Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Лувсаншарав: Хойд нас гэж байдаг бол Мон­голдоо л дахин төрөх юм­санУншсан2,003

Хаана ч явсан эх орноороо л бахархаж явлаа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол Мон­голдоо л дахин төрөх юм­сан гэж сэтгэлийн угаас хүсдэг.

2012 онд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайтай амин хайртай нутаг, энхрий дотно аав, ээжийнх нь талаар чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

-Таныхаар эх орон хаанаас эхэлдэг вэ?

-Эх орон миний гал го­ломт, төрсөн гэрийн бууринаас эхэлдэг. Эх орон гэдэг бол хүний зүрх сэт­гэлд хамгийн ойр байх, ээж, ааваас ялгаагүй чухал зүйл. Би ажлын шаардлагаар хэд хэдэн орноор явж үзсэн. Хаана ч явсан эх орноороо л бахархаж явлаа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол Мон­голдоо л дахин төрөх юм­сан гэж сэтгэлийн угаас хүсдэг.

-Нутаг гээд ярихаар сэт­гэлд хүүхэд насны сай­хан дурсамжууд тодордог доо?

-Миний хүй цөглөсөн газар бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын Гурван тарганы Зүүн хашаат, тэр дундаа Яндагийн худгийн дэвсэг. Энэ л сайхан газар би зуны эхэн сард мэндэлсэн юм. Манай сумыг Гурван тарганы нутаг гэлцдэг. Зүүн тарган нь Баянгол, дунд нь Баянхутаг, баруун нь Баян-Эрхтий хэмээх тахилга шүтлэгтэй, үзэсгэлэнт уултай, сумын маань хойгуур алдарт Хэрлэн мөрөн эмжээрлэн урсдаг. Миний төрсөн газрын хувьд тэрхүү худгийг Яндаг гэдэг хүн гаргасан гэх домог байдаг. Манай Монголчууд худаг гаргахыг хамгийн буянтай ажил хэмээн бэлэгшээдэг. Хүүхэд нас минь энэ худгийн дэвсэг дээр өнгөрсөн. Бага насандаа хүүхэд нүдэндээ харагдаж байгаа зүйлээр нь орчноо таньж, аливааг бяцхан оюундаа тусган хүлээн авч, түүгээрээ дамжин төлөвшиж хүмүүждэг. Хүүхдийн нүдэнд уул ус гэхээсээ илүү тоглоом наадам л үзэгдэнэ шүү дээ.

-Хөгжмийн зохиолч бичихэд онгодыг тань хөглөдөг зүйлсийн нэг нь яалт ч үгүй нутаг биз?

-Тэгэлгүй яахав. Нутаг заавал санагдана. Гэхдээ би зөвхөн нутаг гэж хэлмээргүй байна. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орон, төрсөн нутаг нь цаг ямагт уяатай явдаг байх. Харин уран бүтээлч хүний сэтгэлгээгээр хэчнээн ч хэмжээгээр алсарч, хэдий ч хэмжээгээр ойрсож болно. Би хөгжмийн зохиол бол эх нутгийн амьсгалтай бөгөөд тийм тэнүүн уужим, эрх чөлөөтэй сэтгэлийг хүнд өгдөг гэж боддог. Монголын хязгааргүй уудам орон зай, нүүдэлчдийн гайхамшигтай соёл иргэншил бүхлээрээ багтдаг. Энэ агуу соёлоос л чимх чимхээр санаж бодож, түүнийгээ уран бүтээлдээ хэрхэн тусгах вэ гэдгээ бодож бясалгаж явдаг даа.

-Эх нутагтаа хамгийн ихээр нүд болоод сэтгэлдээ зураглаж бичсэн зохиол тань юу вэ?

-Тухайн хүний сэтгэлд хоногшиж үлдсэн зүйлсээс улбаалан уран бүтээл туурвигддаг жамтай юм болов уу. Өсөхөөсөө өдийг хүртэл нүдэнд минь харагдсаар байгаа эх орныг минь миний уран бүтээл төлөөлж байдаг. Би ихэвчлэн мэддэг зүйлээ, өөрийнхөө сэтгэлд бүрэн ойлгогдсон зүйлийг уран бүтээлдээ тусгадаг. “Хэрлэн” хэмээх дуу маань өдгөө 70 гаруй жил ард түмний дунд дуулагдаж байна. Энэ дууны үгийг ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн бичиж, би хөгжмийг нь зохиож, ардын жүжигчин Д.Жаргалсайхан дуулсан. Ингээд бодохоор Хэрлэн голыг сайн мэддэг гурван хүн энэ дууг бүтээсэн байгаа биз.

