Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Б.Бямба оргосон уу, эсвэл эх орны даалгавар байсан уу?Уншсан12,297

МАХЦ-ийн офицер, Баасангийн Бямба үнэхээр эх орноосоо урван, Японы талд оргон гарсан уу, эсхүл тусгай даалгавартайгаар хилийн цаана үүрэг гүйцэтгэсэн үү гэдэг нь сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болов.

 МСЭ-ийн шагналт сэтгүүлч, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ


Нэг. ОРШИЛ БОЛГОХУЙ

1938 онд Монголоос Японд зугатан гарсан, МАХЦ-ийн Дорнод II корпусын YI дивизийн Суртал ухуулгын тасгийн дарга, ахмад цолтой, Баасан овогтой Бямбын дурсамжийг Фуруки Тошиогийн орчуулгаар “Асахи” сонинд цувралаар нийтлүүлж байжээ. Тэрхүү цуврал нийтлэлийг Манж-Го улсын Амгаланг тохинуулах яамны Цагдан сэргийлэх хэлтсээс 1939 оны 7 дугаар сард тусгай товхимол болгон хэвлүүлсэн байна. Эрдэмтэн зохиолч Д.Цэдэвийг 1990 оны сүүлчээр Японы Окаяма хотноо болсон Японы Монголч эрдэмтдийн намрын их хуралд оролцох үеэр Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш К.Окада, Х.Футаки нар Монгол судлалын холбогдолтой олон ном, товхимол үзүүлсний дотор “Гадаад Монголоос зугатан гарсан тэмдэглэл” хэмээх нимгэвтэр ном түүний сонирхлыг ихэд татжээ. Эрдэмтэн зохиолч маань “Орчуулан уншвал лав сонирхолтой материал байгаа даа” гэж бодон дахин дахин эргүүлж байтал үүнийг анзаарсан Япон нөхөд нь “Та сонирхож байгаа бол бид сүүдэрлэн хуулсан нэг хувийг өгье” гээд, төдөлгүй хуудсыг бүрдүүлэн гар дээр нь тавьжээ. Япон хэлний нэртэй орчуулагч Д.Алмаас гуайн Монгол хэлнээ буулгасан “Гадаад Монголоос зугатан гарсан тэмдэглэл” номын нэрийг үл ялиг өөрчлөн “Японд зугатаж гарсан Бямба” нэртэйгээр 1991 онд “Соёмбо” хэвлэлийн газарт хэвлүүлсэн аж. Ийнхүү өнөөдрийг хүртэл үнэн худал нь үл мэдэгдэх яриа, ном, товхимлын “бай” болсон энэ хүний талаар сүүлийн үед “Эх орноосоо урваагүй, харин эх орныхоо төлөө тусгай даалгавар биелүүлж явсан” гэсэн эерэг хандлага ажиглагдах боллоо. Тийм учраас Б.Бямбын тухай өгүүлэхийн өмнө Б.Бямба уг номоо хэрхэн эхлүүлснийг товчлон хүргэе!

Хоёр. ГАДААД МОНГОЛООС ЗУГАТАН ГАРСАН ТЭМДЭГЛЭЛЭЭС

“Би сэтгэл тайван байх нам гүм нэг өрөөнд тэмдэглэлээ туурвиж сууя гэж бодож байна. Би аажуу, уужуу бичиж дуусгахыг л өөрийн эрмэлзлэл гэж бодож байна. Гэхдээ гадаад Монголоо тодхон санах үед миний судсанд гүйдэг цус, Халх Монголын шийдвэртэй тэмцлийн цус хөөрч оволзон, шанааны судас гүрэлзэх шиг болох юм. Ер нь би яагаад гадаад Монголоос зугатан гарахаас өөр аргагүй болов. Яагаад миний ачит багш, генерал Дамба цаазлагдсан юм бэ. Хэний гарт амь үрэгдсэн юм бэ? гэх зэрэг асуудлыг бодох бүрд үндсээ гэх сэтгэлийн уур хилэн бадарч, Оросыг эсэргүүцэхээс өөр аргагүй болох юм. Миний уур хилэн шатаж, нутагт үлдсэн нөхдийнхөө гашуун зовлонг дурсан санах бүр мэдрэлийн хэвийн ажиллагаа алдагдан, галзуурах мэт болох юм...”. Тэмдэглэл ийнхүү цааш үргэлжилнэ. Энэ нь хэдийгээр бусдын заавраар бичсэн байж болох ч түүнд эх нутгаа, анд нөхдөө гэсэн сэтгэлийн их шаналал байсан нь тодоор илэрч байна.

