Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

PQ-17 цуваа (2-р хэсэг): Сэтгэлийн тамд унагасан ньУншсан4,473

Хэдийгээр хамгаалалтын хөлгүүдийн зенитийн онилсон шуурган гал халхалж байсан авч нисэх онгоцууд цувааны хөлгүүд рүү яаж ийгээд ойртож торпед мулталж амжсан байлаа.

Хөрвүүлсэн Г.Дашнамжил


1-р хэсэг нь: "Морины нүүдэл" ажиллагаа

 
PQ-17 ЦУВАА: 2-Р ХЭСЭГ

 

Цуваа Америкийн 22, Британийн 8, Панамын 2, Голландын 1, Зөвлөлтийн 2 (Донбасс, Азербайжан) гээд нийт 35 хөлгөөс бүрдэж байв. Цувааг Британийн 3 аврах хөлөг болох (зорчигч тээврийн хөлгийг өөрчлөн тоноглосон) Зафаран, Замалек, Рэтлин ба цувааг түлшээр цэнэглэх танкер нь эхэндээ Английн хатан хааны Грей Рэнжер байгаад Элдэрсдэйлээр солигдсон аж.

Исландаас PQ-17 цуваатай цуг замд гарсан хамгаалалтын “Q” нэгтгэл Ян-Майен арлаас салаад QP-13 индекстэйгээр цувааг буцаж ирэхэд нь мөн арлын дэргэдээс дахин нэгдэх заавартай байлаа. Түүний бүрэлдэхүүнд Английн хатан хааны флотын эсминец Дуглас-90 ба эскадрийн танкер Элдерсдэйл хөлгүүд багтаж байв.

PQ-17 цуваанд 297 нисэх онгоц, 594 танк, 4246 ачааны машин түүнчлэн нисэх онгоцны бензин ба бусад төрлийн нийтдээ 156 мянга 492 тонн ачаа ачсан байжээ. Ачааны үнэ мөнгөн дүнгээр (1942 оны) тухайн үеийн ханшаар 700 сая доллараар үнэлэгдэнэ. Энэ ачаагаар 55 мянган цэрэг, офицер бүхий армийг өвч зэвсэглэж хангахад хүрэлцээтэй.

Цувааны Эмпайр Тайд хөлгийн тавцангаас тусгайлан тоноглосон сөнөөгч онгоц Тэнгисийн Харрикэнийг хөөргөх төхөөрөмжтэй байв. Төхөөрөмж нь сөнөөгч онгоцыг онцгой тохиолдолд хэрэглэх ба дайсны онгоцыг амдан сөнөөхөөр тавцангаас хөөргөөд даалгавраа биелүүлснийх нь дараа нисгэгчийг усан дээр суулт хийхээс өөр сонголтгүй болгох бөгөөд нэг л удаа ашиглаж хөлөгтэйгээ ойрхон буулгахаар бүтээсэн юмсанж.

Бүх хөлөг ажиглалт тандалтын аеростат цэнэглэх тоноглолтой байлаа. Хөлгийн тавцан дээр хамгаалалтын зорилгоор зенитийн их буу суурилуулсан тусгай цэргийн багийнхан байв. Нийтдээ 33 ширхэг янз бүрийн калибрын 40-102-мм-ийн их буу, 20-мм автомат зенитийн автомат буу, ”Эрликон” загварын 207 янз бүрийн пулемётоор зэвсэглэжээ.

Цувааг хамгаалах нэгдүгээр бүлэг буюу ойрын хамгаалалтын халхлах бүлэгт (EG1) адмирал Жон Брумаар командлуулсан 6 эсминец, 4 шумбагч завь устгах хөлөг, 4 харуулын хөлөг, 3 чирэгч, 2 агаараас хамгаалах хөлөг онгоц, 2 шумбагч завь, гурван аврах хөлөг ба танкер онгоц багтаж байв.