-Аав, ээж, нутаг гурав амин холбоотой. Нутгаа санахаар юун түрүүнд аав, ээж л бодогддог. Сэтгэлд тань зураглагдан үлдсэн бага насны сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Хүний сэтгэлд аав, ээж хоёр үхэн үхтэл хадаастай явдаг чандмань эрдэнэ шүү дээ. Хоёр буурлын минь үйл хөдлөл, ааль араншин, баяр баясал, ухаарал зэмлэл нь дэс дарааллаараа нүдэнд харагдана. Аав Монгол ардынхаа уламжлалт амьдрах ухаанд сургадаг бол ээж хүнтэй харилцах харилцаанд сургана. Угтаа энэ хоёр минь хүүхдүүдээ хүн болгох замд хөтөлдөг. Энэ ч утгаараа өдөр хоног урагшлах тусам аав, ээжийн хэлсэн үг улам бүр тодорсоор байдаг.

Аав маань намайг анх морь унуулж сургах гээд эмээл дээр тавьтал би цаад тал руу нь өнхрөөд уначихсан юм. Тэр үед аав минь надад эмээл дээрээ яаж тогтох, дөрөөгөө хэрхэн дөрөөлөх гээд бүхнийг нарийн сайхан зааж өгч билээ. Энэ мэтээр амьдралын жижиг сажиг зүйлээс аав, ээжийн сургаал эхэлдэг.

-Аав гэдэг амьдралын тулах багана, түших тулгуур байдаг шүү дээ. Таны хувьд ааваасаа сонсож байсан хамгийн хатуу зэмлэл юу байв?

-Би айлын отгон, ганц хүү, дээрээ олон эгчтэй. Тиймдээ ч нэлээн эрх. Үглүүлж зэмлүүлэх нь тун ховор. Нэг удаа эгч бид хэд хонио айлын хоньтой нийлүүлчихсэн юм. Аав эгч нарыг загнаж, заримыг нь бүр алгадаж байна. Их ууртай байна аа. Тэгэхэд би “Надад арай ч гар хүрэхгүй байлгүй” гээд дошийгоод сууж байлаа. Гэтэл гэнэт тас буугаад явчихсан. Энэ мэтээр эцэг хүн дандаа үглэхгүй ч ганц л удаа ончтой сургаал хайрладаг. Эцэг хүн бол айл гэрийн голомт, өрх гэрийн хос баганын нэг. Миний хувьд багадаа сахил хүртэж, арван нас хүртлээ хүрээнд суусан учир аав, ээжтэйгээ хамт байсан үе тун ховор. Тэгээд ч тэр үү, амьдралдаа аавдаа ганцхан удаа зэмлүүлж үлдсэн энэ л дурсамж сэтгэлд минь их дотно үлджээ.

-“Тураг өтлөхөөрөө уулаа, хүн өтлөхөөрөө нутгаа” гэдэг. Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

-Нас ахихаар нутаг их бодогдох юм. Хамгийн гунигтай нь, бага залуудаа тоглож наадаж явсан үеийн маань нөхөд хорвоогийн жамаар насан хутаг болжээ. Өндөрхааны наадах даваан дээгүүр өгсөөд гараад ирэхэд нутгийн минь уулс цэнхэртээд л, нутаг маань олон оны тэртээ ямар байсан тэр л чигээрээ угтана шүү дээ. Нутгаа харахаар ухаан цэлмэх шиг л болдог юм. Хамгийн сүүлд өнгөрсөн зун үр хүүхэд, ач зээ нартайгаа нутагтаа очсон. Төрсөн нутаг, хүй цөглөсөн газраа үр хүүхдүүддээ үзүүлж таниулъя гэсэн зорилготой явсан юм. Ер нь жил ирэх тусам л нутаг руугаа тэмүүлэх нь ихсээд байна шүү.

Би найз нөхөдтэйгээ хамт явах их дуртай. Ноднин л гэхэд ардын уран зохиолч П.Бадарчтай хамт явсан. Төрсөн гэрийнхээ буйран дээр очиж, сан тавьж, нутгаа баярлуулаад ирсэн.

-Баянхутаг сум ч тал дүүрэн зээрийн сүрэг бэлчсэн, өвс ургамал жигдэрсэн сайхан нутаг даа. Зээрийн сүрэг бэлчиж яваа нь тал тэр чигээрээ нүүж байгаа юм шиг л харагдана шүү дээ?

-Тийм шүү. Нутагтаа очих бүр сэтгэл сэргэдэг юм. Би 1957 онд оюутан байхдаа нутагтаа очоод нэг их эвгүй сэтгэгдэл төрсөн маань санаанаас гардаггүй. Хангайн хүмүүс зун уул руугаа, өвөл уулынхаа бэл рүү нүүдэг дээ. Харин манай нутагт зун нь голынхоо эрэгт, өвөл нь уул руугаа гарч өвөлждөг юм. Миний багад зуны улиралд тал дүүрэн мал сүрэг бэлчиж, аргалын утаа хаа сайгүй суунаглаж, хүн амьтны хөл хөдөлгөөн тасардаггүй байлаа. Гэтэл тэр зун нэг л хоосон болчихсон байж билээ. Учир нь, тэр үед нэгдэлжих хөдөлгөөн хүчээ авч, малчид нь отор нүүдэл гээд нутаг маань бараг эзгүйрчихсэн байсан юм. Одоо ч энэ л хэвээрээ. Хаа нэгтээ ганц айлын утаа суунаглаж үзэгдэнэ. Ан амьтан ч их цөөрсөн. Өмнө нь зээрийн сүрэг ч далайн давалгаа шиг л, тарвага зурам нь шоргоолж шиг л багширч байдаг байлаа шүү дээ.

