдахгүй байдлаар зохион бүтээжээ. Уг төхөөрөмж олон мегатонн хүчтэй цэнэгт хошууг тээвэрлэнэ гэсэн мэдээллийг Оросын албаны хүмүүсийн зүгээс өгсөн бөгөөд туршилтын явцад эргийн шугамын бүсэд олон арван жилийн турш хэн ч амьдрах аргагүй болохоор тийм ноцтой цацраг идэвхит давалгаа үүсэх аж. Өнгөрөгч 11-р сард олон улсын Аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх байгууллагын нарийн бичгийн даргын туслах Кристофер Форд “Оросын тал АНУ-ын эргийн хотуудыг цацраг идэвхит цунамигаар усанд автуулахын тулд л уг Посейдоноо зохион бүтээсэн” гэж ярилцлага өгч байсан юм.

Шинжээчид уг зэвсгийг хэдийнэ бодит болсон гэдэгтэй санал нэгдээд байна. Норвегийн Тагнуулын төв газрын дарга, дэд Адмирал Нильс Андреас Стенсёнес CNN сувагт өгсөн ярилцлагадаа “Манай байгууллага Оросын Посейдоныг шинэ төрлийн цөмийн зэвсгээр сүрдүүлэх хэрэгсэл гэж үзэж байна. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа. Стратегийн систем, байгаа онох чадвар зэрэг нөлөөллийн туршилт нь маш өндөр байгааг бид олж мэдсэн” гэсэн юм.

Сансрын технологийн үйл ажиллагаа явуулдаг Maксар компаниас CNN сувагт өгсөн сансрын зурган дээрээс Хойд туйлын эргийн дагуу үргэлжлэн өргөжсөөр байгаа Оросын цэргийн баазууд болон Посейдон, бусад өндөр технологи бүхий зэр зэвсгүүдийг хадгалах зориулалттай газар доорхи агуулахууд тодорхой харагдаж байна. Энэ бүсэд буй Оросын зэр зэвсгүүдийн дунд бөмбөгдөгч онгоц, MiG31BM тийрэлтэт онгоц болон Аляскийн эргийн ойролцоох радарын шинэ систем зэрэг байгаа юм. Оросыг Хойд туйлд зэр зэвсгээ нөөцөлж байгаа гэдэгтэй НАТО, АНУ-ын цэргийнхэн болон зэвсэглэлийн эсрэг хөдөлгөөнүүд санал нийлээд байгаа билээ.

Норвегийн Орландын агаарын баазад байрлаж байсан Америкийн B-1 Lancer бөмбөгдөгч онгоцууд зүүн Баренцын тэнгист тагнуулын зураг авалтын даалгавраа амжилттай биелүүлж дууссаны дараа дээрх таамаглалыг улам баталжээ. АНУ-ын цэргийн Далайн чоно шумбагч онгоц Хойд туйлд байгаа гэдгийг Америкийн холбогдох албан тушаалтнууд 8-р сард хүлээн зөвшөөрч байсан. Төрийн Департаментын ахлах ажилтан CNN сувагт ярилцлага өгөх үеэрээ “Хүйтэн дайны үеийн баазуудаа дахин засварлаж, Мурманск хотын ойролцоох хойгт шинэ зэр зэвсгүүдийг нөөцөлж байгаа зэргээс харахад Орос улс Хойд туйлд яалт ч үгүй цэргийн томоохон сорилт явуулж байгаа нь тодорхой байна. Орос улс Хойд туйлд байгаа нь АНУ болон түүний холбоотон улсуудад томоохон нөлөө үзүүлэх болно” гэжээ.

Сансраас болон агаараас авсан фото зургууд сүүлийн 5 жилийн хугацаанд Оросын Хойд туйлын эргийн дагуух хэд хэдэн байршил дахь бааз, нисэх хөөрөх талбай зэргийг яаралгүйхэн сайжруулсаар ирснийг харуулдаг. Баазууд нь Оросын нутаг дэвсгэрт байрлах ба улсын хил, эргийн шугамын хууль ёсны хамгаалалтын нэг хэсэг ажээ.  “Орос улс шинэ боомтууд, эрэн хайж аврах төвүүдийг барьж, цөмийн эрчим хүчээр ажилладаг болон энгийн ажиллагаатай мөс зүсэгч онгоцнуудаас бүрдсэн флотыг байгуулах замаар Зөвлөлтийн үеийн нисэх онгоцны буудал, радарын төхөөрөмжүүдээ шинэчлэн сайжруулж байна. Үүгээр ч зогсохгүй агаарын сүлжээ, эргийн хамгаалалтын пуужингийн системээ өргөжүүлж, Хойд туйлын гол гол хэсгүүдэд бусад орнуудыг нэвтрүүлэхгүй байхыг эрмэлзэж байгаа хэмээн барууныхан үзэж байгаа аж.