Харин алсын зайнд халхалтын крейсерийн эскадр нь адмирал Луис Хамильтоноор командлуулж эгнээндээ Британийн хоёр крейсер Лондон (манлайн хөлөг), Норфолк, Америкийн крейсер Тускалуза, Уичита ба өөр гурван эсминецийг багтааж байлаа.

Дээрх хоёр бүлгээс гадна адмирал Жон Товийн командлалд хүнд хөлгүүдийн халхлалтын эскадр захирагдаж байв. Бүрэлдэхүүнд нь шугамын хөлгүүд болох Йоркийн гүн, Вашингтон, нисэх онгоц тээгч Викторис, крейсер хөлгүүд Камберленд, Нигерия түүнчлэн халхлалтын дэмжлэгийн 12 эсминец бүхий хүчирхэг баг оролцуулжээ.

Мөн цувааны хамгаалалтад Британийн P-614, P-615 шумбагч завинууд, Зөвлөлтийн Щ-422 шумбагч завь тус тус хүч нэмэгдүүлжээ.

Энэ зуур Германы тал PQ-17 цувааны замыг амдахаар “Чонын сүрэг” шумбагч завины бүлэг буюу Мөсөн чөтгөр хэмээх кодлогдсон нэршлээр нэрлэгдсэн 11 шумбагч бүхий бүлгийг 6-р сарын 7-29-ний хооронд Арктикт төвлөрүүлжээ.

1942 оны зургадугаар сарын 27. PQ-17 цуваа Хвальфордоос Гринвичийн цагаар 16:00 цагт хөдөллөө. Хөлөг онгоцууд Исландаас чанх хойд зүгийг чиглэн хөвөх үед цаг уурын хүндрэл болох Хойд Атлантын далайн мананд үзэгдэх орчин хязгаарлагдаж 2 эгнээ цуврааны горимд шилжсэн юм байна. Өтгөн манангийн улмаас тээврийн хөлгүүдээс “Ричард Бленд” хөлөг цуваанаас салж, усан доорхи хад мөргөн хөдөлгөөнөө зогсоов. Ослын дуудлага өгсний дагуу 21:00 цагт Рейкьявикаас чирэгч онгоц ирж боомт руу буцаажээ.

Цуваа Ян-Майен арлын чиглэлд дагалдах Брумын командалсан халхлалтын үндсэн бүлэгтэй зургадугаар сарын 30-н гэхэд нийлэх заавартай тул Стромнессийн хошуунаас өнгөрөөд дөрөв дөрвөөрөө есөн эгнээнд орж хурдаа нэмлээ. Адмирал Брумын бүлэгтэй нийлж амжаагүй байхад буюу зургадугаар сарын 29-ний 05:00 цагт цуваа дахин өтгөн мананд оржээ. 50 метрээс цааш үзэгдэх орчингүй мөсөн уулнууд хөвдөг уртраг, өргөргийн солбицолд орсон нь энэ. Дөрвөн хөлөг гэмтэж, Америкийн “Эксфорд” хөлөг ослын дохио илгээж шууд л зөвшөөрөл аваад буцаж эргэв. Ийнхүү цуваа эхнээсээ л бүтэлгүйтэлд орж, байгалийн саад бэрхшээлтэй тулгарч хохирол амсаж эхэлжээ. Түлшний танкер Грэй Рейнжер хошууны хэсэгтээ томоохон цоорхой гаргаснаас цагт найман зангилаанаас илүүл хурдан хөвж чадахгүй болсон тул Ян-Майен арлаас цувааг буцах үед нь түлшээр хангах ёстой танкер “Олдерсдейл”-ээр орлуулахаас аргагүйд хүрэв. Ямартай ч цуваа зохих зааврын дагуу урагшилсаар задгай тэнгист адмирал Брумын командалсан ойрын зайн халхлалтын хөлгүүдтэй нийлж авлаа.