Гурав: Б.БЯМБЫН БАГА НАСНЫ АМЬДРАЛ

Түүний бичсэнээр шинэ тутам байгуулагдсан Гадаад Монголын тусгаар тогтнолын 3 дугаар он буюу 1913 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сэцэн хан аймаг, одоогийн Дорнод аймгийн Булган суманд төржээ. Ар гэр нь тухайн үедээ нэлээд чинээлэг айл байсан бололтой. Аав нь нас барсан учир нагац ах Самдангийн хамт ээжийнхээ ажилд туслалцаж байгаад Санбэйсийн хүрээ буюу Баянтүмэний бага сургуульд суралцах боломж гарсан байна. Нагац ах Самдан нь хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан, өөрөөр хэлбэл “Юм үзэж, нүд тайлсан” нэгэн байсан болохоор Б.Бямбыг цаашид сурч боловсрох, ялангуяа цэргийн том дарга болохыг үргэлж ятгах тул “Цэргийн дарга болбол сайхан аа” гэсэн бодол сэтгэл зүрхэнд нь эргэлдэх болжээ. Тэгээд ч мөнөөх хүсэл мөрөөдөл нь биелэгдэх зам нь шуударч, 1928 оны 12 дугаар сард 16 нас хүрч дунд сургуулиа дүүргэжээ. Энэ үед нагац ах Самдан ээжийнх нь төрсөн нутаг Өвөрхангай аймаг руу нүүн одохдоо “Дүү минь заавал Улаанбаатарт очоорой. Чи гадаад Монголын төлөө цэргийн дарга болох ёстой хүн шүү” гэсэн үгээ дахин, дахин захиж байжээ.

Дөрөв: ЦЕС-ИЙН СОНСОГЧ БОЛОВ

Б.Бямба 1930 оны 12 дугаар сард Баянтүмэнээс шуудангийн машинд сууж, Өндөр хаанаар дамжин, анх удаа 680 км урт замыг туулан байж Улаанбаатар хотноо хөл тавьсан нь хүн болсны хувьд анх удаагийн том аян байв. Улмаар 1931 оны 1 дүгээр сард ЦЕС-ийн сонсогч болж, Морин цэргийн эрдэмд шамдан суралцжээ. Тэрбээр мөнөөх тэмдэглэлдээ “Миний хамгийн их хүндэтгэдэг ахмад үе болох Г.Дэмид жанжин намайг үе, үе дуудан уулздаг байсан бөгөөд үндэснийхээ төлөө булгилан цохилох зүрхийг минь дулаацуулж байлаа. Цайлган сэтгэлтэй сонсогчдын үндэсний нэгдлийн байр сууринаас аав шигээ, бурхан шигээ хүндэтгэн шүтэж байсан хүн маань Г.Дэмид жанжин юм. Г.Дэмид тэр үеийн Бүх цэргийн жанжин штабын маршал, Цэргийн яамны сайд бөгөөд олон түмэнд хүндлэгдэж байсан хүн. Корпусын дарга, генерал Дамба, ЦЕС-ийн захирал, генерал Чоймбол, багш Сэндмаев, Даваабадамжаа болон бусад залуу офицерууд, шилдэг боловсон хүчин олон байв” гэж бичжээ. Тэрээр цааш нь “Ард гаралтай олон залуус ЗХУ-д сурч, тусгай эрх ямбатай хүмүүсээс илүү өндөр мэдлэгтэй болж байв. Мэдээж, ард гаралтай учир би ч тэдэнд багтав” гэсэн нь хилийн дээс алхахаа мэдэрсэн бололтой.