Энэ бүхнээс болоод ч тэр үү, хүний сэтгэл гэдэг дандаа баярлаж баясаж байдаггүй юм байна. Сэтгэл санаа зовних юм их байх юм. Гэвч би ямар гараад гүйх биш, хөдөө гарч мал маллах биш. Монголчууд бол босоо заяатай, хөх толботой төрдөг тэнгэр заяатай хүмүүс. Тиймээс уруудан доройтохгүй гэсэн итгэлээрээ л сэтгэлээ зогоож сууна.

-Хүмүүс хол газар явахдаа нутгийн чулуугаа авч гардаг даа. Танай гэрт Хэнтий нутгийн чулуу хадгалагдаж л байгаа байлгүй?

-Бий, бий. Хэрлэн мөрөн, Баянхангайнхаа чулууг нандигнан хадгалдаг юм. Монгол хүний ёс юм л даа. Энэ л ёсоор би гадаадад явахдаа хүртэл тэр нутгийн чулууг авч өвөртөлдөг. Нутгийнхаа чулууг буцалгаад, цай чанаад уухад хэр баргийн ханиад дорхноо эдгэдэг гэлцдэг шүү дээ. Хүн сэтгэлээрээ амьдардаг учраас энэ үнэн ч байж болох юм. Ингээд бодохоор газар шороо гэдэг ийм л үнэ цэнэтэй байдаг байна.

-Авч гарсан чулуу минь

Алганд тодроод байх юм

Нутгаа би санав уу

Нутаг минь намайгаа санав уу гээд дуу хүртэл байдаг. Та нутаг нь хүүгээ санадаг, дууддаг гэдэгт итгэдэг үү?

-Хүн нутагтайгаа зүүдээрээ холбогддог юм болов уу гэж би боддог. Сүүлийн 40-өөд жил нутаг, ээж, аав, хань ижил маань зүүдэнд мөн ч их орсон доо. Тэднийгээ зүүдлэх бүртээ маш их хүндлэх сэтгэл төрдөг. Монголчууд насан хутаг болсон хүн бүр биднийг тэнгэрээс харж байдаг гэж ярилцдаг шүү дээ. Энэ бол сэтгэлд их ойрхон, сайхан үг.

-Нутгаа хамгийн сүүлд хэзээ зүүдлэв?

-Тун саяхан зүүдэлсэн. Хэрлэн голоо Өндөрхаан хайрхантайгаа зүүдэллээ. Би Өндөрхааныхаа тахилгын овоон дээр гарч, хадаг тавьж байх юм. Гэтэл би өмд цамцтай явж байна аа. Тэгээд “Дээл өмсдөг байж уу дээ. Алдас болж байна даа” гэж бодож байх юм. “Өндөрхаан минь өршөө” гэж залбираад л сэрсэн дээ.

-Та нутгаа санахаараа яадаг вэ?

-Зохиолуудаа харна, шүлгийг нь уншиж, төгөлдөр хуур дээрээ дуунуудаа тоглож, сэтгэлээ сэргээнэ. Зөвхөн өөрийн гэлтгүй бусдын сайхан бүтээлийг ч тоглодог. Ингэж л өөрийгөө цэнэглэх юм байна шүү дээ.

-Та аав, ээж хоёроосоо ямар занг нь өвлөж авсан бэ?

-Нэгэн гэр бүлийн хүмүүс биестээ их амархан уусдаг юм болов уу даа. Аав, ээж хоёр маань үг цөөтэй, гэр амьтай, уур уцааргүй их сайхан зантай хүмүүс байсан юм. Ээж маань жаахан бухимдахаараа “Чамайг даа” л гэдэгсэн. Гэвч хүүхдүүддээ гар хүрнэ гэж үгүй. Тиймээс ч манай гэр бүлд хэрүүл шуугиан байхгүй, их нам гүм байдаг байлаа. Би тэднийгээ дагаад уур омоггүй, хүүхдүүддээ тэр болгон үглэж сургаад байдаггүй. Гал голомтын заяа гэж байдаг даа. Эцгийн минь голомтын ариун дагшин заяа л надад уламжлагдаж ирсэн гэж боддог.

-Монголчууд үр хүүхдэдээ хамгийн эрхэм нандин зүйлээ өвлүүлж үлдээдэг уламжлалтай. Хүүхдүүддээ өвлүүлж үлдээх хамгийн нандин баялаг тань юу вэ?

-Боловсрол. Хүмүүст энэрэнгүй хандаж, аливаа зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь харж байх ухаан. Би харанхуй, хүйтэн хоёрт дургүй. Тиймээс ч буруу зүйл хийж байсан ч түүнд гэгээлэг тал заавал байгаа гэдэгт итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн тэнгэр ивээж, зуун намрыг үзэн жаргах болтугай. 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]