Цуваа ойрын зайн халхлалтын бүлэгтэйгээ нэгдэж урагшилж байх мөчид тэднийг алсад хүлээж байсан хүнд хөлгүүдийн халхлалтын бүлгийн командлагч адмирал Тови Тэнгисийн цэргийн сайд лорд Паундтай холбоо барив. Паунд дайсны Тирпиц хөлгөөр удирдуулсан бүлэгтэй тулгарч болохыг энэ үеэр адмиралд анхааруулжээ.

Үүний дараа адмирал Тови Оркнейн арлуудын орчим Скапа-Флоугаас өөрийн нэгтгэлээ хөдөлгөжээ. Зэрэгцээд PQ-17 цувааг дагалдаж буй мэт сэтгэгдлийг германуудад төрүүлэх зорилготой хуурамч цуваа “X” крейсер “Сириус” “Кюрасо”, 5 эсминец, зэвсэглэсэн чирэгч 4, 5 мина цэвэрлэгч, 4 нүүрс тээвэрлэгч хөлгүүд тэнгист гарав.

Жинхэнэ цуваа дайсанд анзаарагдалгүйгээр дорно зүг үргэлжлүүлэн хөвсөөр байлаа. Тэр өдөр Мурманск дахь Английн тэнгисийн цэргийн төлөөлөгчийн газар нэгэн радио шуудан хүлээж авав. Түүнд Мурманскаас Англи руу буцаж яваа QP-13 цуваа аянд гарсны маргааш л Германы тагнуулын нисэх онгоцуудад илчлэгдсэн тухай дурджээ. Тэдний мөрөөр германууд мөшгиж байгаад өөдөөс нь ирж буй PQ-17 цувааг илрүүлчихнэ гэдгээс англичууд их сандрав.

7-р сарын 1-н болов. Задгай тэнгист адмирал Л.Хамильтоны командалсан крейсерийн нэгтгэл яаравчлан гарлаа. Үүнтэй зэрэгцэн “ӨГӨӨШ-X” цувааг Скапа-Флоу руу буцаах тушаал дээрээс өгөгдөв. Учир нь германчууд энэ өгөөшийг үмхээгүй юм. Олигтой үр дүн авчраагүй, эсрэгээрээ эрсдэл дагуулж байсан тул ийнхүү чирэгчид, нүүрс тээвэрлэгчид, мина цэвэрлэгч хөлгүүдээс бүрдсэн нэтгэглийг ийн буцаахаас аргагүйд хүрэв. Харин энэ үед Мурманскт хийж буй германчуудын агаарын дайралт зогсолтгүй үргэлжилж байгаа тул цувааг Мурманск руу биш Архангельскт ирэх ёстой гэсэн мэдээ ирлээ.

Цувааг хааш нь илгээх тухай шийдвэр гарч амжаагүй байтал 7-р сарын 1-ний үд дундын үед дайснууд илрүүлж орхив. Хөлгүүдийн дээгүүр германы тагнуулын Fw-200 “Кондор” онгоц аажимхан нисэн өнгөрөх нь тэр.

Германы тагнуулын онгоцоос авсан зураг

Цуваа яаравчлан агаарын тандалт ажиглалтын хүрээнээс гарсан ч орой нь тэднийг Германы шумбагч завинаас илрүүлсэн байна. Шумбагчийг цувааны хамгаалах хөлгүүд мөрдөн мөшгиж гүний бөмбөгөөр бөмбөгдсөн ч немцүүд яаж ийгээд мултарч гараад цувааны тухай радиошифрийг Берлин рүү дамжуулах нь тэр. Радиошифр илгээгдсэнийг ч Британийн тагнуулчид замаас нь илрүүлэв. Радио холбооны “чимээгүй” горимыг цаашид мөрдөх нь утгагүй болсон тул адмирал Брум Тэнгисийн цэргийн яам руу яаралтай цахилгаан илгээлээ. Нэгэнт илчлэгдсэн цувааг алсаас яг л ангаа гэтэн мярайх араатан адил Германы далайн чононууд дагаж эхэллээ. Цувааны хамгаалалтын хөлгүүд шумбагч завинуудад довтолгоон хийхэд саад болоод байсан тул довтлох аятай нөхцөлийг хүлээх тушаал Берлинээс ирэв.