Тав: ЛЕНИНГРАДАД МОРИН ЦЭРГИЙН СУРГУУЛЬД

1933 оны 1 дүгээр сард Б.Бямба сургуулиа өндөр дүнтэй дүүргэн, Морин цэргийн бага дэслэгч цолоор шагнуулжээ. Мөн оныхоо 2 дугаар сард таван нөхдийн хамт Ленинград хотноо Морин цэргийн сургуульд суралцахаар морджээ. “Ленинградад байх үеийн хангамж үйлчилгээ нь Оросын Засгийн газраас бусад гадаадын үндэстэн, ястнуудын толгойг эргүүлэх бодлогын дээд зэргийн үлгэр жишээ болохоор байсан гэж хэлж болно. Миний хувьд бараг “Монголчууд биеэ даасан Гадаад Монголын төлөө” гэсэн үзэл бодлоо ч мартахаар байв. Ер нь хэн ч болов тийм болж болзошгүй байсан. Хэрэв, ачит багш, корпусын дарга Дамбын сэтгэл хөдөлгөсөн сургамжийг дурсан санаж яваагүйсэн бол миний хувьд оросчлогдохыг дээд зэргийн бахархал гэж ойлгох ч байсан байж магад” гэж бичжээ. Ленинград хотноо хоёр жил орчим суралцсан бага дэслэгч Б.Бямба 1935 оны 7 дугаар сард Нийслэл хотноо хөл тавьжээ. Зүрхний өвчний учир цаашид суралцах боломжгүй болж буцаж ирсэн тэрбээр энэ тухайгаа “Харин энэ өвчний ачаар л журмын нөхдөөсөө урваж болзошгүй аюулаас аврагдсан гэж үздэг. Гадаад Монголын 35 дугаар он бол надад мартагдашгүй он байлаа. Учир юу гэвэл, урт удаан хугацаанд уулзалдаагүй нөхөдтэйгээ уулзлаа. Тэгээд ч мөн оныхоо 7 дугаар сарын 15-нд Морин цэргийн дэслэгч болж, 2 дугаар корпусын 5 дугаар дивизэд хуваарилагдав. Энэ 2 дугаар корпус бол миний ихэд хүндэтгэдэг Дамбын корпус байлаа” гэжээ.

 Зургаа: БАЯНТҮМЭНИЙ АНГИЙН ОФИЦЕР БОЛСОН НЬ

Морин цэргийн дэслэгч цолоор шагнуулсан Б.Бямбыг Баянтүмэний 5 дугаар дивизийн 15 дугаар хорооны пулемётын салаанд багшаар томилж, Зөвлөлтөөс ирсэн офицер гэж хүндэтгэн, чухал хурал, зөвлөгөөнд тогтмол оролцуулдаг байжээ. Тэрээр “Намайг Улаанбаатараас Баянтүмэнд томилогдон очих үед Дамба генерал Манжуурын хуралдаанд оролцоод, ажил ихтэй байлаа. Баянтүмэнд дэд хурандаа Дэндэв, ахмад Цэнд нар намайг баяртайгаар хүлээн авав. “Монголчууд биеэ даасан Гадаад Монголын төлөө” бүлгийнхэн намайг янз бүрээр туршиж шалгав. “Дэслэгч Бямба, чи яагаад орос эхнэр аваагүй юм бэ? Зөвлөлтөөс буцаж ирсэн нөхөд цөм орос эхнэр авчирдаг, чи яагаав” гэж шалгааж байсныг ч би дотроо ойлгож байсан. “Би, шонхор хамартай, шар үстэй хүүхэдтэй болох дургүй. Би чинь халх хүн шүү гэж хариулахад, нөхөд маань цөмөөрөө инээлдэн, баруун гараараа хамраа шонтойлгон үзүүлж байв” гэж бичсэн нь яах аргагүй бусдын ятгалгад автсан нь мэдрэгдэж байна. Миний энэхүү бодлыг одоогоос 23 жилийн тэртээ бичсэн нэгэн материал давхар нотлох авай. МАХН-ын 1927 оны гишүүн Б.Банзрагч “Үнэн” сонины 1991 оны ¹109 дугаарт “Дуулиан дэгдээсэн нэгэн нийтлэлийн тухай” материал нийтлүүлжээ. Энэ нийтлэлд “…Оргодол Бямбын тэмдэглэлийг уншихад түүнд өгүүлсэн зүйлс нь эхнээсээ эцсээ хүртэл худал зохиомол нь үзтэл илэрхий болохоос гадна тэр тэмдэглэл нь чухам ямар нөхцөлд, хэрхэн яаж бичигдэж гарсныг мэдэхэд ч түвэггүй байна. Үүнд нэг талаас, эх орноосоо оргосон Бямба тэр талд гарч очоод итгэл олж, ивээлд нь орохын тулд худал зүйлийг санааныхаа зоргоор зохиож, юу гэж гүтгэн хэлэхээс ч буцахгүй болж, нөгөө талаас Японы цэргийнхэн, манай улсын талаар өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэхэд таатай бололцоотой болж, оргодол Бямбыг ашиглахаар шийдсэнээр “Бямбын тэмдэглэл” зохиогдож гарсан нь ч эргэлзээгүй юм” гэжээ.

