Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Нөгөө Рожер хаа байна аа буюу адармаатай орчуулгаУншсан5,118

Манай киноны орчуулагчид дор дурдах хэллэгүүдийг одоо юу гэж орчуулж байгааг мэдэхгүй юм. Цагтаа ч бас л баллаж байсан даа.

 

Кино үзэж байхад, ялангуяа орчуулгын кино үзэж байхад олон л хөгийн юм таардаг. Гадаад хэлнээс ямар ч юм нэг хэл рүү орчуулсан бололтой кинонууд хаа сайгүй таарах ба тэр хэлэнд Монгол хэлний олон үг байдаг бололтой, заримдаа бүр ойлгох шахна гээч. Арай Монгол хэл рүү орчуулсан байж, тэрийг нь би ойлгохгүй байсан болж балрах бий дээ. Юу л бол. Би болон миний мэдэх Монголчууд үг яриандаа хэрэглэдэггүй хачин хачин үг  их л гардаг юм билээ.  Оруулсан дуу хоолойг нь сонсоход 3-5 насныханд зориулсан хүүхэлдэйн кино юм уу гэтэл жигтэйхэн буурьтай жүжигчид, үйл явдал бүхий кино байна. Дуу хоолойг нь сонсоод киног нь үзэхээр нэг тийм фрак өмссөн нөхдүүд үндэсний бөхөөр барилдаж байгаа мэт санагдахыг нь яана.

Гэхдээ энэ удаа тэрхүү дуу хоолой, орчуулгын тухай биш харин цэргийн сэдэвтэй кинонд гарах үг хэллэгийн талаар хэдэн үг хэлэх гэсэн юм. Манай киноны орчуулагчид дор дурдах хэллэгүүдийг одоо юу гэж орчуулж байгааг мэдэхгүй юм. Цагтаа ч бас л баллаж байсан даа.

Нөгөө Рожер хаа байна аа?

Анх баруун талын буюу Холливудын кино видео-салон гээчээр дамжин орж ирэх үед Шварцнеггер, Сталлоне зэрэг нөхдүүд тоглодог аймаар байлдаантай, алж өгдөг кинонууд нэг хэсэг шуугиулдаг байж билээ.

Монголд нүхэн дотор гал гаргаад, тэрийгээ зарлаж хашхираад  байх нь ховор л доо. Харин Америк кинонд бол байнга л тэр нэг нүхэнд нь “гал түлнэ”. Англиар бол” Fire In the Hole”. Гэтэл энэ үгийг хашхираад унаж тусаад байгаа нөхдүүд уг нь манайхаар бол тэсрэх гар бөмбөг шидлээ гэсэн үг хэлж байгаа нь тэр юм гэсэн. Манай “Говь Хянганд тулалдсан нь” кино  дээр гардаг шиг “гранатаа” гээд л болмоор. Маягтай нөхдүүд шүү. Тэрийг нь ямар нэг нүх дотор гал түлж байгаа мэтээр орчуулдаг нь алга болоод удаж байгаа болов уу гэж найдаж байна.

”Fire In the Hole” хэмээх энэ сүржин хэллэг уурхайчид тэсэлгээ хийж байхад хэрэглэдэг үг байгаад цэргийнхэнд дамжсан гэдэг хувилбар байдаг ч эрт цагийн үхэр буунд дарь, сумаа хийгээд, бууны дээр байх нүхэнд гал хүргэн бууддаг байсан тэр цагаас үлдсэн уламжлал гэдэг нь үнэнд арай ойр санагдана.

Нисдэг үнэг

Чухам ямар кино гэдгийг нь санахгүй ч  тэнд болдог нэгэн үйл явдлыг тод санаж байна. Тэнд нэгэн онгоцноос пуужин харваж эхэлвээ хөөрхий. Пуужин харваж байгаа нисгэгч ч Fox one- Fox two- Fox three гээд тоолоод байгаа бололтой тоочоод эхэлнэ. Орчуулга нь- нэг үнэг, хоёр үнэг, гурван үнэг. Буруу юм юу байхав. Үнэхээр л үнэг яриад байгаа биз дээ. Харин 1-р үнэг, 2-р үнэг гэсэн бол арай л зөв болох байсан болов уу гэсэн юм тэр үед бодогдож байлаа. Өөрөөр хэлбэл пуужинг үнэг гэж дууддаг юм байлгүй гэж ойлгосон хэрэг.

Орчуулагч ч тэгж ойлгосон нь тодорхой.

Гэтэл  Fox one  буюу “1-р үнэг” гэдэг маань радиоудирдлагат хагас идэвхт пуужинг хэлдэг юм байна. Харин Fox two нь дулаан мэдрэгч бүхий хошуутай пуужин, Fox three нь F-14-ийн нисгэгчид AIM-54, AIM-132 пуужин харваснаа мэдээлэх дохио юм байна. Ийм ядаргаатай хэллэгтэй гэж тэр орчуулагч болон үзэгч бид яахан мэдэх билээ.

Энийг “канонд”

Бас нэг радио холбоогоор ярьж байх үед тохиолдох хэллэг. Ямар нэг юмыг нэг нь нөгөөдөө хэлэхэд өнөөх нь Copy That гэнэ. Тэр хэлсэн юмаа “канонд” гээд байгаа юм уу дахиад хэл гээд байгаа юм уу ядаргаатай гэж. Ихэнхдээ цагдаа нар холбоогоор ярьж байхдаа ингэж хэлдгийг бодоход гэмт хэргийн ямар нэг ул мөр, нотлох баримтыг хэдэн ч хувь юм бүү мэд хувилж, канонд гээд байгаа бололтой ...гэж бодсоор тэнэг болоход ойрхон болж кино ч утгаа алдана. Гэтэл энэ хэллэг нь  бас л өнөөх Roger-той адилхан ойлголоо, мэдлээ гэсэн утгатай гэх юм. Ёстой сонин нөхдүүд юм аа энэ Америкчууд чинь. Мэдлээ, ойлголоо гэхийн оронд хэн нэг нөхрийн нэр дуудаад, эсвэл ямар нэг юм канондуулах гээд.

Ёстой “мал” гээд л болоо.

Муусайн орчуулагч нар гээд муулах хүн олон. Гэтэл тэр муусайн нөхдүүд чинь ямар төвөгтэй юмнуудтай орооцолддогийг эдгээр хэдхэн үг хэллэг бага багаар харуулж байна. Тэднийг буруутгах юм алга даа.

Харин Монголоор орчуулж байгаа бол Монгол хүн хүн ойлгохоор ярьж, бичиж, орчуулаасай. Ингэх нь зарим нэг Монгол үгтэй, хаана ч байдаггүй хэлээр орчуулснаас арай дээр болов уу гэж бодогддог юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 1. 5:53
Зочинdash

10 four (arav duruv) bas l oilogloo

2018, 5 сар 9. 8:54
Зочин

All right - Бүгдээрээ баруун тийшээ (уг утга нь: Заза, ойлголоо гм)

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]