Энэ үед цувааг хамгаалах гол хүчин болсон адмирал Товигоор удирдуулсан хүнд хөлгүүдийн халхлалтын бүлэг ч мөн Германы тагнуулын онгоцуудад баригдав. Энэ мэдээллийг үндэслэн 7-р сарын 2-нд “Морины нүүдэл” төлөвлөгөөт ажиллагааг эхлүүлэх эсэх талаар шийдвэр гаргахаар штабуудын нэгдсэн зөвлөлгөөнийг германууд хийлээ.

Цаг агаарын нөхцөл байдал агаарын дайралт хийх бололцоог олгохгүй байсан тул германчууд 5-р флотын гол хүчийг ашиглахаасаа зүрхшээж, усан дээр буудаг Heinkel He-115 онгоцыг түлхүү ашиглан довтлох шийдвэр гаргав. Үүний дагуу 406-р эскадрилийн долоон нисэх онгоц долдугаар сарын 2-ны орой цувааг довтолсон боловч цувааны хөлгүүдийн тавцан дээр суурилуулсан зенитийн батарейнууд, хамгаалалтын хөлгүүдийн мөн нэгжүүд өндөр нягтрал бүхий галаар угтав. Германчууд анхны хохирлоо амслаа.

7-р сарын 2-ны орой Вестфьорд, Альта-фьордууд дахь усан дээрх флотын нэгтгэлээ германчууд хөдөлгөөнд орууллаа. Шугамын хөлөг “Тирпиц”, хүнд крейсер “Адмирал Хиппер” дагалдах эсминецүүд “Ганс Лоди”, “Карл Галстер”, “Теодор Ридель", мина зөөгч T7 ба T15-уудын бүрэлдэхүүнтэй нэгдүгээр бүлэг Альта-фьордаас гарахад тэдэнтэй эсминец “Рихард Байтцен” нэгдсэн. Гэвч өтгөн манангаас болж “Ганс Лоди”, “Kaрл Галстер" ба "Теодор Ридель" хөлгүүд усан доорхи хад мөргөцгөөж гэмтэл авсан тул гэдрэг татагдав. Хоёр дахь бүлэг Нарвикаас хүнд крейсер “Лютцов”, Атлантын далайд гайхамшиг үзүүлсэн ”Адмирал Шеер”, эсминец Z24, Z27, Z28, Z29, Z30-хөлгүүд, хангамжийн ”Дитмарш"-аар дагалдуулан гарчээ. Тэднээс “Лютцов” хөлөг усан доорхи хад мөргөж бөөрөө гэмтээснээр буцаж явчээ.

7-р сарын 3-нд харьцангуй нам тайван болж өнгөрөв. Адмирал Хамильтоны крейсерийн бүлэг цуваанаас 20-30 милийн зайтай хөвж яваад цувааны хөлгүүдийн хамт өтгөн манан буусан бүсэд орчихов. Манан бүтэн өдөр үргэлжиллээ. Дараа өдөр нь Германы шумбагч завинууд дайралт хийхийг оролдох бүртээ бүтэлгүйтэж хамгаалалтын хөлгүүдэд хөөгдөх ба мөн Bv-138 усны нисэх онгоцоор агаараас тандан мөшгихөөс өөр сүйдтэй заналхийлэл үзүүлж чадсангүй. Харин Британийн тагнуулууд түгшүүртэй мэдээ дамжууллаа. Тронхейм дэх Германы хүнд хөлгүүд бүхий тэнгисийн бааз хоосон байна гэжээ.