 Долоо: Б.БЯМБА ХЭРХЭН ОРГОСОН БЭ?

 “Японд зугатаж гарсан Бямба” номыг Д.Алмаасын орчуулснаар “Эрдэнийн эрих” сонин 1991 оны ¹2, 3, 4 дугаартаа цувруулан нийтэлжээ. Энэ материалыг Японоос олж ирсэн эрдэмтэн зохиолч Д.Цэдэв ТЕГ-ын “Тусгай архив”-т хадгалагдаж буй Б.Бямбын талаарх зарим материалтай танилцсанаас гадна Б.Бямбатай хамт цэргийн алба хааж байсан хэд хэдэн ахмад дайчинтай уулзаж ярилцсан тэмдэглэлээ ч мөн сонинд нийтлүүлсэн байна. Дээрх материалууд дээр үндэслэн Б.Бямбын талаар багагүй зүйлийг тодруулжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Тамсагбулаг дахь II корпусын YI дивизэд өөрийнх нь бичсэнээр ахмад, архивын материалаар бол ахлах дэслэгч цолтой Баасан овогтой Бямба гэдэг хүн цэргийн алба хааж байсан нь батлагджээ. “Б.Бямба YI дивизийн 15 дугаар хорооны Суртал ухуулгын тасгийн даргаар томилогдсон ч тэр албыг хашиж амжаагүй байхдаа бичих аппарат, эгшигт хайрцаг, дарга нарын жаазтай зураг зэргийг эвдэлж сүйтгэсэн учир “Ухуулах тасгийн даргын албанд тэнцэхгүй” гэж үзээд 38 оны 1 дүгээр сард коммунист намын гишүүнээс хөөгдөв” гэсэн өгүүлбэрийг “…Бямбын холбогдох материалууд” гэсэн хавтаст хэргээс зохиолч Д.Цэдэв олж уншжээ. Б.Бямбын тэмдэглэлд “…Энэ оны (38 оны) 1 дүгээр сард намайг намын гишүүн байх эрхгүй гэж үзээд намаас гаргаж, дарга нар элдэв шалтгаанаар үе үе зэмлэдэг боллоо. Тухайлбал, ухуулгын пянз тоглуулагчийг эвдэж, цэргүүд И.В.Сталины зургийг урсан гэх мэтээр хариуцлагад тулгадаг байлаа” гэж бичсэн нь Б.Бямба болсон явдлыг тэмдэглэлийнхээ зарим хэсэгт үнэнээр бичсэн байна гэж үзэх үндэстэй болохыг Д.Цэдэв  абугай тодотгожээ. Тамсагийн YI дивизийн цэрэг бүрээч байсан, хожмоо Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн болсон Г.Бирваа “Тэр үед Б.Бямба дивизийн жижүүртэй байсан. Намайг дуудаж оройн хоолны болон унтлагын бүрээг цагт нь татаарай гэж үүрэг өгсөн. Би тушаал ёсоор гүйцэтгэсэн. Харин шөнө эргүүл ирэхэд дивизийн жижүүр алга байсан” гэж ярьсан байна. Б.Бямбын гадаад төрх байдлыг сайн мэддэг, YI дивизийн 15 дугаар хорооны 2 дугаар сумангийн салааны орлогч байсан Б.Самбуу мөн дурсамжаа үлдээжээ. “Тэр үед цэрэг, дарга нарын дотор бөмбөг, хөгжим тоглодог, даам мэддэг хүн тун цөөн байлаа. Харин Б.Бямба бөмбөг цохидог, бүжиг танц хийдэг, дэгжин хувцасладаг дарга байсан. Чухамдаа хорооны клубын дарга байхаас аргагүй хүн байсан” гээд тэр шөнө оргох бүрэн бололцоотой байсныг нотлохдоо “Буйр нуураас нааш эргүүл гардаггүйг тэрээр сайн мэднэ. Тиймээс замаа буруулж Адагдулаанаар л хил нэвтэрч гарсан болов уу” гэж ярьжээ. Мөн дивизийн 15 дугаар Морьт хорооны пулемёт сумангийн дарга байсан Н.Шараа “1939 оны Халхын голын байлдааны үеэр Японы онгоцууд маш доогуур нисэж, ухуулах хуудас цацаж байсан. Түүнийг авч болохгүй, уншиж болохгүй гэж дарга нар хатуу хориглоно. Гэвч бид нуувчинд байхдаа ч юмуу, аль нэг аргаар олоод уншчихна. Тэр хуудсанд “Би та нарын дээр нисэж явна. Наран улсад очоод их жаргалтай байна. Та нар миний хойноос ир” гэсэн утгатай “Бямба” гэсэн гарын үсэгтэй байсан гэж ярьсан байна. Харин Б.Бямба тэмдэглэлдээ “Би зугатан гарахаар буцалтгүй шийдэв. Цэргийн хээрийн сургуульд ч гарсангүй. Цэргийн хуаранг эргэж тойрно гэж хоёр морь бэлтгэж авлаа. Би өрөөнүүдийн үзлэг хийхдээ дивизийн штабын даргын өрөөнд сэм оров. Жижүүрийн офицерт, мэдээжийн хэрэг шаардлагатай түлхүүрүүд байдаг. Иймд миний гол үүргийн ихэнх нь хэрэгжив. Зүрх сэтгэл бачимдан, хамаг бие чичрэн, бүрэнхий болохыг хүлээв” гэсэн нь дээрх хүмүүсийн ярьсан, жижүүртэй байхдаа хоёр хос морьтой оргосон гэснийг баталж байгаа юм.

