Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аварга цолоо авч чадалгүй буудуулж эрсэдсэн Шагж аваргаУншсан19,412

Шагж бээр 1931 оны улсын наадамд барилдсан бол улсын Аварга цолтой барилдах байсан нь дээрхи баримтаас тодорхой харагдаж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг ахар богино хугацаанд эзэгнэн барилдаж явсан эгэлгүй их хүчтэн юм.

Түүнийг Монгол бөхийн түүхнээ 1927 онд 8 даван их шөвөгт, 1928, 1929 онд 9 даван үзүүрлэсэн, харин 1930 онд 10 даван түрүүлсэн хэмээдэг. Хоёр жил дараалан үзүүрлээд байхад арслан цол олгоогүй, түрүүлэхэд нь сая арслан цол олгосон гэх нь ч бий.

Бөх судлаач Б.Цогтбаатар “Буур Н.Жамъян аварга завсаргүй 3 жил түрүүлээгүй” хэмээх өгүүлэлдээ "С.Шагж 1927, 1929 онд үзүүрлэж, 1928 онд их шөвөгт үлдсэн энэ бөх 1930 онд арслан цолтой барилдаж түрүүлсэн болохоор арслан уу, аварга уу гэдэг эргэлзээтэй" хэмээжээ.

1927 он: Энэ наадамд улсын заан Мээтэн Аюур 10 давж түрүүлэн арслан, мөн Цэргийн Шагж 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн байна. Үүнийг нотлох баримт нь 1928 оны улсын наадмын 3, 4, 5-ын давааны дүйзээс үзэхэд харагдана. Тухайлбал “Бага хурлын дарга таны Шагж арслан, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Аюур арслан” гэж наадмын бөхийн оноо дансанд бичигдэн ам авч барилдсан байна. /Ардын цэрэг сонин. 1928 оны 8-р сарын 24. №20

Ингэхээр 1927 онд улсын арслан цолонд хүрсэн байна.

1928 он: Энэ жилийн Улсын ба Цэргийн их наадмыг 7-р сарын 30-наас эхлэн 6 өдөр үйлдэж тараасан... Есийг давж түрүүлсэн бөх Цэцэрлэгмандал аймгийн Чандмань-Өлзийтийн хошууны бөх буур Жамьян. Жич: Наймыг давсан бөх Аюур, долоог давсан бөх Шагж, Банзар нар болой. /Үнэн сонин. 1928 оны 8-р сарын 13. №32/

1929 он: Бөх зургаан зуугаас түрүүлсэн бөх Цэргийн 2-р хорооны Банзар заан /Үнэн сонин. 1929 оны 8-р сар. №41/. Банзар арслан: 1929 оны улсын наадамд Архангай аймгийн Ихтамир сумын Лундаажанцан арсланг есийн даваанд, Завханы Шагжийг арвын даваанд хаяад түрүүлэхэд Вандан аварга дөрөвт үлдээд нутгаас сайн бөх төрлөө гээд улаан торгон шуудгаа баярласандаа надад өгсөн юм. /Спортын мэдээ. 1977 он. №51/

1930 он: Сүүлийн 4 бөх нь: Цэргийн Банзар арслан, мөн Шагж арслан, мөн Дэндэв, Богд ханы Чимэд нар үлдсэн бөгөөд Шагж Чимэдийг, Банзар Дэндэвийг унагаад хоёулаа үлдсэнд Шагж түрүүлж, Банзар үзүүрт оржээ. /Залуучуудын үнэн. 1930 оны 9-р сарын 6. №15/

Ингэхээр 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж Аварга цолонд хүрсэн байна.