 

7-р сарын 4-ний хэрэг явдал

Америкчууд долдугаар сарын 4-ний өдөр баяраа тэмдэглэж байлаа. Өглөөнөөс манан шингэрч эхэлж байтал Германы He-115 онгоц гэнэт гарч ирэн Америкийн тээврийн “Кристофер Ньюпорт” руу торпед хаячихав. Хөлөг хөвөх чадвараа алдаж, 47 далайчин амь үрэгдсэн тул аврах завиа буулгав. Адмирал Брумын өгсөн тушаалаар Р-614 шумбагч завинаас Кристофер Ньюпорт болон мөн явах аргагүй гэмтэл авсан Дианеллы хөлгийг живүүлэхээр торпед харвасан ч ноцтой гэмтэл учруулж чадсангүй. Британичуудын аз болж дайсных нь харвасан торпед л мөнөөх хоёр хөлгийг өглөөний 08 цагийн үед живүүлжээ. Цуваа түгшүүрт автлаа.

Төд удалгүй манан ч арилав. Адмирал Хамильтоны крейсерийн бүлэг хамгаалалтыг нягтруулахаар цуваанд хэдхэн милээр ойртож байтал үүлэн дундаас гарч ирсэн Bv-138, Ju-88 бөмбөгдөгч онгоцуудын дайралтад өртөв. Дорнод уртрагийн 25-р хавтгайд крейсерийн нэгтгэл цуваанаас салж хөвөх ёстой солбицолд хүрэхээс өмнө ийнхүү цагийн байдал хүндэрсэн тул цувааг дорно зүгт үргэлжлүүлэн зорьсон газарт нь хүртэл хамгаалж хөвөх адмирал Хамильтоны хүсэлтийг Тэнгисийн яам эхэндээ дэмжжээ. Адмиралуудын дунд ч үл ойлголцол үүсэв.  Л.Хамильтон адмирал Ж.Товийн цааргалсныг үл тоож цагийн байдлыг харгалзан хамгаалалтаа үргэлжүүлэхээр болсон байна. Үдээс хойш цуваа Юнкерс-88 бөмбөгдөгч онгоцуудын бөмбөгдөлтөд өртөж эхэллээ. Дайралтад эхэн үедээ цөөн тооны онгоц оролцож байснаа яваандаа тоо нь ихэссэн хэдий ч зенитийн буучид галан хөшгөөр цувааг нягт хамгаалж байв. Оройн 17:00 цагийн үед цувааг Германы 406-р эскадрилийн He-115 онгоцууд нэлээн хүчтэй довтлох гэж оролджээ. Хэдийгээр хамгаалалтын хөлгүүдийн зенитийн онилсон шуурган гал халхалж байсан авч нисэх онгоцууд цувааны хөлгүүд рүү яаж ийгээд ойртож торпед мулталж амжсан байлаа. Оройн 20 цагийн үед дайралт улам ширүүсэв. Эхний бөмбөгдөгч онгоцууд эргэсэн ч Германы 26-р эскадрилийн 25 торпедын бөмбөгдөгч He-111 онгоц дараагийн дайралтыг залгуулав. Тэд хитэгний баруун, болон хошуу хэсгийн дагуу ташуу шугаман өнцгөөр амдуулан торпед хаяхаар бие биенийхээ араас дайралтаа давтах тактик хэрэглэжээ. Хошуу хэсгийг амдуулан довтлоход америкийн эсминец хөлөг ”Уэйнрайт” түлшний танкер “Олдерсдейла”-аас шатахуун цэнэглэж байжээ. Гэрчүүдийн хэлснээр хошуу хэсгийг амдуулан довтолж байх үед нь эсминец нисэх онгоцны эсрэг их биеэрээ эргэж тавцангийнхаа бүх зенитийн зэвсгээр гал нээж бөмбөгдөгч онгоцыг галт бамбар болгожээ. Тэрхүү сөнөөгдсөн онгоц нь тухайн довтолгооныг чиглүүлэн удирдах бөмбөгдөгч онгоцны салааг ахалж байсан дэслэгч Георг Каумейерийн экипаж байсан тул байлдааны журам эвдэгдэж таржээ.