 Найм: Б.БЯМБА ОРГОСОН УУ, ЭСВЭЛ ЭХ ОРНЫ ДААЛГАВАР БАЙСАН УУ?

МАХЦ-ийн офицер, Баасангийн Бямба үнэхээр эх орноосоо урван, Японы талд оргон гарсан уу, эсхүл тусгай даалгавартайгаар хилийн цаана үүрэг гүйцэтгэсэн үү гэдэг нь сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болов. Тухайлбал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Хоролдамбын хийсэн нэгэн судалгаа өгүүлэн буй Б.Бямбын асуудлыг тодруулахад ямар нэгэн байдлаар дөхөм болж мэдэх мэдээ, баримтад түшиглэжээ. “Үндэсний шуудан” сонины 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ¹169-д “Японд оргож гарсан” гэх Бямбатай холбогдох нэгэн баримтын тухай туршин өгүүлэх нь” нийтлэлд ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж байгаа “Д.Цагааны мөрдөн байцаалтын хэрэг” гэгчид агуулагджээ. Д.Цагаан нь цэргийн томоохон хүч болох Дорнод II морьт корпусын командлагч хэмээх хариуцлагатай албыг хашиж байсан МАХЦ-ийн дээд тушаалын томоохон дарга аж. Түүний командалсан корпусын бүрэлдэхүүнд Тамсагбулагийн 6, Матадын 8, Баянтүмэний 5, Байшинтын 7 дугаар морьт дивизүүд орж байжээ. Дайны бэлтгэлийг хангахтай холбоотой зохион байгуулалтын асар их ажилд Д.Цагаан удирдах үүрэгтэй оролцсон байна. Тийм учраас “Японд оргож гарсан гэх” Бямбын талаар тодруулахад түүний ДЯЯ-ны мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг анхаарал татаж байна. Тухайлбал, 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.Цагааныг 8 дахиа байцааж “Цагаан таны бие өөрийн өдүүлсэн хэргийг мэдүүлж буй боловч уг хэргийн гадаад, дотоодын харилцаа ба бусад зарим зүйлийг илтэд нуун далдалсаар буй тул энэ тухай өчүүхэн төдий нууж далдлахгүйгээр илчилж мэдүүл” хэмээн шаарджээ. Тэрбээр “Би эл хэрэгт хуулийн газраас нуун далдлаад ял зэмлэлгүй өнгөрсүгэй гэх санаа байхгүй. Зарим зүйлийг орхигдуулснаа одоо шавхаж мэдүүлбээс, дэслэгч жанжин Дамба өнгөрсөн 27 он (1937)-ы 8 дугаар сард “Цагаан чи, Цэнд-Очир лугаа харилцаж байгаад гадаадад эсэргүү ажлын харилцаа барих нэгэн хүн олсугай гэсэн болой. Тэр ёсоор Цэнд-Очиртой уулзаж Дамбын хэлснийг уламжилсанд “Энэ шөнө дивизийн жижүүр хийхээр томилогдсон нэгэн хүн танд орой нэрээ өгөв үү. Нэрийг нь Бямба гэдэг юм. Түүнийг явуулбаас болох болов уу” гэхэд “Чи таних бөгөөд болж бүтэх юм бол болно биз” хэмээн Бямбыг явуулахаар тогтсон тухай өгүүлснийг дурджээ. Доктор Д.Хоролдамба “Энэ бол баримт. Гэхдээ архивын баримтуудад үнэн ч бий, худал хуурмаг баримт ч тохиолддог” гэсэн нь үнэний ортой биз ээ. Тэрээр цааш нь тус баримтад эргэлзсэн миний бие Японы эрдэмтэн Х.Футаки гуайтай санал солилцон ярилцахад “Бямба нь санаандгүй, тохиолдлын шинжтэй олдсон жирийн цэрэг байх ёсгүй дээ. Зүй нь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг л тагнуулчаар илгээмээр юм” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн нийтлэлд “Тийнхүү Дамба жанжин Цагаантай ярилцаж байтал Цэнд-Очир мөнөөх Бямбыг дагуулан орж ирэхэд Дамба жанжин Бямбад хэлж даалгахдаа “Чиний бие одоо гадаадад оргон гарах хэрэгтэй болов. Иймд би чамд нэгэн бичиг өгнө. Чи энэ бичгийг Манжуур станцад буй Японы тагнуулын хэргийг эрхэлж суугаа Инокүчи гэдэг хүнд биеэрээ хүргэж өгөх хэрэгтэй” гэснийг ч дурджээ. Тэрхүү Инокүчи гэгч нь 1920-иод онд нийслэл хүрээнд амьдарч байхдаа Монгол хэл сурч, улмаар Японы тагнуул болох нь илэрсэн учир 1926 онд хөөгдөн гарсан нэгэн аж. Тэрээр 1930-аад онд Манжуурт Монголыг хариуцсан тагнуулын албаны дарга байжээ. Энэ мэтчилэн цөөнгүй баримтыг нийтлэлдээ иш үндэс болгосон эрдэмтэн судлаач нийтлэлийнхээ төгсгөлд “Японд оргож гарсан гэх Бямбыг Цэргийн тагнуулын зорилгоор МАХЦ-ийн дээд командлалаас тусгай үүрэг, даалгавар гүйцэтгүүлэхээр гадаадад томилон гаргасан бололтой. Дээрх ажиллагааг Бүх цэргийн жанжины орлогч Г.Дамба, 7 дугаар морьт дивизийн дарга Р.Цэнд-Очир, Дорнод II морьт корпусын командлагч Д.Цагаан нар зохион байгуулсан хэмээн үзэж болохоор байна. Б.Бямбыг Японд оргож гарсан гэх халхавчаар тагнуулын үүрэг гүйцэтгүүлэхээр гаргасан эсэхийг үргэлжлүүлэн судлууштай” гэснийг судлагчид анхааралдаа авах биз ээ!