Ер нь арслан цолтой бөх түрүүлэх аваас Аварга цолонд хүрдэг Монгол бөхийн ёсон /дүрэм/ буй. Жишээлэн өгүүлэхүл:

Ардын засгийн анхны наадамд буюу 1925 онд Босоо Самдан арслан цолтой барилдан 10 давж улсад анх удаа түрүүлэн аварга болсон бол энэ наадмаар 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн Буур Жамьян хойтон жил нь буюу 1926 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга болж байжээ. Түүнчлэн Б.Түвдэндорж арслан цолтойгоор 1941 онд 9 давж түрүүлэн аварга, Ц.Чимэд-Очир арслан цолтойгоор 1946 онд 9 давж үзүүрлэн аварга, Ж.Цэвээнравдан арслан цолтойгоор 1951 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга, Д.Сумъяабазар гарьд цолгойгоор 2006 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн арслан, аварга цолонд хүрсэн... (Тод: “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан /7.1.5/, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга /7.1.6/, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно /7.2/)

Шагж бээр 1931 оны улсын наадамд барилдсан бол улсын Аварга цолтой барилдах байсан нь дээрхи баримтаас тодорхой харагдаж байна. Харин Шагж бээр 1930 оноос хойш улсын наадамд барилдаагүй байна (барилдсан гэх мэдээ алга). Улсын наадамд дөрөвхөн удаа барилдахдаа ийнхүү гайхамшигт гэмээр амжилтыг үзүүлсэн эгэлгүй их хүчтэн бөлгөө.

Энэ цагт их бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагжийн Аварга цолыг нөхөн олгох бус, угаас авсан Аварга цолыг тодотгон сэргээж, хойшид Монгол бөхийн түүхнээ “Шагж Аварга” хэмээн албан ёсоор нэрлэн явах нь зүйд нийцэх болой.

Г.Мягмарсүрэн

Жич: С.Шагжийг эсэргүүний цэрэгт элссэн, 1932 оны тавдугаар сарын 13-нд Тариатын хүрээний өмнөх этгээдэд буудуулсан гэдэг нь бүгд ам дамжсан худал яриа, тэрээр Архангай аймгийн наадмаас харьж яваад 1932 оны намар бусадтай андуурагдан буудуулж амь эрсэдсэн аж. Энэ тухай манай нэртэй сэтгүүлчдийн нэг Б.Ерэнтэй гуай архивын баримт сэлтэд түшиглэн бичсэн нийтлэлдээ дурдсан байдаг.

 

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 25. 11:30
Баян

наад мангар хар чинь ёнзон хамба тэргүүтний толгойлсон эсэргүүнүүдтэй нийлж яваад буудуулж үхсэн гэсэн байдаг. болдоггүй амтай биеэ тоосон аархуу амьтан байсан бололтой байдаг бичсэн байснаас нь уншиж байсан. Засаг төрийн хайр даахгүй мангартаж мөрөөрөө ноцолдоод явж байхгүй үхсэн ацаа хийж Монголын төр, ард түмний дайсантай нийлж явдаг байнаа.

2019, 12 сар 25. 10:17
Зочин

Одоогийн Ховд аймгийн Чандмань сумын гаралтай. Говь-Алтай, Завхан аймагт амьдарч байсан. Элэнц удам минь эгэлгүй тэнхээтэй, эрийн хийморь байсан гэсэн. Энэ цагт тун удахгүй удмын залгах хүчтэн төрөх болноо. Монгол бөхийн босоо цагаан хийморь үүрд мандан бадраг ээ.

2019, 12 сар 22. 12:53
Зочин

32 онд амь үрэгдсэн гэлээ. Гэтэл дээд талын зурагт погонтой шинельтэй байна.
Тэгэхээр 44 оноос хойших зураг болж таарч байна. Өөр хүний зураг юм болов уу?

2019, 12 сар 23. 16:03
Зочин

С.Шагжийн тухай чин үнэнийг мэдье гэвэл Я.Адьяа, П.Батхуяг нарын бичсэн "Завхан аймгийн Тосонцэнгэл сум", хэмээх номоос уншаарай, 1998, 2006, 2014 онуудад хэвлэгдсэн орон нутгийн түүхийн анхдагч ном

2019, 12 сар 23. 23:48
Зочин

Дээд талын зураг шинельтэй, погонтой бгаа нь үнэн, Шагж арслангийн зураг олдохгүй болохоор Хүү Даваасамбуу гэдэг хүний зурагийг тавьсан байна, харин Даваасамбуу нь аавтайгаа их адилхан байна гэж нутгийн мэдэх хөгчүүл ярьдаг юм гэнэлээ.
Доод талын Дээлтэй зураг нь мөн нэгэн адил Хүүгийнх нь зураг бна даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]