Гэсэн хэдий ч бусад Хейнкелүүдийн хийсэн дайралт амжилттай болов. Амь өрссөн ширүүн тулалдааны дундуур Люфтваффегийн дэслэгч Хеннеман суманд оногдсон ч торпедоо мулталж амжсан тул “Нэйварино” хөлгийн тавцан дээр хүчтэй дэлбэрэлт болов. “Азербайджан” ,”Уильям Хупер” хөлгүүд ч торпедод оногдож ноцтой гэмтэл авсан байна. Аврах онгоцноос “Нэйварино”, “Уильяма Хупер” хөлгүүдийн багийнхныг шилжүүлж авсан бол Зөвлөлтийн танкер ”Азербайжан” цагийн дараа гэмтлээ засч хөдөлгөөнөө үргэлжүүлэн цувааны араас хөвсөн байна. Цуваа хоёр хөлгөө алдсан боловч дайсны агаарын дайралтыг няцааж аяллаа үргэлжүүлсэн нь далайчдын сэтгэл санааг өөдрөг болголоо.

Адмирал Брумын нэгтгэлийн нэгэн офицерийн өдрийн тэмдэглэлээс... Миний ажигласнаар PQ-17 маягийн цувааг хамгаалахад сум галт хэрэгсэл дуусдаггүй л юм бол хаашаа л бол хаашаа явна”.

 Хагас цагийн дараа Тэнгисийн цэргийн яамнаас явуулсан гурван радио мэдээ цувааны хувь заяаг шийджээ.

21:11 цаг: Крейсерийн нэгтгэл PQ-17 цувааг орхин бүх хурдаараа баруун тийш хөвөх (буцах)

21:23 цаг: Учирч болох аюул эрсдлээс үүдэн PQ-17 цувааны хөлгүүд тарж, салангид байдлаар Оросын боомтууд руу хөвөх

21:36 цаг: Миний зааврын дагуу цувааг тараах

Энэхүү радио цахилгааныг Тэнгисийн цэргийн сайд, лорд Дадли Паундын зарлан хуралдуулсан шуурхай нэгдсэн зөвлөгөөнөөс түүний нэрээр явуулсан байна. Тэнгисийн цэргийн яамнаас долдугаар сарын 5-н буюу маргааш гэхэд Германы хүнд хөлөг “Тирпиц” цуваа руу довтолно, энэ үед крейсерийн нэгтгэлүүд Германы хөлгүүдийн эсрэг зогсож чадахгүй маш их хохирол амсана гэсэн тооцоолол боловсруулжээ. Ингээд дараахь гурван хувилбараас нэгийг нь сонгож хэрэгжүүлэхээр болжээ. Нэгт, крейсерийн бүлгүүдийг буцаан татаж цувааг цааш явуулах, хоёрт цуваанаас адмирал Товигийн бүлэг Германы хөлгүүдийг амдаж тулалдах хооронд цувааг аюулгүй зайнд холдуулах, гуравт цувааг тарааж ганц нэгээр цааш үргэлжлүүлэн хөвөх. Тэнгисийн цэргийнхэн эхний хоёр дээр санал хуваагдаж байсан ч гурав дахь хувилбарыг хэрэгжүүлэхээр зүтгэсэн Лорд Паундын амаар болжээ. Паундыг зөвхөн Тэнгисийн цэргийн штабын даргын орлогч адмирал Мур л дэмжсэн байдаг. Бусад нь чимээгүйхэн саналаасаа татгалзжээ.