 Сэтгүүлчийн зурвас: Нэгэн нэртэй сэтгүүлчийн ярьж байсан нь санаанд бууж байна. Тэрээр “1930-аад оны үед манай улс гадаадад үүрэг гүйцэтгүүлэхээр явуулсан олон тагнуулчаа ор тас мартсан юм шүү дээ” гэсэн нь үнэний хувьтай байх. Магадгүй, Б.Бямба түүний нэг нь ч байсан юм билүү. Хэрвээ тийм аваас, олон жил эх орноосоо урвасан хэмээн адлагдсан түүний нэр төрийг сэргээж, хүний нутгийн хүйтэн хөрсөнд нойрсож буй ясыг нь амраахсан. Дашрамд тэмдэглэхэд Б.Бямба тэмдэглэлдээ “Миний ачит багш, корпусын дарга Дамба” гэж олонтаа давтсан байдаг. БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунболдын “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн 2011 оны ¹2 дугаарт нийтлүүлсэн “Өндөр Дамба” хэмээх өгүүлэл миний анхаарлыг татав. Тэрхүү өгүүлэлд ХХ зууны 20,30-аад оны үед хилсээр хэлмэгдсэн олон арван цэргийн зүтгэлтний дотор “өндөр” хэмээх Гомбожавын Дамба, “Буурал” хэмээх Готовын Дамба нар байжээ. Тэгвэл Б.Бямбын ачит багш нь Архангай аймгийн Бүрд сумын харьяат “өндөр” хэмээх Гомбожавын Дамба бололтой. 1921 оны Ардын хувьсгалын партизан тэрбээр 1930 оноос 5 дугаар Мотобуудлагын дивизийн даргаар томилогдож, 1936 онд корпус командлан захирагч болтлоо өсөн дэвшжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]