Өнгөрөгч 2020 оны 11-р сард тэд дуунаас хурдан Циркон онгоцоо амжилттай туршсан гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Томас Кэмпбелл CNN сувагт ярьсан. Тэрээр Хойд туйлд Рогачево, Анадир нэртэй хоёр нисэх хөөрөх талбай оросууд байгуулж амжсаныг цохон тэмдэглэж байв. 3-р сарын 16-нд авсан сансрын зурган дээрээс харахад MiG31BM онгоцыг анх удаагаа Нагурское агаарын баазад авчирсан байгаа нь сүүлийн үеийн Оросын агаарын хүчин чадлыг Хойд туйлд төвлөрүүлж байгааг илтгэнэ. Хойд туйлын бүсэд өндөр хүчин чадалтай зэр зэвсгүүдийг байнга туршиж байдаг гэж Оросын мэдээллийн сувгууд, барууны мэргэжилтнүүд мэдээлсээр байгаа билээ. Циркон, Посейдон зэрэг зэвсэглэлүүд Путины 2018 онд  амлаж байсан шинэ үеийн зэвсгийн нэгээхэн хэсэг нь юм. Тухайн үед АНУ-ын албан тушаалтнууд шинэ зэвсэг үйлдвэрлэнэ гэсэн энэ үгийг “боломжгүй, давсалсан яриа” гэж үзэж байсан бол одоо бараг л ашиглагдах түвшиндээ хүрчихээд байгааг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.

Энэ тухай Норвегийн тагнуулын газрын дарга ярихдаа “Дуунаас хурдан шинэ технологиос өөрсдийгөө хамгаалах нь хэцүү” гэж байсан юм. Пүрэв гарагт Оросын мэдээллийн төв агентлаг ТАСС-ын мэдээлснээр Циркон онгоцыг амжилттай туршсан, туршилтын дөрвөн пуужин дөрвүүлээ байгаа алдалгүй оносон, илүү дээд түвшний туршилтуудыг 5 юмуу 6-р сард эхлүүлнэ гэжээ. Цаг агаарын яаралтай нөхцөл байдал буюу том хэмжээтэй мөсөн хавтангууд хурдацтайгаар хайлж байгаа нь харин ОХУ-ын Хойд туйл дахь ашиг сонирхолд юу юунаас илүү нөлөөлж магадагүй байгаа юм.

Эрдэмтдийн хэдэн жилийн өмнө урьдчилан тооцоолж байснаас ч илүү хурдацтайгаар хайлах үйл явц явагдаж байгаа учир хэдэн арван жилийн дараа тэнд маш том өөрчлөлт гарна гэж Төрийн Департаментын ахлах мэргэжилтэн ярьсан юм. Путин үргэлж л Хойд туйл дахь улсынхаа технологийн гайхалтай чадвараараа сайрхаж байдаг. 11-р сард шинэ “Гэгээн Петербург” мөс зүсэгч онгоцоо олон нийтэд зарлах үеэрээ “Хойд туйлын нутаг дэвсгэрийг судлах, хөгжүүлэх тал дээр тэргүүн байр суурь эзэлдэг мөс зүсэгч флоттой гэдгээрээ манай улс алдартай. Бид энэ давуу талаа үргэлж, бүр өдөр бүр баталж байх ёстой” гэж хэлж байсан. Эдгээр шинэ зэвсгүүдийн дотор 2М39 Посейдоныг ч нэрлэсэн. Посейдоныг  бүтээх төлөвлөгөөг анх 2015 онд Оросын нэгэн генерал танилцуулж байсан түүхтэй. 9-р сар гэхэд уг Посейдон торпедогоор зэвсэглэсэн Белгород шумбагч онгоцны туршилтыг дуусгана гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гарагт Оросын төв мэдээллийн суваг болох РИА Новостигоор цацсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]