Крейсерийн бүлгийг эргүүлэн татах, цувааг тараах тухай цахилгаан мэдээг ямар ч шифр нууцлалгүй ил явуулав. Хоёр дахь цахилгаан мэдээнд "салангид, тарж хөвөх" гэсэн утга бүхий үг хэрэглэсэн нь хөлгүүдийг өөрийн дээд хурдаар цувааг орхиж зорьсон газартаа бие дааж хүрэх гэсэн далд утга агуулж байгаа юм.

Английн шумбагч завинууд ч гэсэн энэ тушаалыг авчээ. Ингээд нүсэр цувааг хамгаалж явсан сүрдмээр их байлдааны хөлөг онгоцууд эгшин зуурт дээд хурдаараа нутгийн зүг жолоогоо эргүүлэн, удсан ч үгүй тэнгисийн мандалд үзэгдэхгүй алга болов. Адмирал Брумыг буцсаны дараа нэгдсэн хамгаалалтын даргалагч нь 1-р зэргийн ахмад Жек Жонсон болжээ. Түүний дурдатгалд крейсер, эсминецүүд дээд хурдаараа баруун зүгт арилж өгсөн нь үлдсэн хөлгүүд төдийгүй шумбагч завинуудын багийнхны сэтгэл санаанд хүнд цохилт болсон хэмээжээ. Арга ч үгүй. Тээврийн хөлгийн далайчдад өөрсдийнхөө хувь заяандаа залбирахаас өөр чадах юм үгүй болсон нь мэдээж.

Адмирал Брум ч гэсэн хожим дурсахдаа тэр гайт өдөр авсан тушаал “Бие даан гүйцэтгэх гэдэг нь шууд утгаараа бусдыгаа хувь заяанд нь даатган үлдээж ичгүүртэйгээр амиа хоохойлох явдал байлаа, гэтэл дагалдаж яваа хөлгүүдээ бүрэн итгэлтэйгээр хамгаалж чадахаа мэдэж байсан хэр нь дээд хурдаараа тэднийг хаяж орхисон юм, энэ гутамшиг намайг болон тэрхүү хамгаалалтад оролцсон бусад бие бүрэлдэхүүний хувьд насан туршид сэтгэлийн там болон зовоосон" хэмээжээ.

Үдшийн 23:00 цаг цуваа бутарлаа. Үлдсэн хэдэн шумбагч онгоцууд “Бритомарт” ба “Хэлсион”, “Позарик” чирэгч онгоцуудыг дагуулан дорно зүг Оросыг чиглэн хөвж байгаагаа дамжуулав.

Өөр нэг агаараас хамгаалах хөлөг “Паломарес” долоон хөлөг бүхий бага хэмжээний цуваа бүрдүүлэн таван бага хөлгөөр дагалдуулан зүүн хойд зүгийг чиглэн мөсөн уулнуудын бүс рүү хөвсөн ажээ. Долдугаар сарын 5-ны өглөө тэдэнтэй аврах хөлөг “Рэтлин” нэгджээ.

 “Айршир” хэмээх мина цэвэрлэгч хөлгийн ахмад Архангельскийг шууд чиглэн явах зам нь хэтэрхий аюултай тул “Айронклэд”, “Трубэдуэ” тээврийн хөлгүүдийг дагалдан баруун хойд Итгэл найдварын арлыг чиглэн хөдлөх нь дээр гэж шийдсэн ба долдугаар сарын 5-нд Америкийн хөлөг “Сильвер Сод” тэдэнтэй нэгдээд хөдөлснөө тэдгээр хөлгүүд янз бүрийн чиглэлд хойд, өмнө, дорно зүг гээд тал тал тийшээ нэг нэгээр эсвэл цөөн бүлгээр салж оджээ. Хэдийгээр цуваа тарж бутарсан ч хүрэх ёстой эцсийн цэг нь Зөвлөлтийн боомт хэвээр байв.

Үргэлжлэл нь: PQ-17 цуваа (3-р хэсэг): Сүүлчийн онгоцууд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]